Нийгмийн даатгал Цэргийн албан хаагчийн тэтгэвэр

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр гэдэг нь 10-аас доошгүй жил цэргийн жинхэнэ алба болон тагнуул, цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллагад алба хаасан цэргийн албан хаагч ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж болзол, нөхцөлийг хангасан тохиолдолд даатгалын сангаас амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Монгол улсын Үндсэн Хууль-ийн Хоёрдугаар бүлэг, арван гурав дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар "..өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй гэж заасан байдаг.

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль-ийн  4 дүгээр зүйлд Цэргийн тэтгэвэр, тэтгэмж  авах албан хаагчийн  тухай зохицуулсан, уг заалтад нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр авах эрх бүхий этгээдийг доорх байдлаар оруулж өгсөн. 

  • зэвсэгт хүчний цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч;
  • хилийн цэргийн жинхэнэ албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч;
  • тагнуулын байгууллагын генерал, офицер, ахлагч;
  • цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, байлдагч;
  • дайчилгаатай сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн;
  • авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагч;
  • цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч;
  • дотоодын цэргийн албаны генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч нар багтана.

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Нийгмийн даатгалын тухай хууль (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Монгол улсын иргэний хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү
  • Хөдөлмөрийн тухай хууль (2021 он) ЭНД дарж үзнэ үү
  • Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай (2015 он) ЭНД дарж үзнэ үү
  • Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай (1999 он) ЭНД дарж үзнэ үү
  • Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай (2017 он) ЭНД дарж үзнэ үү

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгохыг хүссэн иргэн та өөрийн оршин суугаа газрынхаа харьяа нийгмийн даатгалын байгууллагад хандаж Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаснаар харилцаа эхэлнэ.

Нийгмийн даатгалын байгууллага дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  • Нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;
  • Нийгмийн даатгалын санг бүрдүүлж, орлого, зарлагын гүйцэтгэлийг хангах;
  • Нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь олгох ажлыг зохион байгуулж, үйлчилгээг сайжруулах;
  • Улсын нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагаа, түүний арга хэлбэрийг боловсронгуй болгох талаар судалгаа хийх, санал боловсруулж шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх;
  • Доод шатны байгууллагынхаа үйл ажиллагаанд хяналт тавих;
  • Хууль, тогтоомжид заасан бусад чиг үүрэг

Нийгмийн даатгалын байцаагчийн эрх, хариуцлага

Нийгмийн даатгалын байгууллагад 2-оос доошгүй жил ажиллаж мэргэшсэн, мэргэжлийн өндөр зэрэгтэй нийгмийн даатгалын байгууллагын ажилтанд нийгмийн даатгалын төв байгууллагын саналыг үндэслэн нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний шийдвэрээр нийгмийн даатгалын байцаагчийн эрх олгоно.

 

Цэргийн албан хаагч нь доорх дурдсан тэтгэврийн төрөлтэй байна.

  • Цэргийн алба хаасны тэтгэвэр
  • Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх

  • 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй;
  • 20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй;
  •  Байлдааны нисдэг тэрэгний нисгэгчээр 23-аас доошгүй жил цэргийн алба хаасан;
  • Байлдааны тийрэлтэт сөнөөгч онгоцны жинхэнэ нисгэгчээр 20-оос доошгүй жил цэргийн алба хаасан.

Цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрх

10-аас доошгүй жил цэргийн жинхэнэ алба болон тагнуул, цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллагад алба хаасан цэргийн албан хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй.

  • Орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр
  • Биеийн эрүүл мэндээр
  • Цэргийн алба хаах нас хэтэрч

Цэргийн алба хаасны тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл

Цэргийн алба хаасны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгогчийн сарын дундаж цалин, хөлсний 80 хувиар тогтооно. Хуульд заасан хугацаанаас илүү алба хаасан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин, хөлснөөс 1.5 хувиар бодож нэмэгдэл олгоно

Цэргийн албан хаагчийн ажилласан хугацааг тооцох баримт бичиг

  • Цэргийн албан хаагчийн хөдөлмөрийн дэвтэр
  • Цэргийн алба хаасан тухай цэргийн архивын лавлагаа
  • Хугацаат цэргийн алба хаасан бол цэргийн батлах
  • Цэргийн албанаас чөлөөлсөн тухай тушаал

Цэргийн албан хаагчийн тахир дутуугийн тэтгэвэр авах эрх

Дор дурдсан шалтгаанаар тахир дутуу болсон цэргийн албан хаагч тахир дутуугийн тэтгэвэр авах эрхтэй.

  • Байлдааны болон энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх, байлдааны онгоцоор нислэг үйлдэх, байлдааны галт хэрэгслэлээр буудлага хийх, тэсэрч, дэлбэрэх хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах үед гарсан ослын, түүнчлэн улсын хил хамгаалах, тагнуул, цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллагын албан үүрэг гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртсөний болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас
  • Бусад албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон ослын улмаас
  • Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдолгүй осол, ердийн өвчний улмаас
  • Цэргийн үүрэгтэн дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байхдаа, мөн цэргийн жинхэнэ албанаас халагдсан байлдагч, түрүүч орон нутагтаа хүргэгдэх үед тахир дутуу болсон бол энэ хуульд заасны дагуу тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Цэргийн албан хаагчийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх

Цэргийн албан хаагч, мөн түүнчлэн дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн нас барахад түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй.

Бүрдүүлэх материал

  • Цэргийн байгууллагад 1995 оноос өмнө буюу хойно ажилласан хугацааны архивын лавлагаа;
  • Цэргийн тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлсөн тухай цэргийн анги, байгууллагын тушаал, шийдвэр.

 

 

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгох даатгуулагч тэтгэвэр тогтоолгон авахыг хүссэн хугацаандаа шаардлагатай бичиг баримт, өргөдлийг нийгмийн даатгалын ажилтанд хүлээлгэн өгснөөс тэтгэвэрт тогтоох хугацаа эхэлнэ.

Иргэн таны тэтгэвэр тогтоох асуудлыг нийгмийн даатгалын байгууллага өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. 

Иргэн та нийгмийн даатгалын байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрт санал нийлэхгүй гомдолтой гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 92-р зүйл Захиргааны актад гомдол гаргах 92.1; 92.2 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргах эрхтэй.

Иргэн та гомдол гаргахдаа тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллага, ажилтан албан хаагчид эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.

Хэрэв таны гаргасан гомдлыг дээд шатны байгууллага, ажилтан албан хаагч хүлээн авахаас татгалзсан эсхүл үндэслэлгүй байна гэж үзвэл Захиргааны хэргийн шүүхэд харьяаллын дагуу хандах бүрэн эрхтэй.

Агуулга анх оруулсан: 2018-02-13 Шинэчилсэн: 2023-03-29

Мэдээ мэдээлэл