Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөр

Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгох, төлбөр өгөх үйл ажиллагаа

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн талаар Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байдаг.

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ. Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа богино хугацаанд цацраг идэвхт буюу химийн бодисын нөлөөгөөр хордохыг хурц хордлого гэнэ. Хурц хордлогыг үйлдвэрлэлийн осолтой адилтган үзнэ.

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль /2008 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /1994 он/ ЭНД  дарж үзнэ үү.
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Засгийн газрын 2017 оны 243 дугаар тогтоолын хавсралт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тав дахь хөтөлбөр” ЭНД дарж үзнэ үү.
  • Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 22 -ны өдрийн  дугаар А/114 дүгээр тушаалын хавсралт “Аж ахуйн нэгж, байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журам” ЭНД дарж үзнэ үү.
  • Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралт ”үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм” ЭНД  дарж үзнэ үү.
  • Хөдөлмөрийн сайдын 2015 оны А/223  дугаар тушаалын хавсралт “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журам” ЭНД дарж үзнэ үү.
  • Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 142 дугаар тогтоолын  2 дугаар хавсралт “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 1.8 хувиар төлөх ажил олгогчийн жагсаалт” ЭНД дарж үзнэ үү.
  • Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 142 дугаар тогтоолын  1 дүгээр хавсралт “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг 2.8 хувиар төлөх ажил олгогчийн жагсаалт” ЭНД дарж үзнэ үү.
  • Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн А/39, А/12 тоот тушаал “Даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” ЭНД дарж үзнэ үү.

 

 

Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг үйлдвэрлэлийн осол гэнэ. Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа богино хугацаанд цацраг идэвхт буюу химийн бодисын нөлөөгөөр хордохыг хурц хордлого гэнэ. Хурц хордлогыг үйлдвэрлэлийн осолтой адилтган үзнэ.

Хөдөлмөрлөх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг мэргэжлээс шалтгаалсан өвчин гэнэ.

Дараахь нөхцөл байдалд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод даатгуулагч өртсөн тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоно:

  • ажлын байрандаа болон бусад газарт ажил үүргээ гүйцэтгэх явцад;
  • ажил эхлэхийн өмнө ажилд бэлтгэх буюу дууссаны дараа ажлын байр, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх үед;
  • ажилдаа ирэх, буцах замд.

Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэвэл зохих хугацаанд дур мэдэн өөр ажил гүйцэтгэх болон ажлын байраа орхиж яваад, түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд түүнд энэ хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохгүй.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас даатгуулагчид дор дурдсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр болон хуульд заасан бусад зардлыг санхүүжүүлнэ:

  • тахир дутуугийн тэтгэвэр;
  • тэжээгчээ алдсаны тэтгэвэр;
  • хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж;
  • хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр
  • үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл;
  • үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийг сувилах сувиллын газрын даатгуулагчийг сувилахад ногдох тусламж үйлчилгээний хувьсах зардал;
  • үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал.

Тахир дутуугийн тэтгэвэр: Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар буюу байнга алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.

Тахир дутуугийн тэтгэврийн хэмжээ: Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого /цаашид "Хөдөлмөрийн хөлс" гэх/-оос хөдөлмөрийн чадвараа 10 хүртэл хувиар алдсан бол 10 хувиар, 10-аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтооно.

Хөдөлмөрийн чадвараа 30, түүнээс дээш хувиар алдаж тахир дутуу болсон даатгуулагчийн тахир дутуугийн тэтгэврийн хэмжээ нь Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байна.

Тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил, хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн авч байгаа тэтгэврийн хэмжээг анхны тэтгэвэр тогтоолгосон дундаж цалингаас 12 сар тутамд 1.5 хувиар бодож нэмэгдүүлэн тогтооно.

Тахир дутуугийн тэтгэвэр олгох: Тахир дутуугийн тэтгэврийг нийгмийн даатгалын байгууллага үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно. Хөдөлмөрийн чадвараа 30 хүртэл хувиар байнга алдсан даатгуулагчийн 6 жилд ногдох, удаан хугацаагаар алдсан даатгуулагчийн эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоос тогтоосон хугацаанд ногдох тахир дутуугийн тэтгэврийг өөрийнх нь хүсэлтээр нэг удаа олгож болно. Энэ тохиолдолд уг тэтгэврийг тогтоолгосон шалтгаанаар тахир дутуугийн тэтгэвэр авах эрх дуусгавар болно.

Тахир дутуу болсныг нөхөн тогтоох, тэтгэврийг нөхөн олгох:

Эмнэлэг хөдөлмөрийн магадлагааг хүндэтгэн үзэх шалтгаанаар тогтоолгож чадаагүй байсан даатгуулагчийн тахир дутуу болсныг нөхөн тогтоосон бол 6 сараас илүүгүй хугацааны тэтгэврийг нөхөн олгоно.

 Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар нь нөхөн сэргээгдэхгүйгээр тогтоогдсон бол тухайн хугацааны тэтгэврийг бүрэн нөхөж олгоно.
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр: Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгуулагч нас барсан бол түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээ:

Тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан хувь хэмжээгээр тогтооно:

  • хөдөлмөрийн чадваргүй хүний тоо 3 ба түүнээс дээш бол 100 хувь;
  • хөдөлмөрийн чадваргүй хүний тоо 2 бол 75 хувь;
  • хөдөлмөрийн чадваргүй хүний тоо 1 бол 50 хувь.

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгох хугацаа: Тэжээгчээ алдсаны тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан хугацаанд олгоно.

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж: Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийн хэмжээ: Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 1ОО хувиар бодож олгоно. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцно.

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацаа: Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг хөдөлмөрийн чадвар алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр тогтоогдох эрх үүсэх хүртэл хугацаанд олгоно.

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны дээд хязгаар нь дараалсан 12 сарын дотор 180 хоногоос хэтрэхгүй байна.

Хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацааг эмнэлгийн байгууллагын эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр, зөвлөгөөний шийдвэр гаргах боломжгүй бол эмнэлгийн ерөнхий эмч, эрхлэгч, их эмч тогтооно.

Хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр: Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдсан даатгуулагч хиймэл эрхтэн, засал эмчилгээ /протез, ортопед/ хийлгэх, тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх рашаан сувилалд эмчлүүлэхэд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр авах эрхтэй.

Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр, түүнийг олгох: Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир, дутуу болж Монгол Улсад хиймэл эрхтэн, засал эмчилгээ /протез, ортопеди/ хийлгэсэн бол үнийг эхний удаад 100 хувь, цаашид нийгмийн даатгалын шимтгэл үргэлжлүүлэн төлж байгаа бол протез, ортопедийн эдэлгээний хугацаа дууссан тохиолдол бүрт үнийг бүрэн, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй бол хоёр дахь удаад үнийн 50 хувийг нийгмийн даатгалын байгууллага тус тус нөхөн төлнө.

Зайлшгүй шаардлагаар мэргэжлийн /гэмтлийн/ эмнэлгийн байгууллагын дүгнэлтийн дагуу засал эмчилгээ /протез,ортопед/-г гадаад оронд хийлгэхэд түүний нэг удаагийн үнийг Монгол Улсад хийдэг хиймэл эрхтэн, засал эмчилгээ (протез, ортопед)-ний жишиг үнийг баримтлан олгож болно. Монгол Улсад хийдэг хиймэл эрхтэн, засал эмчилгээ (протез, ортопед)-ний жишиг үнийн жагсаалтыг эрүүл мэнд болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас рашаан сувилалд эмчлүүлж сувилуулбал рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувилалд ирэх, очих унааны зардлыг галт тэрэг, автомашины тухайн үед мөрдөж буй тарифыг үндэслэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас жилд нэг удаа төлбөр гаргуулж болно.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийг сувилах сувиллын газрын тусламж үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас олгох хэмжээг нийгмийн хамгаалал, болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон даатгуулагчийг мэргэжлээс шалтгаалсан өвчний сувиллын үйлчилгээнд хамруулах журмыг нийгмийн даатгалын төв байгууллага батална.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:

  • үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт;
  • үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон сурталчилгаа.

Дээрх арга хэмжээний зардлын хэмжээ, санхүүжүүлэх журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг:

Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан баримт бичиг болон үйлдвэрлэлийн ослын акт буюу мэргэжлээс шалтгаалсан өвчний тодорхойлолтыг бүрдүүлнэ.

Даатгалын хөнгөлөлт: Үйлдвэрлэлийн ослыг багасгах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах талаар зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авсны дүнд ажил олгогч 3 жил дараалан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас төлбөр гаргуулаагүй бол дараагийн жилд төлөх даатгалын шимтгэлийг 10 хувиар хөнгөлж болно.

Дээрх хэсэгт заасан болзлыг үргэлжлүүлэн хангасан тохиолдол бүрт хөнгөлөлт 10 хувиар нэмэгдэх боловч түүний дээд хэмжээ нь жилд төлөх шимтгэлийн 50 хувиас хэтэрч болохгүй.

1.Тахир дутуугийн тэтгэврийг нийгмийн даатгалын байгууллага үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно.

2.Тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн хүүхдэд 19 нас хүртэл, тахир дутуу иргэнд хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд нь, тэтгэврийн насанд хүрсэн иргэнд нас барсны дараагийн сар дуустал тус тус олгоно.

3.Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг хөдөлмөрийн чадвар алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр тогтоогдох эрх үүсэх хүртэл хугацаанд олгоно.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөртэй холбоотой өргөдөл, гомдлыг иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу холбогдох албан тушаалтан, байгууллага, дээд шатны байгууллагад гаргана.

Тахир дутуугийн тэтгэвэрийг дараах тохиолдолд авах эрх үүснэ.

  • ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед;
  • ажил олгогч болон эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолтоор буюу дайчилгаагаар ажил, үүргээ гүйцэтгэж байх үед;
  • ажлын байр, нэгж, хэсэг, салбарын хооронд байнга явж ажил, үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед;
  • ажилтан ажил эхлэхийн өмнө болон дууссаны дараа ажлын байрандаа амрах, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх, хувцсаа солих, усанд орох, ажил хүлээлцэх үед; 
  • ажилтан ажилдаа ирэх, буцах зам (ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд)-даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед;
  • ажил, үүргээ гүйцэтгэх үед байгаль, цаг уур, гал, усны гэнэтийн аюул, цацраг идэвхт болон химийн бодисын нөлөөлөл, биологийн гаралтай гоц халдварт өвчин үүсгэгч, хөнөөх хэрэгсэл, сүйрэл, дэлбэрэлт зэрэг гамшгийн үед.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • 1995 оноос өмнө ажиллаж байсан даатгуулагч хөдөлмөрийн дэвтэр
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын акт
  • Үйлдвэрлэлийн ослын акт
  • Даатгуулагчийн иргэний үнэмлэх
  • 2 хувь цээж зураг /3x4/
  • Өргөдөл
  • үйлдвэрлэлийн ослын акт буюу мэргэжлээс шалтгаалсан өвчний тодорхойлолт

Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 10 хүртэл хувиар алдсан бол 10 хувиар, 10-аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтооно.

  1. Эмнэлэг хөдөлмөрийн магадалгааг хүндэтгэн үзэх шалтгаанаар тогтоолгож чадаагүй байсан даатгуулагчийн тахир дутуу болсныг нөхөн тогтоосон бол 6 сараас илүүгүй хугацааны тэтгэврийг нөхөн олгоно.
  2. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар нь нөхөн сэргээгдэхгүйгээр тогтоогдсон бол тухайн хугацааны тэтгэврийг бүрэн нөхөж олгоно.

Жишээ нь: Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын орлого 700000 төгрөг.

а/ Хөдөлмөрийн чадвараа 75 хувиар алдсан бол: Тахир дутуугийн тэтгэвэр: 700000 х 75% = 525000

б/ Хөдөлмөрийн чадвараа 55 хувиар алдсан бол: Тахир дутуугийн тэтгэвэр: 700000 х 55% = 385000

Хөдөлмөрийн чадвараа 75 хувиар алдсан бол 525000 төгрөг, 55 хувиар алдсан бол 385000 төгрөг сар бүр авна.

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр: Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгуулагч нас барсан бол түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Хөдөлмөрийн дэвтэр
  • Хугацаат цэргийн албыг байлдагч, түрүүчээр хаасан бол цэргийн батлах, эсхүл архивын лавлагаа
  • 1995 оноос өмнөх 5 жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд цалин хөлсний тодорхойлолт эсхүл архивын лавлагаа
  • Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн төрсний гэрчилгээ, ам бүлийн тодорхойлолт
  • Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүн нь төрөлхийн буюу 16 нас хүрээгүй байхдаа тахир дутуу болсон бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон тухай Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт
  • Гэрлэлтийн баталгаа, түүний хуулбар, эсхүл хамтын амьдралтай байсан эсэхийг тогтоосон шүүхийн шийдвэр
  • Тэжээгчийн нас барсан тухай гэрчилгээ
  • Үйлдвэрлэлийн ослын акт буюу мэргэжлээс шалтгаалсан өвчний тодорхойлолт
  • Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэх
  • 2 хувь цээж зураг /3x4/

Тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан хувь хэмжээгээр тогтооно.   

Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо

Тэтгэвэр бодох хувь хэмжээ

3, түүнээс дээш

100

2

75

1

50

Жишээ нь: Даатгуулагчийн шимтгэл төлсөн орлого 700000 төгрөг.

а/ Ар гэрт нь хөдөлмөрийн чадваргүй 3 хүн үлдсэн тохиолдолд: 700000 х 100% = 700000 төгрөг

а/ Ар гэрт нь хөдөлмөрийн чадваргүй 2 хүн үлдсэн тохиолдолд: 700000х 75% = 525000 төгрөг

а/ Ар гэрт нь хөдөлмөрийн чадваргүй 1 хүн үлдсэн тохиолдолд: 700000 х 50% = 350000 төгрөг


Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж: Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Эмнэлгийн хуудас
  • Үйлдвэрлэлийн ослын акт буюу мэргэжлээс шалтгаалсан өвчний тодорхойлолт

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 100 хувиар бодож олгоно.

Жишээ нь: Үйлдвэрлэлийн осол эсвэл мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас 10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмнэлгийн хуудас бичүүлэн авсан бол даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийг дараах байдлаар тооцож олгоно. Шимтгэл төлсөн сарын орлого 700000 төгрөг гэвэл:

1  өдөрт ногдох цалин хөлс 700000/ 21.2 = 33018

1  өдөрт ногдох тэтгэмж 33018 х 100 = 33018

8  хоногийн тэтгэмж 33018 х 8 хоног = 264144 төгрөг

Даатгуулагч 10 хоногт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, ажиллаагүй  хугацаандаа ажлын 8  хоногт ногдох 264144 төгрөгийн тэтгэмж авна

Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр: Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдсан даатгуулагч хиймэл эрхтэн, засал эмчилгээ /протез, ортопед/ хийлгэх, тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх рашаан сувилалд эмчлүүлэхэд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр авах эрхтэй.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Үйлдвэрлэлийн ослын акт
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон тухай Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт
  • Протез, ортопед хийх талаар мэргэжлийн эмнэлгийн гаргасан дүгнэлт
  • Протез, ортопед хийх байгууллагаас ирүүлсэн нэхэмжлэх

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид хиймэл эрхтэн, засал эмчилгээ хийлгэсний үнийг эхний удаа 100 хувь, 2 дахь удаагийн үнийн 50 хувийг олгоно. Мөн зайлшгүй шаардлагаар мэргэжлийн (гэмтлийн) эмнэлгийн байгууллагын дүгнэлтийн дагуу засал эмчилгээ (протез, ортопед)-г гадаад оронд хийлгэхэд түүний нэг удаагийн үнийг олгоно.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдсан даатгуулагч улсын хэмжээний үйлчилгээтэй Хужирт, Өвөржанчивлан, Аржанчивлан, Аварга тосон, Гурван нуур, Оргил, Шаргалжуут, Отгонтэнгэр, Халзан-Уулын сувиллууд, түүнчлэн мэргэжлээс шалтгаалсан өвчний сувилалд сувилуулсан бол сувиллын зардал, ирэх, очих унааны зардлыг олгоно. Уг сангаас олгох сувиллын болон унааны зардлын хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно.

Асуулт 1. Ямар нөхцөлд гарсан осолд даатгуулагч өртсөн тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох вэ?

Дараахь нөхцөл байдалд гарсан үйлдвэрлэлийн осолд даатгуулагч өртсөн тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоно. Үүнд:

  • Ажлын байрандаа болон бусад газарт ажил үүргээ гүйцэтгэх явцад
  • Ажил эхлэхийн өмнө ажилд бэлтгэх буюу дууссаны дараа ажлын байр, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх үед
  • Ажилдаа ирэх, буцах замд 

Асуулт 2. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан даатгуулагч ямар тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхтэй вэ?

Энэ даатгалд даатгуулсан даатгуулагч нь

  • Тахир дутуугийн тэтгэвэр
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
  • Хөдөлмөрийн чадвар тур алдсаны тэтгэмж
  • Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр зэргийг авах эрхтэй

Асуулт 3. Хэдэн жил шимтгэл төлсөн даатгуулагч үйлдвэрлэлийн осолд өртвөл тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсэх вэ?

Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа байнга буюу удаан хугацаагаар алдвал түүнд энэ даатгалд шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан тэтгэвэр, тэтгэмж олгоно.


Асуулт 4. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг хаана тогтоох вэ?
Даатгуулагчийн мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь, хэмжээ, хугацааг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.


Асуулт 5. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар түр алдахад даатгуулагчид ямар хэмжээний тэтгэмж олгодог вэ?

Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогын 100 хувиар тооцож олгоно.
Хөдөлмөрийн чадвар тур алдсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцож олгоно

           

 

 

Агуулга анх оруулсан: 2020-09-28 Шинэчилсэн: 2020-09-28

Мэдээ мэдээлэл