Оюутны эрх Оюутны хөдөлмөр эрхлэлт

Оюутны хөдөлмөр эрхлэлт

Улсын Их Хурлаас 2017 онд  Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг баталсан.Уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх заалтад “хувийн хэвшлийн байгууллага (100 ба түүнээс дээш ажилтантай) нийт ажилтнуудын 5 хувьтай тэнцэхүйц оюутны цагийн ажлын орон тоо гаргах”, 11.3 дах хэсэгт Засгийн газар үүнтэй холбоотой журам боловсруулахаар заасан.

Мөн  Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “оюутанд суралцах хугацаандаа цагийн ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгох “Орлоготой оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэж тусгасны дагуу Засгийн газар “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг 2018 онд батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.Дээрх хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслэн “Оюутны цагийн хөдөлмөр эрхлэх журам”-ын төслийг боловсруулж Засгийн газрын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн баталсан.

Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн акт:

  • Боловсролын тухай хууль (2002он) ЭНД  дарж үзнэ үү
  • Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль (2017он) ЭНД  дарж үзнэ үү.
  • Дээд боловсролын тухай хууль  (2002 он) ЭНД  дарж үзнэ үү.
  • “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөр (2016) ЭНД  дарж үзнэ үү.
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль (2011 он) ЭНД  дарж үзнэ үү.
  • Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайдын тушаал (2016 он) “Оюутан элсүүлэх журам” ЭНД  дарж үзнэ үү.
  • Оюутны цагаар хөдөлмөр эрхлэх журам (2020 он ) ЭНД дарж үзнэ үү 

Оюутан, суралцагчдын цагийн ажил, хөдөлмөр эрхлэх үйл ажиллагааг тухайн Их, дээд сургууль, Коллеж, Политехник коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн удирдлага, тухайн сургуулийн дэргэдэх “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”, зуучлалын байгууллага хариуцан зохион байгуулна.

“Орлоготой оюутан үндэсний хөтөлбөр”-т хичээлийн бус цагаар сургуулиас тогтоосон цагийн хязгаар дотор цагийн хөдөлмөр болон түр хугацааны гэрээт ажил хийх, судалгаа инновацийн ажилд оролцох, бие даан бүтээл туурвих, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ эрхлэх замаар орлого олох сонирхол бүхий шаардлага хангасан их, дээд сургууль, коллеж, политехник коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд сургалтын үндсэн хэлбэрээр суралцаж байгаа оюутан сайн дураар хамрагдана.

Хөтөлбөрийн хүрээнд “Оюутны цагаар хөдөлмөр эрхлэх журам”-ыг баталж мөрдүүлж байна. Энэхүү журамд зааснаар:

Хувийн хэвшлийн байгууллага (100 ба түүнээс дээш ажилтантай) нийт ажилтнуудын 5 хувьтай тэнцэхүйц цагийн ажлын орон тоо гаргаж, оюутныг хөдөлмөр эрхлэх боломжоор хангана.

Цагийн ажил хийхийг хүссэн оюутан, суралцагчид тухайн суралцаж буй их, дээд сургууль, коллеж, политехник коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн дэргэдэх  оюутны хөдөлмөр эрхлэлтийн төв, Монголын оюутны холбоо Хөдөлмөр зуучлалын байгууллагад анкет бөглөн бүртгүүлнэ.

Бүрдүүлэх материал: 

  • Оюутны үнэмлэхийн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг 1 хувь
  • Анкет

Оюутны хөдөлмөр эрхлэлтийн төв нь цагийн ажлын байрыг оюутнуудад нээлттэй танилцуулж, оюутныг ажилд зуучилна.

Оюутан та цагийн ажил хөдөлмөр эрхлэхтэй холбогдсон гомдлыг тухайн байгууллагын хөдөлмөрийн маргаан таслах комисст, тус комисс байхгүй бол захиргаанд гаргах ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандана.

Боловсролын тухай хууль, дээд боловсролын тухай хуульд зааснаар суралцагч нь  дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

  • Суралцах нөхцөл бололцоогоор хангуулах;
  • сургалтын төлөвлөгөөнд заавал судлахаар тусгаагүй хичээлээс сонгон судлах;
  • багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар санал гаргах, шүүмжлэх, шаардлага тавих;
  • хугацаа, хэлбэрийн талаар санал тавьж шийдвэрлүүлэх;
  • хууль тогтоомжид заасны дагуу тусламж авах, хөнгөлөлт эдлэх
  • гэрээнд өөрөөр заагаагүй бол сургууль төгсөгч эзэмшсэн буюу сонирхсон мэргэжлийн дагуу эрхлэх ажлаа хөдөлмөрийн зах зээл дээр чөлөөтэй сонгох;
  • сургалтын төлбөр, хандивын зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих;
  • уламжлалт соёл, зан заншлыг өвлөх, сургуулийн орчинд төрөлх хэлээрээ харилцах.
  • их сургууль, дээд сургууль, коллеж, түүний харьяаллын нэгжийн хичээлийн байр, номын сан, сургалт-эрдэм шинжилгээний лаборатори болон сургалтын бусад хэрэгслийг зохих журмын дагуу ашиглах;
  • зарим хичээлийг бие даан судалж, дүгнүүлэх;
  • эрдэм шинжилгээний ажил, бага хуралд оролцох;
  • бүтээлээ хэвлүүлэхээр дэвшүүлэх;
  • сургалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэхэд шууд буюу төлөөлөн оролцох;
  • магистрант нь оюутанд мэргэжлийн зөвлөгөө өгөх, түүний судалгааны болон дадлагын ажлыг удирдах;
  • докторант нь хичээл заах.
  • сургууль, дээд сургуулийн дэргэд байгуулагдсан гарааны компанид хичээлийн бус цагаар ажиллах, өөрөө гарааны компани байгуулах.

Хүлээх үүрэг:

  • сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших;
  • багшаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх;
  • бие дааж суралцах арга барилыг эзэмших;
  • багш, шавийн харилцааг хүндэтгэн дээдлэх;
  • сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахих
  • сургалтын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлөх.
  • сургуулийн дотоод дүрэм, журамд заасан үүргийг биелүүлнэ.

Оюутныг цагаар хөдөлмөр эрхлэхтэй холбоотой хувийн хэвшлийн байгууллага дараах эрх, үүрэгтэй:

Хувийн хэвшлийн байгууллага нь сул чөлөөтэй байгаа ажлын байрыг урьдчилан тодорхойлж, аймаг, нийслэл, дүүргийн залуучуудын асуудал эрхэлсэн төрийн байгууллага, оюутны хөдөлмөр эрхлэлтийн төвд бүртгүүлнэ.

Хувийн хэвшлийн байгууллага нь оюутны цагийн ажлын байрыг бий болгож, оюутныг цагийн ажлын байраар хангана.

Хувийн хэвшлийн байгууллага нь оюутныг нэн тэргүүнд суралцаж буй мэргэжлийн чиглэлээр ажиллуулна

Хувийн хэвшлийн байгууллага нь оюутнаар гүйцэтгүүлэх ажлыг үндсэн ажилтны гүйцэтгэж буй ажил, үүргээс илүүгүй байхаар тодорхойлно.

Оюутны цагийн ажлын 1 цагийн үнэлгээ нь тухайн салбарт мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний 1 цагийн үнэлгээнээс доошгүй байна.

Хувийн хэвшлийн байгууллага нь оюутны цагийн хөдөлмөр эрхэлсэн холбоотой түүх үүсгэж, оюутны цагийн ажлын дэвтэрт тухай бүр тэмдэглэгээ хийнэ.

Хөдөлмөрийн дотоод журамд оюутнаар цагийн хөдөлмөр эрхлэхтэй зохицуулалтыг тусгаж, дотоод журмыг оюутанд танилцуулна.

Оюутныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад үндсэн ажилтны нэгэн адил хамгаална. Хөдөлмөр эрхэлж буй оюутанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаатай танилцуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулна.

Цагаар хөдөлмөр эрхэлж буй оюутан дараах эрх, үүрэгтэй.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, хийж гүйцэтгэсэн ажилдаа тохирсон цалин хөлс авах эрхтэй.

Оюутан нь ажил олгогчоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажил үүргийг чанартай гүйцэтгэх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

Асуулт 1: Оюутан цагийн ажил эрхлэх тухай хүсэлтээ хаана гаргах вэ?

Та өөрийн суралцдаг сургуулийн Оюутны хөдөлмөр эрхлэлтийн төвд хандан цагийн ажил эрхлэх хүсэлтээ гаргана.

Асуулт 2: Оюутан цагийн ажил эрхлэх хүсэлт гаргахад ямар материал бүрдүүлэх вэ?

Оюутан та цагийн ажил эрхлэх хүсэлт гаргахдаа анкетыг загварын дагуу бөглөн оюутны үнэмлэх хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, цээж зураг 1 хувь тус тус  хавсарган холбогдох ажилтанд өгнө.

Асуулт 3: Оюутны цагийн ажлын үргэлжлэх хугацаа өдөрт хэдэн цаг байдаг вэ?

Оюутны цагийн хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах журамд зааснаар оюутны цагийн ажлын үргэлжлэх хугацаа өдөрт 4 цаг, 7 хоногт 20 цагаас  илүүгүй байна.

Асуулт 4: Оюутны цагийн ажлын хөлсний доод хэмжээ хэдэн төгрөг байдаг вэ?

Оюутны цагийн ажлын 1 цагийн үнэлгээ нь тухайн салбарт мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний 1 цагийн үнэлгээнээс доошгүй байна.

Асуулт 5: Оюутан цагийн ажил эрхлэхийг хориглосон салбар байдаг уу? 

Оюутны цагийн хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах журамд зааснаар оюутныг зугаа цэнгээний газар болон мөрийтэй тоглоомын газар ажиллуулахыг хориглоно гэж заасан байдаг. Тиймээс дээрх 2 салбараас бусад салбарт ажиллаж болно.

 

Агуулга анх оруулсан: 2019-12-04 Шинэчилсэн: 2022-08-09

Мэдээ мэдээлэл