Эрүүл мэндийн үйлчилгээ Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх хэрэгцээний тодорхойлолт бүхий зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хүний нөөцийн зохих шаардлага хангасан өмчийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоно.

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх хэрэгцээний тодорхойлолт бүхий зориулалтын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хүний нөөцийн зохих шаардлага хангасан өмчийн аль ч хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагад эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоно./Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг/

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах чиглэлээр олгоно:

  • эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх;

  • эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх;

  • мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, эмийн бодис, угтвар бодис болон эм үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх;

  • биологийн идэвхит бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх;

  • эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм худалдах;

  • эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, протез үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх, засвар үйлчилгээ эрхлэх;

  • ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх;

  • ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис худалдах болон үйлчилгээ эрхлэх

Хүн амын эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох тэргүүлэх чиглэлийг гурван жилийн хугацаагаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

Тусгай зөвшөөрлийг тухайн байгууллагад анх удаа олгож байгаа бол гурав, сунгаж байгаа бол таван жилийн хугацаагаар олгоно./ Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.18 дахь хэсэг/

Та “Эрүүл мэндийн тухай” хуулийг ЭНД дарж харна уу.

Та “Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай” хуулийг ЭНД дарж харна уу.

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох:

  1. Тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллага нь хэрэгцээний үнэлгээ хийлгэх тухай хүсэлтээ мэргэжлийн үйл ажиллагааны төслийн хамт Аймаг, Нийслэлийн Засаг дарга /Эрүүл мэндийн яам/ хүргүүлнэ.

Төсөлд тухайн байгууллагын болон тусламж, үйлчилгээний төрөл, төлөвлөсөн байршил, барилга байгууламжийн талбайн төлөвлөлт, хүний нөөцийн бүрэлдэхүүн, техник, технологийн хүчин чадал, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тусгасан байна.

  1. Хэрэгцээний үнэлгээг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаас сонгон шалгаруулсан мэргэжлийн нийгэмлэг, холбоо гүйцэтгэнэ.

  2. Аймаг, Нийслэлийн Засаг дарга /Эрүүл мэндийн яам/ нь мэргэжлийн нийгэмлэг, холбооноос гаргасан дүгнэлтийг үндэслэн хэрэгцээний тодорхойлолтыг олгоно.

  3. Тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллага хэрэгцээний тодорхойлолтыг үндэслэн барилгын зураг төсвийг боловсруулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаар хянуулж батлуулна.

  4. Тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ Аймаг, Нийслэлийн Засаг дарга /Эрүүл мэндийн яам/-д гаргана. Бүрдүүлэх бичиг баримт:

  • тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/

  • тусгай зөвшөөрөл  хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар

  • улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

  • үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх

  • тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ

  • үүсгэн байгуулагчийн шийдвэр;

  • тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаас олгосон хэрэгцээний тодорхойлолт;

  • мэргэжлийн үйл ажиллагааны төсөл;

  • эрүүл мэндийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагын барилга нь мэргэжлийн үйл ажиллагааны төсөл болон батлагдсан зураг төсвийн дагуу баригдсан, зориулалтын дагуу ашиглаж болох эсэх талаар холбогдох байгууллагаас гаргасан шийдвэр;

  • эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан тухай холбогдох байгууллагын дүгнэлт;

  • эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүний жагсаалт, мэргэжилтний бүртгэлийн дугаар, хөдөлмөрийн харилцаа үүсгэхийг зөвшөөрсөн зөвшөөрөл

  1. Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь хүсэлт гаргагчийн баримт бичгийг хүлээн авч, өргөдлийг хянан үзэх орон тооны бус шинжээчийн баг томилон ажиллуулна.

  2. Шинжээчийн баг өргөдлийг дараахь байдлаар хянан үзнэ:

  • хүсэлт гаргагчийн бүрдүүлсэн баримт бичгийг нягтлан магадлах;

  • тусгай зөвшөөрөл хүсэгч байгууллагын барилгын гүйцэтгэлд холбогдох байгууллагын гаргасан шийдвэрийг судлах;

  • мэргэжлийн үйл ажиллагааны төслийн хэрэгжилтийг газар дээр нь шалгаж үнэлэх;

  • тусгай зөвшөөрөл олгох эсэх дүгнэлтийг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх

  1. Тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл сунгах:

Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ тусгай зөвшөөрөл олгосон байгууллагад хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө тавьж шийдвэрлүүлнэ.

Тусгай зөвшөөрлийн хугацааг дор дурдсан нөхцөлийг хангасан тохиолдолд сунгана:

  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.3-т заасан

  • тусгай зөвшөөрөл олгосон хугацаанд тухайн байгууллагын үйл ажиллагаанд явцын хяналт, шалгалт хийсэн эрх бүхий мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт

  • тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын үйл ажиллагааны стандарт, тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангахад чиглэсэн төслийн хэрэгжилтийг болон тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах болон иргэний гомдол, саналын дагуу хяналтын дүгнэлт

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болгох:

Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр нь үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зарим чиглэл, төрөлд хамаарах бол тухайн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийг хэсэгчлэн хүчингүй болгоно.

  1. Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь зөвшөөрлийг хүчингүй болгохоос өмнө дараах байдлыг арилгах талаар урьдчилан мэдэгдэж 3 сар хүртэл хугацаагаар түр түдгэлзүүлнэ:

  • эрүүл мэндийн байгууллагыг хуулийн этгээдийн улсын бүртгэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгүүлээгүй

  • эрүүл мэндийн байгууллагын барилга, тоног төхөөрөмж нь үйл ажиллагаа эрхлэхэд тавих шаардлагыг хангахгүй байгаа тухай эрх бүхий байгууллага дүгнэсэн

  • мэргэжлийн хүний нөөц бүрдээгүйгээс тусгай зөвшөөрөлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжгүй

  • эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын эрсдэл үүссэн гэж эрх бүхий байгууллагаас дүгнэсэн

  • тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны чиглэл, төрлөөс өөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн

  1. Дээр дурдсан нөхцөл байдал бүрэн арилсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг сэргээн олгоно.

  2. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байх хугацаанд дээр дурдсан нөхцөл байдлбг арилгаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.

Хэрэгцээний тодорхойлолт: Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрлийн хүсэлт хүлээн авсан өдрөөс хойш 120 хоногийн дотор мэргэжлийн нийгэмлэг, холбооноос гаргасан дүгнэлтийг үндэслэн хэрэгцээний тодорхойлолтыг олгоно.

Тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх: Аймаг, Нийслэлийн Засаг дарга /Эрүүл мэндийн яам/ нь үүсгэн байгуулагчийн өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ.

Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тухай шийдвэрийг 10 хоногийн дотор хүсэлт гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

Тусгай зөвшөөрөл сунгах эсэхийг шийдвэрлэх:Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг сунгасан, эсхүл сунгахаас татгалзсан тухай шийдвэрээ хүсэлт хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргана.

Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох: Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн тухай шийдвэрийг тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагад шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор мэдэгдэж, уг шийдвэрийг олон нийтэд нээлттэй болгоно.

Та эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох холбоотой шийдвэрийн гомдлыг тус шийдвэр гаргасан байгууллага, албан тушаалтны дээд шатны захиргааны байгууллага, ажилтан албан хаагчид гаргана. Хэрэв таны гаргасан гомдлын хариуг өгөхгүй эсхүл гаргасан шийдвэр нь таны эрх ашгийг хөндөж байна гэж үзвэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргана.

Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл:

  • тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан

  • хуулийн этгээд татан буугдсан

  • тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон

  • тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн

  • тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй

  • тусгай зөвшөөрлийг хуулийн хүчинтэй хугацаанд сунгуулаагүй

  • тусгай зөвшөөрөл авснаас хойш зургаан сарын дотор үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй

  • эрүүл мэндийн байгууллагыг хуулийн этгээдийн улсын бүртгэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгүүлээгүй

  • эрүүл мэндийн байгууллагын барилга, тоног төхөөрөмж нь үйл ажиллагаа эрхлэхэд тавих шаардлагыг хангахгүй байгаа тухай эрх бүхий байгууллага дүгнэсэн

  • мэргэжлийн хүний нөөц бүрдээгүйгээс тусгай зөвшөөрөлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжгүй

  • эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын эрсдэл үүссэн гэж эрх бүхий байгууллагаас дүгнэсэн

  • тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны чиглэл, төрлөөс өөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн

  • хууль тогтоомжид заасан бусад үндэслэл

Аймаг, Нийслэлийн Засаг дарга /Эрүүл мэндийн яам/ нь тусгай зөвшөөрөл олгосон эрүүл мэндийн байгууллагад дараахь чиглэлээр хяналт тавина:

  • тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаад хяналт тавих

  • тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын үйл ажиллагааны стандарт, тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангахад чиглэсэн төслийн хэрэгжилтийг хянан, үнэлэх

  • тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах болон иргэний гомдол, саналын дагуу хяналт тавих

Тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сан улсын хэмжээний эрүүл мэндийн байгууллагын талаархи мэдээллийн лавлагаа болох бөгөөд эрүүл мэндийн байгууллага бүр тусгай зөвшөөрлийн дугаартай байна.

Асуулт 1. Ямар тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгодог вэ?

  • тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан

  • хуулийн этгээд татан буугдсан

  • тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон

  • тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн

  • тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй

  • тусгай зөвшөөрлийг хуулийн хүчинтэй хугацаанд сунгуулаагүй

  • тусгай зөвшөөрөл авснаас хойш зургаан сарын дотор үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй

  • эрүүл мэндийн байгууллагыг хуулийн этгээдийн улсын бүртгэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгүүлээгүй

  • эрүүл мэндийн байгууллагын барилга, тоног төхөөрөмж нь үйл ажиллагаа эрхлэхэд тавих шаардлагыг хангахгүй байгаа тухай эрх бүхий байгууллага дүгнэсэн

  • мэргэжлийн хүний нөөц бүрдээгүйгээс тусгай зөвшөөрөлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх боломжгүй

  • эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын эрсдэл үүссэн гэж эрх бүхий байгууллагаас дүгнэсэн

  • тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны чиглэл, төрлөөс өөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн

  • хууль тогтоомжид заасан бусад үндэслэл

Асуулт 2. Хэрэгцээний тодорхойлолтыг хэн хийх вэ?

Хэрэгцээний үнэлгээг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаас сонгон шалгаруулсан мэргэжлийн нийгэмлэг, холбоо гүйцэтгэнэ. Аймаг, Нийслэлийн Засаг дарга /Эрүүл мэндийн яам/ нь мэргэжлийн нийгэмлэг, холбооноос гаргасан дүгнэлтийг үндэслэн хэрэгцээний тодорхойлолтыг олгоно.

Агуулга анх оруулсан: 2019-12-26 Шинэчилсэн: 2019-12-26

Мэдээ мэдээлэл