Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал Хүүхдийн хөгжих эрх

Хүүхдийн эрх

Хүүхэд Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан үндсэн эрх, эрх чөлөөнөөс гадна дараах эрхийг эдлэнэ.

1. Хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхтэй 

2. Хүүхэд хөгжих эрхтэй. Үүнд: 

.хүүхэд бага, суурь, бүрэн дунд боловсролыг үнэ төлбөргүй эзэмших;

- хүүхэд төрөлх хэл, бичиг үсэг, ёс заншил, түүх соёлын уламжлалыг өвлөн эзэмших;

- хүүхэд оюун ухаан, авьяас билэг, бие бялдар, ур чадвараа хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг авах;

- хүүхэд шашин шүтэх, эс шүтэх;

- хүүхэд чөлөөтэй бодож сэтгэх, өөрөө эсхүл бусдаар дамжуулан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах;

- хүүхэд гэр бүл, нийгмийн орчинд өөрийгөө хөгжүүлэх.

3. Хүүхдийн хамгаалуулах эрхтэй /Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодийн шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй/ 

4. Хүүхэд нийгмийн амьдралд оролцох эрхтэй Үүнд: 

- хүүхэд нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон хуулиар хориглоогүй арга хэмжээнд оролцох, эвлэлдэн нэгдэх;

- үүхэд өөрт хамаарах аливаа асуудлаар шийдвэр гаргах, үнэлэлт өгөхөд оролцох;

- хүүхэд өөрийн бүтээсэн зохиогчийн эрх, шинэ бүтээл, оновчтой саналыг хууль тогтоомжид заасны дагуу өмчлөх, түүний үр шимийг хүртэх;

- хүүхэд хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрт ногдох эд хөрөнгийг өмчлөх, өвлөх, ажил, үйлчилгээний хөлс, урамшуулал авах;

- Хуулиар олгогдсон эрхээ эдлэх, шаардах.

5. Хүүхэд хүмүүжиж, төлөвших эрхтэй 

6. Хүүхэд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хайр халамжийг хүртэх эрхтэй.

Хүүхдийн эрхтэй холбоотой хууль тогтоомж 

  1. Монгол Улсын Үндсэн хууль / 1992 он/
  2. Хүүхдийн эрхийн тухай хууль  /2016 он/ 
  3. Хүүхэд хамгааллын тухай хууль /2016 он /
  4. Гэр бүлийн тухай хууль /1999 он/ 

Хүүхдийн хуульд заасан эрх, эрх чөлөө зөрчигдсөн гэж үзвэл дараах байгууллагад хандаж болно.

  • Хүүхдийн эрхийн зөрчлийн талаар мэдээллийг Хүүхдийн утас 108,
  • Бүх дүүрэг,  сум хороонд ажиллаж байгаа Хамтарсан баг эсвэл гэр бүлийн хүчирхийллийн үед мөн 107 дугаар утсаар мэдээлэл өгөх 
  •  Хүний Эрхийн Үндэсний Комисст хандан гомдол гаргаж болдог.
  • Хүүхдийг гэмт хэрэгт холбогдсон мөн  Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд заасан хүүхдийн эрхтэй холбоотой зөрчлийн асуудлаар харьяалсан Цагдаагийн байгууллагад хандана
  • Олон Улсын түвшинд Хүүхдийн эрхийн зөрчлийн талаар мэдээллийг хүргээлж болно.

 

 

Хүүхдийн эрхийн талаар мэдээлэл өгөх, гомдол, нэхэмжлэл гаргах

  • Хүүхэд эрхээ зөрчигдсөн гэж үзвэл өөрөө болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, бусад иргэн, байгууллагаар уламжлан эрхээ хамгаалуулахаар хууль тогтоомжид заасан журмын дагуу гомдол, нэхэмжлэл гаргана.
  •  Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага, баг, сум, хорооны хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн ажилтан нь хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл хуульд заасан журмын дагуу төрийн байгууллагад гомдол, хүсэлт, шүүхэд нэхэмжлэл, холбогдох албан тушаалтан, хуулийн этгээдэд хүсэлт, шаардлага гаргаж болно.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дараах зүйлүүдэд хамаарах асуудлаар харьяалсан Хүүхдийн эрхийн улсын байцаагчид хандана:

6.20 дугаар зүйл. Хүүхдийн эрхийг зөрчих

1. Хүүхдийн эрхийг зөрчиж:

1.1. хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байраар зориуд гачигдуулсан;

1.2. хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг хэрэглүүлсэн;

1.3. хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2. Хүүхдийг дархлаажуулалт, эсхүл эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Хүүхдийг:

3.1. өөрийнх нь ба эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэл, сурталчилгаанд ашигласан;

3.2. бусад хэлбэрээр хууль бусаар нэрийг нь барьж, ашиг олох, эрүүл мэнд, амь нас, нэр хүндэд нь харшлах, эсхүл аюул учруулах тоглоом, наадамд оролцуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.23 дугаар зүйл. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль зөрчих

1. Хуульд заасан насны хязгаарыг зөрчиж хүүхэд харах үйлчилгээнд хүүхдийг хамруулсан бол зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2. Хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн, эсхүл хориглосон үйл ажиллагааг явуулсан бол зөвшөөрлийг хүчингүй болгож хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

 

Агуулга анх оруулсан: 2018-09-05 Шинэчилсэн: 2022-07-06

Мэдээ мэдээлэл