Нийгмийн даатгал Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал гэж даатгуулагч нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үйлчлэлд өртөж эрүүл мэндээр хохирох , амь насаа алдсан тохиолдолд даатгуулагч болон даатгуулагчийн гэр бүлд олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

"Монгол Улсын Үндсэн хууль"-ийн хоёрдугаар бүлэг, арван гурав дугаар зүйлийн 5 дахь хэсэгт өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй гэж заасан байдаг.

"Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль"-ийн 5 дугаар зүйлд Тахир дутуугийн тэтгэвэр авах эрхийн тухай зохицуулсан заалт байдаг. Энэ заалтад нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр авах эрх бүхий этгээдийг заасан байдаг. Үүнд: 

  1. Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар буюу байнга алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
  2. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Нийгмийн даатгалын тухай хууль (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Монгол улсын иргэний хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү
  • Хөдөлмөрийн тухай хууль (2021 он) ЭНД дарж үзнэ үү
  • Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай (2015 он) ЭНД дарж үзнэ үү
  • Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай (1999 он) ЭНД дарж үзнэ үү
  • Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай (2017 он) ЭНД дарж үзнэ үү

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас нөхөн олговор авахыг хүссэн иргэн тодорхой нөхцөл болзлыг хангасны үндсэн дээр, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн харьяа сум дүүргийн нийгмийн даатгалын байгууллага, үйлдвэрлэлийн осол,  мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал хариуцсан нийгмийн даатгалын байцаагчид хандаж ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүснэ.

Нийгмийн даатгалын байгууллага дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  • нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;
  • нийгмийн даатгалын санг бүрдүүлж, орлого, зарлагын гүйцэтгэлийг хангах;
  • нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь олгох ажлыг зохион байгуулж, үйлчилгээг сайжруулах;
  • улсын нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагаа, түүний арга хэлбэрийг боловсронгуй болгох талаар судалгаа хийх, санал боловсруулж шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх;
  • доод шатны байгууллагынхаа үйл ажиллагаанд хяналт тавих;
  • хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг

Нийгмийн даатгалын байцаагчийн эрх, хариуцлага

Нийгмийн даатгалын байгууллагад 2-оос доошгүй жил ажиллаж мэргэшсэн, мэргэжлийн өндөр зэрэгтэй нийгмийн даатгалын байгууллагын ажилтанд нийгмийн даатгалын төв байгууллагын саналыг үндэслэн нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний шийдвэрээр нийгмийн даатгалын байцаагчийн эрх олгоно.

Нийгмийн даатгалын байцаагч дараах эрх эдэлнэ:

  • шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон данс бүртгэл, тайлан тэнцэл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах;
  • зөвхөн нийгмийн даатгалын хяналт шалгалтад шаардагдах магадлагаа, баримтын хуулбарыг ажил олгогчийн харилцагч банк, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулах;
  • шимтгэл оногдох орлого нуусныг гэрчлэх баримтыг ажил олгогч болон даатгуулагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу түр хугацаагаар хураан авах, хуулбарлах;
  • тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэл болон нөхөн ногдуулсан шимтгэл, алданги, хүү, торгуулийг шимтгэл төлөгчөөс үл маргах журмаар гаргуулах;
  • ажил олгогч болон даатгуулагчид энэ хуульд заасан хариуцлага хүлээлгэх;
  • даатгуулагч, ажил олгогч хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг албан үүргээ гүйцэтгэх явцад илрүүлэн холбогдох байгууллагад мэдэгдэх.
  • байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын байр, ажиллагчдын тоог цалингийн сан, төлсөн шимтгэлийн тооцоотой тулган шалгах;
  • ажиллагчдын тоог дарагдуулсан, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулсан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин олгож байсан болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс өр үүсгэсэн, ажиллагчдын төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын санд хугацаанд нь оруулаагүй зэрэг зөрчил гаргасан албан тушаалтанд хууль, тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх;
  • шимтгэл төлөхтэй холбогдсон хууль бус үйл ажиллагааг нуух, шимтгэлийн орлогыг хувийн зорилгод ашиглах, хээл хахууль авах, “ёс зүйн хэм хэмжээ зөрчих, мэдээллийн нууц задруулах, эрхээ хэтрүүлэх зэргээр албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нийгмийн даатгалын байцаагчид хууль тогтоомжид заасан сахилгын, захиргааны, эд хөрөнгийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Та үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулснаар

  • Тахир дутуугийн тэтгэвэр
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
  • Хөдөлмөрийн чадвар тvр алдсаны тэтгэмж
  • Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр
  • Тэтгэврийн даатгалын шимтгэл
  • Даатгуулагчийг сувилахад ногдох тусламж vйлчилгээний хувьсах зардал зэргийг авах эрхтэй

Үйлдвэрлэлийн осол гэж юу вэ?

Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үйлчлэлд өртөж эрүүл мэндээр хохирох, амь насаа алдахыг үйлдвэрлэлийн осол гэнэ.

Мэргэжлээс шалтгаалсан өвчин гэж юу вэ?

Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үүссэн үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг "мэргэжлээс шалтгаалсан өвчин" гэнэ.

Ямар нөхцөл байдалд гарсан осолд даатгуулагч өртсөн тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох вэ?

Дараах нөхцөл байдалд гарсан үйлдвэрлэлийн осолд даатгуулагч өртсөн тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгоно. Үүнд:

  • Ажлын байрандаа болон бусад газарт ажил үүргээ гүйцэтгэх явцад
  • Ажил эхлэхийн өмнө ажилд бэлтгэх буюу дууссаны дараа ажлын байр, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх үед
  • Ажилдаа ирэх, буцах замд

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан даатгуулагч ямар тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхтэй вэ?

Энэ даатгалд даатгуулсан даатгуулагч нь

  • Тахир дутуугийн тэтгэвэр
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж
  • Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр зэргийг авах эрхтэй

Хэдэн жил шимтгэл төлсөн даатгуулагч үйлдвэрлэлийн осолд өртвөл тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсэх вэ?

Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа байнга буюу удаан хугацаагаар алдвал түүнд энэ даатгалд шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан тэтгэвэр, тэтгэмж олгоно.

Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг хаана тогтоох вэ?

Даатгуулагчийн мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь, хэмжээ, хугацааг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.

Тахир дутуугийн тэтгэврийн хэмжээг яаж тооцдог вэ?

Тахир дутуугийн тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 10 хүртэл хувиар алдсан бол 10 хувиар, 10-аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтооно.

Жишээ:

Даатгуулагч "Д" үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 55 хувиар алдаж тахир дутуу болсон. Түүний сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлого 475000 төгрөг. Тэгэхээр даатгуулагч "Д" тахир дутуугийн тэтгэвэрт сард 261250 төгрөг (475000x55%) авна.

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгоход ямар баримт, бичиг бүрдүүлэх вэ?

  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • 1995 оноос өмнө ажиллаж байсан даатгуулагч хөдөлмөрийн дэвтэр
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын акт
  • Үйлдвэрлэлийн ослын акт
  • Даатгуулагчийн иргэний үнэмлэх
  • 2 хувь цээж зураг /3x4/
  • Өргөдөл

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар түр алдахад даатгуулагчид ямар хэмжээний тэтгэмж олгодог вэ?

Үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогын 100 хувиар тооцож олгоно.

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцож олгоно

Даатгуулагчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас өөр ямар төрлийн төлбөр олгох вэ?

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид хиймэл эрхтэн, засал эмчилгээ хийлгэсний үнийг эхний удаа 100 хувь, 2 дахь удаагийн үнийн 50 хувийг олгоно. Мөн зайлшгүй шаардлагаар мэргэжлийн (гэмтлийн) эмнэлгийн байгууллагын дүгнэлтийн дагуу засал эмчилгээ (протез, ортопед)-г гадаад оронд хийлгэхэд түүний нэг удаагийн үнийг олгоно.

Гадаад оронд хийлгэсэн протез, ортопедийн төлбөрийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан жишиг үнийг баримтлан бэлэн бусаар шилжүүлнэ.

Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.

Даатгуулагч нь гэмтлийн зэрэг болон хөдөлмөрийн чадвар алдалтаас хувь хэмжээ, хугацаанаас хамаарч харилцан ялгаатай байдлаар тэтгэвэр тэтгэмж олгоно.

Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас тахир дутуу болсон тохиолдолд:

Тахир дутуугийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, хэрэв тэтгэвэр авагч нас барвал нас барсны дараагийн сар дуустал олгоно.

Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгуулагч нас барсан тохиолдолд:

Тэжээгчээ алдсаны тэтгэврийг тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн хүүхдэд 19 нас хүртэл, тахир дутуу иргэнд хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд нь, тэтгэврийн насанд хүрсэн иргэнд нас барсны дараагийн сар дуустал тус тус олгоно.

Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд:

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг хөдөлмөрийн чадвар алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр тогтоогдох эрх үүсэх хүртэл хугацаанд олгоно. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны дээд хязгаар нь дараалсан 12 сарын дотор 180 хоногоос хэтрэхгүй байна.

Хүсэлт гаргах: Даатгуулагч ажил олгогчтой хууль, тогтоомжийн дагуу тооцоо хийж дууссаны дараа ажилгүйдлийн  тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах өргөдлөө хуульд заасан холбогдох баримт бичгийн хамт оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба,  уг алба байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад гаргана.

Хөдөлмөр эрхлэлтийн алба буюу нийгмийн даатгалын байгууллага нь ажилгүйдлийн тэтгэмж олгох, мэргэжлийн сугалтанд хамруулах асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

Иргэн та нийгмийн даатгалын байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрт санал нийлэхгүй гомдолтой гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 92-р зүйл Захиргааны актад гомдол гаргах 92.1; 92.2 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргах эрхтэй.

Иргэн та гомдол гаргахдаа тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллага, ажилтан албан хаагчид эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.

Хэрэв таны гаргасан гомдлыг дээд шатны байгууллага, ажилтан албан хаагч хүлээн авахаас татгалзсан эсхүл үндэслэлгүй байна гэж үзвэл Захиргааны хэргийн шүүхэд харьяаллын дагуу хандах бүрэн эрхтэй.

ҮОМШӨ-ний тахир дутуугийн тэтгэвэр:

“Тахир дутуугийн тэтгэвэр” гэдэг нь ажил хөдөлмөр эрхлэн шимтгэл төлж, ажиллаж байгаад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон даатгуулагчид тэтгэврийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хамааралтайгаар тэтгэврийн даатгалын сангаас түүний хөдөлмөрийн чадваргүй байх хугацаанд буюу хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

ҮОМШӨ-ний тэжээгчээ алдсаны тэтгэвэр:

“Тэжээгчээ алдсаны тэтгэвэр” гэдэг нь ажил хөдөлмөр эрхлэн шимтгэл төлж, ажиллаж байгаад нас барсан даатгуулагчийн асрамжид байж, тэжээлгэж байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд нас барсан тэжээгчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хамааралтайгаар тэтгэврийн даатгалын сангаас олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Агуулга анх оруулсан: 2018-02-23 Шинэчилсэн: 2023-04-10

Мэдээ мэдээлэл