Нотариатын үйлчилгээ Нотариатын мэдэгдэх хуудас

Нотариатын мэдэгдэх хуудас нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл болдог. Шүүх Нотариатын мэдэгдэх хуудсыг баталгаажуулах тухай хүсэлтийг хүлээн авч баталгаажуулах эсхүл татгалзах эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

Нотариатчийн мэдэгдэх хуудас, түүний агуулга

Талууд үл маргах журмаар төлбөрийг төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс гаргуулахаар харилцан тохиролцож байгуулсан нотариатаар батлагдсан гэрээ, төлбөрийг нотолсон баримт бичгийг үндэслэн төлбөр төлөгчөөс мөнгө, эдийн болон эдийн бус хөрөнгийг гаргуулахаар төлбөр авагчийн хүсэлтээр нотариатч мэдэгдэх хуудас үйлдэнэ.

Мэдэгдэх хуудас үйлдэхдээ нотариатч дараах нөхцөлийг харгалзана. Үүнд:

  • баримт бичиг нь төлбөр төлөгчөөс төлбөр авагчид төлбөр төлөх нь маргаангүй гэдгийг нотолж байгаа эсэх;
  • нэхэмжлэл гаргах эрх үүссэнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрсөн эсэх.

Нотариатчийн мэдэгдэх хуудсанд дараах зүйлийг заана:

  • мэдэгдэх хуудас олгож байгаа нотариатчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, харьяалах тойрог;
  • ямар баримт бичгийг үндэслэж мэдэгдэх хуудас үйлдэж байгаа;
  • төлбөр авагч, төлбөр төлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, ажлын болон оршин суугаа газрын хаяг, аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, үйл ажиллагаа явуулж байгаа газрын хаяг, банкин дахь харилцах дансны дугаар, улсын бүртгэлийн дугаар;
  • төлбөр гаргуулах хугацаа;
  • төлбөрийн хэмжээ, шаардлагын зүйл, хэрэв мэдэгдэх хуудас үйлдэхэд үндэс болгосон баримт бичигт заасан бол хүү, нэмэгдүүлсэн хүү, анзын хэмжээ;
  • нотариатын үйлчилгээний хөлс, зардлын хэмжээ;
  • мэдэгдэх хуудас үйлдсэн он, сар, өдөр, дугаар.

Нотариатч мэдэгдэх хуудсыг хэвлэмэл хуудас дээр үйлдэж, тамга дарж, гарын үсэг зурна.

Нотариатчийн мэдэгдэх хуудсанд заасан төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу гаргуулна.


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль:

183 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл

183.1.Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл шүүхийн шийдвэр болон шүүхээр баталгаажуулсан Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр, цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж, арбитрын шийдвэр, нотариатын мэдэгдэх хуудас, улсын байцаагчийн төлбөр тогтоосон акт, тэдгээрийн үндсэн дээр олгогдсон гүйцэтгэх хуудас байна.

/Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хууль, 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хууль, 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хууль, 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар тус тус нэмэлт, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

184 дүгээр зүйл.Арбитрын шийдвэр, нотариатын мэдэгдэх хуудас, цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр, захиргааны шийтгэвэр, улсын байцаагчийн төлбөр тогтоосон актын гүйцэтгэлийг шүүхээр баталгаажуулах

/Энэ зүйлийн гарчигт 2002 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт, 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хууль, 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

184.1.Эрх зүйн маргааныг энэ хуулийн 13.2-т зааснаар арбитр шийдвэрлэсэн, талууд гэрээндээ үл маргах журмаар биелүүлэхээр тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн болон цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр, улсын байцаагчийн төлбөр тогтоосон актыг албадан гүйцэтгүүлэхээр бол уг цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, арбитрын шийдвэр, нотариатын мэдэгдэх хуудас, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр, улсын байцаагчийн төлбөр тогтоосон акт шүүхээр баталгаажсан байна.

/Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт, 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт, 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

184.2.Шийдвэрийг гүйцэтгүүлэхийг сонирхож байгаа тал цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр, арбитрын шийдвэр, нотариатын мэдэгдэх хуудас, улсын байцаагчийн төлбөр тогтоосон актын гүйцэтгэлийг баталгаажуулахаар төлбөр төлөгчийн оршин суугаа /оршин байгаа/ харьяалах шүүхэд хүсэлт гаргана.

/Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт, 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

184.3.Цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр, Арбитрын шийдвэр, нотариатын мэдэгдэх хуудас, улсын байцаагчийн төлбөр тогтоосон актыг биелүүлэх боломжийг нь шүүх хянан үзэж ирүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүгчийн захирамжаар баталгаажуулна. Шүүгч ийнхүү захирамж гаргасан даруй гүйцэтгэх хуудас бичиж 7 хоногийн дотор төлбөр авагч, төлбөр төлөгч, шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2002 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт, 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/


Нотариатын үйлдэл хийх заавар:

Арван тав. Нотариатчийн мэдэгдэх хуудас бичих

15.1.Нотариатч мэдэгдэх хуудас үйлдэхдээ Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийг баримтална.

15.2.Нотариатч нь зөвхөн эрх бүхий байгууллагаас баталсан мэдэгдэх хуудасны загварын маягтыг хэрэглэнэ.

15.3.Нотариатч мэдэгдэх хуудсыг төлбөр авагч болон түүний төлөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн олгоно.

15.4.Талуудын хооронд төлбөрийг нотолж бичгээр хийсэн хэлцэл болон төлбөрийг үл маргах журмаар биелүүлэхээр тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн гэрээг тус тус үндэслэн нотариатч мэдэгдэх хуудас бичнэ.

15.5.Мэдэгдэх хуудас бичихдээ үндэслэсэн баримт бичгийн эх хувийг нотариатч өөртөө авч үлдэнэ. Мэдэгдэх хуудсанд хавсаргасан хуулбар, баримтуудын хуудас бүр дээр тамга дарна.

15.6.Нотариатчийн мэдэгдэх хуудас нь хэвлэмэл байна. Мэдэгдэх хуудсанд нотариатч тамгаа дарж, гарын үсгээ зурна. 

15.7.Ирүүлсэн баримт бичгийг үндэслэн мэдэгдэх хуудас бичих бололцоогүй тохиолдолд нотариатч энэ тухай үндэслэлээ хүсэлт гаргасан этгээдэд тодорхой тайлбарлаж баримт бичгийг буцаана.

15.8.Мэдэгдэх хуудсыг тусад нь бүртгэлийн дэвтэрт бүртгэж, хүлээн авсан хүнээр гарын үсэг зуруулна.

15.9.Бүртгэлийн дэвтэрт хүсэлт гаргасан этгээд/төлбөр авагч/ болон төлбөр төлөгчийн овог, эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, бичиг баримт/иргэний үнэмлэх, гэрчилгээ/-ын дугаар, регистр, аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, хаяг, бүртгэлийн дугаар, төлбөрийн агуулга, хэмжээ, мэдэгдэх хуудас бичсэн он, сар, өдөр, дугаар, үйлчилгээний хөлс зэргийг тодорхой тэмдэглэнэ./ХЗДХС-ын 2021 оны А/210 дугаар тушаалаар өөрчилсөн/

 

Нотариатын үйлдэл дараах төрөлтэй байна. Үүнд: 

  • гэрээ, хэлцэл гэрчлэх;
  • гэрээслэл гэрчлэх;
  • итгэмжлэл гэрчлэх;
  • өвлөх эрхийн гэрчилгээ олгох;
  • өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах;
  • хуулийн этгээд үүсгэн байгуулах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах баримт бичиг гэрчлэх;
  • эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичиг гэрчлэх;
  • гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ өмчлөх эрх гэрчлэх;
  • баримт бичгийн хуулбарыг болон орчуулгыг гэрчлэх;
  • баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх;
  • Иргэний хуулийн 237 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хүлээн авч хадгалах, шилжүүлэх;
  • нотариатын мэдэгдэх хуудас бичих.
  • хуульд заасан бусад.

Заавал гэрчлүүлэх нотариатын үйлдлийг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд үүнээс бусад үйлдлийг үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрчилнэ.

Нотариатын бүртгэл

Нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, сар өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ. Нотариатч гэрчилсэн үйлдлийн цахим бүртгэлийн хэвлэмэл эх хувийг цаасан хэлбэрээр хадгална.

Нотариатын бүртгэлд үйлчлүүлэгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хэрэв нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлсөн бол энэ тухай тус тус тэмдэглэнэ.

Үйлчлүүлэгч, нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, бусад оролцогч нотариатын бүртгэлд гарын үсэг зурна.

Нотариатын үйлдэл хийсэн баримт бичигт дарсан баталгааны тэмдгийн дардас дээрх дугаар нь тухайн бүртгэлийн дугаартай ижил байна.

Нотариатын бүртгэлийг уусдаггүй нэг өнгийн бэхээр хөтөлнө.

Дор дурдсанаас бусад тохиолдолд нотариатын үйлдлийг тухай бүрт нь хийнэ.

Нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах, түдгэлзүүлэх тохиолдлууд

  • Үйлчлүүлэгч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, эсхүл өөрийн үйлдэлд хяналт тавих чадваргүй байгаа бол энэ нөхцөл байдлыг арилах хүртэл нотариатын үйлдэл хийхийг хойшлуулна.
  • Иргэн, хуулийн этгээдээс баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг нэмж гаргуулах буюу тэдгээрийг шинжлүүлэх шаардлага гарсан тохиолдолд нотариатын үйлдэл хийхийг тодорхой хугацаагаар хойшлуулж болно.
  • Нотариатаар гэрчлүүлж байгаа баримт бичиг буюу эрхийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай өөр этгээдээс өргөдөл ирүүлсэн тохиолдолд уг асуудлаар нотариатын үйлдэл хийхийг 3-7 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулах бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдвол шүүхийн шийдвэр гартал нотариатын үйлдэл хийхийг түдгэлзүүлнэ.

Нотариатын үйлдэл хийхээс татгалзах тохиолдлууд

  • үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал;
  • өөртэй нь болон түүний гэр бүлийн гишүүнтэй нь холбоотой асуудал байвал;
  • өөрийнх нь байнгын үйлчлүүлэгчийн хувийн нууцтай холбоотой асуудлаар бусад этгээд нотариатын үйлдэл хийлгэхийг хүсвэл;
  • үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй, эсхүл төлөөлөх эрхгүй байвал;
  • хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцвол уг хэрэгт холбогдох баримт бичгийг;
  • хуульд заасан бусад.

 

Нотариатын мэдэгдэх хуудас бичих үйлдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183 дугаар зүйл, 184 дүгээр зүйл, Нотариатын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2, 45.3, 45.4, 45.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйл, Нотариатын үйлдэл эрхлэн хийх зааварын 15 дугаар зүйл заалтуудаар тус тус зохицуулсан байдаг.

Нотариатын мэдэгдэх хуудас нь төлбөр төлөгчөөс төлбөр авагчид олговол зохих мөнгө буюу эд хөрөнгийг гаргуулах тухай олгодог нотариатчийн гүйцэтгэх хүчин чадалтай үйлдэл юм..

Үйлчлүүлэгч нь мэдэгдэх хуудас бичүүлэх тухай хүсэлтээ бичгээр нотариатчид гаргана.  Энэ хүсэлтийг үндэслээд нотариатч талуудын хооронд төлбөрийг нотолж бичгээр хийсэн хэлцэл, төлбөрийг үл маргах журмаар биелүүлэхээр харилцан тохиролцож нотариатаар гэрчлүүлсэн гэрээ болон холбогдох бусад баримт бичгийг хянан үзээд мэдэгдэх хуудас бичнэ. Өөрөөр хэлбэл талуудын хооронд ямар нэгэн маргаан байхгүй, төлбөр төлөгч нь төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрсөн энэ тухайгаа гэрээ байгуулж гэрчлүүлсэн байхыг шаардана. 

Мөн мэдэгдэх хуудас бичихдээ баримт бичиг, гэрээ нь төлбөр төлөгчөөс төлбөр авагчид төлбөр төлөх нь маргаангүй  гэдгийг нотолж байгаа эсэх, нэхэмжлэл гаргах эрх үүссэнээс хойш 3 жил өнгөрсөн эсэх нөхцөлийг харгалзан үзнэ. Энэ нөхцөлийг хангаагүй тохиолдолд хүсэлт гаргасан үйлчлүүлэгчид тодорхой тайлбарлаж баримт бичгийг буцаана. Маргаантай бол тухайн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхийг үйлчлүүлэгчид зөвлөнө.

Мэдэгдэх хуудсанд заасан үүргийг биелүүлэх хугацааг зааж өгнө. Энэ хугацаа нь уг үүргийг сайн дураар биелүүлэх хугацаа болно. Хэрэв уг хугацаанд үүргээ биелүүлээгүй бол ИХШХШ тухай хуульд зааснаар төлбөр төлөгчийн оршин суугаа дүүргийн шүүхэд төлбөр авагч нь хүсэлт гаргаж нотариатчийн мэдэгдэх хуудас, холбогдох гэрээ, баримт бичгийг хавсаргаж өгнө.

Шүүх хянаж үзээд 7 хоногийн дотор уг мэдэгдэх хуудсыг шүүгчийн захирамж гарган баталгаажуулна. Шүүх захирамж гаргасан даруйдаа гүйцэтгэх хуудас бичиж Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлнэ.

Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасны дагуу уг мэдэгдэх хуудсыг албадан гүйцэтгүүлнэ.

Мэдэгдэх хуудсанд үйлдсэн газар, огноо, мэдэгдэх хуудас бичиж буй нотариатчийн овог нэр, тойрог, үндэслэж буй баримт бичиг, төлбөрийн хэмжээ, төлбөр төлөгч, төлбөр авагчийн овог нэр, регистрийн дугаар, банкин дахь дансны дугаар, төлбөр гаргуулах хугацаа, нотариатын үйлчилгээний хөлс зардлын хэмжээ зэргийг тусгана.

Мэдэгдэх хуудас бичих нь төлбөр авагч шүүхэд хандах шаардлагагүй болж  шүүхийн ачааллыг багасгана,   шүүхэд хандахгүй учраас төлбөр төлөгч, төлбөр хүлээн авагч нарын аль нь ч улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй, үйлчлүүлэгчийн цаг хугацааг хэмнэх олон талын ач холбогдолтой үйлдэл юм.

Агуулга анх оруулсан: 2018-09-03 Шинэчилсэн: 2023-04-19

Мэдээ мэдээлэл