Жижиг, дунд үйлдвэрлэл Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай, санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгодог.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх зорилго бүхий Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан байна”. Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.

Сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14.6-д заасны дагуу Засгийн газар батална. 

Зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх төслийн талаар санал, дүгнэлт гаргах, сонгон шалгаруулалт явуулах, шийдвэр гаргахад аливаа этгээд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 11.6 дахь хэсэгт зааснаар сангаас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид нэг удаа олгох зээлийн хэмжээг доор дурдсанаар тодорхойлно:

  • бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид жилийн борлуулалтын орлогоос хамааруулан 300.0 сая төгрөг хүртэл;
  • жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид жилийн борлуулалтын орлогоос хамааруулан 1.0 тэрбум төгрөг хүртэл;
  • дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид жилийн борлуулалтын орлогоос хамааруулан 2.5 тэрбум төгрөг хүртэл.

 Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн актууд:

  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль (2019 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр ЭНД дарж үзнэ үү.
  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль /Шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай (2019 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Засгийн газрын 2017 оны 168 дугаар тогтоолын хавсралт Гаалийн албан татвараас чөлөөлөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалт (2017 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хууль (2006 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Компанийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ (2011 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Хоршооны тухай хууль (1998 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хууль (2006 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль (2009 он) ЭНД дарж үзнэ үү.

Зээл олгох, хяналт тавих субъект нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан байна.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авахыг хүссэн аж ахуйн нэгж нь дараах материалыг бүрдүүлж өгнө.

  1. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлэх тухай хүсэлтээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт гэж хаяглан албан бичгээр ирүүлэх ба доорх зүйлсийг тусгасан байх. Үүнд:
  • Одоо эрхэлж буй үйл ажиллагааны чиглэл
  • Тодорхойлолтын зориулалт
  • Байгууллагын албан ёсны хаяг, утасны дугаар, цахим хаяг
  1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  2. Ажиллагчдыг нийгмийн даатгалд хамруулсан тухай тодорхойлолт. Дараах баримт бичгийг хүчин төгөлдөрт тооцно. Үүнд:
  • Харьяа дүүрэг, сумын Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт (даатгуулагчийн тоог тусгах)
  • Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /цахимаар эсвэл ТҮЦ машинаас авсан тодорхойлолт/
  1. Өмнөх жилийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан
  2. Өмнөх жилийн санхүүгийн баталгаажсан тайлан
  3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа
  4. Тус компанид 20 болон түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг өөр компани байдаг бол тэдгээр компаниудын улсын бүртгэлийн гэрчилгээ, нийгмийн даатгалын тодорхойлолт, өмнөх жилийн санхүүгийн болон татварын баталгаажсан тайлангийн хуулбарыг хавсаргах

Зээл хүсэгч нь шаардлага хангасан төсөл болон бусад материалыг банканд өгнө.

Банк нь зээлийн судалгаа шинжилгээг хийж зээл олгох боломжтой төслүүдийг сангийн зөвлөлд хүргүүлнэ.

Сангийн зөвлөл хуралдаж төслүүдийг эрэмбэлж эцсийн зээл олгох шийдвэрийг гаргана.

Банк хөнгөлөлттэй зээлийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгоно.

Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зээлийг Сангаас шууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид банкаар дамжуулж олгоно. Банкийг сонгон шалгаруулалтаар сонгоно. Банканд Сангийн эх үүсвэрийг байршуулах, зээл олгох журмыг Засгийн газар батална.

Төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны хурлаар төсөл хүлээн авах хугацааг товлоно.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нь эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн гэж үзвэл Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд, хугацаанд гомдлыг шийдвэрлээгүй эсхүл шийдвэрийг эс зөвшөөрсөн бол шүүхэд гомдлоо гаргаж болно.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 11.11 дэх хэсэгт зааснаар дараах жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хөнгөлөлттэй зээл олгохгүй:

  • Сангаас авсан зээлийн үлдэгдэлтэй;
  • Зээлийн мэдээллийн санд муу зээлийн түүхтэй;
  • Сангаас авсан зээлийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон;
  • Шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өртэй;
  • Төсөл хүлээн авах сүүлийн өдрийн байдлаар нийгмийн даатгал, татварын байгууллагад өртэй.

 

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙН ТАЛААР ОЛОН НИЙТИЙН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР МЭДЭЭЛЭХИЙГ ЗӨВШӨӨРСӨН ТУХАЙ МЭДҮҮЛЭГ

................................................................................

(Иргэн, аж ахуйн нэгжийн нэр)

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын 5.8.12, 5.9.14 дэх заалтад тус тус заасны дагуу төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааны явцад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрч байна.

НЭГ.

1.1. Би сонгон шалгаруулалтанд оролцож байгаа төслийн болон хувийн товч мэдээллээ төсөл сонгон шалгаруулах хорооны хуралд өөрөө танилцуулна.

1.2. Хуралд танилцуулсан болон хорооны гишүүдийн тодруулж асуусан мэдээлэлтэй холбоотой асуудлаар ямар нэгэн гомдол гаргахгүй.

ХОЁР.

2.1. Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагааг олон нийтэд ил тод байлгах үүднээс олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр нийтэд мэдээлэхийг зөвшөөрч байна.

 

Гарын үсэг:                                           (иргэн, аж ахуйн нэгжийн гарын үсэг, тамга )

Огноо:

Асуулт 1. Жижиг зээлийг хэрхэн олгох вэ?

Аймаг, дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн нь иргэний хүсэлтийг хүлээн аваад төсөл хэрэгжсэнээр бий болох ажлын байрны тоо, хүссэн зээлийн хэмжээ, төслийн хэрэгжих боломжийг харгалзан зээл олгохыг дэмжих тухай тодорхойлолт гаргаж банканд хүргүүлнэ. Жижиг зээл олгох асуудлыг банк шийдвэрлэнэ. Банк зээл олгохоор шийдвэрлэсний дараа зээлдэгч нь тухайн аймаг, дүүргийн хөдөлмөр хэлтсийн мэргэжилтэнтэй ажлын байр бий болгох, өргөтгөх, тогтвортой хадгалах асуудлаар гэрээ байгуулна.

Асуулт 2. Сангаас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хэдэн төгрөгийн зээл олгох вэ?

Сангаас жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид нэг удаа олгох зээлийн хэмжээг доор дурдсанаар тодорхойлно:

  1. Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид жилийн борлуулалтын орлогоос хамааруулан 300.0 сая төгрөг хүртэл;
  2. Жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид жилийн борлуулалтын орлогоос хамааруулан 1.0 тэрбум төгрөг хүртэл;

Асуулт 3. Ямар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хөнгөлөлттэй зээл олгодоггүй вэ?

Дараах жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хөнгөлөлттэй зээл олгохгүй:

  1. Сангаас авсан зээлийн үлдэгдэлтэй;
  2. Зээлийн мэдээллийн санд муу зээлийн түүхтэй;
  3. Сангаас авсан зээлийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон;
  4. Шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өртэй;
  5. Төсөл хүлээн авах сүүлийн өдрийн байдлаар нийгмийн даатгал, татварын байгууллагад өртэй.

Агуулга анх оруулсан: 2019-10-14 Шинэчилсэн: 2019-10-14

Мэдээ мэдээлэл