Нотариатын үйлчилгээ Хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг гэрчлэх

Хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг гэрчлэх

Хуулийн этгээд үүсгэн байгуулах, хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах баримт бичиг гэрчлэх

Нотариатч хуулийн этгээдийг үүсгэн байгуулах, хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах баримт бичгийг гэрчлэхдээ оролцогчдын иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулийн этгээдийг үүсгэн байгуулах шийдвэр, тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэл болгоно.

Нотариатч Иргэний хуулийн 33 дугаар зүйлд заасан хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан баримт бичгийг болон хуулийн этгээдийн мэдээлэлд орох өөрчлөлтийг гэрчлэхдээ тухайн баримт бичиг нь хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг нягтална.

33 дугаар зүйл. Хуулийн этгээдийн төрөл

33.1.Ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компанийн хэлбэрээр байгуулна.

33.2.Ашгийн төлөө бус хуулийн этгээдийг холбоо, сан, хоршооны хэлбэрээр байгуулна.

Нотариатын үйлдэл хийх заавар:

 

Арав. Хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичгийг гэрчлэх

10.1.Хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичгийг гэрчлэхдээ нотариатч нь Нотариатын тухай хуулийн 50 дугаар зүйлийг баримтлана.

10.2.Хуулийн этгээдийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан болон дүрмийн шинэчилсэн найруулгыг гэрчлэхдээ Нөхөрлөлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйл, Хоршооны тухай хуулийн 11 дүгээр зүйлийг тус тус баримтална. 

/ХЗДХС-ын 2021 оны А/210 дугаар тушаалаар өөрчилсөн/

10.3.Нотариатч нь хуулийн этгээд үүсгэн байгуулах хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах баримт бичгийг гэрчилж, тамга, гэрээний үнэн зөвийг гэрчлэх баталгааны тэмдэг дарна. 

/ХЗДХС-ын 2021 оны А/210 дугаар нэмэлт орсон/

 

Нотариатын үйлдэл дараах төрөлтэй байна. Үүнд: 

  • гэрээ, хэлцэл гэрчлэх;
  • гэрээслэл гэрчлэх;
  • итгэмжлэл гэрчлэх;
  • өвлөх эрхийн гэрчилгээ олгох;
  • өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах;
  • хуулийн этгээд үүсгэн байгуулах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах баримт бичиг гэрчлэх;
  • эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичиг гэрчлэх;
  • гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ өмчлөх эрх гэрчлэх;
  • баримт бичгийн хуулбарыг болон орчуулгыг гэрчлэх;
  • баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх;
  • Иргэний хуулийн 237 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хүлээн авч хадгалах, шилжүүлэх;
  • нотариатын мэдэгдэх хуудас бичих.
  • хуульд заасан бусад.

Заавал гэрчлүүлэх нотариатын үйлдлийг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд үүнээс бусад үйлдлийг үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрчилнэ.

Нотариатын бүртгэл

Нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, сар өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ. Нотариатч гэрчилсэн үйлдлийн цахим бүртгэлийн хэвлэмэл эх хувийг цаасан хэлбэрээр хадгална.

Нотариатын бүртгэлд үйлчлүүлэгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хэрэв нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлсөн бол энэ тухай тус тус тэмдэглэнэ.

Үйлчлүүлэгч, нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, бусад оролцогч нотариатын бүртгэлд гарын үсэг зурна.

Нотариатын үйлдэл хийсэн баримт бичигт дарсан баталгааны тэмдгийн дардас дээрх дугаар нь тухайн бүртгэлийн дугаартай ижил байна.

Нотариатын бүртгэлийг уусдаггүй нэг өнгийн бэхээр хөтөлнө.

 

Дор дурдсанаас бусад тохиолдолд нотариатын үйлдлийг тухай бүрт нь хийнэ.

Нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах, түдгэлзүүлэх тохиолдлууд

  • Үйлчлүүлэгч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, эсхүл өөрийн үйлдэлд хяналт тавих чадваргүй байгаа бол энэ нөхцөл байдлыг арилах хүртэл нотариатын үйлдэл хийхийг хойшлуулна.
  • Иргэн, хуулийн этгээдээс баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг нэмж гаргуулах буюу тэдгээрийг шинжлүүлэх шаардлага гарсан тохиолдолд нотариатын үйлдэл хийхийг тодорхой хугацаагаар хойшлуулж болно.
  • Нотариатаар гэрчлүүлж байгаа баримт бичиг буюу эрхийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай өөр этгээдээс өргөдөл ирүүлсэн тохиолдолд уг асуудлаар нотариатын үйлдэл хийхийг 3-7 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулах бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдвол шүүхийн шийдвэр гартал нотариатын үйлдэл хийхийг түдгэлзүүлнэ.

Нотариатын үйлдэл хийхээс татгалзах тохиолдлууд

  • үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал;
  • өөртэй нь болон түүний гэр бүлийн гишүүнтэй нь холбоотой асуудал байвал;
  • өөрийнх нь байнгын үйлчлүүлэгчийн хувийн нууцтай холбоотой асуудлаар бусад этгээд нотариатын үйлдэл хийлгэхийг хүсвэл;
  • үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй, эсхүл төлөөлөх эрхгүй байвал;
  • хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцвол уг хэрэгт холбогдох баримт бичгийг;
  • хуульд заасан бусад.

 

 

 

Хуулийн этгээд нь Иргэний хуульд заасан шинжийг агуулсан зохион байгуулалтын нэгдэл бөгөөд Иргэний эрх зүйн харилцааны оролцогч байна. Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлсэнээр үүсдэг.

Хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичигт шинээр үүсгэн байгуулагдаж байгаа хуулийн этгээдийн гэрээ, дүрэм, хуулийн этгээд үүсгэн байгуулах өргөдөлд зурсан гарын үсгийн баталгаа орох бөгөөд эдгээр бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлдэг.

Гадаадын хөрөнгө оруулалттай компаний хувьд гэрээ, дүрмээс гадна түүний орчуулгыг гэрчилдэг.

Гэрээ дүрмийг тус хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч этгээд өөрөө биечлэн эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гэрчлүүлж болно.

Үүсгэн байгуулагч нь иргэн бол цахим үнэмлэх, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, үүсгэн байгуулах шийдвэр, тогтоол зэргээр хувийн байдлыг тогтоож холбогдох бусад бичиг баримтыг нягтлан шалгаж гэрчилнэ.

Агуулга анх оруулсан: 2018-09-03 Шинэчилсэн: 2023-04-19

Мэдээ мэдээлэл