Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа Давж заалдах шатны ажиллагаа, түүнд оролцох

Давж заалдах шатны ажиллагаа, түүнд оролцох

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ГОМДОЛ ГАРГАХ эрхтэй.

Мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-т зааснаар “Гомдол гаргасан этгээд шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө аль ч үе шатанд ГОМДЛООСОО ТАТГАЛЗАХ эрхтэй.”

Мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар ШҮҮХ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх хуралдаан ХЭЗЭЭ, ХААНА БОЛОХЫГ МЭДЭГДЭХ үүрэгтэй. Ийнхүү мэдэгдсэн байхад шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийг ЭЗГҮЙД ШИЙДВЭРЛЭНЭ.

Мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.3, 118.4-т зааснаар Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах хэмжээнд хянана.

  1. давж заалдах гомдлын хүрээнд хянах
  2. хэргийн 2, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан бол хэргийг бүхэлд нь,
  3. нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан бол хэргийг бүхэлд нь,
  4. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргасан гомдлоор хязгаарлахгүйгээр ХЭРГИЙГ ХЯНАНА.  

Давж заалдах шатны шүүхийн хэргийг хянаад гаргасан шийдвэрийг МАГАДЛАЛ гэнэ.

Мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3-т зааснаар Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, өөрчлөх, хүчингүй болгох ШИЙДВЭРИЙН АЛЬ НЭГИЙГ ГАРГАХ бөгөөд Магадлалыг шүүх хуралдааны оролцогчдод танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.

Мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар Тухайн хэргийг анх хүлээн авч, ажиллагаа явуулсан шүүгч хэргийн талаар илтгэж танилцуулах бөгөөд Илтгэгч шүүгч гэнэ.  

Нэг. Давж заалдах гомдол гаргах /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114, 115-р зүйл/

ГОМДЛЫГ:

  • Анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор гаргана.
  • Бичгээр гаргаж, гарын үсэг зурсан байна.
  • Хэргийг шийдсэн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахаар хугацаандаа гаргасан талаар бичилт хийлгэж, мэдээлэл, лавлагааны ажилтанд өгнө.
  • 70,200₮-н улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримтыг хавсаргана.

ГОМДОЛД ЗААВАЛ ТУСГАХ ЗҮЙЛС:  

  1. Шүүхийн нэр;
  2. Гомдол гаргагчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын болон цахим хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, цахим хаяг, оршин байгаа газрын хаяг, утас, факсын дугаар;
  3. аль шүүхийн ямар шийдвэрт гомдол гаргаж байгаа /анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо, дугаар/;
  4. шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл аль хэсэг, заалтыг зөвшөөрөхгүй байгаа;
  5. давж заалдах шатны шүүхээс ямар шийдвэр гаргуулахыг хүсч байгаа. /Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, эсхүл дахин хэлэлцүүлэхийн алин болох/

Анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй шинэ нотлох баримтаар авж заалдах гомдолоо нотолж болохгүй.

Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаанаар давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн бол ХУГАЦАА СЭРГЭЭЛГЭХ ХҮСЭЛТЭЭ холбогдох нотлох баримтын хамт анхан шатны шүүхэд гаргах бөгөөд уг хүсэлтийг хангах эсэхийг шүүгч тухайн хүсэлтэд хавсаргасан баримтыг хянаж, захирамж гарган шийдвэрлэнэ.

Хоёр. Гомдлоосоо татгалзах /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйл/

Давж заалдах гомдол гаргасан этгээд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд ГОМДЛООСОО ТАТГАЛЗАХ эрхтэй. Гомдлоосоо татгалзвал түүнийг гомдол гаргаагүйд тооцож,  улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоно.

Гурав. Гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргах /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118-121 дүгээр зүйл/

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлээд “магадлал” гаргана. Давж заалдах шатны шүүх нь (1) анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх, (2) өөрчлөх, (3) хүчингүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргана. 

Нэг. Гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцэх - Давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1/

Хоёр. Шийдвэр бичгээр гарах – Хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаан болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор магадлалыг бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна.

Гурав. Шүүхийн шийдвэр гардаж авах – Шийдвэр бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд очиж өөрөө гардаж авах үүрэгтэй. Ийнхүү гардаж аваагүй 7 хоногийн хугацаа өнгөрсөн бол шүүгчийн туслах шуудангаар явуулна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар Магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ХЯНАЛТЫН ЖУРМААР ГОМДОЛ гаргаж болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114.3-т зааснаар Давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй.

Асуулт. Давж заалдах шатны шүүх хуралдааны товыг мэдээгүйн улмаас шүүх хуралдаанд оролцоогүй. Энэ тохиолдолд яах вэ? Шүүхийн ажилтан энэ талаар мэдээлэл өгөх үүрэгтэй юу?

Хариулт. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1, 117.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэж, тэдгээрийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангах үүрэгтэй. Харин шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй нь давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.

Агуулга анх оруулсан: 2018-06-18 Шинэчилсэн: 2023-06-07

Мэдээ мэдээлэл