Нууцын тухай Хувь хүний нууц

"Хувь хүний нууц" гэж Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална.

Хувь хүний нууцыг тогтоох, хамгаалахтай холбоотой харилцааг 1995 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр батлагдсан Хувь хүний нууцын тухай хуулиар зохицуулж байна.

 

Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн актууд:

  • Монгол Улсын Үндсэн хууль /1992 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Хувь хүний нууцын тухай хууль /1995 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Эрүүгийн хууль /2015 он/ шинэчилсэн найруулга ЭНД дарж үзнэ үү.
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2017 он/ ЭНД дарж үзнэ үү.

"Хувь хүний нууц" гэж Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ.
 

Хувь хүний нууцын төрөл: Хувь хүний нууц нь дараахь төрөлтэй байна:

  • захидал харилцааны нууц;
  • эрүүл мэндийн нууц;
  • хөрөнгийн нууц;
  • гэр бүлийн нууц;
  • хуулиар тогтоосон бусад нууц.

Захидал харилцаа, эрүүл мэнд, хөрөнгө, гэр бүлийн нууц гэдгийг дараах утгаар ойлгоно:

  • захидал харилцааны нууцад захидал, цахилгаан, илгээмж, өргөдөл зэрэг шуудан холбооны хэрэгслээр бусад хүн, байгууллагатай солилцож буй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг;
  • эрүүл мэндийн нууцад тухайн хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг;
  • хөрөнгийн нууцад зөвхөн эд хөрөнгө, оюуны өмч, эрхийн эзэн, эсхүл түүний итгэмжлэгдсэн хүмүүс мэдэх, түүнчлэн эрх бүхий байгууллага албан тушаалтны албан үүргийнхээ дагуу олж мэдсэн мэдээ, баримт бичиг, тоо, гэрээ хэлцэл, биет зүйлийг;
  • гэр бүлийн нууцад бусдад задруулбал тухайн хувь хүн, түүний гэр бүлийн гишүүдийн нэр төр, алдар хүнд, ашиг сонирхолд харшлах мэдээллийг.

Хувь хүний өөрийн архив, хадгаламж, тэмдэглэл, битүүмжлэл болон тэдгээрт хамаарах дүрс, дуу бичлэгийг нууцалж болно.

Хувь хүн нууцаа өөрөө хамгаална.

Шаардлагатай тохиолдолд хувь хүний нууцыг хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу төр, байгууллага хамгаалалтдаа авч болно.

Хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хувь хүний нууцтай танилцана.

Хувь хүний нууцыг хуулийн дагуу болон итгэмжлэлээр олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглоно.

Хувь хүний нууцыг ил болгох: Монгол Улсын батлан хамгаалах болон үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхол, иргэдийн эрүүл мэнд, хууль ёсны эрх ашигт хохирол учруулахгүйн үүднээс зайлшгүй шаардлагатай онцгой тохиолдолд төрийн холбогдох эрх бүхий байгууллага /албан тушаалтан/ -ын шийдвэрээр хувь хүний эрүүл мэндийн болон бусад нууцыг хуульд заасан хүрээнд ил болгож болно.
 

Мөрдөгч гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор мөрдөн шалгах ажиллагаа явуулна. Мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол прокурорт даруй мэдэгдэн, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, тогтоолыг 72 цагийн дотор прокурорт танилцуулна. Хэрэг бүртгэлтийн үндсэн хугацаа нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээс хойш 1 сар байна. Хэрэг бүртгэлтийн хугацааг прокурор тухай бүр 3 сар хүртэл хугацаагаар сунгаж болно.

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай прокурорын шийдвэрийг  гомдол, мэдээлэл гаргагч эс зөвшөөрвөл шийдвэр хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргаж болно.

Оролцогч хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргана.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болно.

Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.10 -т Хувь хүний нууцад халдсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг заасан байдаг. Үүнд:

1.Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

         2.1.харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж;

       2.2.эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тус хуулийн 13.11-т Хувь хүний нууцыг задруулах тохиолдолд хүлээлгах хариуцлагыг заасан. Үүнд:

1.Хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн хувь хүний нууцыг задруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Хувийн нууцыг хэрхэн хамгаалах нийтлэг арга замын талаар:

Монгол Улсын Хувь хүний нууцын тухай хуульд зааснаар хувь хүн нууцаа өөрөө хамгаална. Харин цахим орчинд хүн бүр хувийн нууцаа хамгаалж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Цахим орчинд түгсэн хамгийн түгээмэл хувийн мэдээлэл бол бүтэн нэр, хаяг, утасны дугаар, сургууль, ажлын мэдээлэл, төрсөн өдөр, мэйл хаяг, цахим хаяг, банкны мэдээлэл юм. Иймд цахим орчинд хувийн нууцыг хамгаалах дараах нийтлэг арга замыг өөртөө болон ойр дотнынхондоо хэвшүүлээрэй.

 - Санхүүгийн мэдээллээ зөвхөн хамгаалалттай вэб сайтад өгч болно. Үүний тулд тухайн вэб сайтын хаягийн эхэнд https:// гэж буй эсэх, цоожны зураг бий эсэхийг нягтлан шалгаарай.

 - Банк, санхүүгийн байгууллагын хувьд мэйлээр хэрэглэгчийн нэр, нууц үгийг огт асуухгүй. Хэрэв ийм мэйл хүлээн авбал, энэ талаар тухайн банканд мэдэгдэж, өөрийн мэдээллээ өгч болохгүй. Мөн тэрхүү мэйлд хариу өгөх шаардлагагүй бөгөөд ямар нэг холбоос дээр дарж болохгүй.

 - Тухайн вэб сайт, онлайн үйлчилгээний нууцлалын журам болон хэрэглэгчтэй хийх гэрээний нөхцөлтэй сайтар танилцаарай. Ингэхдээ таны мэдээллийг тухайн вэб сайт, онлайн үйлчилгээнээс бусдад, маркетингийн компанид зарах, дамжуулах нөхцөлд зөвшөөрөл авах гэж буй эсэхийг шалгах хэрэгтэй. Таны мэдээлэл бусдын гарт орсноор наад зах нь спам мэйл тасралтгүй ирэх болно.

 - Спам ирэхийг багасгах. Үүний тулд мэйл хаяг, утасны дугаараа ил байлгахгүй байх буюу хязгаарлагдмал хүрээнд ил болгох; спамын шүүлтүүр програм хангамж ашиглах; онлайнаар бүтээгдэхүүн худалдаж авах, үйлчилгээнд бүртгүүлэх, цахим сонин захиалахдаа үйлчилгээний нөхцөлийг шалгах; таны холбоо барих хаягийг маркетингийн зорилгоор ашиглахыг зөвшөөрөхгүй байх; онлайн аюулгүй байдлаа сайжруулах.

 - Нэгэнт онлайнд бусдад хуваалцсан мэдээлэл устаж үгүй болохгүй, таны хяналтаас гарна гэдгийг ойлгох хэрэгтэй.

 - Нэвтрэх үг буюу нууцаа бусдад мэдэгдэхгүй байх. Мөн таах, олж мэдэхэд амаргүй байдлаар нууц үгээ сонгох хэрэгтэй.

 

Асуулт 1. Хувь хүний нууцад ямар нууц хамаарах вэ?

Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар Хувь хүний нууц нь дараахь төрөлтэй байна: Үүнд:

1/захидал харилцааны нууц;

2/эрүүл мэндийн нууц;

3/хөрөнгийн нууц;

4/гэр бүлийн нууц;

5/хуулиар тогтоосон бусад нууц.

Асуулт 2. Гэр бүлийн хүн маань миний фэйсбүүкээр нэвтрэн орж бичсэн захидлыг маань баримтжуулан миний эцэг, эхрүү илгээсэн байна. Энэ тохиолдолд хариуцлага хүлээх үү?

Хувь хүний нууцын тухай хуульд зааснаар хувь хүн өөрөө өөрийнхөө нууцыг хамгаалах үүрэгтэй байдаг. Таны захидал харилцааны нууцад хууль бусаар халдсан, задруулсан гэж үзэж байгаа тохиолдолд та Цагдаагийн байгууллагад хандах боломжтой. Хувь хүний нууцад халдсан, задруулсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.10, 13 дугаар зүйлийн 13.11 дэх хэсэгт заасан байдаг.

Асуулт 3.  Миний эхнэрийн найз банканд ажилладаг бөгөөд миний карт уншуулсан мэдээллийг эхнэрт гарган өгсөн байна. Энэ тохиолдолд хаана хандах вэ? Хувь хүний нууцыг задруулсан гэж үзэх үү?

Сайн байна уу? Энэ тохиолдол та эхлээд тухайн байгууллагын удирдлагад хандах боломжтой. Мөн Цагдаагийн байгууллагад хандаж уг хэргийг шалгуулах эрх нээлттэй.

Агуулга анх оруулсан: 2020-09-29 Шинэчилсэн: 2020-09-28

Мэдээ мэдээлэл