Оюуны өмч, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн харилцаа Барааны тэмдгийн гэрчилгээ авах

Барааны тэмдгийн гэрчилгээ авах

Барааны тэмдгийг эрх зүйн хувьд баталгаажуулах, түүнийг эзэмшигч, хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, барааны тэмдэг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулж байна.

Барааны тэмдэг: Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасны дагуу  иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг ойлгоно. Мөн тус хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу барааны тэмдэг нь  үг, дүрс, үсэг, тоо, гурван хэмжээст дүрс, өнгө, дуу авиа, үнэр, эсхүл тэдгээрийг хосолсон байдлаар илэрхийлэгдэж болно.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Барааны тэмдэгт дараах шаардлага тавигддаг. Үүнд:

Ялгагдах шинж чанар агуулаагүй дараах зүйлийг барааны тэмдэгт тооцохгүй:

  • үсэг, тоо, геометрийн энгийн дүрс, нийтээр хэрэглэдэг тэмдэглэгээ, нэр томьёо дангаараа байвал;
  • тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, барааны тоо, хэмжээ, жин, чанар, зориулалт, үнэ, үйлдвэрлэсэн газрын нэр, арга, хугацаа зэргийг тайлбарласан үг, дүрс;
  • тухайн бараа, түүний сав, баглаа боодлын үл ялгагдах хэлбэр, дүрс;
  • Монгол Улсын түүх, соёлын дурсгалт зүйлийн нэр, дүрс дангаараа байвал;
  • Монгол Улсын түүхэн хүмүүсийн бүтэн нэр, зохиомол нэр, хөрөг, зураг, тэдгээрт шууд хамаарах төсөөллийн нэр дангаараа байвал.

Дараах барааны тэмдгийг бүртгэхгүй:

  • Монгол Улсын болон Парисын конвенци, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улсын сүлд, далбаа, төрийн бэлгэдэл, Засгийн газар хоорондын олон улсын байгууллагын бүтэн ба товчилсон нэр, албан ёсны тэмдгээс бүрдсэн, эсхүл тэдгээртэй ижил, төсөөтэй бөгөөд тухайн улс, байгууллага, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй;
  • Монгол Улсын нэрд гарсан хүний бүтэн нэр, эсхүл зохиомол нэр, хөрөг, зургаас бүрдсэн бөгөөд тухайн хүний буюу түүний өв залгамжлагчийн зөвшөөрөлгүй;
  • Монгол Улсын төрийн одон, медаль болон бусад шагнал, баталгаа, хяналтын албан ёсны тэмдэг, дардастай ижил, төсөөтэй;
  • агуулга нь нийгмийн дэг журам, зан суртахуунд харш;
  • бараа, үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй;
  • Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн ижил бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил;
  • Монгол Улсад бүртгэгдсэн, эсхүл бүртгүүлэхээр мэдүүлсэн төсөөтэй бараа, үйлчилгээнд хэрэглэх барааны тэмдэгтэй ижил, төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй;
  • бараа, үйлчилгээний төрлөөс үл хамаарч нийтэд түгээмэл болсон барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэйгээс хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, шударга бус давуу эрх эдлэх, ашиг олох, хохирол учруулах, нэр хүндийг гутаахаар;
  • Монгол Улсад нийтэд түгээмэл болсон бүтээлийн зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрх, аж үйлдвэрийн өмчийн эрхтэй илэрхий зөрчилдөхөөр.

Дээр дурдсан зүйлс нь тухайн барааны тэмдгийн дийлэнх хэсгийг бүрдүүлэхээргүй бол тухайн үг, дүрсийг хамгаалалтад авахгүйгээр барааны тэмдгийг бүртгэж болно. 

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу барааны тэмдгийг бүртгүүлэх хүсэлтэй иргэн, хуулийн этгээд барааны тэмдгийн мэдүүлгийг төрийн захиргааны байгууллагад монгол хэлээр гаргана.

Барааны тэмдгийн мэдүүлгийг мэдүүлэг гаргагч өөрөө, эсхүл оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлэн гаргана.

Барааны тэмдгийн нэг мэдүүлэг нэг барааны тэмдэгт хамаарна.

Барааны тэмдгийн мэдүүлэг дараах зүйлээс бүрдэнэ:

  • төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

Өргөдөлд дараах зүйлийг тусгах бөгөөд өргөдлийн маягт дээр тохирох хэсгийг нөхнө. Үүнд:

  • барааны тэмдгийг бүртгүүлэх тухай хүсэлт;
  • мэдүүлэг гаргагч нь иргэн бол түүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, харьяалал, байнга оршин суудаг буюу үйл ажиллагаа явуулдаг улсын нэр, мэдүүлэг гаргасан он, сар, өдөр, гарын үсэг;
  • мэдүүлэг гаргагч нь хуулийн этгээд бол түүний оноосон нэр, төрөл, хаяг, үүсгэн байгуулагдсан улсын нэр, үйл ажиллагаа явуулдаг улсын нэр, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг;
  • мэдүүлэг гаргагч нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлж байгаа бол итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, гарын үсэг; 
  • давамгайлах огноо хүсэх тохиолдолд энэ тухай мэдэгдэл;
  • бүртгүүлэхээр мэдүүлж байгаа барааны тэмдэг;
  • барааны тэмдгийн тодорхойлолт;
  • барааны тэмдгийн илэрхийлэгдэх хэлбэрийн тухай мэдэгдэл;
  • хамтын тэмдгээр бүртгүүлэх бол энэ тухай мэдэгдэл;
  • гэрчлэх тэмдгээр бүртгүүлэх бол энэ тухай мэдэгдэл;
  • барааны тэмдэг нь кириллээс өөр үсгээр илэрхийлэгдсэн бол тухайн тэмдгийн кирилл үсгээр галигласан хөрвүүлэг, гадаад үгээр илэрхийлэгдсэн бол түүний орчуулга;
  • тухайн барааны тэмдэгт хамаарах бараа, үйлчилгээний ангилал болон бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалт.
  • хураамж төлсөн тухай баримт;
  • тухайн барааны тэмдгийг хамтын тэмдгээр бүртгүүлэх бол түүнийг ашиглах журам, түүнийг ашиглах эрх бүхий этгээдийн нэрсийн жагсаалт;
  • тухайн барааны тэмдгийг гэрчлэх тэмдгээр бүртгүүлэх бол түүнийг ашиглах журам, гэрчлэх байгууллага мөн болохыг нотолсон баримт бичиг;
  • давамгайлах огноо хүссэн бол урьд гаргасан мэдүүлгийн хуулбар, эсхүл холбогдох нотлох баримт;
  • мэдүүлэг гаргагч нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлсэн бол итгэмжлэл;

Барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянах, анхдагч огноог тогтоох:

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу төрийн захиргааны байгууллага мэдүүлгийн бүрдлийн хяналтыг тухайн барааны тэмдгийн мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор хийнэ. Мэдүүлгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл мэдүүлгийг хүлээн авсан өдрөөр анхдагч огноог тогтоож, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдэл хангагдаагүй гэж үзвэл энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэх бөгөөд мэдүүлэг гаргагч нь уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш 20 хоногийн дотор зохих засварыг хийж ирүүлнэ.

Мэдүүлэг гаргагч нь зохих засварыг дээр заасан хугацаанд хийж ирүүлсэн бол төрийн захиргааны байгууллага мэдүүлгийн анхдагч огноог түүнийг анх хүлээн авсан өдрөөр тогтоож, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

Мэдүүлэг гаргагч нь зохих засварыг дээр заасан хугацаанд хийж ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага мэдүүлэг гаргагчийг тухайн мэдүүлгээсээ татгалзсанд тооцож, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

 

Барааны тэмдгийн мэдүүлэгт шүүлт хийх:

 

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянаж, анхдагч огноог тогтоосны дараа тухайн барааны тэмдэг тус хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхэд шүүлт хийж, дүгнэлт гаргана.

Шүүлт хийх явцад мэдүүлэг гаргагч барааны тэмдгийг өөрчлөхөөс бусад өөрчлөлтийг мэдүүлэгтээ оруулж болох ба барааны тэмдгийн мэдүүлэгт бараа, үйлчилгээний ангилал нэмэхээр бол шинээр мэдүүлэг гаргана.

Шүүлт хийх явцад мэдүүлэг гаргагч бараа, үйлчилгээний нэгээс дээш ангилалд хамаарах барааны тэмдгийн мэдүүлгийг салгаж тус тусад нь гаргаж болно.

Төрийн захиргааны байгууллага шүүлтийг барааны тэмдгийн мэдүүлгийн анхдагч огнооноос хойш есөн сарын дотор хийх бөгөөд шаардлагатай гэж үзвэл энэ хугацааг зургаан сар хүртэл хугацаагаар сунгаж болно.

Төрийн захиргааны байгууллага тухайн барааны тэмдэг нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл энэ тухай дүгнэлт гаргах ба түүнийг үндэслэн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргана.

Төрийн захиргааны байгууллага тухайн барааны тэмдэг нь энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзвэл энэ тухай дүгнэлт гаргах ба түүнийг үндэслэн барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах тухай урьдчилсан шийдвэр гаргаж, мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

Мэдүүлэг гаргагч нь барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах тухай урьдчилсан шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээж авснаас хойш гурван сарын дотор үндэслэл бүхий хариуг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

Төрийн захиргааны байгууллага нь хариуг хүлээж авснаас хойш гурван сарын дотор тухайн барааны тэмдгийг бүртгэх эсэх талаар эцсийн шийдвэр гаргана.

Мэдүүлэг гаргагч хариуг зохих хугацаанд ирүүлээгүй бол төрийн захиргааны байгууллага тухайн барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах тухай эцсийн шийдвэр гаргаж, мэдүүлэг гаргагчид бичгээр мэдэгдэнэ.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу барааны тэмдгийн мэдүүлгийн бүрдлийг хянах, анхдагч огноог тогтоох, шүүлт хийх ажиллагаатай холбоотой гомдлыг мэдүүлэг гаргагч мэдэгдэл хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор Маргаан шийдвэрлэх комисст гаргана.

Маргаан шийдвэрлэх комисс нь энэ хуулийн гомдол, хүсэлтийг хүлээж авснаас хойш зургаан сарын дотор хянан шийдвэрлэж энэ тухай гомдол, хүсэлт гаргагчид бичгээр мэдэгдэнэ. Маргаан шийдвэрлэх комиссын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол, хүсэлт гаргагч гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.

Зөвлөгөө №1:

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу Барааны тэмдгийн оюуны бүтээлийн өртгийг тооцсон үнэлгээг хөрөнгийн баталгаа, барьцаа, хөрөнгө оруулалт болгох, хувьцаа гаргах, хувьчлал болон дуудлага худалдаанд оруулах, дүрмийн сан бүрдүүлэх, даатгалд хамруулах зэрэгт хэрэглэж болно. Эдгээр зорилгоор гэрээ байгуулсан бол уг гэрээг төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэхийг анхаараарай.

Зөвлөгөө №2:

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу барааны тэмдгийн улсын бүртгэлд барааны тэмдэг эзэмшигчийн хүсэлтээр дараах өөрчлөлтийг оруулна. Үүнд:

  • бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгах;
  • барааны тэмдэг эзэмшигчийн нэр, хаягийг өөрчлөх;
  • барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг шилжүүлэх;
  • бараа, үйлчилгээний ангилал болон нэрсийн жагсаалтаас хасалт хийх.

Бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгуулах тухай хүсэлтийг тухайн бүртгэл хүчинтэй байх сүүлийн нэг жилийн дотор, эсхүл бүртгэлийн хүчинтэй байх хугацаа дууссанаас хойш зургаан сарын дотор төрийн захиргааны байгууллагад гаргаж болно.

Бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгахад барааны тэмдгийг өөрчлөхгүй бөгөөд бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтад нэмэлт хийхгүй.

Барааны тэмдэг эзэмшигч өөрийн нэр, хаяг өөрчлөгдөх, эрх шилжүүлэх бүрт ийнхүү өөрчлөлт орсон өдрөөс хойш зургаан сарын дотор төрийн захиргааны байгууллагад бичгээр мэдэгдэн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.

Төрийн захиргааны байгууллага барааны тэмдгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан бол энэ тухай албан ёсны тогтмол хэвлэлээр нийтэд мэдээлнэ.

Асуулт 1. Барааны тэмдгийн эзэмшигч ямар эрхүүдийг эдлэх вэ?

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх тухайн барааны тэмдгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх бүртгэгдсэн бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтын хүрээнд үйлчилнэ.

Барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн хувьд дараах онцгой эрх эдэлнэ. Үүнд:

  • бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх;
  • бүртгэгдсэн барааны тэмдгийг бусдад ашиглуулах;
  • бүртгэгдсэн барааны тэмдгийг бусдад шилжүүлэх;
  • бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах;
  • бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах;
  • бүртгэгдсэн барааны тэмдгийг бусад этгээд зөвшөөрөлгүйгээр ашигласан болон бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан үйлдлээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг гэм буруутай этгээдээс шаардах.

Асуулт 2. Барааны тэмдэг эзэмших эрхийг бусдад шилжүүлж болох уу?

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу барааны тэмдэг эзэмшигч нь барааны тэмдэг эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсны үндсэн дээр уг эрхээ бусад этгээдэд шилжүүлж болох бөгөөд энэ нь бүртгэгдсэн барааны тэмдэгт хамаарах бүх, эсхүл зарим бараа, үйлчилгээнд хамаарч болно. Барааны тэмдэг эзэмших эрх шилжүүлэх гэрээг төрийн захиргааны байгууллагад бүртгүүлж, барааны тэмдгийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулснаар барааны тэмдэг эзэмших эрх шилжсэнд тооцно.

Барааны тэмдэг эзэмших эрхийг бусдад шилжүүлэхээс гадна Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу Барааны тэмдэг эзэмшигч нь бүртгэгдсэн барааны тэмдгийг бүх, эсхүл зарим бараа, үйлчилгээний хувьд лицензийн гэрээ байгуулсны үндсэн дээр бусад этгээдэд ашиглуулж болно. Лицензийн гэрээг бичгээр үйлдэж, хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулах ба уг гэрээг төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр хүчинтэйд тооцно.

Лицензийн гэрээг бүртгүүлэхэд Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан хураамж болон үйлчилгээний хураамж төлнө.

Асуулт 3. Барааны тэмдгийг ямар байдлаар ашиглаж болох вэ?

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу дараах тохиолдолд барааны тэмдгийг ашигласанд тооцно. Үүнд:

  • барааны тэмдгийг бараа, түүний сав, баглаа боодол, үйлчилгээнд хэрэглэсэн бол;
  • барааны тэмдэг бүхий барааг нийлүүлсэн, худалдаанд гаргасан буюу энэ зорилгоор хадгалсан, үйлчилгээ үзүүлсэн бол;
  • барааны тэмдэг бүхий барааг хилээр нэвтрүүлсэн бол;
  • барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримт, интернэт, сурталчилгаанд ашигласан бол.

Барааны тэмдэг эзэмшигч нь барааны тэмдэг бүртгэгдсэнийг илэрхийлэх дугуй хүрээтэй “R” гэсэн латин үсэг бүхий таних тэмдгийг барааны тэмдгийн хамт хэрэглэж болно.

Асуулт 4. Барааны тэмдгийн гэрчилгээний хугацаа ямар байдаг вэ?

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу барааны тэмдгийн бүртгэл нь анхдагч огнооноос эхлэн 10 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд барааны тэмдэг эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн бүртгэлийн хүчинтэй байх хугацааг тухай бүр 10 жилээр сунгаж болно. Барааны тэмдгийн гэрчилгээ олгох, бүртгэлийн хүчинтэй байх хугацааг сунгахад Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан хэмжээгээр хураамж болон үйлчилгээний хураамж төлнө.

Асуулт 5. Барааны тэмдгийн гэрчилгээг ямар тохиолдолд хүчингүй болгох вэ?

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу барааны тэмдгийн бүртгэлийг дараах үндэслэлээр хүчингүй болгоно. Үүнд:

  • барааны тэмдгийг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийг зөрчиж бүртгэсэн бол;
  • барааны тэмдэг нь Парисын конвенцийн гишүүн аль нэг улсад тухайн барааны тэмдгийн хувьд онцгой эрх эзэмшигч этгээдийн зөвшөөрөлгүйгээр түүний төлөөлөгч, эсхүл бараа, бүтээгдэхүүнийг борлуулагч этгээдийн нэр дээр бүртгэгдсэн бол.

Сонирхогч этгээд дээр дурдсан үндэслэлээр бүртгэгдсэн барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгуулах хүсэлтийг Маргаан шийдвэрлэх комисст гаргана. Маргаан шийдвэрлэх комисс нь үндэслэлтэй гэж үзвэл бүртгэгдсэн барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгох тухай шийдвэр гаргаж, энэ тухай төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

Төрийн захиргааны байгууллага дараах тохиолдолд өмнө бүртгэсэн барааны тэмдгийн бүртгэлийг тухайн эзэмшигчийн хувьд хүчингүй болсонд тооцно. Үүнд:

  • барааны тэмдгийн гэрчилгээний хүчинтэй байх хугацаа дууссанаас хойш зургаан сарын дотор хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргаагүй;
  • барааны тэмдэг эзэмшигч нь бүртгэгдсэн барааны тэмдгийг эзэмших эрхээсээ татгалзсан тухай бичгээр мэдэгдсэн;
  • барааны тэмдэг эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан бөгөөд уг барааны тэмдгийг эзэмших эрхийг өөр этгээдэд шилжүүлээгүй буюу барааны тэмдгийг лицензийн гэрээгээр ашиглуулаагүй.

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу Барааны тэмдэг эзэмшигчийн эрх дараах үндэслэлээр дуусгавар болно. Үүнд:

  • барааны тэмдгийн бүртгэлийн хүчинтэй байх хугацаа дууссан бөгөөд уг хугацааг сунгуулах тухай хүсэлтийг энэ хуулийн 10.2-т заасан хугацаанд гаргаагүй бол; 
  • барааны тэмдэг эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан бөгөөд эрх нь бусад этгээдэд шилжээгүй бол;
  • барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасан бол;
  • хуульд заасан бусад үндэслэл.

Агуулга анх оруулсан: 2018-06-18 Шинэчилсэн: 2023-09-29

Мэдээ мэдээлэл