Авто тээврийн үйлчилгээ Автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний бүртгэл

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг Автотээврийн хэрэгслийн бүртгэлд бүртгүүлнэ.

Иргэн та өөрийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нь ашиглах боломжгүй болсон эсвэл бусдад худалдсан, бэлэглэсэн боловч шилжилт хөдөлгөөн, хасалтын бүртгэл хийлгээгүй тохиолдолд таны нэр дээр тухайн автотээврийн хэрэгслийн татвар, торгууль хуримтлагдах мөн болзошгүй бусад эрсдэл үүссээр байхыг анхаарна уу.

АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВД ХАНДАН ХАСАЛТАА ЗААВАЛ ХИЙЛГЭЭРЭЙ

Тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг АТҮТ-ын лавлах 1900-1234, 70070018, 70070023 дугаарт залгах эсвэл Автотээврийн үндэсний төвийн WWW.TRANSDEP.MN, AUTOBOX.MN цахим хуудсаар авах боломжтой.

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

ЛАВЛАХ УТАС: 1900-1234, 70070018, 70070023

No photo description available.

Автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг дараах тохиолдолд бүртгэдэг. Үүнд:

  • Автотээврийн хэрэгслийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь автотээврийн хэрэгслээ худалдах, бэлэглэх зэргээр бусдад шилжүүлсэн,
  • Өмчлөгч иргэн болон хуулийн этгээдийн оршин байгаа газар өөрчлөгдсөн,
  • Автотээврийн хэрэгслийн хөдөлгүүр, арал, бүхээг, өнгө өөрчлөгдсөн,
  • Хуулийн этгээд улсын бүртгэлээс хасагдсан болон өмчлөгч иргэн нас барсан.

I. Та тэээврийн хэрэгслийг шилжүүлэхэд дараах бичиг баримтуудыг бүрдүүлж, автотээврийн үндэсний төвд хандах боломжтой.

Автотээврийн үндэсний төв нь өмчлөгчөөс олгосон эрх, түүний ирүүлсэн хүсэлтийн дагуу тухайн автотээврийн хэрэгслийн өмчлөгчийг бүртгэдэг.

  1. Иргэнээс иргэнд автотээврийн хэрэгсэл шилжүүлэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
  • Өмчлөгч болон шилжүүлэн авч байгаа иргэдийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт (ТҮЦ машины лавлагаа эсвэл гадаад паспорт болон оршин суугаа хаягын тодорхойлолт болно);
  • Өмчлөгч иргэн өөрийн биеэр ирж бусдад шилжүүлснээ нотолж гарын үсгээ зурж баталгаажуулах;
  • Өмчлөгч иргэн өөрийн биеэр ирээгүй бол шилжүүлсэнийг нотлох баримт (худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ, итгэмжлэл гэх мэт)-г бүрдүүлэх;
  • Автотээврийн хэрэгслийн өмчлөгч иргэн нь нас барсан тохиолдолд өв залгамжлалын гэрчилгээ;
  • Тээврийн хэрэгслийг бүртгэлийн маягт бөглөх;
  • Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ;
  • Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн тухай баримт, гэрчилгээ;
  • Тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт орсон хугацаа дуусаагүй, тэнцсэн байх;
  • Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримт;
  • Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд оногдсон торгуулиа төлсөн байх;
  • Автотээврийн гэрчилгээний үнэ болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
  1. Иргэнээс хуулийн этгээдэд автотээврийн хэрэгсэл шилжүүлэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
  • Тээврийн хэрэгслийг бүртгэх маягт бөглөх;
  • Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ;
  • Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн тухай баримт, гэрчилгээ;
  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  • Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримт;
  • Техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байх;
  • Өмчлөгч иргэн өөрийн биеэр ирж бүртгэлийн маягтад бусдад шилжүүлснээ нотолж, гарын үсгээ зурж баталгаажуулах;
  • Шилжүүлэн авч байгаа хуулийн итгээдийн албан хүсэлт /Улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар хуулбар үнэн тамгатай/;
  • Замын хөдөлгөөний зөрчилд ногдуулсан торгуультай тохиолдолд торгууль төлсөн баримт;
  • Худалдах, худалдан авах, бэлэглэх, Фидуци, арилжааны гэрээ, бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн итгэмжлэлийг тус тус нотариатаар гэрчлүүлсэн байх.
  1. Хуулийн этгээдээс иргэнд автотээврийн хэрэгсэл шилжүүлэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
  • Тээврийн хэрэгслийг бүртгэлийн маягт бөглөх;
  • Шилжүүлэн авч байгаа иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  • Хуулийн этгээдийн албан бичиг эх хувиараа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарын хамт;
  • Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд бол Төрийн өмчийн хороо, аймаг, нийслэлийн өмчийн газрын шийдвэр;
  • Улсын бүртгэлээс хасагдсан хуулийн этгээдийн тухайд татан буугдсан хуулийн этгээдийн үүгэн байгуулагчдын хүсэлт, улсын бүртгэлийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн шилжилт хийж болно;
  • Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ;
  • Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн тухай баримт, гэрчилгээ;
  • Тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт орсон хугацаа дуусаагүй, тэнцсэн байх;
  • Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан байх;
  • Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд оногдсон торгуулиа төлсөн баримтт;
  • Автотээврийн гэрчилгээний үнэ болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
  1. Хуулийн этгээдээс хуулийн этгээдэд автотээврийн хэрэгсэл шилжүүлэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
  • Тээврийн хэрэгслийг бүртгэлийн маягт бөглөх;
  • Хуулийн этгээдийн албан бичиг эх хувиараа, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарын хамт;
  • Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд бол Төрийн өмчийн хороо, аймаг, нийслэлийн өмчийн газрын шийдвэр;
  • Улсын бүртгэлээс хасагдсан хуулийн этгээдийн тухайд татан буугдсан хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчдын хүсэлт, улсын бүртгэлийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн шилжилт хийж болно;
  • Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ;
  • Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн тухай баримт, гэрчилгээ;
  • Тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт орсон хугацаа дуусаагүй, тэнцсэн байх
  • Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан байх;
  • Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд оногдсон торгуулиа төлсөн байх;
  • Автотээврийн гэрчилгээний үнэ болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
  1. Өмчлөгч оршин суугаа хаягаа өөрчлөхөд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
  • Бүртгэлийн маягт бөглөх;
  • Иргэний үнэмлэх, шилжин ирсэн тухай нарийн хуудас;
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
  • Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн тухай баримт
  • Техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байх;
  • Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримт;
  • Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд оногдсон торгуулиа төлсөн байх;
  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  • Орон нутгаас - УБ - Орон нутаг бол улсын дугаар авчрах.
  1. Техникийн өөрчлөлтийг бүртгүүлэхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

Техникийн өөрчлөлтөд автотээврийн хэрэгслийн зориулалт, өнгө, хөдөлгүүр, арал, бүхээгийн өөрчлөлтүүд хамаарна. /Тээврийн хэрэгслийн зориулалт өөрчлөхгүй 2012 оноос хойш/;

  • өмчлөгчийн хүсэлт, бүртгэлийн мэдүүлэг;
  • техникийн өөрчлөлт нь стандартын шаардлага хангаж байгааг нотолсон техникийн хяналтын үзлэгийн дүгнэлт;
  • нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдсан тухай тухайн тээврийн үйлчилгээг зохицуулах эрх бүхий байгууллагын тодорхойлолт;
  • арал, бүхээг өөрчлөгдсөн бол гаалийн хилээр нэвтрүүлэх барааны  мэдүүлэг, бусад баримт бичиг;
  • зориулалт өөрчилсөн бол үйлдвэрлэгчийн дүгнэлт;
  • улсын тэмдэгтийн хураамж, автотээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ төлсөн баримт;

Тухайн автотээврийн хэрэгслийн зориулалтыг зөвхөн үйлдвэрлэгчийн зөвшөөрлөөр өөрчлөх ба зөвхөн тухайн үйлдвэрлэгчийн эрх бүхий засварын байгууллагаар хийлгэж дүгнэлт гаргуулсан байна.

Нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл үйлчилгээнээс хасагдсан тохиолдолд тухайн дугаарын сери, дугаарыг өөрчлөхгүйгээр автомашины энгийн дугаарыг олгоно. 

  1. Хуулийн этгээд улсын бүртгэлээс хасагдсан болон өмчлөгч иргэн нас барсан тохиолдолд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
  • Тээврийн хэрэгслийг бүртгэх маягт бөглөх;
  • Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ;
  • Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн тухай баримт, гэрчилгээ;
  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  • Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримт;
  • Техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байх;
  • Автотээврийн хэрэгслийн өмчлөгч иргэн нь нас барсан тохиолдолд өв залгамжлалын гэрчилгээг үндэслэн бүртгэнэ.

II. Таны бүрдүүлсэн бичиг баримтыг үндэслэн бүртгэгч дараах дарааллын дагуу хүлээн авч бүртгэл хөтөлнө. Үүнд: 

/Жич: шилжүүлсэнийг нотлох бусад баримт гэдэгт өмчлөгч иргэн өөрийн биеэр ирж бүртгэлийн маягтад бусдад шилжүүлснээ нотлож гарын үсгээ зурж баталгаажуулах, худалдах, худалдан авах, бэлэглэх, фидуци, арилжааны гэрээ, бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн итгэмжлэлийг тус нотариатаар гэрчлүүлсэн байх, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд бол Төрийн өмчийн хороо /аймаг, нийслэлийн өмчийн газар/-ын шийдвэр, эрх бүхий байгууллагын шийдвэрээр шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарласан бол түүнийг дуусгавар болгосон тухай шийдвэр, өмчлөх эрх шилжүүлсэн, баталгаажуулсан тухай шүүхийн шийдвэр зэрэг хамаарна/    

III. Харин бичиг баримтын бүрдүүлбэр дутуу эсхүл зөрчилтэй тохиолдолд автотээврийн хэрэгслийг бүртгэхээс татгалзаж холбогдох бичиг баримтыг буцааж өгдөг. Дараах тохиолдолд автотээврийн хэрэгслийг бүртгэхээс татгалзана. Үүнд:   

  • бүртгэлийн мэдүүлэг болон баримт бичиг нь бүрэн бус, мэдээлэл зөрүүтэй, засварласан, хуурамчаар үйлдсэн;
  • хуулийн дагуу оногдуулсан торгуулийг төлөөгүй;
  • техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, тэнцээгүй, жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй;
  • зохих байгууллагын зөвшөөрөлгүй зориулалтыг өөрчилсөн;
  • хуулиар эрх олгогдсон эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өмчлөх эрхэд хориглолт, хязгаарлалт хийсэн;
  • өмчлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн биеэр ирээгүй;
  • улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй.

Тухайн автотээврийн хэрэгслийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд татгалзсан үндэслэлийг тодорхой тайлбарлан бүртгэлийн мэдүүлэгт тэмдэглэж гарын үсэг, хувийн дугаар бүхий тэмдэг дарж өгнө.

 Бүртгэл хийлгэх хугацаа: 

Та шилжилт хөдөлгөөний өөрчлөлт, өмчлөгчийн бүртгэлийг 7 хоногийн дотор хийлгэх үүрэгтэй.  Таны бүртгэлийн мэдүүлэг, бүрдүүлсэн бичиг баримт шаардлага хангасан тохиолдолд тээврийн хэрэгслийн бүртгэл тухайн өдөртөө хийгддэг.

 Бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол шийдвэрлэх хугацаа:

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ гэж заасан байдаг.

АТҮТ ТӨҮГ-ын үйлчилгээг иргэд, зорчигчдод хүртээмжтэй, түргэн шуурхай, хялбар болгох үүднээс 2020 оны 02 сарын 22-ны өдрөөс эхлэн онлайн, мөн Автотээврийн нэгдсэн лавлах 1900-1234 утас болон https://www.facebook.com/autoteever/ фэйсбүүк хуудасны chat-р ажлын өдөр 08:30 цагаас 17:30 цагийн хооронд хот хоорондын зорчигч тээврийн тасалбар бичих үйлчилгээг эхлүүлж байна.

Дараах тохиолдолд шилжилт хөдөлгөөний бүртгэл хийх боломжгүй тул анхаарна уу!

  • Тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт ороогүй, хугацаа хэтэрсэн;
  • Тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт тэнцээгүй;
  • Арлын дугаар зөрсөн тохиолдолд тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийхгүй;
  • Шүүхийн шийдвэрээр хязгаарласан тохиолдолд;
  • Татвар төлөөгүй;
  • Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалгүй;
  • Торгуультай.

Торгуультай холбоотой зөвлөмж  

Нэг зөрчилд олон давхар торгууль орсон тохиолдолд:

  • Шалгах багажны алдаа, сүлжээнээс шалтгаалан давхардаж орсон зөрчлийг арилгуулахдаа зөрчил гаргагч өөрт өгсөн шийтгэврийн хуудсыг төлсөн баримтын хамт Замын цагдаагийн албаны №106 тоот өрөөнд авчирч давхардсан торгуулийг хүчингүй болгуулж болно.
  • Гэрийн хаягаар ирж буй торгуулийн лавлагаа авах, торгуулийн давхардлын талаар Улаанбаатар банкны 9 давхарт Замын хөдөлгөөний удирдлагын төвд бичиг баримттайгаа очиж шийдвэрлүүлж болно. Мөн торгуулийн хуудсанд бичигдсэн утасны дугаараар хандах боломжтой.
  • Торгууль төлөхдөө БАР КОД буруу хийсэн, БАР КОД оруулаагүй төлсөн тохиолдолд бичиг баримт, төлсөн баримтын хамт Замын цагдаагийн албаны №106 тоот өрөөнд ирж шийдвэрлүүлж болно.
  • Бэлэн бус торгуулийн төхөөрөмж нь Скайтелын сүлжээтэй холбогдон ажилладаг бөгөөд зарим тохиолдолд цагдаагийн шалгах багаж байршил буруу заах явдал гарч байдаг. Та тухайн газраар хөдөлгөөнд оролцоогүй бол бичиг баримттайгаа Замын цагдаагийн албаны №106 тоот өрөөнд ирж автомашиныг жолоодон явсан хүний мэдээллийг гаргуулан авч болно.

Огт хөдөлгөөнд оролцоогүй газарт мөн тухайн өдөр биш өөр өдөр торгууль ногдуулсан тохиолдолд:

  • Бэлэн бус торгуулийн төхөөрөмж нь Скайтелын сүлжээтэй холбогдон ажилладаг бөгөөд зарим тохиолдолд цагдаагийн шалгах багаж байршил буруу заах явдал гарч байдаг. Та тухайн газраар хөдөлөгөөнд оролцоогүй бол бичиг баримттайгаа Замын цагдаагийн албаны №106 тоот өрөөнд ирж автомашиныг жолоодон явсан хүний мэдээллийг гаргуулан авч болно.
  • Зам тээврийн осол, зөрчилд холбогдоод осол гарсан өдөр биш өөр өдөр торгууль ногдуулсан тохиолдол гардаг. Үүний гол шалтгаан нь эрх бүхий албан тушаалтан осолтой холбогдолтой материал бүрэн бүрдсэний дараа торгууль оногдуулдагт оршино.

Захиргааны зөрчил гаргаад /эрхээ хасуулсан г.м/ Замын цагдаагийн тасагт зөрчлөө шийдвэрлүүлсэн байхад Torguuli.mn сайтад төлөгдөөгүй гэсэн тохиолдолд:

  • Замын цагдаагийн албаны бичиг хэргээс торгууль төлсөн баримтын хуулбарыг авч № 106 тоот өрөөнд авчирч торгууль төлөлтийн асуудлаа шийдвэрлүүлнэ.

Торгууль төлсөн баримтаа хаясан, үрэгдүүлсэн тохиолдолд:

  • Торгууль төлсөн тус салбарын банкнаас төлбөрийн хуулга авах, мөн нийслэлийн дансанд торгууль төлсөн огноогоо мэдэж байгаа тохиолдолд Замын цагдаагийн албаны Санхүүд хандаж торгууль төлсөн мэдээллээ гаргуулан авч болно.

Таны төлсөн торгууль www.torguuli.mn сайтад төлсөн төлөвт шилжихгүй байгаа тохиолдолд:

  • www.torguuli.mn сайтад тавигдсан төлөх зааврын дагуу банкны баримтын гүйлгээний утга гэсэн хэсэгт торгуулийн зөвхөн "БАР КОД" бичигдсэн байхыг анхаарна. Тухайн төлсөн үед мэдээлэл гарч ирэхгүй байгаа тохиолдолд "Замын цагдаагийн алба"-ны №106 тоот өрөөнд торгууль төлсөн баримтаа /хуулбар/ авчирч торгуулийг төлөгдсөн төлөвт оруулж болно.

Асуулт 1. Би автомашинаа найздаа худалдаж байгаа юм. Найзынхаа нэр дээр шилжүүлэхийн тулд хаана хандах вэ?

Сайн байна уу? Та тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг Автотээврийн үндэсний төвд хандан хийлгэх боломжтой. Тээврийн хэрэгслийг худалдаж байгаа тохиолдолд худалдах, худалдан авах гэрээгээ нотариатаар баталгаажуулах хэрэгтэй. Мөн Автотээврийн үндэсний төвөөс шаардсан бусад бичиг баримтуудыг бүрдүүлнэ.

Асуулт 2. Манай дүү миний тээврийн хэрэгслийн торгууль төлсөн баримтыг гээсэн байна. Дахин торгууль төлмөөргүй байна.

Торгууль төлсөн тус салбарын банкнаас төлбөрийн хуулга авах, мөн нийслэлийн дансанд торгууль төлсөн огноогоо мэдэж байгаа тохиолдолд Замын цагдаагийн албаны Санхүүд хандаж торгууль төлсөн мэдээллээ гаргуулан авч болно.

Асуулт 3. Би шилжилт хөдөлгөөний бүртгэлээ өөрөө хийлгэх боломжгүй байсан болхоор дүүдээ итгэмжлэл хийж өгсөн. Одоо итгэмжлэлийн хугацаа дуусч байна. Хугацаа дууссан итгэмжлэлээр хийлгэж болох уу, би БНСУлсад ажиллаж байгаа.

Та БНСУлс дахь элчин сайдын яаманд хандаж, дүүдээ итгэмжлэл хийлгээд өгөх боломжтой.

Асуулт 4. Би эхнэрийнхээ нэр дээр тээврийн  хэрэгслээ шилжүүлж байгаа. Хэд хоногийн дотор бүртгүүлэх вэ?

Та шилжилт хөдөлгөөний өөрчлөлт, өмчлөгчийн бүртгэлийг 7 хоногийн дотор Автотээврийн үндэсний төвд хандаж хийлгэнэ үү.

Агуулга анх оруулсан: 2020-01-03 Шинэчилсэн: 2023-03-17

Мэдээ мэдээлэл