Нийгмийн халамж үйлчилгээ Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ гэдэг нь Хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгох үйлчилгээг хэлнэ. “Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн” гэж амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхөөс сонгогдсон өрхийн гишүүнийг хэлнэ.

Монгол Улсын үндсэн хуулийн 16.5-д зааснаар Монгол Улсын иргэн өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй.

Нийгмийн халамжийн тухай хуулийн  22 дугаар зүйлд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний хэлбэр, хамрагдах иргэдийг заасан. Үүнд:

Үйлчилгээний хэлбэр

  • Хүнсний бүтээгдэхүүн, эсхүл хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгох;
  • Халуун хоол, цайгаар үйлчлэх.

Хамрагдах иргэн

  • Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэдийн дотроос Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын  тодорхойлсон хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн;
  • Гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэн.

Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд хүнсний эрхийн бичиг олгох босго оноог орон нутагт 310.0, нийслэлд 292.5 ба түүнээс доош байгаа өрхийн гишүүн-иргэнд сард олгох хүнсний эрхийн бичгийн үнийн дүнг нэг хүүхдэд 8000 /найман мянган/ төгрөгөөр, насанд хүрсэн нэг гишүүнд 16000 /арван зургаан мянган/ төгрөг байхаар тогтоосон.

Дараах нөхцөлийг хангасан өрхийн гишүүн-иргэнд хүнсний эрхийн бичиг олгоно. Үүнд:

  • Үндэсний статистикийн хороо болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хамтран баталсан аргачлалын дагуу амьжиргааны түвшингээ үнэлүүлж, өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон.
  • Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай  өрхийн гишүүн-иргэнээс амьжиргааны түвшингийн үнэлгээ нь тухайн онд хүнсний эрхийн бичиг олгохоор Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан босго оноотой тэнцүү буюу түүнээс доогуур байгаа.

Тухайн өрхийн хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай боловч хөдөлмөр эрхлээгүй гишүүнд хүнсний эрхийн бичгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, үйлчилгээнд хамрагдах нөхцөлтэйгээр олгоно. Тухайн иргэн хүнсний эрхийн бичгийг авах эхний 6 сарын хугацаанд дараах болзлыг хангана:

  1. ажил хайж аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн;
  2. ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээнд хамрагдаж, зөвлөгөө авсан.

Хүнсний эрхийн бичигт хамрагдсан өрх нь бага насны хүүхдийг товлолын дагуу заавал хийх дархлаажуулалт, сургуулийн насны хүүхдийг албан ба албан бус боловсролд тус тус хамруулах үүрэгтэй.

Хүнсний эрхийн бичиг нь өрхийн гишүүн-иргэний тухайн сарын хүнсний хэрэгцээнд дэмжлэг үзүүлэхэд зориулсан төлбөрийн нэгжийг төлөөлөх банкны цахим карт байна.

Хүнсний эрхийн бичиг нь цахим хэлбэртэй байна.

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэн НӨАТ-ын баримт  олгодог ААН, Зах, Бөөний төвд худалдаа эрхлэгч, хүнсний дэлгүүрээс хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг авна.

 Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн актууд:

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү
  • Нийгмийн халамжийн тухай хууль (2012 он) ЭНД дарж үзнэ үү
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/103 тоот “Журам шинэчлэн батлах тухай” тушаал ЭНД дарж үзнэ үү
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын холбогдох тушаалууд

Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдээллийн нэгдсэн сангаас амьжиргааны түвшингийн үнэлгээ нь журамд заасан нөхцөл хангасан өрхийн гишүүн-иргэний жагсаалтыг аймаг, дүүрэг, сум, хороо тус бүрээр гаргаж, цахим хэлбэрээр аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.

Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь журамд заасан жагсаалтад орсон өрхийн гишүүн-иргэнээс тухайн сум, хороонд харьяалагдах өрхийн гишүүн-иргэний жагсаалтыг цаасан болон цахим хэлбэрээр гаргаж, сум, хорооны нийгмийн ажилтанд хүргүүлнэ. Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь  гэрээ байгуулсан банк (цаашид "харилцагч банк" гэнэ)-нд нэрсийн жагсаалтыг хүргүүлнэ.

Сум, хорооны нийгмийн ажилтан нь журамд заасан жагсаалтад орсон өрхийн гишүүн-иргэнд хүнсний эрхийн бичиг авах болсон тухай мэдэгдлийг жагсаалт хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хүргүүлнэ.

Мэдэгдэл авсан өрхийн гишүүн-иргэдийг төлөөлөн 16 насанд хүрсэн аль нэг гишүүн сум, хорооны нийгмийн ажилтанд хандаж өргөдөл гаргах бөгөөд дараах баримт бичгийг бүрдүүлж өгнө:

  1. өрхийн гишүүн-иргэн бүрийн иргэний цахим үнэмлэх, хуулбарын хамт, хэрэв 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
  2. өрхийн гишүүн-иргэний хаяг, ам бүлийн талаарх баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  3. өрхийн гишүүн-иргэдийг төлөөлөн хүнсний эрхийн бичиг авах иргэний 3*4 хэмжээтэй цээж зураг.

Өргөдөлд өрхийн гишүүн-иргэдийг төлөөлөн хүнсний эрхийн бичиг авах насанд хүрсэн нэг гишүүнийг тодорхойлсон байна.

Сум, хорооны нийгмийн ажилтан нь хүнсний эрхийн бичиг авах нөхцөл хангасан өрхийн гишүүн-иргэдэд хувийн хэрэг нээж, хүнсний эрхийн бичгээр олгох бүтээгдэхүүний талаар болон үйлчлүүлэх банкийг мэдэгдэж, цахим эрхийн бичгээр худалдан авалт хийхтэй холбоотой нэмэлт мэдээллийг өгнө.

Өрхийн гишүүн-иргэдийн хувийн хэргийг, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь өрхийн гишүүн-иргэний тухайн сард авах хүнсний эрхийн бичгийн мөнгөн дүнг тооцож, нэрсийн жагсаалтыг шинэчлэх бөгөөд нэрсийн жагсаалтыг аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага болон харилцагч банкинд мэдээллийн сангаар дамжуулан цахим хэлбэрээр сар бүрийн 01-ний өдрийн дотор тус тус хүргүүлнэ.

Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэхүү журамд заасан нэрсийн жагсаалтыг хүлээн авснаас хойш ажлын 2 хоногийн дотор сум, хорооны нийгмийн ажилтанд хүргүүлнэ. Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь энэхүү жагсаалтад тухайн сард хүнсний эрхийн бичиг төлөөлөн авах өрхийн гишүүн-иргэн өөрчлөгдсөн, хүнсний эрхийн бичиг авах өрх шинээр нэмэгдсэн, хасагдсан өрхийн дансны талаарх нэмэлт мэдээллийг багтаасан байна.

Хүнсний цахим эрхийн бичгийг дараах байдлаар олгоно:

  • Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь журамд заасан жагсаалтын дагуу хүнсний цахим эрхийн бичгийн санхүүжилтийг харилцагч банканд сар бүрийн 15-ны дотор шилжүүлнэ.
  • Харилцагч банк нь журамд заасан жагсаалтын дагуу өрхийн гишүүн-иргэдийг төлөөлөн хүнсний эрхийн бичиг авах иргэний харилцах дансанд төлбөрийг сар бүрийн 15-ны өдрийн дотор байршуулна;

Өрхийн гишүүн-иргэдийг төлөөлөн хүнсний эрхийн бичиг авах иргэн гэрээт банкнаас өөрийн биеэр ирж авна. Хүнсний эрхийн бичгээ өөрийн биеэр ирж авч чадахгүй нөхцөлд итгэмжлэгдсэн хүнээр авахуулж болно. Итгэмжлэлийг Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу нотариатч олгоно. Хэрэв суманд нотариатч ажиллаагүй бол сумын Засаг даргын тамгын газрын дарга Нотариатын тухай хуулийн 10.2-т заасны дагуу итгэмжлэл олгоно.

Шинээр төрсөн хүүхэд, 18 насанд хүрсэн болон шилжиж ирсэн өрхийн гишүүн-иргэдийн хүнсний эрхийн бичгийн мөнгөн дүнг мэдээллийн санд оруулсан сарын дараагийн сараас тус тус нэмж, нас барсан гишүүний мөнгөн дүнг нас барсан сарын дараагийн сараас хасч тооцно.

Өрхийн гишүүн-иргэдийг төлөөлөн хүнсний эрхийн бичиг авах насанд хүрсэн гишүүнгүй болсон тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1-д заасан шийдвэрийг үндэслэн тухайн өрхийн насанд хүрээгүй гишүүн-иргэдийн хүнсний эрхийн бичгийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчид олгоно.

Хүнсний цахим эрхийн бичгийг хаяж үрэгдүүлсэн, соронзон туузыг гэмтээсэн тохиолдолд дахин олгоход шаардагдах зардлыг тухайн өрхийн гишүүн-иргэн өөрөө хариуцна.

Хүнсний эрхийн бичигт хамрагдсан өрхийн ам бүлийн гишүүдээс сүүлийн 3 хүртэлх жилийн хугацаанд хугацаат цэргийн алба хаах болон хорих газарт хоригдохоор явсан тохиолдолд өрхийн гишүүдийн бүртгэлд хэвээр үлдээж, байхгүй байх хугацааны мөнгийг түр түдгэлзүүлж, буцаж ирсэн нөхцөлд үргэлжлүүлэн олгоно.

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж байгаа өрхийг тус үйлчилгээнд хамрагдаж эхэлсэн сараас тооцон 2 жил болмогц дахин үнэлгээ хийж, журамд заасан нөхцөлийг хангасан тохиолдолд хүнсний эрхийн бичгийг үргэлжлүүлэн олгоно.

 

Цаасан хүнсний эрхийн бичгийг сар бүрийн 10-ны дотор сум, хорооны нийгмийн ажилтан олгох ба цахим хүнсний эрхийн бичгийг харилцах банк иргэний харилцах дансанд сар бүрийн 15-ны өдөр байршуулна.

Иргэн та хүнсний эрхийн бичигтэй холбоотой асуудлаар өргөдөл, гомдлыг сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана.

Сум, хорооны нийгмийн ажилтан нь өргөдөл, гомдлыг судлан шалгаж хариу мэдэгдэнэ. Өөрийн эрх хэмжээнээс давсан асуудлыг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэст уламжилна.

Сум, хорооны нийгмийн ажилтан хүнсний эрхийн бичиг авахыг хүссэн, судалгаанд хамрагдаагүй, амжиргааны түвшингийн үнэлгээтэй санал нийлэхгүй, хүнсний эрхийн бичиг авах нөхцөл хангаагүй иргэн хамрагдсан болон эрхийн бичиг олголтыг түдгэлзүүлэхтэй холбоотой асуудлаар гаргасан өргөдөл гомдлыг Амжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, тухайн өрхийн амжиргааны түвшинг үнэлэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд нэрсийн жагсаалт, хурлын санал, шийдвэр, холбогдох баримт бичгийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэст хүргүүлнэ.

Аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэс дахин үнэлгээнд хамруулах ба  Хөдөлмөр, халамжийн ерөнхий газар дахин үнэлгээний үр дүнгийн дагуу амжиргааны түвшингийн үнэлгээ хийж, хүнсний эрхийн бичиг авах нөхцөл хангасан болон үр дүнг аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэст хүргүүлж шийдвэрлэнэ.

Сонгогдсон зорилтот бүлгийн иргэдэд хүнсний эрхийн бичгээр зөвхөн зөвшөөрөгдсөн хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэхээр зааж өгсөн.

Хүнсний эрхийн бичгээр олгох бүтээгдэхүүний жагсаалтад:

  1. Мах дайвар бүтээгдэхүүн( импортын бус)
  2. Сүү, сүүн бүтээгдэхүүн (импортын бус)
  3. Гурил, гурилан бүтээгдэхүүн  ( импортын бус)
  4. Цөцгийн тос
  5. Элсэн чихэр
  6. Төмс, хүнсний ногоо
  7. Будаа
  8. Ургамлын тос
  9. Өндөг
  10. Жимс, жимсгэнэ.

Ингэснээр насанд хүрсэн нэг хүний хоол хүнсээр өдөрт авах 2500 ккал-ын илчлэгийг хэвийн хэмжээнд авах нөхцөл хангагдаж байгаа бөгөөд хамгийн бага хэрэглээтэй хүн амын хувьд өдөртөө 1800 ккалориос доогуур илчлэг авдаг байна.   

Тайлбар:

  • Мах, дайвар бүтээгдхүүн: худалдан борлуулахаар зөвшөөрөгдсөн бүх төрлийн мал, амьтны мах, малын гэдэс дотор, толгой, шийр орно. Хиам болон лаазалсан, дахин боловсруулсан бүтээгдхүүн хамаарахгүй.
  • Сүү, сүүн бүтээгдхүүн: гэдэгт хуурай болон шингэн сүү, тараг, ааруул, аарц хамаарна.
  • Гурил, гурилан бүтээгдхүүн: бялуу, кекс хамаарахгүй
  • Төмс, хүнсний ногоо: дарсан ногоо, лаазалсан, дахин боловсруулсан бүтээгдхүүн хамаарахгүй.
  • Будаа: гэдэгт бүх төрлийн будаа, хүүхдийн будаа, үр тариа, шар буурцгийн гаралтай бүтээгдхүүн хамаарна.
  • Жимс, жимсгэнэ: гэдэгт компот, жимсний чанамал, хатаасан жимс хамаарахгүй.

Дараах тохиолдолд хүнсний эрхийн бичгийн олголтыг зогсооно:

 

  • дахин үнэлгээгээр амьжиргааны түвшингийн үнэлгээ нь журамд заасан босго онооноос дээш гарсан;
  • өрхийн гишүүн-иргэн өөрийн хүсэлтээр хүнсний эрхийн бичиг авахаас татгалзсан;
  • өрхийн гишүүн-иргэн Монгол Улсын харьяатаас гарсан;
  • хуурамч баримт бичиг бүрдүүлсэнхудал мэдээлсэн нь тогтоогдсон;
  • хүнсний эрхийн бичиг авах эрх үүсэхгүй нь тухайн байгууллагын дотоод хяналт болон дээд шатны байгууллагын хяналт, шалгалтаар тогтоогдсон.
  • харъяа аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллага, хөдөлмөрийн биржид ажил хайгч иргэнээр бүртгүүлсэн байх бөгөөд тухайн байгууллагуудаас иргэнд 2 буюу түүнээс дээш ажлын байранд зуучлахад ажил эрхлэхээс татгалзсан.
  • Өрхийн гишүүн иргэн нь хүнсний эрхийн бичгийг бусдад дамжуулсан, барьцаанд тавьсан, зөвшөөрөгдөөгүй бүтээгдэхүүн худалдан авсан нь тогтоогдвол;

Дараах тохиолдолд хүнсний эрхийн бичиг олголтыг түдгэлзүүлнэ:

  • гурав ба түүнээс дээш гишүүн ам бүлийн тооноос хасагдсан;
  • өрхийн гишүүн-иргэд аймаг, нийслэл хооронд шилжсэн бол;
  • хүнсний эрхийн бичгийг 2 сарын хугацаанд аваагүй болон ашиглаагүй.

Өрхийн гишүүн-иргэний өөрийн буруутай үйлдлийн улмаас хүнсний цахим эрхийн бичгийн данс давхар нээлгэснээс тухайн сарын санхүүжилт шилжээгүй тохиолдолд хүнсний эрхийн бичиг олголтыг түр зогсооно. Энэ тохиолдолд алдааг залруулсны дараа хүнсний эрхийн бичгийг үргэлжлүүлэн олгох бөгөөд түр зогсоосон хугацааны хүнсний эрхийн бичгийг нөхөн олгоно.

 

 

Агуулга анх оруулсан: 2019-11-20 Шинэчилсэн: 2023-04-17

Мэдээ мэдээлэл