Боловсролын үйлчилгээ Дээд боловсрол

Дээд боловсрол гэж талуудын зохих эрх бүхий байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын тогтолцоонд хамаарах бүрэн дунд боловсролын дараах шатны боловсрол, сургалт эсвэл судалгааг хэлнэ. Дээд боловсролын зорилго нь төрөөс боловсролын талаар баримтлах бодлогод тулгуурлан боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн иргэнд дээд боловсрол олгоход оршино.

Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар “Монгол Улсын иргэн бүх шатны боловсролыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу төлбөргүй буюу төлбөртэйгөөр сурч эзэмших, ажил эрхлэхийн зэрэгцээ суралцах эрхтэй”.

Дээд боловсролын агуулга нь нэгдмэл бөгөөд суралцагчид шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэх мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, соёл төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.  

Дээд боловсролын агуулга нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэших хэсгээс бүрдэх бөгөөд эдгээр хэсэг тус бүрийн агуулга нь дараах зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ:

  • Ерөнхий суурь хэсгийн агуулга: нь суралцагчид дээд боловсрол олгоход зайлшгүй шаардлагатай шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх;
  • Мэргэжлийн суурь хэсгийн агуулга нь суралцагчид шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол- арга зүйн мэдлэг эзэмшүүлэх;
  • Мэргэших хэсгийн агуулга нь суралцагчид нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тухайн мэргэжлээр мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх, зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, харилцааны ур чадвар олгох.

Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын шатлалтай байна.

Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн акт:

  • Боловсролын тухай хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү
  • Дээд боловсролын тухай хууль /2002 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль (2011 он) ЭНД  дарж үзнэ үү.
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 26 –ны өдрийн А/540 дүгээр тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам” ЭНД  дарж үзнэ үү.  
  • Дээд боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм (2007 он) ЭНД  дарж үзнэ үү.
  • Монгол улсын дээд боловсролын байгууллагад гадаадын иргэдийг суралцуулах журам ЭНД дарж үзнэ үү.

Дээд боловсролын сургалтын байгууллага нь их сургууль, дээд сургууль, коллеж байна. Их сургууль, дээд сургууль, коллежийн дипломын болон бакалаврын шатлалд суралцагчийг оюутан, магистрын шатлалд суралцагчийг магистрант, докторын шатлалд суралцагчийг докторант гэнэ.

Их сургууль нь бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэхээс гадна судалгааны ажил зонхилсон лаборатори бүхий эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн нэгдэл хэлбэртэй дээд боловсролын сургалтын байгууллага байх бөгөөд их сургууль нь магистр, докторын сургалт дагнан эрхэлж болно.

Дээд сургууль нь шинжлэх ухааны тодорхой чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил явуулж бакалаврын сургалт эрхлэх эрх бүхий сургалт-эрдэм шинжилгээний байгууллага мөн. Дээд сургууль нь магистрын сургалт эрхэлж болно.

Коллеж нь дипломын болон бакалаврын сургалт эрхэлдэг сургалтын буюу сургалт-үйлдвэрлэлийн байгууллага байна.

Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан

  • Бакалаврын сургалт 120-оос,
  • Магистрын сургалт 150-аас,
  • Докторын сургалт 210 багц цагаас тус тус доошгүй байна.

Дээд  боловсролын  байгууллага нь гадаадын иргэн суралцуулахдаа дараагийн хичээлийн жилд суралцуулах гадаадын иргэдийн материалыг жил бүрийн 6 дугаар сард багтаан Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "яам" гэнэ/-д хүргүүлнэ.

Эдгээр материалыг Боловсрол, шинжлэх ухааны яам хянан үзэж, 8 дугаар сард багтаан суралцуулах эсэх тухай шийдвэр гаргана.

Суралцах зөвшөөрөл хүлээн авч, сургалтын визтэй ирсэн гадаадын иргэнийг 7 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албанд бүртгүүлж, Монгол улсад оршин суух зөвшөөрөл олгох асуудлыг тухайн дээд боловсролын байгууллага хариуцана.

 

Их сургууль, дээд сургууль, коллежид бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой иргэнийг түүний мэдлэг, чадвар, төлөвшилтийн үнэлгээ, сурах чадварыг харгалзан элсүүлнэ.

Оюутан элсүүлэх ажлыг дараах үе шаттай зохион байгуулна.

  • Шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө.
  • Элсэлтийн ерөнхий шалгалт нь  монгол хэл, математик, нийгмийн тухай мэдлэг, Монгол Улсын түүх, англи хэл, орос хэл, хими, физик, биологи, газарзүйн хичээлийн агуулгад үндэслэн бэлтгэсэн тестийн хэлбэртэй байна. Монгол хэл, бичгийн шалгалтыг элсэлтийн ерөнхий шалгалт өгөх бүх иргэн заавал өгнө.
  • Элсэлтийн Ерөнхий шалгалтыг хичээлийн жилд нэг удаа зохион байгуулна. Ерөнхий шалгалт авах хугацааг боловсролын үнэлгээний байгууллага /цаашид “Боловсролын үнэлгээний төв” гэх/ боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн тогтооно.
  • Боловсролын үнэлгээний төв элсэлтиин ерөнхий шалгалтыг үндэсний төвшинд зохион байгуулна.
  • Элсэлтийн Ерөнхий шалгалтын дүнгийн тухай баримт бичиг түүнийг олгосон өдрөөс хойш 2 жил 6 сарын хугацаанд хүчинтэй байна.
  • Ерөнхий шалгалт өгч, зохих болзлыг хангасан иргэдийн өргөдлийг дээд боловсролын сургалтын байгууллага хүлээн авч, өөрийн тогтоосон шалгуурыг бүрэн хангасан иргэнийг элсүүлнэ. Дээд боловсролын сургалтын байгууллага ерөнхий шалгалтын онооноос гадна харгалзах өөрийн шалгуур (бүрэн дунд боловсролын үнэмлэхийн дүн, багш нарын тодорхойлолт, эссе, авьяас чадварын шалгалт, ярилцлага)-ыг тодорхойлон мөрдөж болно.

Оюутан элсүүлэх үйл ажиллагаа нь ил тод, шударга, хүртээмжтэй, тэгш байдлыг хангасан байна.

Дээд боловсролын сургалтын байгууллагын элсэлтийн зар сурталчилгаа,  үйл ажиллагаа нь үнэн зөв, цаг үеийн байдалд нийцсэн, ойлгомжтой байж, шалгуулагч бүрэн мэдээлэлтэйгээр сургууль, мэргэжлээ  сонгох боломжийг хангасан байна.

Ерөнхий чиглэлээр эхэлж элсүүлээд сургалтын явцад нарийвчилсан мэргэжлийн чиглэлээ тогтоох нөхцөлтэйгөөр оюутан элсүүлж байгаа дээд боловсролын сургалтын байгууллага нь шалгуур, нөхцөлөө тодорхой томьёолох,  сургалтын хэд дэх жилээс ямар мэргэжлийн чиглэл сонгох боломжтой талаар шалгуулагчдыг мэдээллээр хангах үүрэгтэй.

Дээд боловсролын сургалтын байгууллага нь оюутан элсүүлэх мэргэжил, хяналтын тоо, тухайн мэргэжлээр сурах норматив хугацаа, сургалтын төлбөр, заавал өгөх шалгалт болон шалгалтын оноо, дүнд тавих шаардлага зэрэг  сургууль, мэргэжлээ сонгоход шаардлагатай мэдээллийг сургуулийн цахим хуудас болон мэдээллийн самбарт байрлуулна.

Техник тоног төхөөрөмж, программ хангамж, орчин бүрдсэн нөхцөлд ерөнхий шалгалт өгөх, мэргэжил сонгох шалгаруулалтад орох иргэнийг интернетээр бүртгэж  болно.

Дээд боловсролын сургалтын байгууллага нь элсэгч монгол хэл, бичгийн шалгалт болон ерөнхий шалгалтад авсан байх онооны босго тогтоож мөрдөнө. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон үндэсний хэмжээний босго оноог харгалзан сургуулийн оноог тогтооно.

Дээд боловсролтой иргэн хоёр дахь дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол дээд боловсролын сургалтын байгууллагын тогтоосон журмын дагуу элсэнэ

Элсэгчдэд тавих шаардлага: Дээд боловсролын сургалтын байгууллагад бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой иргэнийг элсүүлнэ.

Элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтыг өгч, босго онооны шаардлагыг  хангана. 

Элсэгч нь мэргэжлийн онцлог, тухайн чиглэлээр суралцах сонирхол, авьяас, бэлтгэл сайтай иргэнийг элсүүлэх зорилгоор дээд боловсролын сургалтын байгууллагаас тавьсан шалгуурыг хангана.

Монгол     улсын     дээд      боловсролын     байгууллагад суралцах хүсэлтэй гадаадын иргэн өөрийн орноос Монгол улсад суугаа    дипломат    төлөөлөгчийн   болон   консулын   байгууллага, суралцах    сургуулийн    захиргаагаар    дамжуулан    дор    дурдсан материалыг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд ирүүлнэ. Үүнд:

  • Хувийн өргөдөл;
  • Анкет;
  •  3*4 хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • Бүх  шатны  боловсролын  бичиг  баримтын  нотариатаар
    гэрчлүүлсэн хуулбар;
  •  Эрүүл  мэндийн  үзлэгээр  орсон  бичиг баримт  /ДОХ-ын
    шинжилгээ хийлгэсэн бичиг баримт/
  •  Тухайн иргэнийг Монгол улсад суралцуулахаар илгээж буй
    байгууллагын тодорхойлолт;
  •  Гадаад паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  •  Хүлээн авах сургуулийн захирлын албан бичиг.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тухайн гадаадын иргэнд Монгол Улсын дээд боловсролын байгууллагад суралцах зөвшөөрөл олгож,  "S" ангиллын сургалтын виз олгуулах тухай хүсэлтээ Гадаадын иргэн, харьяатын газарт албан ёсоор мэдэгдэнэ.

Гадаад оюутны “S” ангиллын виз шинээр хүсэхэд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

  • Монгол Улсад суралцуулах эсвэл дадлага хийлгэх байгууллагын хүсэлт албан бичгээр ирүүлэх /албан бичигт: тухайн иргэний нэр, иргэншил, паспортын дугаар, суралцах түвшин, дадлагажигч бол дадлагын ажлын чиглэл, дадлага хийх хугацаа/
  • Уригч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар
  • Гадаадын иргэний гадаад паспортын хуулбар /нүүр болон хүчинтэй хугацааг харуулсан хуудас/
  • Байгууллага хоорондын гэрээгаар бол гэрээний хуулбар, хувийн шугамаар суралцах бол хүлээн авагч байгууллагатай хийсэн гэрээ
  • Гадаадаас илгээгч байгууллагын дадлагажигчийн талаарх тодорхойлолт
  • Виз хүсэгчийн өмнөх бүх шатны боловсролын гэрчилгээ болон дүнгийн хавсралтын хуулбар баталгаат орчуулгын хамт
  •  Эрүүл мэндийн үзлэгээр орсон бичиг баримтын хуулбар /сүүлийн 3 сарын дотор хийлгэсэн ХДХВ/ДОХ, сүрьеэ, B, C вирусын шинжилгээ/тамга, гарын үсэгтэй/).

“S” ангиллын оршин суух зөвшөөрөл авах, сунгах хүсэлтэд хавсаргах баримт бичгийн жагсаалт:

  • Монгол Улсад суралцуулах, дадлага хийлгэх байгууллагын хүсэлт албан бичгээр ирүүлэх /албан бичигт: тухайн иргэний нэр, иргэншил, паспортын дугаар, суралцаж буй чиглэл, дамжаа, оршин суух зөвшөөрлийг сунгах хугацаа зэргийг оруулах, виз-ний ангилал солих бол шалтгаанаа тодорхой бичих/
  • Гадаадын иргэний гадаад паспортын хуулбар/ нүүр болон хүчинтэй хугацааг харуулсан хуудас, визтэй хуудас/
  • Гадаадын иргэний Монгол Улсад оршин суух үнэмлэх-ний хуулбар
  • Суралцуулах, дадлага хийлгэх байгууллагаас гадаадын оюутан, дадлагажигчтай байгуулсан гэрээ
  • Тухайн сургуульд амжилттай суралцаж анги дэвшихийг баталсан дүнгийн хуулбар, дадлагажигч бол дадлагын ажлын танилцуулга
  • Сүүлийн 3 сарын дотор хийлгэсэн ХДХВ/ДОХ-ын шинжилгээ (тамга/гарын үсэгтэй)
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хорооны тодорхойлолт/ Баримт бичиг дутуу, зөрчилтэй тохиолдолд зөвшөөрөл хүссэн албан бичгийн хариуг гаргах боломжгүй болно.

Тухайн сургуулийн “Оюутан элсүүлэх журам”-д заасан хугацаанд асуудлыг шийдвэрлэнэ.

Тухайн үйлчилгээтэй холбоотой өргөдөл, гомдлыг иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу холбогдох албан тушаалтан, байгууллага, дээд шатны байгууллагад гаргана.

Өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх хугацаа 30 хоног байна. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болох ба гомдол гаргагчид энэ тухай мэдэгдэнэ.

Шийдвэрийг эс зөвшөөрвөл захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандана.

Суралцагчийн эрх, үүрэг

Суралцагч Боловсролын тухай хуулийн 45.1-д зааснаас гадна дараахь эрхтэй:

  • Их сургууль, дээд сургууль, коллеж, түүний харьяаллын нэгжийн хичээлийн байр, номын сан, сургалт-эрдэм шинжилгээний лаборатори болон сургалтын бусад хэрэгслийг зохих журмын дагуу ашиглах;
  • Зарим хичээлийг бие даан судалж, дүгнүүлэх;
  • Эрдэм шинжилгээний ажил, бага хуралд оролцох;
  • Бүтээлээ хэвлүүлэхээр дэвшүүлэх;
  • Сургалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэхэд шууд буюу төлөөлөн оролцох;
  • Магистрант нь оюутанд мэргэжлийн зөвлөгөө өгөх, түүний судалгааны болон дадлагын ажлыг удирдах;
  • Докторант нь хичээл заах.
  • Их сургууль, дээд сургуулийн дэргэд байгуулагдсан гарааны компанид хичээлийн бус цагаар ажиллах, өөрөө гарааны компани байгуулах.

Суралцагч Боловсролын тухай хуулийн 45.2-т зааснаас гадна сургуулийн дотоод дүрэм, журамд заасан үүргийг биелүүлнэ

Суралцагчийн нийгмийн баталгаа

Оршин суугаа газраасаа сургуульдаа тогтмол явах боломжгүй, бнчин буюу амжиргааны түвшин доогуур суралцагчийг дотуур байраар хангах.

Өнчин, тахир дутуу болон амьжиргааны баталгаат түвшингээс доогуур орлоготой өрхийн болон бусад шаардлагатай суралцагчид тэтгэлэг, буцалтгүй тусламж, сургалтын төлбөрт зориулан хөнгөлөлттэй зээл олгоно.

Сургалт, эрдэм шинжилгээний ажилд амжилт гаргасан суралцагчид нэрэмжит тэтгэлэг олгох, сургалтын төлбөрийн зарим хэсгийг хөнгөлөх буюу бусад хэлбэрээр хөхиүлэн дэмжинэ.

Суралцагчид тэтгэлэг, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл олгох журмыг Засгийн газар тогтооно.

Дээд боловсролын сургалтын байгууллагад эчнээ, оройн хэлбэрээр суралцагчид ажлын газар нь улирлын болон төгсөлтийн шалгалт өгөх, дипломын ажил бичиж хамгаалахад зориулж цалинтай чөлөө олгоно.

Асуулт 1: Их, дээд сургууль, коллежид элсэгчдэд ямар тавигдах шаардлага тавьдаг вэ?

Их сургууль, дээд сургууль, коллежид бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой иргэнийг түүний мэдлэг, чадвар, төлөвшилтийн үнэлгээ, сурах чадварыг харгалзан элсүүлнэ. Элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтыг өгч, заасан босго онооны шаардлагыг  хангана. Элсэгч нь мэргэжлийн онцлог, тухайн чиглэлээр суралцах сонирхол, авьяас, бэлтгэл сайтай иргэнийг элсүүлэх зорилгоор дээд боловсролын сургалтын байгууллагаас тавьсан шалгуурыг хангана.

Асуулт 2: Их, дээд сургууль, коллежийн элсэлт, шалгаруулалт хэзээ зохион байгуулагддаг вэ?

Дээд боловсролын сургалтын байгууллага нь оюутан элсүүлэх шалгаруулалтыг элсэлтийн ерөнхий шалгалтын дүн олон нийтэд зарласан өдрөөс эхлэн ажлын 10 өдөрт багтаан зохион байгуулна.

Асуулт 3: Элсэлтийн ерөнхий шалгалтыг ямар ямар хичээлээр өгдөг вэ?

Элсэлтийн ерөнхий шалгалт нь монгол хэл, математик, нийгмийн тухай мэдлэг, Монгол Улсын түүх, англи хэл, орос хэл, хими, физик, биологи, газарзүйн хичээлийн I (заавал судлах) ба II (гүнзгийрүүлж сонгон судлах) гэсэн ялгамжтай агуулгад үндэслэн бэлтгэсэн тестийн болон бусад хэлбэртэй байна. Монгол хэл, бичгийн шалгалтыг элсэлтийн ерөнхий шалгалт өгөх бүх иргэн заавал өгнө.

Асуулт 4: Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн нь ямар хугацаанд хүчинтэй байдаг вэ?

Элсэлтийн Ерөнхий шалгалтын дүнгийн тухай баримт бичиг түүнийг олгосон өдрөөс хойш 2 жил 6 сарын хугацаанд хүчинтэй байна.

Асуулт 5: Их, дээд сургууль, коллежид элсэлтийн ерөнхий шалгалтгүй элсэж болдог уу?

Иргэнийг их, дээд сургууль, коллежид элсэлтийн ерөнхий шалгалтгүй элсүүлэх хэд хэдэн тохиолдол байдаг. Үүнд:

  • Дээд боловсролтой иргэн хоёр дахь дээд боловсрол эзэмших
  • Дипломын боловсролтой, Тусгай мэргэжлийн дунд сургуулийг төгссөн иргэн мэргэжлийнхээ дагуу бакалаврын хөтөлбөрт үндсэн болон цагийн сургалтад элсэх суралцагч;
  • 1 жилийн хөрвөх сургалтанд хамрагдах суралцагч
  • Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн, улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулж, дүйцүүлсэн батламж авсан иргэн
  • Гадаад улсаас ижил төвшний дээд боловсролын сургалтын байгууллагад шилжин суралцах иргэнийг тус тус элсүүлж болно.

 

 

Агуулга анх оруулсан: 2019-11-28 Шинэчилсэн: 2018-11-28

Мэдээ мэдээлэл