Малчдын эрх Малчны тэтгэвэр

“Малчин” гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог аж ахуй нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр мал маллаж байсан малчин, саальчин, тугалчин, тууварчин /1990 оноос өмнөх тууварчинг хамааруулна/, цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан Монгол Улсын иргэнийг малчинд хамааруулна. “Тэтгэвэр” гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-т  зааснаар Монгол Улсын иргэн өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй.

Нийгмийн даатгал дараах төрлөөс бүрддэг:

  • тэтгэврийн даатгал;
  • тэтгэмжийн даатгал;
  • эрүүл мэндийн даатгал;
  • үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал;
  • ажилгүйдлийн даатгал.

Нийгмийн даатгал нь албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна.

Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас бусад иргэн нийгмийн даатгалын сайн дурын хэлбэрт хамрагдаж болно. Үүнд: Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, газар тариалан эрхлэгч, бичиг уурхай эрхлэгч, бусад иргэн хамаарна.

Малчин та сайн дурын даатгалд хамрагдах ба дараах даатгалын төрөлд хамрагдаж болно. Малчин даатгуулагч та Нийгмийн даатгалын байгуулагатай байгуулсан гэрээгээр тохирсон хугацаанд өөрийн мэдүүлсэн сарын хөдөлмөрийн хөлс, орлогоосоо дараах хувь, хэмжээгээр тооцон шимтгэл төлнө.

  • Тэтгэврийн даатгал 11.5 хувь
  • Тэтгэмжийн даатгал 1 хувь
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал 1 хувиар тооцож төлж болно.

Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн акт:

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Нийгмийн даатгалын тухай хууль (1994 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль (1994 он) ЭНД  дарж үзнэ үү.
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль (2017 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт ”Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам” ЭНД  дарж үзнэ үү.

Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, сумын нийгмийн даатгалын ажилтнаас бүрддэг ба малчин та эхлээд харьяа сумынхаа нийгмийн даатгалын ажилтанд хандаж асуудлыг шийдвэрлүүлнэ.

Малчин та тэтгэврийн даатгалд хамрагдсанаар тэтгэврийн даатгалын сангаас дараах төрлийн тэтгэвэр авна. Үүнд:

  • Өндөр насны тэтгэвэр
  • Тахир дутуугийн тэтгэвэр
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Даатгалд хамрагдахад бүрдүүлэх баримт бичиг:

  • Сайн дураар даатгуулах хүсэлт
  • Нийгмийн даатгалын дэвтэр нээлгэх
  • Цээж зураг 1 хувь /3*4/
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

Цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан иргэнийг энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2 дахь заалтад заасан даатгалд төрөөс даатгуулна

Өндөр насны тэтгэвэр: гэдэг нь хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагчид тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Малчин доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:  /Малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийг нэг жил 2 сараар шимтгэл төлж ажилласан хугацаанд тооцно.

  • Нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол;
  • Нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил  малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол этгээдүүд тэтгэвэр тогтоолгох эрхтэй байна.

Малчнаар ажилласанд хамаарахгүй хугацаа:

  • Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа
  • Цэргийн алба хаасан хугацаа
  • Малчнаас өөр ажил, хөдөлмөр эрхэлсэн хугацаа
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны улмаас нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр, нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байсан хугацаа

Малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг:

  • Өргөдөл;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, эсхүл лавлагаа;
  • 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа эсхүл шүүхийн шийдвэр
  • 1995 оноос хойш малчнаар ажиллаж байсан бол нийгмийн даатгалын дэвтэр
  • 2 хувь цээж зураг /3x4/
  • Үндэсний статистикийн хорооноос баталсан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн ... оны тооллого”-ын жил бүрийн бүртгэл буюу “А” дансны лавлагаа эсхүл Зөвлөлийн тогтоол
  • Тэтгэвэр тогтоолгох 5 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, цалин хөлсний тодорхойлолт
  • Тухайн үед оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • Малчнаар ажилд томилсон, чөлөөлсөн тухай тушаал, эсхүл хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, эсхүл тэдгээртэй адилтгах гэрээ зэрэг болно.

Тахир дутуугийн тэтгэвэр:  гэдэг нь ажил хөдөлмөр эрхлэн шимтгэл төлж, ажиллаж байгаад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон даатгуулагчид тэтгэврийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хамааралтайгаар тэтгэврийн даатгалын сангаас түүний хөдөлмөрийн чадваргүй байх хугацаанд буюу хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн З жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, тарилгын дараах хүндрэл, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Дээрх шимтгэл төлөх хугацааг хангаагүй даатгуулагч нийтдээ 3-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй.

Тахир дутуу болсныг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, хагас /хэсэгчлэн/ алдсан гэж ангилна.

Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, түүний хугацааг Аймаг, дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.

Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг:

  •  70 ба түүнээс дээш хувиар тогтоосон бол хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсанд
  • 50-69 хувиар тогтоосон бол хөдөлмөрийн чадвараа хагас (хэсэгчилсэн) алдсанд тус тус тооцно.

Тахир дутуугийн бүрэн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан даатгуулагчийн хувьд сарын дундаж хөдөлмөрийн хөлс орлогын 45 хувиар тогтоож, 20-иос илүү ажилласан жил тутамд 1.5 хувиар бодож нэмэгдэл олгоно.

Харин даатгуулагч нь хөдөлмөрийн чадвараа хагас алдсан тохиолдолд тэтгэврийг дээр дурдсан хэмжээнээс хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээгээр бодож тогтооно.

Бүрдүүлэх материал:

  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Хөдөлмөрийн дэвтэр
  • Хугацаат цэргийн албыг байлдагч, түрүүчээр хаасан бол цэргийн батлах
  • 1995 оноос өмнөх 5 жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан цалин хөлсний тодорхойлолт эсхүл архивын лавлагаа
  • Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэх
  • 2 хувь цээж зураг /3x4/

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр: гэдэг нь ажил хөдөлмөр эрхлэн шимтгэл төлж, ажиллаж байгаад нас барсан даатгуулагчийн асрамжинд байж, тэжээлгэж байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд нас барсан тэжээгчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хамааралтайгаар тэтгэврийн даатгалын сангаас олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Даатгуулагчийн гэр бүлийн гишүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх:

  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн байх
  • Эсхүл нас барахын өмнөх 5 жилийн 3 жилд шимтгэл төлсөн даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох эрхтэй.

Нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс 1 жилд нь тасралтгүй тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно.

Тэжээгчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд хамрагдах хүмүүс:

  • Төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд
  • Эцгээ нас барснаас хойш 280 хоногийн дотор мэндэлсэн, төрсөн хүүхэд
  • Хууль ёсоор тэжээх өөр хүнгүй 19 нас хүрээгүй ач, зээ, төрсөн дүү
  • Тэжээгчийн асрамжид байсан төрөлхийн тахир дутуу буюу 16 нас хүрээгүй байхдаа тахир дутуу болсон хүүхэд, ач, зээ, төрсөн ах, эгч, дүү
  • Эрэгтэй нь 60, эмэгтэй нь 55 нас хүрсэн буюу эсхүл тахир дутуу болсон эцэг, эх, эхнэр,нөхөр, хууль ёсоор тэжээх өөр хүнгүй өвөг эцэг,эмэг эх, төрсөн ах, эгч, дүү
  • Найман нас хүрээгүй хүүхэд, хууль ёсоор асрах хүнгүй төрсөн дүү, ач, зээг нь асарч ажил хийгээгүй байгаа эцэг, эх буюу нөхөр, эхнэрийн аль нэг /нас, хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр/
  • Өндөр насны, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад нас барсан, түүнчлэн нас барахын өмнөх саруудад хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд
  • Дагавар хүүхэд нь тэжээгч байгаад нас барсан бол хойт эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил
  • Төрсөн эцэг, эхээс шүүхийн шийдвэрээр тэтгэлэг авдаггүй хүүхэд хойт эцэг буюу эхийгээ нас барахад төрсөн хүүхдийн адил

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр бодох хувь хэмжээ:

Тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлсний дунджаас өндөр насны бүрэн тэтгэвэр бодох хувь хэмжээнд ногдох хэсгээс дор дурдсан хувь хэмжээгээр бодож тогтооно:

Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо

Тэтгэвэр бодох хувь хэмжээ /хувиар/

3, түүнээс дээш

100

2

75

1

50

 

Бүрдүүлэх материал: 

  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Хөдөлмөрийн дэвтэр
  • Хугацаат цэргийн албыг байлдагч, түрүүчээр хаасан бол цэргийн батлах
  • 1995 оноос өмнөх 5 жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан цалин хөлсний тодорхойлолт эсхүл архивын лавлагаа
  • Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн төрсний гэрчилгээ, ам бүлийн тодорхойлолт
  • Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүн нь төрөлхийн буюу 16 нас хүрээгүй байхдаа тахир дутуу болсон бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон тухай Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт
  • Гэрлэлтийн баталгааны эх хувь буюу шүүхийн шийдвэр
  • Иргэний бүртгэлийн албанаас олгосон тэжээгчийн нас барсан тухай гэрчилгээ
  • Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэх
  • 2 хувь цээж зураг /3x4/

Тэтгэвэр тогтоолгох өргөдөл, хуульд заасан холбогдох баримт бичгийг дор дурдсан хугацаанд бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгнө.

  • Өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагч тэтгэвэр тогтоолгон авахыг хүссэн хугацаандаа;
  • Тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох даатгуулагч тахир дутуу болсноос хойш 14 хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол З сарын дотор ;
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ нас барснаас хойш 14 хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол 3 сарын дотор

Нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоох асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.

Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно.

Тахир дутуугийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, хэрэв тэтгэвэр авагч нас барвал нас барсны дараагийн сар дуустал олгоно.

Нийгмийн даатгалын байгууллага, түүний ажилтны хууль бус ажиллагаа, шийдвэрийн талаарх гомдлоо эрх бүхий дээд шатны байгууллага, албан тушаалтанд, улмаар тэдгээрийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гаргана.

Асуулт 1: Хэдэн жил малчнаар ажиллаж байж өндөр насны тэтгэвэр тогтоолгодог вэ?

  • Нийтдээ 20-иос доошгүй, үүнээс 15 жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол
  • Нийтдээ 20-иос доошгүй, үүнээс 12 жил 6 сар малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ.

Асуулт 2: Малчин өндөр насны тэтгэврийн даатгалд хамрагдахад ямар материал бүрдүүлдэг вэ?

  • Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэх, хуулбар
  • 1995 оноос өмнө малчнаар ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр болон хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа эсхүл шүүхийн шийдвэр
  • 1995 оноо хойш малчнаар ажиллаж байсан бол нийгмийн даатгалын дэвтэр
  • Үндэсний статистикийн хорооны “мал тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллого”-нд жил бүр хамрагдсан мал тооллогын “А” дансны лавлагаа эсхүл Зөвлөлийн тогтоол
  • Тэтгэвэр тогтоолгох 5 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, цалин хөлсний тодорхойлолт зэрэг болно.
  • 2 хувь цээж зураг /3x4/
  • Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тухай нийгмийн даатгалын байгууллагаас олгосон баримт, лавлагаа
  • Тухайн үед оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт

Асуулт 3: Малчин хүн өндөр насны тэтгэврийн даатгалыг нөхөн төлж болдог уу?
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль 2017 онд батлагдсан бөгөөд хуульд зааснаар 1995 оноос 2017 оны 02 сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан 15-60 насны иргэн тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж болно.  Энэ хууль нь 2020/01/01-нээс хэрэгжинэ.

Асуулт 4: Малчин ямар ямар даатгалд хамрагдах боломжтой вэ? ямар бичиг баримт бүрдүүлдэг вэ?

Малчин та тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд сайн дураар даатгуулж болно.

Бүрдүүлэх материал:

  • Сайн дураар даатгуулах хүсэлт
  • Нийгмийн даатгалын дэвтэр /байхгүй бол шинээр нээлгэнэ./
  • Цээж зураг 1 хувь /3*4/
  • Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

Асуулт 5: Цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан иргэн тэтгэврийн даатгалд хэрхэн хамрагдах вэ?

Цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан иргэнийг тэтгэвэр болон тэтгэмжийн даатгалд төрөөс даатгуулдаг.

 

 

 

Агуулга анх оруулсан: 2019-11-29 Шинэчилсэн: 2023-03-23

Мэдээ мэдээлэл