Малчдын эрх Улсын аварга малчин өрх шалгаруулалт

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх, мал маллагааны уламжлалт аргыг боловсронгуй болгох, малын үүлдэрлэг байдал чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэх, малаа мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулах, малчдын нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж, урамшуулах зорилгоор Улсын аварга малчин өрх шалгаруулдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-т “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Тиймээс малчдын нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж, урамшуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрх шалгаруулах журмыг шинэчлэн баталсан.

 

 Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн акт

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД  дарж үзнэ үү.
  • Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрх шалгаруулах журам ЭНД  дарж үзнэ үү.

Сумын Засаг даргын Тамгын газар нь аймгийн аварга малчин өрхөөр шалгарснаас хойш 3-аас доошгүй жил амжилттай ажилласан, энэ журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа тус бүр нэг малчныг улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхөөр шалгаруулахаар тодорхойлно. Малчин өрх нь энэ журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангаж байгааг нотлох бичиг баримтыг багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр, сумын Засаг даргын тодорхойлолтын хамт аймгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлнэ.

Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон аймгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага нь сумдаас улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхөд тодорхойлж ирүүлсэн малчны холбогдох бичиг баримтыг хянан үзээд аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, хамгийн өндөр үзүүлэлттэй нэг малчин өрхийн тодорхойлолтыг жил бүрийн 01 дүгээр сарын     05-ны өдрийн дотор хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Бусад аймгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан байгууллага нь сумдаас энэ журмын дээр дурдсаны дагуу ирүүлсэн бичиг баримтыг хянан үзээд аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, улсын аварга малчин өрхөөр хамгийн өндөр үзүүлэлттэй 3 хүртэлх малчин өрхийн тодорхойлолтыг, улсын хошой аварга малчин өрхөөр 1 малчин өрхийн тодорхойлолтыг жил бүрийн 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон аймгаас 3 жил тутамд нэг аварга малчин өрхийг бусад аймгуудаас жил бүр нэг малчин өрхийг улсын хошой аварга малчин өрхөд тодорхойлж ажлын үзүүлэлтийг 5 жилээр гаргаж ирүүлнэ.

 “Улсын аварга малчин өрх”-өөр жил бүр 150 хүртэлх, “Улсын хошой аварга малчин өрх”-өөр 13 хүртэлх тооны малчин өрхийг шалгаруулна. 

Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхийг тодорхойлохдоо дараахь бичиг баримтыг бүрдүүлсэн байна:

  • малчны (эхнэр, нөхөр) товч анкет;
  • ажлын үзүүлэлт;
  • холбогдох тодорхойлолт, баримт бичиг.

Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв    байгууллага нь аймгуудаас ирүүлсэн бичиг баримтыг хянаж, дүгнэлт гарган хамгийн өндөр үзүүлэлт бүхий малчин өрхийг улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхөөр шалгаруулахаар холбогдох материалыг саналын хамт зохих журмын дагуу Засгийн газарт хүргүүлэн шийдвэрлүүлнэ.

Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв    байгууллага нь дээр дурдсаны дагуу санал хүргүүлэхдээ 1 тэмээчин өрхийг улсын аварга малчин өрхөөр шалгаруулахаар холбогдох материалыг саналын хамт зохих журмын дагуу Засгийн газарт хүргүүлэн шийдвэрлүүлнэ.

Улсын аварга малчин өрх цолоор шагнагдсанаас хойш 5 жил дараалан өмнөх амжилтаа бататгасан малчныг улсын хошой аварга малчин өрхөд тодорхойлж болно.

Улсын аварга малчин өрхөөр шагнуулахаар тодорхойлогдох малчин өрх нь дараахь шаардлагыг хангасан байна.

  • мал сүргээ жилийн дөрвөн улиралд өөрөө малладаг, мал маллагааны туршлагаа залуу малчдад зааж сургаж шавь малчинтай болсон, түр болон байнгын ажлын байрыг бий болгож орон нутагт ядуурлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулсан байх;
  • өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржааны хашаа, худагтай байх, мал аж ахуйн үйлдвэрлэлээс олсон орлогоос доройтсон бэлчээрийг сайжруулах, худаг гаргах, булаг, шандны эхийг хамгаалахад зарцуулсан байх;
  • өвөлжөө, хаваржааныхаа бэлчээрийг гэрээгээр ашигладаг, бэлчээрийн даацад малын тоог тохируулан сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний дагуу бэлчээрийг сэлгэн өнжөөх, отор, нүүдэл хийх зэргээр зохистой ашигладаг, бэлчээрийн хортон мэрэгч, шавжтай энгийн механик болон микробиологийн аргаар тэмцэх ажилд идэвхтэй оролцдог байх;
  • ашиглагдахгүй байгаа алслагдсан бэлчээрийг ашиглан отор нүүдэл хийж, малдаа тарга хүч авахуулсан, сумын тухайн жилийн бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний дагуу бэлчээрийг ашиглаж зөрчил гаргаагүй байх;
  • малаа оторлон тарга хүч авахуулдаг, өвөлжилт, хаваржилтад шаардлагатай өвс, тэжээлийг ойт хээрийн бүсэд хонин толгойд шилжүүлснээр нэг малд 50 кг, өндөр уулын бүсэд 20 кг, тал хээрийн бүсэд 40 кг, говийн бүсэд 5 кг байхаар тооцож жил бүр бэлтгэж нөөцөлдөг байх;
  • тухайн бүс нутагт үржүүлэхийг зөвшөөрсөн төрөл, ашиг шимийн чиглэлийн үүлдэр, омгийн малыг өсгөн үржүүлдэг, малын чанарыг сайжруулах, сүргийн зохистой бүтцийг бүрдүүлэх чиглэлээр сумын Хөдөө аж ахуйн тасаг, Мал үржүүлэг, технологийн нэгжтэй хамтран ажилладаг, түүнийг баталгаажуулсан мэргэжлийн байгууллагын тодорхойлолттой байх;
  • мал үржүүлэг, технологийн нэгжтэй гэрээ байгуулж, мал сүрэгтээ үзлэг ангилалтыг технологийн хугацаанд жил бүр тогтмол хамруулсан тухай баталгаажуулалтыг Мал үржүүлэг, технологийн нэгж болон сумын Хөдөө аж ахуйн тасгаас авсан байх;
  • нийт малыг дахин давтагдахгүй хувийн дугаараар ялган тэмдэглэж бүртгэлжүүлсэн, үржлийн малын удам гарваль, ашиг шим, үр төлийн чанарын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн тухай баталгаа, үржлийн удам гарвалын гэрчилгээг сумын Хөдөө аж ахуйн тасгаас авсан байх;
  • бог малын хээлтүүлэгчийг Мал үржүүлэг, технологийн нэгжид ялган төвлөрүүлж, чанар стандартын шаардлага хангасан, удам зүйн үнэлгээнд хамрагдсан хээлтүүлэгчийг мэргэжлийн байгууллага, мэргэжилтний хяналтанд ашигладаг байх;
  • малын чанарыг сайжруулах, сүргийн зохистой бүтцийг бүрдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, малын тоог бэлчээрийн даацад тохируулах чиглэлээр сумын хөдөө аж ахуйн болон мал эмнэлгийн тасагтай хамтран ажилласан тухай тодорхойлолттой байх;
  • сүрэгт эзлэх хээлтэгчийн тоо сүүлийн 3 жил дараалан тогтвортой өссөн, хээлтэгч нь бог малд 55, бод малд 40 болон түүнээс дээш хувьд хүрсэн, сүргийн бүтцийг зохистой түвшинд хангасан, бодод шилжүүлснээр 100-аас доошгүй толгой малтай байх;
  • малаа мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тогтмол, бүрэн хамруулж, малын эрүүл мэндийн дэвтэр хөтөлдөг, сүүлийн 3 жилд мал сүрэгт нь малын гоц халдварт болон халдварт өвчин гараагүй, малын зүй бус хорогдолгүй;
  • малчин өрхийн гишүүд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, малын индексжүүлсэн даатгалд малаа даатгуулсан байх;
  • сүрэгт эзлэх таваарын малаа жил бүр эдийн засгийн эргэлтэд оруулсан байх.
  • Малчин өрхийн малын тоо, зах зээлд нийлүүлсэн бүтээгдэхүүний дүнд бусдаас худалдаж болон бэлгэнд авсан мал, бүтээгдэхүүнийг оруулж тооцохгүй.

 

Шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрөөс өмнө гардуулна

Тухайн үйлчилгээтэй холбоотой өргөдөл, гомдлыг иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу холбогдох албан тушаалтан, байгууллага, дээд шатны байгууллагад гаргана. Өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх хугацаа 30 хоног байна. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болох ба гомдол гаргагчид энэ тухай мэдэгдэнэ.

“Улсын аварга малчин өрх”, “Улсын хошой аварга малчин өрх”-ийг тус бүр 4.6) сая төгрөгт багтаан цом, энгэрийн тэмдэг, үнэмлэх, гуулин бүслүүртэй модон хувин, хадаг, өргөмжлөл, тууз, улаан халз бүхий таван ханатай гэр, бусад зүйлсээр шагнана. Малчны хотонд шагналын гэрийг тээвэрлэн хүргэх зардлыг тухайн аймаг хариуцна.

Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрх шагналаар шагнагдсан малчны өвөлжөө, хаваржааг “Улсын аварга малчин.........................”, “Улсын хошой аварга малчин.......……..........” (овог, нэр бичнэ) гэж хаягжуулж алдаршуулах асуудлыг тухайн сумын Засаг даргын Тамгын газар хариуцна.

Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхийн шагнал гардуулах ажлыг Засгийн газрын гишүүд аймаг, сумын төвд нэгдсэн байдлаар зохион байгуулж аварга малчин өрхийг алдаршуулна.

Агуулга анх оруулсан: 2019-12-04 Шинэчилсэн: 2023-03-23

Мэдээ мэдээлэл