Даатгалын төрөл ангилал Албан журмын даатгал

Хуульд заасны дагуу иргэд заавал даатгуулбал зохих даатгалын төрөл юм. Үүнд: Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгал, зорчин явагчдын гэнэтийн ослын даатгал гэх мэт хамаарах ба үүнээс бид жолоочийн хариуцлагын даатгалын тухай танд хүргэж байна.

Жолоочийн албан журмын хариуцлагын даатгалын харилцаа нь жолоочийн даатгалын тухай хуулиар зохицуулна. Тус хуульд жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах тухай зохицуулсан байдаг.

Даатгуулагчийн эрх, үүрэг:

  • Нөхөн төлбөрийг гэрээнд заасны дагуу даатгагчаас гаргуулан авах.

  • Даатгалын хууль, гэрээтэй холбоотой тайлбар, зөвлөгөө авах.

  • Даатгалын гэрээг үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах.

  • Даатгагч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээг цуцлах болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардах.

  • Даатгуулагч даатгалтай тээврийн хэрэгслийн улсын дугаар, хөдөлгүүрийн дугаар өөрчлөгдөх, өнгө солигдох зэргээр өөрчлөлт орсон тохиолдолд даатгагчид 14 хоногийн дотор мэдэгдэн даатгалын гэрээндээ өөрчлөлт оруулах эрх үүрэгтэй.

  • Даатгалтай тээврийн хэрэгслийн өмчлөлд өөрчлөлт орж шинэ өмчлөгчид шилжүүлсэн тохиолдолд даатгуулагч эсвэл шинэ өмчлөгч даатгагчид нэн даруй мэдэгдэн даатгалын гэрээгээ цуцлах, шинээр байгуулах асуудлаар саналаа ирүүлэх үүрэгтэй.

  • Даатгалтай холбоотой баримт, мэдээллийг даатгагчид үнэн зөв гаргаж өгөх.

  • Тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээр, хариуцлагын даатгалд тогтоосон хязгаараас доошгүй үнэлгээгээр даатгуулах.

  • Даатгалын зүйлийг эрсдлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдлын үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой бүхий л арга хэмжээг авах.

  • Даатгалын гэрээ байгуулах үеийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйлүүд өөрчлөгдсөн тохиолдолд даатгагчид мэдэгдэх.

  • Даатгалын хууль, гэрээний дагуу даатгагчаас гарсан зардлыг буруутай этгээдээс нэхэмжлэн авахад даатгагчид бүх талын туслалцааг үзүүлэх.

  • Даатгалын тохиолдлын үед даатгалын гэрээнд заасан өөрийн хүлээх хариуцлагын хэмжээгээр үүрэг хүлээх.

  • Даатгал хийлгэхтэй болон нөхөн төлбөр гаргуулан авахтай холбоотой баримт, материалыг даатгагчид саадгүй, үнэн зөв гаргаж өгөх.

Даатгуулагчийн тусгай үүрэг:

  • Техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, Монгол улсын зам тээврийн хөдөлгөөнд оролцох эрх олгох үзлэгт орсон байх

  • Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм журмыг ёсчлон биелүүлж хөдөлгөөнд оролцох Техникийн бүрэн бүтэн байдлыг хангах.

  • Даатгалын тохиолдол болсон үед бодит хохирлын хэмжээг үнэн зөв гаргаж өгөх

  • Үйлдвэрлэгчээс гаргасан техник ашиглалын заавар, ажиллагааны зааврыг зөрчихгүй байх

  • Тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, тээврийн хэрэгслийн ашиглалтын горим, зааврыг зөрчилгүй, даац, ачаалал хэтрүүлэхгүй байх.

Даатгагчийн эрх, үүрэг:

  • Даатгуулагч хуурамч мэдээлэл өгсөн нь нотлогдвол түүнчлэн даатгалын хураамжийг хууль буюу гэрээгээр тогтоосон хугацаанд төлөөгүй бол гэрээг цуцлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардах.

  • Даатгалын тохиолдолын газар дээр очиж даатгалын гэрээнд заасан эрсдэл үүссэн эсэхийг нягталж тогтоох, учирсан хохирлын хэмжээг нэг бүрчлэн тогтоож даатгуулагчид танилцуулах.

  • Даатгуулагчид учирсан хохиролд зах зээлийн үнийн судалгаа хийсний үндсэн дээр үнэлгээ хийж даатгуулагчид танилцуулна.

  • Даатгуулагчаас ирүүлсэн нөхөн төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авч шаардлагатай гэж үзвэл нэмэлт материал гаргуулан авах эрхтэй.

  • Даатгуулагчийн ирүүлсэн даатгалын нөхөн төлбөр хүссэн баримт материал эргэлзээтэй тохиолдолд эрх бүхий байгууллага албан тушаалтанд хандаж дүгнэлт тодорхойлолт гаргуулах.

  • Даатгалын тохиолдлын улмаас бүрэн сүйрсэн тээврийн хэрэгсэл болон эвдэрч гэмтсэн эд ангийг даатгагч шинээр сольж, нөхөн сэргээсэн бол тухайн тээврийн хэрэгсэл, гэмтсэн эд ангийг өөрийн мэдэлд авах эрхтэй.

  • Зам  тээврийн осол хэрэг эрх бүхий Цагдаа, Прокурор, Шүүхийн байгууллагад шалгагдаж хянагдаж байгаа тохиолдолд даатгагч энэхүү гэрээний дээр заасан хугацааг хойшлуулах эрхтэй.

  • Монгол Улсын хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд даатгуулагчийн талаар өөрт хадгалагдаж буй мэдээ материалын нууцыг задруулахгүй байх.

  • Даатгалын гэрээ байгуулах, үүссэн хохирлыг шуурхай чирэгдэлгүй барагдуулах үүднээс даатгуулагчид хууль тогтоомж, гэрээний нөхцлийн талаар үнэн зөв мэдээлэл, бүрдүүлэх баримтын асуудлаар зөвлөгөө өгнө.

  • Даатгалын эрсдлийн улмаас учирч болох хохирлын хэмжээг багасгахын төлөө даатгуулагчийн авсан арга хэмжээний зардлыг нөхөн төлбөр дээр нэмж тооцох.

Мөн Жолоочийн даатгалын тухай хуулийн 13.1-т зааснаар Даатгалын тохиолдол гаргасан бол даатгуулагч дараах үүрэгтэй.

Даатгалын тохиолдол гарсан талаар даатгагч, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, даатгалын баталгааг шалгуулах;

Хэрэв зам тээврийн осол гаргасан жолооч Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хийлгээгүй, даатгалын гэрээний хугацаа нь дуусгавар болсон бол даатгалын компани хохирлыг хариуцахгүй юм.

Зам тээврийн осол гарсан даатгалгүй хийлгээгүй, даатгалын гэрээ дууссан даатгалын компани хохирлыг хариуцахгүй

Гэвч Жолоочийн даатгалын тухай хуулийн “ зам тээврийн ослын улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирогчид нөхөн төлбөр олгох” зарчмын хүрээнд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалгүй жолоочийн гаргасан зам тээврийн ослын хохирлын Жолоочийн даатгалын сан хариуцахаар заасан.

Иймд та Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалгүй жолоочийн гаргасан зам тээврийн улмаас хохирсон бол Жолоочийн даатгалын санг хариуцдаг Албан журмын даатгагчдын холбоонд нэн дариу мэдэгдэж, төлбөр нэхэмжлэх боломжтой.

            Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх, зүйн акт:

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он ) ЭНД  дарж үзнэ үү.

  • Жолоочийн даатгалын тухай хууль (2011 он ) ЭНД дарж үзнэ үү.

  • “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын мэдүүлгийн маягт, гэрээний стандарт, загвар”-ыг шинэчлэн батлах тухай (2018 он ) ЭНД дарж үзнэ үү.

  • Жолоочийн даатгалын санд хөрөнгө шилжүүлэх журам ( 2013 он ) ЭНД дарж үзнэ үү.

 

Даатгалын компани, шуурхай алба, нөхөн төлбөртэй холбоотой санал гомдол байгаа бол Санхүүгийн зохицуулах хороо Даатгалын газарт хандана.

  • Даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлыг тухайн даатгалын тохиолдол гарсан даруйд нөхөн төлөхөөр жолооч хохирогчтой тохиролцсон бол даатгагчид энэ тухайгаа мэдэгдэх бөгөөд даатгагчаас эргэн төлүүлэхээр даатгагчийн зааврын дагуу хохирлыг жолооч барагдуулж болно.

  • Даатгуулагч жолоочийн даатгалын тухай хуульд заасан үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцахгүй бөгөөд хохирлыг даатгуулагч өөрөө хариуцна.

  • Даатгуулаагүй жолооч жолоочийн даатгалын тухай хуульд заасан үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцахгүй бөгөөд хохирлыг жолооч өөрөө хариуцна.

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хугацаа 1 жил байна.

Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээтэй холбогдон гарсан маргаантай асуудлыг Талууд эв зүйгээр яриа хэлэлцээний замаар шийдвэрлэнэ.

Эв зүйгээр шийдвэрлэх боломжгүй нөхцөлд Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороонд хандаж шийдвэрлүүлнэ. Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл талууд Монгол улсын Шүүхэд гомдол гаргаж болно.

Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно.

Арбитрын хэлэлцээртэй бол даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ.

Маргааныг Арбитрын журмаар шийдвэрлэх тохиолдолд шүүхэд хамаарахгүй.

Дараах хохирол даатгалын тохиолдолд үл хамаарна:

  • Сэтгэл санааны хохирол

  • Хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаас үүссэн хохирол

  • Даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол

  • Жолоочийн даатгалын тухай хууль болон даатгалын гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол

Жолоочийн хүлээх үүрэг

Даатгалын тохиолдол гаргасан бол даатгуулагч дараах үүрэгтэй:

  • Жолоочийн даатгалд даатгуулсан тухайгаа хохирогчид мэдэгдэх

  • Даатгалын тохиолдол гарсан талаар даатгагч, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, даатгалын баталгааг шалгуулах

  • Даатгалын тохиолдол болон нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгагчийн болон эрх бүхий этгээдийн шаардсан хугацаанд гаргаж өгөх;

  • Даатгагч нь дампуурсан бол шуурхай албанд болон шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад             мэдэгдэх.

Даатгалын тохиолдол гаргасан даатгуулаагүй жолооч дараах үүрэг хүлээнэ:

  • Жолоочийн даатгалд даатгуулаагүй тухайгаа хохирогчид мэдэгдэх

  • Даатгалын тохиолдлын талаар шуурхай алба, цагдаагийн байгууллагад мэдэгдэх.

Даатгалын тохиолдол гаргасан болон даатгалын тохиолдол гаргасан даатгуулаагүй жолооч нь даатгалын тохиолдлын тодорхойлолтын маягтыг даатгалын тохиолдол гарсан даруйд бөглөж, гарын үсэг зурна.

Тээврийн хэрэгслийн өмчлөгч, жолооч даатгуулагч дараах даатгалын суурь хураамжийг төлнө:

  • “А” ангиллын тээврийн хэрэгсэлд 12500 төгрөг;

  • “В” ангиллын тээврийн хэрэгсэлд 33000 төгрөг;

  • “С” ангиллын тээврийн хэрэгсэлд 42500 төгрөг;

  • “D” ангиллын тээврийн хэрэгсэлд 53000 төгрөг;

  • “Механизм” ангиллын тээврийн хэрэгсэлд 12500 төгрөг;

Тээврийн хэрэгслийн өмчлөгч болон тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч, C, D ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцогчид нь албан журмаар даатгуулагчид бөгөөд дараах 3 зүйлийг анхааралдаа авахыг Албан журмын даатгагчдын холбооноос мэдээлж байна.

  1. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг цахим гарын үсэг (цахим гарын үсэг тээгч төхөөрөмж) ашиглан гэрээсээ, ажлын байрнаасаа хийх боломж бүрдлээ. Та ухаалаг гар утсандаа “АЖД” аппликейшнийг татан суулгах, компьютер дээрээ веб хөтөч ашиглан www.insuretech.mn цахим хуудсанд хандах.

  2. Зам тээврийн осол буюу даатгалын тохиолдлын дуудлагыг 18001177 дугаарын утсанд холбогдож мэдэгдэх эсхүл Холбооны “АЖД” аппликейшнийг Appstore, Playstore болон www.ami.mn цахим хуудаснаас татаж суулгана уу.

  3. Албан журмын даатгалд даатгуулагч та Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу тухайн жилийн даатгалын хураамжийг даатгагчийн дансанд төлснөөр гэрээ хүчин төгөлдөр болж, даатгалын баталгааг өгөх болсныг мэдээлж байна. Үүнийг 2019.08.01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ.

Жолооч та 2019.08.01-ээс эхлэн зам тээврийн ослын дуудлагыг дараах хоёр хэлбэрээр өгнө.

  1. Албан журмын даатгагчдын холбооны 1800-1177 дугаарт холбогдож, ослын талаар мэдэгдэнэ.

  2. Зам тээврийн ослын үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлыг жолооч нар өөр хоорондоо буюу даатгалын байгууллагаар маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол “Албан журмын даатгал” аппликэйшнаар дамжуулан ослын болон бичиг баримтын зургийн хамт илгээж нөхөн төлбөрөө авах боломжтой.

Асуулт 1. Даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо даатгалын суурь хураамжийн хэмжээг ямар итгэлцүүрээр тооцох вэ?

  • Тээврийн хэрэгслийг ашиглах газар нутгийн байршил;

  • Өмнөх гэрээний хугацаанд даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоо, олгосон нөхөн төлбөрийн хэмжээ;

  • Даатгуулагчийн нас, автотээврийн хэрэгсэл жолоодох туршлага;

  • Даатгалын гэрээний хугацаа;

  • Даатгалын хураамжийн хэмжээг журамд зааснаас доогуур тогтоосон, эсхүл нөхөн төлбөрийг нэмэгдүүлэхэд нөлөөлөхүйц худал мэдүүлэг санаатай өгсөн эсэх;

  • Тээврийн хэрэгслийг ашиглах жолоочийн тоо;

  • Тээврийн хэрэгслийн даац, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадал;

  • Тээврийн хэрэгслийн зориулалт;

  • Чиргүүлтэй эсэх.

Асуулт 2. Даатгалын тохиолдолд хамаарахгүй хохиролд ямар хохирол багтах вэ?

Дараах хохирол даатгалын тохиолдолд үл хамаарна:

  • Сэтгэл санааны хохирол;

  • Хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаас үүссэн хохирол;

  • Даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол;

  • Жолоочийн даатгалын тухай хууль болон даатгалын гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол

Асуулт 3. Хохирлын хэмжээг тодорхойлох

Даатгагч, даатгалын хохирол үнэлэгч болон хуульд заасан эрх бүхий этгээд нь хохирогчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг дараах журмын дагуу тодорхойлно:

  • Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу;

  • Хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талууд санал нэгдсэн бол тэдгээрийн харилцан тохиролцсон хэмжээгээр;

  • Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талуудын санал зөрчсөн бол Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасны дагуу;

  • Хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талуудын санал зөрчсөн бол Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасны дагуу.

Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулна.

Асуулт 4. Жолоочийн хариуцлагын даатгалд хэдэн хүн даатгуулж болох вэ?

Жолоочийн хариуцлагын даатгалд тухайн тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчээс гадна 5 хүртэлх жолоочийг нэр дурьдсан жолоочоор бүртгэн даатгуулах боломжтой.

Асуулт 5. Хэрэв даатгуулагч автомашинаа жилийн дундуур зарсан тохиолдолд даатгалд төлсөн төлбөрөө хэрхэн буцааж авах вэ?

Даатгуулагч даатгалын хугацаа дуусахаас өмнө автомашинаа зарсан тохиолдолд даатгалын гэрээг цуцалж үлдэх хураамжийг өөртөө авч болно.           Даатгал цуцлах үеийн даатгуулагчид үлдэх хураамж нь ашигласан хугацааны хураамж, олгосон нөхөн төлбөрийн дүн, даатгалын компанийн үйл ажиллагааны зардлыг хассан дүн байна.

Асуулт 6. Жолоочийн даатгалын тухай хуулиар иргэн хүн шинэ машин аваад оношлогоонд хамрагдах, тээврийн хэрэгслийн гэрчилгээ авах болон улсын дугаар авахаас өмнө даатгал хийх шаардлага гарч байна. Харин даатгал хийлгэхийн тулд тээврийн хэрэгслийн гэрчилгээ улсын дугаар шаардагдаж байна. Алийг нь эхэлж авах вэ? Яаж энэ асуудлыг шийдэх вэ?

Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасанчлан тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулж, тээврийн хэрэгслийн өмчлөгч жолоочийн даатгалд даатгуулаагүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хориглосон. Иймээс даатгалын гэрээг эхлээд хийлгэх шаардлагатай бөгөөд шинэ тээврийн хэрэгслийн хувьд даатгагч тээврийн хэрэгслийн арлын дугаараар даатгалыг хийж, техникийн хяналтын үзлэг оношлогоонд орж, улсын дугаар авсны дараагаар даатгуулагч даатгагчид эргэж мэдэгдэн даатгалын гэрээ, мэдээллийн санд мэдээллийг бүрэн хэмжээнд нөхөн оруулах боломжтой.

Асуулт 7. Мэргэшсэн жолооч гэж Монгол улсад мөрдөгдөж байгаа Автотээврийн тухай хууль, холбогдох журамд заахдаа тусгай шалгалт өгч тэнцсэн, мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй хүнийг хэлнэ гэдэг тайлбарыг дагаж мөрдөх үү?

Мэргэшсэн жолооч гэдэгт Автотээврийн тухай хуулийн 3.1.15-д заасныг ойлгоно.

Асуулт 8. Жолоочийн даатгалын хуулийн дагуу даатгалын компаниуд нөхөн төлбөр олгохдоо бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлыг хэрхэн нотолж олгох вэ? Эрүүл мэндэд хохирол учирснаас үүдэн гарах бусад зардлыг олгох уу?

Хохирогчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг Жолоочийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журмын дагуу тодорхойлж, даатгагч, жолоочийн даатгалын сан даатгалын нөхөн төлбөрийг жолоочийн даатгалын үнэлгээний хэмжээнд багтаан олгоно.

Асуулт 9. Байгууллага аж ахуй нэгжийн хувьд нэг машины төлөө 2 хураамж төлж байгааг юу гэж тайлбарлах вэ? Нөхөн төлбөр авах болохоор 1 хураамжийн төлөө авдаг ямар учиртай болох?

Жолоочийн даатгалд даатгуулах этгээд нь тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр байх тул өмчлөгч нь тээврийн хэрэгслийн тооноос үл хамааран тээврийн хэрэгсэл тус бүрээр жолоочийн даатгалд даатгуулна.

Асуулт 10. E ангиллын тээврийн хэрэгслийн хураамж, үнэлгээ хэд вэ?

Жолоочийн даатгалын тухай хуулийн 10.1-д даатгалын суурь хураамжийг заасан. E ангилалд чиргүүл хамаардаг бөгөөд чиргүүл нь дангаараа замын хөдөлгөөнд оролцдоггүй. Хуулийн 11.1-д даатгалын хураамжийн хэмжээг тогтооход  ашиглах итгэлцүүрийг заасан ба чиргүүлтэй байх эсэх нь тухайн даатгуулагчийн төлөх хураамжийг тогтоох нэг үзүүлэлт болно.

Агуулга анх оруулсан: 2019-12-09 Шинэчилсэн: 2019-12-09

Мэдээ мэдээлэл