Эрүүгийн хэрэг /гэмт хэрэг/ хянан шийдвэрлэх ажиллагаа Прокурорын хяналт

Прокурорын хяналт

Прокурор гэж Прокурорын тухай хуульд заасан дээд шатны прокурор, бусад прокурорыг хэлэх бөгөөд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож буй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийг хэлдэг. Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавихдаа дараахь эрхтэй бөгөөд энэхүү эрх хэмжээнийхээ дагуу хяналтаа хэрэгжүүлдэг.

а/гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, шалгах ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах;

б/гэмт хэргийн шинжийг өөрөө илрүүлсэн бол хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагад харьяаллын дагуу шилжүүлж шалгуулах;

в/хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах харьяалал тогтоох;

г/гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах талаар гаргасан санал, хүсэлтийг шийдвэрлэх;

д/эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох;

е/хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх, сэргээх, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, сэргээх, нэгтгэх, тусгаарлах;

ё/хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд сэжигтнийг баривчлах саналыг шүүхэд хүргүүлэх, баривчлах ажиллагаа явуулахыг мөрдөгчид даалгах;

ж/хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулах хугацааг сунгах;

з/яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах саналыг шүүхэд хүргүүлэх;

и/энэ хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрлийг мөрдөгчид олгох;

к/гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагчийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлэх;

л/хуульд заасны дагуу гаргасан оролцогчийн хүсэлт, гомдлыг хянан шийдвэрлэхийн тулд хавтаст хэргийг татаж хянах;

м/мөрдөгч, эсхүл хяналт тавьж байгаа прокурорыг татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх, хэргийг өөр мөрдөгч, прокурорт шилжүүлэх шийдвэр гаргах;

н/мөрдөгч, эсхүл хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, ажиллагааны талаар прокурорт гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх, тухайн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааг таслан зогсоох;

о/мөрдөншалгах ажиллагаа явуулах даалгаврыг өгөх, түүний биелэлтийг хангуулах, шаардлагатай гэж үзвэл мөрдөн шалгах ажиллагаа явуулах даалгаврыг хэд хэдэн мөрдөгчид өгөх, мөрдөн шалгах ажиллагаанд биечлэн оролцож хяналт тавих, нэмэлт мөрдөн байцаалт явуулахаар хэргийг мөрдөгчид буцаах;

ө/дээд шатны прокурор энэ хуульд заасан мөрдөгчийн саналыг үндэслэн тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорын шийдвэр, ажиллагааг хянах;

п/эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх, эсхүл энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай саналыг шүүхэд хүргүүлэх;

р/хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцыг хянах, бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн шалгах, шаардлагатай бол хавтаст хэргийг татаж хянах, уг ажиллагаанд илэрсэн зөрчлийг арилгуулах талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын удирдлагад шаардлага тавих, зөрчлийг арилгуулах;

с/тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа өмгөөлөгчийн ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гаргах;

т/шаардлагатай мэдээ, судалгаа, баримт бичгийг байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авах, газар дээр нь танилцах, мэргэжлийн дүгнэлт, магадлагаа гаргуулах, хавтаст хэргийг архивт хадгалах;

у/мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих;

ү/прокурорын хянан шалгах ажиллагаа явуулах;

х/эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор, мөрдөгч нь хууль зөрчиж оролцогчид хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

ц/энэ хуульд заасан бусад эрх.

Прокурорын хянан шалгах ажиллагаа. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй гэж прокурор үзвэл оролцогчийн гаргасан гомдлоор, эсхүл өөрийн санаачилгаар гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчаас биечлэн мэдүүлэг авах, шинжээч дахин томилж дүгнэлт гаргуулах, үзлэг, нэгжлэг, туршилтыг давтан хийх, мөрдөн шалгах нууц ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан эсэхийг хянан шалгах ажиллагаа явуулж болно.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажилд прокурор хяналт тавих бөгөөд прокурорын шийдвэр, үйл ажиллагаанд дээд шатны прокурор хяналт тавина.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссан хавтаст хэргийн материалыг прокурор хянаад дараах шийдвэрийн аль нэгийг гаргана.

а/мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх;

б/эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх;

в/эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах;

г/эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах;

д/хэргийг хэрэгсэхгүй болгох;

е/нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах;

ё/эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх.

Хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох. Гэмт хэргийн шинжгүй, тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, тухайн гэмт хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүх, прокурорын шийдвэр хүчин төгөлдөр байгаа, сэжигтэн, яллагдагч нас барсан, гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй зэрэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэр гаргана.

Хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүчингүй болгосон прокурорын тогтоолыг танилцуулах. Хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид 7 хоногийн дотор гардуулна.

Яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх. Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ.

Прокуроряллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ.

Мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийн материалыг прокурор 14 хоногийн дотор хянах ба зайлшгүй тохиолдолд зохих дээд шатны прокурор энэ хугацааг тухай бүр 14 хүртэл хоногоор нэмж сунгаж болно.

Яллагдагч өөрийн гэм буруугүйг шүүхээр тогтоолгон цагаатгах шүүхийн шийдвэр гаргуулахаар хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээлгэж шалгуулахаар дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй.

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа. Хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийн эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно. Энэ тохиолдолд яллагдагчийн хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг хавсаргасан байна.

Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэн яяллагдагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бол мөрдөгч 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулах бөгөөд прокурор мөрдөн байцаалтын ажилтай танилцана.

Яллагдагч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан, эсхүл хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзсан, хэргийн зүйлчлэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар санал зөрсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөргүй, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй. Харин эсрэгээрээ прокурор мөрдөн байцаалтын ажилтай танилцаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлнэ.

Шүүх тухайн хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл хүлээн авсан даруй ял оногдуулах шүүх хуралдаан зарлан явуулах бөгөөд Шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана:

- шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх;

- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх;

- прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн эсэх;

- хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх;

- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх;

- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх.

Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана.

Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.

Дараах гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байна.

11.6/Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/,

11.7/Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/,

12.4/Бэлгийн дарамт учруулах/,

13.6/Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох/,

13.10/Хувь хүний нууцад халдах/,

13.11/Хувь хүний нууцыг задруулах/,

15.2/Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх/,

17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/Хулгайлах/,

17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/Дээрэмдэх/,

17.5/Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших/,

20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах/,

20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/,

23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/Хууль сахиулагчийг эсэргүүцэх/,

23.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/Нийтийн албан тушаалтныг заналхийлэх/,

27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/,

27.11/Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах/.

 

Прокурор хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлнэ.

Шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ.

 

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах. Энэхүү шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг прокурор хүлээн авч энэ хуулийн 41.1 дүгээр зүйлд заасан дараах үндэслэл байгаа эсэхийг шалгана.

а/ гэрч, шинжээчийн санаатай гаргасан худал мэдүүлэг, дүгнэлт, орчуулагч, хэлмэрчийн санаатай худал орчуулга, хуурамч нотлох баримт, тэмдэглэл, баримт бичгийг үндэслэж шийдвэр гарсан нь тогтоогдсон;

б/ шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон;

в/ цагаатгагдсанхүн, хуулийн этгээд гэм буруутай болохыг нотлох, эсхүл гэм буруугүй хүн, хуулийн этгээдэд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн;

г/ хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн бол.

Эдгээр үндэслэлийн аль нэг нь байвал прокурор шинэ нөхцөл байдал илэрсэн гэж үзэж, хэрэг үүсгэх тухай тогтоол гаргаж, энэ тухай хэргийн оролцогчид мэдэгдэх, уг байдлыг хянан шалгах, эсхүл энэ талаар мөрдөгчид даалгавар өгнө.

Прокурор шинээр илэрсэн нөхцөл байдлын талаар хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай үндэслэл бүхий тогтоол гаргаж, гомдол, хүсэлтийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргах ба түүнийг эс зөвшөөрвөл дээд шатны прокурорт гомдол гаргаж болно.

Прокурор энэ хуулийн 41.1 дүгээр зүйлд заасан үндэслэл байгаа эсэхийг шалгаж, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх тухай дүгнэлтээ дараахь шүүхэд бичгээр гаргана.

а/анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхэд;

б/давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хяналтын шатны шүүхэд

Шүүх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзвэл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дараахь шийдвэр гаргана.

-тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг тогтоож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах;

-хэргийг прокурорт буцаах.

1. Болгоомжгүй үйлдсэн гэмт хэрэгт прокурор хөнгөн ял оногдуулан шийдвэрлэх боломжтой юу?

Гэмт хэргийг санаатай болон болгоомжгүй хэлбэрээр үйлддэг. Ихэнх тохиолдолд санаатай үйлдсэн гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлага нь блогоомжгүй үйлдсэн гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагаас өндөр байдаг ч тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээ нь хүлээлгэх эрүүгийн хариуцлагад шууд хамааралтай байдаг. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах/-д заасан гэмт хэрэгт хорих ял хуульчлагдаагүй, харин Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/-д заасан гэмт хэрэгт 6 сараас 3 жил хүртэл хорих ял оногдуулахаар хуульчилсан байдаг. Иймд болгоомжгүй үйлдсэн зарим гэмт хэрэгт хорих ял буюу хүнд ял оногдуулна.

Ял оногдуулах асуудлын хувьд гэмт буруутайд тооцож шүүхээс ял оногдуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд л зөвхөн ял оногдуулан эдлүүлдэг. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр ялыг оногдуулахгүй.

2. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэж ямар хугацаа байдаг вэ?

Эрүүгийн хуулийн 1.10-т зааснаар тодорхой гэмт хэрэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу өнгөрсөн бол яллагдагчаар татахгүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. Энэ нь зорчих эрх хязгаарлах болон хорих ялын дээд, доод хэмжээнээс хамаарч байдаг.

Тухайлбал, хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзнэ.

3. Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэхдээ хохирогчид энэ тухай мэдэгдэх үүрэгтэй юу?

            Прокурор яллах дүгнэлтийг үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэх асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан бөгөөд 32.10.6-д “Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэсэн байх тул хохирогчид мэдэгдэх үүрэг хуулиар хүлээгээгүй байна.

                Мөн хуулийн 7.5 дугаар зүйл “мэдээлэл авах” эрхийг хуульчлахдаа зөвхөн яллагдагчийн эрхийг хуульчилсан байдаг. Иймд прокурор хэргийг шүүхэд шилжүүлэхдээ хохирогчид энэ талаар мэдэгдэх үүргийг энэхүү хуулийн дагуу хүлээгээгүй байна.

4. Прокуророос татгалзаж болох уу?

Урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны үед прокурорыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлтийг оролцогч шүүхэд гаргах бөгөөд шүүх шийдвэрлэнэ. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад хяналт тавих явцад прокурорыг татгалзан гаргах хүсэлт гаргавал дээд шатны прокурор шийдвэрлэнэ.

Дээрх 2 тохиолдолд дээд шатны прокурор нь өөр прокурорыг томилж тухайн хэрэгт прокуророор оролцуулдаг.

Агуулга анх оруулсан: 2018-06-18 Шинэчилсэн: 2018-06-18

Мэдээ мэдээлэл