Цахим орчин ба аюулгүй байдал Цахим аюулгүй байдал

Монгол улсад өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй компьютерын хэрэглээг дагаад компьютер, компьютерын сүлжээг ашиглан үйлдэгдэх гэмт хэргийн гаралт ихэссээр байгаа билээ. Олон нийт, иргэдийн дунд компьютерын гэмт хэргийн тухай ойлголт байхгүй нь уг төрлийн гэмт хэргийн гаралт ихсэх нэг том шалтгаан болж байгаа юм. Цахим ертөнц гэдэг нь дэлхийн ихэнхи улс орныг холбосон олон сая компьютерийн сүлжээ ба асар их мэдээллийн санг тодорхойлсон нэр юм. 1994 оноос Датаком ХХК нь Монгол улс имэйлийн үйлчилгээг эхлүүлэн сүлжээний холболтыг эхлүүлж, улмаар 1996 оны 1 сарын 17ны өдрөөс Монгол улс 24 цагийн интернэтийн сүлжээнд холбогдсон юм. Цахим ертөнцийн эерэг тал хязгааргүй мэдлэгийн эх үүсвэр , нийгмийн хөгжлийг хөдөлгөгч хүч, мэдээллийг шуурхай дамжуулагч, цаг хугацааг хэмнэгч, сөрөг тал сэтгэн бодох чадвар муудах, мэдээллийн үнэн худлыг тодорхойлоход бэрхшээлтэй, амьд харилцааг хязгаарлагч, хувийн мэдээллийг нууцлах боломжгүй, цахим гэмт хэрэгт өртөх магадлал өндөр гэх мэт.

Энэхүү цахим орчин ба аюулгүй байдалтай холбогдолтойгоор цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу Монгол улсын Эрүүгийн хуулийн 26.1-т Цахим мэдээлэлд хууль бусаар халдах , 26.2-т Цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах; 26.3-т хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах гэсэн гурван гэмт хэргийн талаар зүйлчилж зохицуулсан байдаг.

Цахим мэдээлэлд хууль бусаар халдах

  1. Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерийн өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  2. Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, программ хангамж, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан; компьютерийн өгөгдлийг нуусан, хандалтад хязгаарлалт тогтоосон, комьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан, үйл ажиллагааг хязгаарласан, мэдээлэл хадгалагдаж байгаа төхөөрөмжийг устгасан, гэмтээсний улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан; энэ гэмт хэргийг хүн амын амьдралыг хангах объектод халдаж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  4. Энэ зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг:

    1. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн;

    2. төрийн нууцад хамаарах комьпютерийн өгөгдөл, онц чухал мэдээллийн сүлжээ, компьютерийн сүлжээнд халдсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 26.2-т Цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах гэмт хэрэг үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 26.3т Хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах гэмт хэрэг:

  1. Цахим төхөөрөмжид хадгалагдаж байгаа мэдээллийг зөвшөөрөлгүйгээр устгах, гэмтээх, өөрчлөх, хуулбарлах, мэдээлэл олж авах, программ хангамж, мэдээлэл хадгалагдаж байгаа төхөөрөмж, сүлжээг ашиглах боломжгүй болгох, хэвийн үйл ажиллагааг алдагдуулах зориулалттай хор хөнөөлт программ хангамжийг тусгайлан зохиосон, зориудаар ашигласан, санаатай тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.

Цахим орчинд соёлтой оролцоход баримтлах хэм хэмжээ:

  • Мэдээллийг ямар ч хяналтгүйгээр ашиглахгүй байх

  • Олон цагийг интернетэд зарцуулахгүй байх

  • Хэн нэгнийг санаатайгаар доромжлохгүй байх

  • Цахим хэрэглээгээр дамжиж буруу зүйлд уруу татагдахгүй байх

  • Өөрийгөө хянадаг байх

  • Интернэт тоглоомд хэт автахгүй байх

  • Нууц нэрээр хаяг нээж бүдүүлэг үг хэрэглэх зэргээр зохисгүй үйлдэл хийхгүй байх

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт.

  • Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга 2015) ЭНД дарж үзнэ үү.

  • Иргэний хууль (2002) ЭНД дарж үзнэ үү.

  • Садар самуун явдалтай тэмцэх тухай (1998) ЭНД дарж үзнэ үү.

  • Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль (2021) ЭНД дарж үзнэ үү.

  • Кибер аюулгүй байдлын тухай хууль(2022)Энд дарж үзнэ үү.

Цагдаагийн ерөнхий газар Эрүүгийн цагдаагийн газар кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс

Цахим гэмт хэргийн талаар мэдээлэл хүлээн авах утасны дугаар 51-265834

Цахим гэмт хэргийн гол бай нь төр, байгууллага, хувь хүний мэдээ, мэдээлэл, компьютерийн мэдээллийн дэд бүтэц, програм хангамж байдаг бөгөөд уг төрлийн гэмт хэргийг олон төрлийн арга технологи ашиглан үйлдэгддэг ба эдгээр арга технологиуд өдөр ирэх тусам өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг.

  • Хувь хүн, хуулийн этгээдийн мэдээллийг ашиглан залилан мэхлэх, хуурах.

Сэргийлэх арга зам: Шаардлагагүй тохиолдолд өөрийнхөө мэдээллийг бусдад өгөхгүй байх, олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байх. / Зураг, регистрийн дугаар, өвчтөний түүх гэх мэт/

  • Цахим хуудасны хандалтыг өөрчилж, хэрэглэгчийг тусгайлан бэлтгэсэн хуурамч цахим хуудас руу хандуулах замаар мэдээлэл хулгайлах.

  • Кибер хүчирхийлэл олон нийтийн сүлжээ, цахим шуудан бусад цахим зам сувгийг ашиглан хувь хүнийг гүтгэх, доромжлох, айлган сүрдүүлэх

  • “Man in the Middle”-Хуурамч AP /access point/ үүсгэн, түүнд холбогдсон хэрэглэгчийн мэдээллийг замаас хулгайлах.   

 

Таны хүүхдэд дараах шинж илэрвэл цахим орчинд дээрэлхүүлж магад хэмээн нягтлах шаардлагатай.Үүнд:

Технологиос татгалзах:

  • Интернет эсвэл гар утас ашиглаж байхдаа эсвэл ашиглаж дуусмагцаа сэтгэл санаа тогтворгүй болох

  • Интернет эсвэл гар утсаа мэдэгдэхүйц байдлаар шууд ашиглахаа болих

Сэтгэл хөдлөлийн зан байдал:

  • Улам няцамхай, ичимхий, бүрэг, тогтворгүй, ууртай, зовнимтгой, бухимдуу болох

  • Өөрийн цахим орчны талаар нууцлах эсвэл хамгаалах

Нийгмийн шинжтэй зан байдал

  • Ааш, зан байдлаа өөрчлөх, нойр эсвэл хоолондоо муудах, хар дарах

  • Урьд оролцох дуртай байсан сургуулийн үйл ажиллагаанаас холдох

  • Гэр бүлийн гишүүд, найз нөхдөөсөө зайгаа барих, хөндийрөх, найзаа солих,

  • Өөрийгөө гэмтээх

  • Амиа хорлох тухай эргэцүүлэх, бэлдэх эсвэл завдах

Академик шинжтэй зан байдал

  • Сургуульд явахгүй гэх

  • Сургууль дээр асуудалд орох, хэрэг тарих

  • Дүн буурах, идэвх сулрах, гэртээ гол төлөв уурлахыг илүүд үзэх

  • Богино зурвас, захиа авмагцаа уурлах, бухимдах

  • Компьютер, гар утасныхаа талаар ярихаас зайлсхийх

Кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж:

  • Файлуудаа нөөцөлж авах /Та өөрийн хэрэгтэй файлуудаа зөөврийн хатуу диск эсвэл Cloud үүлэн хадгалалтын системд нөөцөлж байх.

  • Үйлдлийн системийн шинэчлэлийг тогтмол хийх /Таны компьютер шинэчлэл хийгдээгүйгээс болж үйлдлийн системийн алдаа цоорхойгоор дамжин халдлагад өртөх боломжтой.

  • Вирусны эсрэг програм суулгах / Вирусны эсрэг програм хангамж болон галт ханаар компьютерыг хамгаалж тогтмол шинэчлэл хийж байх.

  • Хүчирхэг нууц үг үүсгэх /Хэрэглэгчид өөрийн цахим сүлжээний хаягнууддаа ижил болон энгийн амархан тайлагдах нууц үг хэрэглэхээс татгалзаж тоо, үсэг нийлсэн тэмдэгт ашиглах.

  • Нэвтрэх үеийн давхар нууцлалыг идэвхжүүлэх /цахим хаягруу нэвтрэхийн тулд гар утас болон цахим шуудангийн хаягуудад давхар нууц дугаар илгээж баталгаажуулах тохиргоог идэвхжүүлэх

  • Сэргээх асуулт, хариулт таамаглашгүй байдлаар бөглөх /цахим хаягийн сэргээх асуулт, хариултыг зөв сонгож хариулах.

  • Үнэгүй Wifi интернет ашигласан тохиолдолд онлайн данс болон цахим шуудангийн хаягруу нэвтрэхээс татгалзах.

  • Олон нийтийн цахим сүлжээг зохистой хэрэглэх /Цахим хувийн мэдээллийг найз болон гэр бүлийнхэндээ харагдах тохиргоог хийж, өөрийн нууц үгтэй холбоотой мэдээллийг хэзээ ч бүү оруул.

  • Хувийн мэдээллээ хэнд ч бүү өг /хуурамч веб сайт, имэйл хаягуудад өөрийн цахим хаягийн мэдээллийг өгснөөр та болон бусад хэрэглэгчид хохирогч болох эрсдэлтэй.

  • Интернет дансны гүйлгээг тогтмол шалгаж байх /Хэрвээ хэн нэгэн таны интернет дансыг ашиглаж, мөнгө авсан бол тэр даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэх.

  • Ирж буй цахим шуудангийн эх сурвалж бодит эсэхийг нягталж, дуурайлгаж хуурамчаар үйлдсэн цахим шууданг таних.

Интернет дэх зохистой агуулгын эсрэг гэмт хэрэг

Энэ ангиллын гэмт хэрэгт хүүхдийн порнографтай холбоотой хууль бус үйлдлийг хамруулдаг.

Хүүхдийн порнографтай холбоотой гэмт хэрэг: Эрхгүйгээр, санаатайгаар үйлдсэн дараах үйлдэл:

А. Хүүхдийн порнографыг компьютерын сүлжээгээр тараах зорилгоор үйлдвэрлэх;

Б. Хүүхдийн порнографыг комьпютерын сүлжээгээр дамжуулан санал болгох, үзүүлэх;

В. Компьютерийн сүлжээгээр дамжуулан хүүхдийн порнографыг тараах буюу дамжуулах;

Г. Өөртөө буюу бусад этгээдэд компьютерын сүлжээгээр дамжуулан хүүхдийн порнографыг худалдаж авах;

Д. Компьютерын сүлжээ буюу компьютерийн өгөгдөл хадгалах хэрэгсэл дээр хүүхдийн порнографыг эзэмших.

“ Хүүхдийн порнограф” гэдэгт дараах зүйлийг үзүүлсэн байхыг ойлгоно:

  • Бэлгийн харилцаанд бага насны хүүхэд оролцож байгаа;

  • Бэлгийн харилцаанд бага насны хүүхэд шиг харагдах  хүн оролцож байгаа;

  • Бэлгийн харилцаанд бага насны хүүхэд оролцож байгааг харуулах бодит зураг.

Компьютер ашиглаж үйлдэх гэмт хэрэг

Энэ ангиллын гэмт хэрэгт компьютер ашиглан хуурамч баримт үйлдэх, компьютер ашиглан залилах хууль бус үйлдлийг хамруулдаг.

Компьютер ашиглан хуурамч баримт үйлдэх: шууд уншигдах, ойлгогдох эсэхээс үл хамааран бодит мэт ойлголт төрүүлэх, харагдуулах, баримт үйлдэхийн тулд компьютерын өгөгдөл шинээр оруулах, өөрчлөх, устгах, нуух замаар санаатайгаар, эрхгүйгээр хуурамч өгөгдөл үүсгэх үйлдэл

Компьютер ашиглан залилах: эрхгүйгээр, санаатайгаар бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах зорилготой дор дурдсан үйлдэл:

А. Компьютерын өгөгдлийг шинээр нэмэх, засах, устгах, нуух;

Б. Өөрөө буюу бусдад эдийн засгийн ашиг, давуу тал бий болгох, залилах эсвэл залилан мэхлэх зорилгоор компьютерын сүлжээний үйл ажиллагаанд саад хийх.

Сүүлийн үед эдийн засгийн нөхцөл, хүмүүсийн хэрэглээтэй холбоотойгоор дараах төрлийн гэмт үйлдэл нэмэгдэх болсон. Үүнд:

  • Зээлийн картын залилан

  • Урьдчилгаа төлбөрийн залилан

  • Интернет маркетинг болон жижиглэн худалдааны луйвар

  • Үнэ хаялцуулах дуудлага худалдааны залилан болон хөрөнгийн зах зээлийн заль.

Сонирхуулахад:

Цахим орчны хүүхдийн эрхийн зөрчлийн тухай Судалгааны дүгнэлт

  1. Судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн интернетийн хэрэглээ маш өндөр байгаа харагдлаа. Тэдний нас ахих тусам цахим хэрэглээний түвшин нэмэгдэж байв.

  2. 70 гаруй хувь нь өдөрт 1-2 цагийг цахим орчинд өнгөрүүлдэг ба тэдэнд ихэнх тохиолдолд аливаа асуудал тулгарахад хамгийн дотны туслагч нь найз нөхөд, үе тэнгийнхэн байдаг байна.

  3. Хоёр хүүхэд тутмын нэг нь садар самууныг сурталчилсан мэдээлэлтэй тогтмол тааралддаг, таван хүүхэд тутмын дөрөв нь цахимаар зүй бус утгатай зурвас авдаг ба эцэг эхчүүдийн ийм төрлийн сөрөг мэдээллийг шүүх программ хангамжийг ашиглах чадвар 95 хувьд нь огт байхгүй байна.

Цахим орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах үр дүнтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх, боловсронгуй болгох чиглэлээр бодлогын зөвлөмж:

  • Цахим орчинд хүүхэд хамгаалах хуультай болох эсвэл холбогдох эрх зүйн баримтыг шинэчлэх

  • Зохисгүй агуулга, хууль бус контентын албан ёсны тодорхойлолтыг холбогдох эрх зүйн баримт бичигт тусгаж оруулах

  • Иргэдээс ирсэн гомдол хүсэлтийн дагуу хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө бүхий мэдээллийг тодорхойлдог бие даасан зөвлөл байгуулан ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлэх

  • Хүүхдийн цахим орчны зохистой хэрэглээний стандарт гаргах, сөрөг нөлөө бүхий мэдээллийг тодорхойлдог бие даасан зөвлөл байгуулан ажиллах эрх зүйн орчинг бүрдүүлэх

  • Хүүхдийн цахим орчны зохистой хэрэглээний стандарт гаргах, сөрөг нөлөөтэй мэдээллийг насны ангилалд тохируулан ялгамжтай, оновчтой тодорхойлох

  • Хүүхдийн эсрэг чиглэсэн аливаа төрлийн хүчирхийлэл, хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө бүхий мэдээллийг зориуд түгээхтэй холбоотой хууль бус үйлдлийг шуурхай таслан зогсоох, шалган шийдвэрлэх, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх нөхцөлийг бүрдүүлэх

Интернет дэх оюуны өмчийн эсрэг гэмт хэрэг

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчсөн гэмт хэрэг: Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Берний конвенц, Оюуны өмчийн эрхтэй холбоотой худалдааны асуудлаарх хэлэлцээр (TRIPS), Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Зохиогчийн эрхийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тухайн улсын дотоодын хууль тогтоомжоор хамгаалсан зохиогчийн эрхтэй холбоотой эрхийг санаатайгаар, ашиг олох зорилгоор компьютерын сүлжээ ашиглан зөрчсөн үйлдэ

Асуулт 1. Хувь хүн, хуулийн этгээдийн мэдээллийг ашиглан залилан мэхлэх, хуурагдахаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Шаардлагагүй тохиолдолд өөрийнхөө мэдээллийг бусдад өгөхгүй байх, олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байх. /Зураг, регистрийн дугаар, өвчтөний түүх гэх мэт /

Асуулт 2. Цахим хуудасны хандалтыг өөрчилж, хэрэглэгчийг тусгайлан бэлтгэсэн хуурамч цахим хуудас руу хандуулах замаар мэдээлэл хулгайлахаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Цахим хуудасны хандах нэрийг сайтар нягталж шалгасны дараа цахим хуудас руу хандах.

Асуулт 3. Олон нийтийн сүлжээ, цахим шуудан бусад цахим зам сувгийг ашиглан хувь хүнийг гүтгэх, доромжлох, айлган сүрдүүлэхээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Олон нийтийн сүлжээнд болон бусад цахим сүлжээнд үл таних этгээдтэй харилцаа тогтоохтой сэрэмжтэй байх, хэт хувийн чанартай мэдээллээ бусдад задлахгүй байх, кибер хүчирхийлэл гэж үзэж буй үедээ хуулийн байгууллагад хандахаас эмээхгүй байх.

Асуулт 4. Хуурамч AP үүсгэн, түүнд холбогдсон хэрэглэгчийн мэдээллийг замаас хулгайлахаас хэрхэн сэргийлэх вэ?

Нийтийн болон найдваргүй утасгүй интернетийг ашиглахгүй байх, ашигласан тохиолдолд хувийн мэдээлэл, хандах эрхээ нууцлах.

Агуулга анх оруулсан: 2020-01-02 Шинэчилсэн: 2022-06-29

Мэдээ мэдээлэл