Гэрээ хэлцэл Ажил гүйцэтгэх гэрээ

Иргэн, хуулийн этгээд харилцан ажил гүйцэтгэх, ахуй амьдрал болон бизнесийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх үйл явцад үүссэн эрх зүйн зохицуулалтын нэг чухал хэлбэр бол ажил гүйцэтгэх гэрээ юм. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг тус тус хүлээнэ.

ИРГЭНИЙ ХУУЛЬ

Ажил гүйцэтгэх гэрээ нь захиалагч, гүйцэтгэгч гэх 2 талын хооронд байгуулагдах ба  хариу төлбөртэй, хугацаатай гэрээ юм. Энэ гэрээг амаар, бичгээр байгуулах боломжтой, хуульд хэлбэрийн тусгай  шаардлага  заагаагүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийн агуулгаас үзэхэд захиалагч нь  өөрийн буюу гүйцэтгэгчийн материалаар бий болсон, гэрээнд заасан тодорхой үр дүнг өмчлөлд шилжүүлэхийг шаардах, гүйцэтгэгч нь  ажлын үр дүнг хүлээн авах, хөлс төлөхийг шаардах эрхтэй байна.

Захиалагч нь гэрээнд заасан ажлыг хүлээн авах, хөлс төлөх үүрэгтэй бол гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэн, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.

Ажил гүйцэтгэх гэрээний зорилго, үндсэн ойлголт нь “үр дүн” бөгөөд  энэ нь биет, эсхүл биет бус зүйл байж болно.

Ажлын үр дүн нь  ирээдүйд  бий болдог байх нь энэ гэрээний онцлог шинж юм. Өөрөөр хэлбэл гэрээний зүйл нь ирээдүйд гүйцэтгэх үүрэг байдаг.

Харин барилгын ажил гүйцэтгэх гэрээний хувьд  хэмжээ, өрөөний зохион байгуулалт нь тодорхой, бэлэн болсон байрыг  “захиалан бариулах” гэрээ  нэртэйгээр  байгуулагдах тохиолдол байдаг ч энэ нь ажил гүйцэтгэх гэрээ биш, худалдах, худалдан авах гэрээ юм. Учир нь бэлэн болсон ажлыг хүлээлгэн өгөхөд чиглэгдсэн харилцаа үүссэн гэж үздэг.

Гэрээтэй холбоотой, байгуулахтай холбогдох харилцааг Монгол Улсад Иргэний хуулиар зохицуулдаг.  Ажил гүйцэтгэх гэрээг ч мөн Иргэний хуулиар зохицуулдаг. 

Ажил гүйцэтгэх гэрээ:

343.1. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

343.2. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.

343.3.Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ.

343.4.Төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ.

343.5.Ажил гүйцэтгэх зарим төрлийн гэрээний онцлог зохицуулалтыг тусгай хуулиар зохицуулж болно.

 

 Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн актууд:

  • Иргэний хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү.

Ажил гүйцэтгэх гэрээний тодорхойлолт

Иргэн, хуулийн этгээд харилцан ажил гүйцэтгэх, ахуй амьдрал болон бизнесийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх үйл явцад үүссэн эрх зүйн зохицуулалтын нэг чухал хэлбэр бол ажил гүйцэтгэх гэрээ юм. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг тус тус хүлээнэ.

Ажил гүйцэтгэх  гэрээний зүйл болох үр дүнг  биет ба биет бус  гэж  ангилна.

Биет үр дүн гэдэгт:

а/ цоо шинэ зүйл бий болох, /байшин барих, хувцас  оёх гм./

б/ байгаа зүйлийг өөрчлөх, засах, /сууцны шал солих, машин засварлах, эд ангийг солих, үс засах  гм./

в/ байгаа зүйлийг үгүй болгох /барилгыг нураах, нурангийг зайлуулах, хог хаягдлыг дахин боловсруулах гм./  хамаарна.

Биет бус үр дүн.

а/ Программ хангамж боловсруулах,

б/ судалгаа хийх,

в/ шинжээчийн  дүгнэлт гаргах,

г/ урлагийн бүтээл  /кино, жүжиг,  дуу, шүлэг зохиох гм./

д/ төсөл зохиох гм

Ажил гүйцэтгэх гэрээг бусад ижил төрлийн гэрээнээс ялгах онцлог

1

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажлын үр дүн буюу нийлүүлэх зүйлийг шинээр бүтээх шаардлагатай, худалдах, худалдан авах гэрээнээс ялгаатай нь хөдөлмөрлөх процесс байдаг.

Нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд зүйлийг шинээр үйлдвэрлэн шилжүүлэх бол зөвхөн ажил гүйцэтгэх гэрээний зохицуулалт үйлчилнэ.

Үнэ+хөлс+өртөг гэдэгт юуг ойлгох вэ?

Ажлын хөлс нь гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн өртөг, энэхүү үр дүнд хүрэхэд зарцуулсан ажлын цаг зэргийг өөртөө агуулдаг.  Ажил гүйцэтгэх гэрээний үнэ материалын үнэ болон ажлын хөлснөөс бүрддэг.

Худалдах, худалдан авах гэрээ

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь аль хэдийн буй болсон эд зүйлийг шилжүүлж өгөх үүргийг хүлээдэг.

Төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс  хийж, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх бол худалдах-худалдан авах гэрээний зохицуулалт үйлчилнэ. ИХ-ийн 343.4.  Энэ нь ажил гүйцэтгэх гэрээний харилцааг өөрчлөх үндэслэл болохгүй.

2

Ажил гүйцэтгэх гэрээнд оролцогч талууд бие даасан байр суурьтай, гэрээний эрх зүйн чөлөөт байдлын болон талуудын тэгш эрхийн зарчимд үндэслэгдэж гэрээ байгуулагдана.

Хөдөлмөрлөх гэрээ

Хөдөлмөрийн гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ажил олгогчийн ажилтан болдог.

3

Ажил гүйцэтгэх гэрээнд хөдөлмөрлөх процесс байдаг боловч үүний үр дүнд бий болсон зүйл нь гэрээний зүйл болдог.

Ажил гүйцэтгэх гэрээний хувьд эцсийн үр дүн л чухал бөгөөд ажил гүйцэтгэгч уг ажлын эрсдэлийг хүлээж байдаг.

Ажлын хөлс заавал байна.

Ажлын үр дүн гэж юу вэ?

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын биежсэн буюу материалжсан хэлбэртэй үр дүн байдаг. Ажлын үр дүн гэдэг нь тодорхой ажил, үйлчилгээ явуулсны эцэст бий болох үр дүн гэж ойлгож болно.

Хөлсөөр ажиллах гэрээ

1. Хөлсөөр ажиллах гэрээний чухал нь хөдөлмөрлөх процесс бөгөөд ажил, үйлчилгээ үзүүлэх явдал голлох үүрэгтэй.

2. Гэрээний зүйл нь тодорхой ажлын үр дүн биш, харин ажиллах процесс өөрөө байдаг ба хөлсөөр ажиллах гэрээнд аливаа этгээдийн хийсэн хөдөлмөр, чармайлтыг үнэлэхэд чиглэсэн байдаг.

3. Ажлын хөлс заавал байх шинж мөн.

Хөлсөөр ажиллах гэрээний хөлс гэж юу вэ?

Хөлсөөр ажиллах гэрээнд үр дүн голлох үүрэгтэй байдаггүй бөгөөд хөдөлмөрлөх үйл ажиллагааных нь төлөө хөлс төлж байдаг.

4

Ажил гүйцэтгэх гэрээний талууд хэн алин нь үйл ажиллагаагаа өөрийн нэрийн өмнөөс явуулж, гэрээний зүйл нь үйл ажиллагаа биш, ажлын үр дүн байна.

Ажлын хөлс заавал байна.

Даалгаврын гэрээ

Даалгавар гүйцэтгэгч тодорхой үйл ажиллагааг даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар гүйцэтгэдэг.

Даалгаврын гэрээ хөлстэй буюу хөлсгүй байж болно.

АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА

Хуульд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцон тодорхойлох бөгөөд ажлын онцлогийг харгалзан завсрын буюу тусгай хугацаа тогтоож болно.

Ажлыг хугацаанд нь гүйцэтгэх явдал ажил гүйцэтгэх гэрээний талуудын алиных нь ч хувьд ихээхэн чухал зүйл. Захиалагчийн хувьд ажил хугацаандаа гүйцэтгэгдэхгүй бол их хэмжээний хохирол хүлээх боломжтой. Түүнчлэн энэхүү хуулийн заалт нь шаардах эрх болон үүрэг, хариуцлага хүлээлгэсэн заалт бус зөвхөн тодорхойлсон диспозитив шинжтэй заалт гэж ойлгож болно. Дээрх заалтын  ач холбогдолтой үг болон холбоо үгийг задлан тайлбарлавал:

Хууль өөрөөр заагаагүй бол: гэдэг нь энэ хууль болон бусад хууль тогтоомжид заагаагүй байх гэсэн утгыг илэрхийлнэ. Иймээс энэхүү холбоо үг нь хуулийн заалт хэрэгжих урьдчилсан нөхцөл буюу гипотезийг илэрхийлсэн утга агуулна. Учир нь хууль өөрөөр заасан бол энэхүү зүйл заалтыг хэрэглэхгүй юм.

Талууд тохиролцон тодорхойлох: гэдэг нь хуульд заагаагүй байх гэсэн урьдчилсан нөхцөл хангагдсаны дараа гэрээний талууд /захиалагч, гүйцэтгэгч/ нар нь харилцан тохирох боломж олгож буй явдал юм. Ажил гүйцэтгэх хугацааг юуны өмнө талууд чөлөөтэй тохиролцож тогтооно. Гэрээний энэ төрлийн тохиролцоог хэрэглэхдээ энэ нь баталгаа гаргаж нэрлэсэн хугацаа мөн эсэх, эсхүл ерөнхийд нь таамагласан хугацаа байгаа эсэхийг анхаарах ёстой.

Ажлын онцлог: гэдэг нь яг ямар шинжээр илрэх талаар ойлгоход хүндрэлтэй байна. Нэгэнт нийгмийн харилцаа олон төрөл зүйлтэй тул энэ тохиолдолд гэрээний талуудын хүсэл зориг, тохиролцоо хамгийн чухал болно.

Завсрын болон тусгай хугацаа: гэдэг нь ажлын онцлогоос хамаарч завсрын буюу тусгай хугацаа тогтоож өгсөн байна. Завсрын хугацаа нь ажлын үе шаттай холбоотой бөгөөд захиалагч тухайн үе шатуудад хийгдсэн ажлын чанар болон дараагийн ажлын үргэлжлэлийг эхэлж болох эсэхэд хяналт тавих хугацаа юм. Түүнчлэн үгийн утгын хувьд завсрын гэдэг бол нийт хугацааны хүрээнд тооцогдох тодорхой үе шатны нэгж, харин тусгай хугацаа бол эхлэх болон дуусах үе нь нийт/ерөнхий/ хугацаанд тоологдохгүй, бие даасан байдлаар тоологдох хугацаа гэж ойлгож болно.

 

ХУГАЦАА ХЭТЭРСЭН ТОХИОЛДОЛД ГАРАХ ЭРХ ЗҮЙН ҮР ДАГАВАР

Хуульд заасны дагуу хүлээлгэх хариуцлага: Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй ба үүрэг гүйцэтгэгч хохиролыг арилгах үүрэгтэй.

Гэрээний дагуу заасан хариуцлага: Хугацаа хэтэрсэн тохиолдолд хуульд заасан хариуцлагаас гадна гэрээг бусад санкцийг тодорхойлох боломжтойг иргэний хуулийн 348.2-т тусгасан байна. Гэхдээ ямар хариуцлагын төрөл байхыг хуульд өөрт нь тусгаагүй. Хуулийн дагуу хүлээлгэж болох дараах хариуцлагын төрөл байж болно.

Анз: Ажил гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анз төлөхөөр талууд тохирч болно. Анз нь мөнгөн төлбөрийн үүрэг байдаг бөгөөд  түүнийг үүрэг гүйцтгэгч үүргээ гүйцтгээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгэж төлөхөөр амалдаг. Энэ нь юуны өмнө үүргийн гүйцтгэлийг баталгаажуулах зорилготой "шахалт үзүүлэх хэрэгслэл" байх бөгөөд үүрэг гүйцтгүүлэгчид хохирол учирсан асуудлыг хэмнэдэг.

Гэрээнээс татгалзах: Ажил гүйцтгэгч ажлаа хугацаанд нь гүйцтгээгүй тохиолдолд захиалагч нь гэрээнээс татгалзах эрхтэй байхаар талууд мэдээж хэрэг тохиролцож болно. Гэхдээ энэ эрхийг иргэний хуулийн 355.1, 225.1-т шууд үндэслэх боломжтой болохыг анхаарах эрхтэй.

АЖИЛ ГҮЙЦЭТГЭГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ТАЛААР ГОМДЛЫН ШААРДЛАГА ГАРГАХ ХУГАЦАА

Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно.

Хууль буюу гэрээнд баталгаат хугацаа заасан бөгөөд уг хугацааны дотор ажлын дутагдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах хугацааг дутагдал илрүүлсэн өдрөөс эхлэн тоолно.

Энэ зүйлд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолно.

ГЭРЭЭ ЦУЦЛАХ

Энэ зүйлд гэрээний аль ч талд хамааралтай гэрээг дуусгавар болох нөхцөлийг зохицуулсан байна.

Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах, нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагүй нөхцөл байдал үүссэн үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй.

Нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагүй нөхцөл байдал үүссэн тохиолдлоос гадна ажил гүйцэтгэгч доголдлыг арилгахтай холбогдсон нэмэлт үүргээ гүйцэтгээгүй бол нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй.

Захиалагчийн захиалгыг өөр байдлаар хангах боломжтой нөхцөлд ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй.

Өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч иргэний хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй.

Ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Асуулт 1: Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болох уу?

Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно.

Энэ зохицуулалтад ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг биечлэн гүйцэтгэх үүрэггүй, харин бусад ажил гүйцэтгэгчийн туслалцааг авах боломжтой болохыг тодорхой заасан бөгөөд энэ тохиолдолд оролцогчдын хооронд үүэх харилцааг зохицуулсан байна.

Захиалагч                  Ерөнхий ажил гүйцэтгэгч                    Туслан гүйцэтгэгч

Энэ заалтын утга агуулгын хувьд зөвхөн ерөнхий гүйцэтгэгч болон захиалагчийн хооронд гэрээний харилцаа үүсдэг. Энэ зарчим нь туслан гүйцэтгэгч ажиллагааг хөнгөвчлөх үүднээс захиалагчтай харилцаж төлбөр тооцоо хийж  байгаа тохиолдолд ч гэсэн адилхан үйлчилнэ. Ерөнхий болон туслан гүйцэтгэгч нарын хооронд ямар нэгэн онцлог зүйлгүй ердийн ажил гүйцэтгэх гэрээний харилцаа байдаг.

Асуулт 2: Ажил гүйцэтгэгч өөрийн шаардлагыг хангах зорилгоор эзэмшилдээ байгаа, захиалагчийн захиалсан ажлын үр дүн болох хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхтэй юу?

Энэ заалт нь ажил гүйцэтгэгчид хөлс төлүүлэх шаардлагаа хангуулахын тулд захиалагчийн хөдлөх хөрөнгийг барьцаалах эрхийг хуульчилсан байна. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэгч нь түрүүлж үүргээ гүйцэтгэх буюу ажил гүйцэтгэх хугацаандаа захиалагч төлбөрийн чадваргүй болох эрсдэлийг хариуцлаг учраас үүнд тодорхой хэмжээний хариу эрх олгож байна.

Урьдчилсан нөхцөл: Хуулийн энэ заалт хэрэгжихийн тулд буюу хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн урьдчилсан нөхцөл хангагдсан байх ёстой гэж үзэж байна. Юун түрүүн ажил гүйцэтгэгч ажлын үр дүнг бий болгосон байх, өөрийн шаардлагыг ханга зорилгоор буюу захиалагч ажлын хөлсийг төлөөгүй өөрөөр хэлбэл гэрээний үүргийн зөрчил бий болсон буюу энэ талаар гүйцэтгэгчид шаардах эрх үүссэн байх гэсэн утга агуулгыг илэрхийлж буй юм.

Тодорхой бус байдал: Энэхүү заалтын тодорхой бус байдал нь ажил гүйцэтгэгчийн энэхүү барьцааны эрх чухам аль хөрөнгөд хамааралтай байх тухай асуудал. Яагаад гэвэл хуульд зааснаар зөвхөн ажлын үр дүнг барьцаалах эрхтэй. Энэ нь ажлын үр дүн болох хөдлөх эд хөрөнгийг барьцаалж болно гэсэнтэй нийцнэ. Харин энэхүү барьцааны эрх нь ажил гүйцэтгэгчийн зөвхөн шинээр бийл болгосон үр дүнд хамааралтай, эсхүл түүний засан сайжруулсан үр дүнд хамааралтай эсэх нь эргэлзээтэй байна.

Захиалагчийн захиалсан: гэдэг нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн үүрэг даалгавар буюу талуудын тохиролоо нэг хэсэг юм.

Эзэмшилдээ байгаа: гэдэг нь барьцааны эрх хэрэгжих ёстой эд хөрөнгө нь ажил гүйцэтгэгчийн эзэмшилд шилжсэн, эсхүл ажил шинээр гүйцэтгэсэн тохиолдолд түүний эзэмшлээс гараагүй байх ёстой. Эзэмшлийн хуьд шууд ба шууд бус эзэмшил аль аль нь байх боломжтой юм.

Барьцаалах эрхтэй: гэдэг нь иргэний хуулийн 153 дугаар зүйлд заасан барьцааны эрхийн нэг хэсэг байх боломжтой. Барьцааны эрх нь барьцааны эд хөрөнгийг борлуулах замаар үүрэг гүйцэтгэгчээс эсхүл гуравдагч этгээдээс өөрийн шаардлагаа хангуулж авах эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчид олгодог.

Асуулт 3: Ажил гүйцэтгэх үүргийг зөвхөн тодорхой нэг этгээдэд өгсөн онцгой гэрээ байгуулах тохиолдолд энэхүү үүргийг зөрчсөн бол яах вэ?

Гэм хор учруулсан захиалагчийн үйлдэл нь ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч нарын хооронд байгуулагдсан гэрээний дагуу ерөнхий гүйцэтгэгчийн хүлээх хариуцлагад хамаарахгүй. Харин эсрэгээрээ ерөнхий ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцах ёстой ба үүргийг тусгаарлах зарчим энэ тохиолдолд хамаарахгүй юм.

Асуулт 4: Ажил гүйцэтгэгч нь барилгад дулаалгын ажил гүйцэтгэх ёстой бол цэвэр, бохир ус, халаалт зэргийг урьдчилан хаасан байхыг шаардах эрхтэй юу?

Шаардах эрхтэй. Хэрэв энэхүү бэлтгэл ажлыг гүйцэтгэх үүргийг захиалагч хүлээсэн бол хугацаанд гүйцэтгэсэн байх шаадлагатай. Тэгээгүй тохиолдолд ажил гүйцтгэгчид ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрх үүснэ.

Асуулт 5: Зар сурталчилгааны компании нэгэн кино найруулагчид телевизийн сурталчилгаа хийлгэх захиалга өгсөн. Найруулагч нь захиалгын дагуу хөгжмийн ая  бүхий хоёр сурталчилгаа бэлтгэсэн. Сурталчилгааг телевизээр дамжуулсны дараа үүнд хэрэглсэн хөгжмийн аясыг зохиосон хөгжмийн зохиолч нь сурталчилгааны компанид хандан, өөрийнх нь бүтээлийг ашигласан төлбөрийг шаардан гаргуулж болох уу?

Энд хөгжмийн зохиолчийн шаардлага үндэслэлтэй байгаа учраас найруулагчийн гүйцэтгэсэн ажил нь гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд захиалагчид ямар нэгэн шаардлага гаргасан тул уг ажлын үр дүнг эрхийн доголдолтой байна.

Агуулга анх оруулсан: 2020-04-13 Шинэчилсэн: 2020-04-13

Мэдээ мэдээлэл