Иргэдийн эдийн болон эдийн бус баялагтай холбогдох харилцаа Төлөөлөл

Төлөөлөл

Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно.

Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийхийг хуулиар хориглосон, эсхүл хэлцлийн шинж чанараас шалтгаалан хэлцэл хийгч заавал биечлэн хийвэл зохих хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болохгүй. Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ. Төлөөлөгч итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй.

Итгэмжлэлд уг үйл ажиллагааг бусдаар гүйцэтгүүлж болохоор заасан, эсхүл итгэмжлэгчийн ашиг сонирхлын үүднээс зайлшгүй шаардлагатай байвал итгэмжлэлийг шилжүүлж болно.

Шилжүүлсэн итгэмжлэлийн хугацаа үндсэн итгэмжлэлийн хугацаанаас их байж болохгүй. Үндсэн итгэмжлэл дуусгавар болсноор шилжүүлсэн итгэмжлэл нэг адил дуусгавар болно.

Төлөөлөгч эрхээ бусдад шилжүүлсэн тухай болон итгэмжлэлийг шилжүүлэн авсан этгээдийн талаар төлөөлүүлэгчид мэдэгдэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол эрх шилжүүлэн авсан этгээдийн үйл ажиллагаанаас бий болох үр дагаврыг төлөөлөгч хариуцна.

Иргэний хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу итгэмжлэлээр төлөөлөхөд төлөөлөгч нь иргэний эрх зүйн бүрэн, бүрэн бус, эсхүл хязгаарлагдмал чадамжтай иргэн болон хуулийн этгээд байж болно.

Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно.

Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйгээс төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгана.

Хууль ёсны төлөөлөгчийнх нь зөвшөөрлийг авалгүйгээр иргэний эрх зүйн бүрэн бус буюу хязгаарлагдмал чадамжтай иргэнээр төлөөлүүлсэн этгээд нь ийнхүү төлөөлүүлснээс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцна.

Төлөөллийн харилцаатай холбоотой иргэний эрх зүйн маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэнэ.

Таниас итгэмжлэлийн дагуу эсвэл хуулийн дагуу төлөөлж буй этгээд таны эрхийг зөрчсөн гэж үзвэл таны эрхийг зөрчсөн этгээд нь иргэн бол түүний оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд, харин хуулийн этгээд бол ажил хэргээ байнга явуулдаг эсвэл удирдах байгууллага нь оршиж байгаа газрын шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хохирлоо барагдуулах нэхэмжлэлийг гаргах боломжтой. /иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 –р зүйл/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу Шүүх таны нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэлийг хариуцагч (эрх зөрчсөн этгээд)-д гардуулан танилцуулж, хариу тайлбарыг нь бичгээр авна. Үүний дараа шүүх нотлох баримт хангалттай бүрдсэн, хэргийг шийдвэрлэх хуульд заасан хугацаа дуусгавар болсон зэрэг үндэслэлээр шүүх хуралдааныг зарлаж таны нэхэмжлэлийг шийдвэрлэнэ. /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71-р зүйл/

Иргэний хэргийн анхан шатны шүүх нь төлөөллийн харилцаанаас үүдэлтэй маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71-р зүйлд заасны дагуу таныг нэхэмжлэл гаргаснаас хойш нийт 67 хоног, шаардлагатай бол хугацааг сунгаж 97 хоногийн хугацаанд бүрэн шийдвэрлэнэ.

Хэрэв та иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Компани болон төрийн бус байгууллага бусад хуулийн этгээдийн хувьд хуульд итгэмлжлэлгүйгээр төлөөлөхөөр заасан этгээд зөвхөн тухайн хуулийн этгээдийг төлөөлж бусадтай гэрээ, хэлцэл байгуулах эрхтэй. Харин өөр этгээд гэрээ, хэлцэл байгуулах тохиолдолд зөвхөн тухайн этгээдээс бичгээр итгэмжлэл авсан этгээд байна. Тус итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Асуулт 1. Иргэн хооронд 1 жилийн хугацаатай итгэмжлэл өгсөн бөгөөд уг хугацааг дуусгавар болохоос өмнө итгэмжлэлээ цуцалж болох уу? Хэрхэн цуцлах вэ?

Иргэд хоорондын төлөөлүүлэх итгэмжлэлийг зөвхөн нотариатаар гэрчлүүлсэн тохиолдолд хүчин төгөлдөр болно. Төлөөлүүлэгч бусдад олгосон итгэмжлэлээ хэдийд ч цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчид очиж холбогдох зөвлөгөөг авч тэмдэглүүлэх шаардлагатай.

Асуулт 2. Итгэмжлэлд тодорхой хугацаа заавал заах уу? Дээд талын хугацаа гэж байдаг уу?

Итгэмжлэлд хугацааг тодорхой заахыг шаардахгүй бөгөөд тодорхой хугацаа заагаагүй тохиолдолд тухайн итгэмжлэлийн хугацааг нэг жил гэж үзнэ. Харин итгэмжлэлд хугацаа заах тохиолдолд дээд тал нь 3 жил байна.

Агуулга анх оруулсан: 2018-08-28 Шинэчилсэн: 2018-08-28

Мэдээ мэдээлэл