Нийгмийн халамж үйлчилгээ Хүүхдийн мөнгөн тэтгэмж

Хүүхдийн мөнгөн тэтгэмж гэдэг нь өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд, эсхүл түүнийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий МУ-н иргэнд олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

"Монгол Улсын Үндсэн хууль"-ийн арван зургаадугаар зүйлийн 5 дахь хэсэгт өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй гэж заасны дагуу эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэнийг асран халамжилж буй иргэнд шаардлагатай хэрэгцээг нь хангах зорилгоор "Нийгмийн халамжийн тухай хууль"-ийн 13 дугаар зүйлд Нийгмийн халамжийн тэтгэмж олгох тухай заасан байдаг.

Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэмж нь "Монгол улсын үндсэн хууль" , Нийгмийн халамжийн тухай хууль, Нийгмийн халамжийн тэтгэвэр,тэтгэмж олгох журам болон бусад эрх зүйн актаар зохицуулагдана.

Нийгмийн халамжийн тэтгэмж нь дараах төрлүүдтэй байна.

  • Асаргааны тэтгэмж
  • Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмж
  • Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмж

Нийгмийн халамжийн тухай хууль-ийн 13 дугаар зүйлийн 1.6-д хүүхдийн мөнгөн тэтгэмжийн тухай заасан байдаг.

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Нийгмийн халамжийн тухай хууль (2012 он) ЭНД дарж үзнэ үү
  • Гэр бүлийн тухай хууль (1999 он) ЭНД дарж үзнэ үү
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль (2017 он) ЭНД дарж үзнэ үү
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журам (2017 он) ЭНД дарж үзнэ үү
  • Ахмад настны тухай хууль (2017 он) ЭНД дарж үзнэ үү
  • Тэтгэмжийн доод хэмжээ тогтоох тухай (2002 он) ЭНД дарж үзнэ үү
  • Хөдөлмөрийн тухай хууль (2021 он) ЭНД дарж үзнэ үү
  • Монгол улсын иргэний хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү
  • Эрүүл мэндийн даатгалын тухай (2015 он) ЭНД дарж үзнэ үү
  • Нийгмийн халамжийн тэтгэвэр,тэтгэмж олгох журам (2012 он) ЭНД дарж үзнэ үү
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын 11 дүгээр тогтоол (2023 он) ЭНД дарж үзнэ үү

Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүүхдийн мөнгө олгох өрхийг тодорхойлох босго шугамыг тогтооно. 

Хүүхдийн мөнгийг Монгол Улсын 0-18 хүртэлх насны дараахь хүүхдэд олгоно:

  • Монгол улсын Засгийн газрын Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах арга хэмжээний тухай 11 дүгээр тогтоолоор баталсан журамд заасан босго шугамаас доогуур амьжиргаатай өрхийн;
  • төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа.

Хүүхдийн мөнгийг банкны дансаар дамжуулан олгох бөгөөд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд, эсхүл 16 насанд хүрсэн бол хүүхэд өөрөө хүүхдийн мөнгө авах банкийг сонгож, уг банканд данс нээлгэнэ.

Хүүхдийн мөнгө авахаар нэгээс дээш банканд данс нээлгэсэн тохиолдолд сүүлд нээлгэсэн банкны дансаар дамжуулан хүүхдийн мөнгийг олгоно.

Нэг. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хүүхдийн мөнгө олгох ажлыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах бөгөөд хүүхдийн мөнгө олгох хүүхдийн жагсаалтыг Нийгмийн халамжийн тухай хуулийн 29.1-д заасан өрхийн мэдээллийн нэгдсэн сан (цаашид "мэдээллийн нэгдсэн сан" гэх)-ийн мэдээлэл, энэ журмын 1.2-т заасан босго шугам болон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд тус тус үндэслэн жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор гаргана.

Хоёр. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага төрөлжсөн асрамжийн газар амьдарч байгаа хүүхдийн овог, нэр, регистрийн дугаар, арилжааны банкан дахь данс, шилжилт хөдөлгөөний мэдээллийг хянаж, сар бүрийн 05-ны өдрийн дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Гурав. Хүүхдийн мөнгө олгох эсэх мэдээллийг халамжийн нэгдсэн систем "ehalamj", эсхүл төрийн үйлчилгээний нэгдсэн систем "Е-Моngolia"-д хандан цахим хэлбэрээр шалгах бөгөөд хүсвэл сум, хорооны нийгмийн ажилтанд хандан биечлэн шалгуулж болно. Сум, хорооны нийгмийн ажилтан мэдээллийг халамжийн нэгдсэн систем "ehalamj"-ээс мэдээллийн эзний зөвшөөрлийн дагуу шалгаж өгнө.

Дөрөв. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхэд төрсөн болон мэдээллийн нэгдсэн сан дахь өрхийн мэдээлэлд нь өөрчлөлт орсон, мэдээлэл зөрүүтэй тохиолдолд хүүхдийн мөнгө авах хүсэлтийг дараах хэлбэрээр гаргана:

  • халамжийн нэгдсэн систем "ehalamj", эсхүл төрийн үйлчилгээний нэгдсэн систем "Е-Моngolia"-д хандан цахимаар;
  • сум, хорооны нийгмийн ажилтанд хандан өөрийн биеэр

Тав. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдээллийн нэгдсэн сан дахь мэдээлэлтэй тулган нягталж, мэдээлэл нь шинэчлэгдсэн тохиолдолд ажлын 5 өдрийн дотор өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлон хүүхдийн мөнгө олгох эсэхийг хянаж, баталгаажуулна. Ийнхүү хяналт, баталгаажуулалтаар хүүхдийн мөнгө авах эрх үүссэн тохиолдолд хүсэлт гаргасан сараас тооцож хүүхдийн мөнгийг олгоно.

Мэдээллийн эзэн мэдээллийн нэгдсэн сан дахь өрхийн талаарх мэдээллээ зөрүүтэй гэж хүсэлт гаргасан тохиолдолд уг хүсэлт гаргаснаас хойш ажлын 10 өдрийн дотор зөрүүтэй мэдээллээ шинэчлүүлэх хүсэлтээ холбогдох төрийн байгууллагад гаргаж, мэдээллээ шинэчлүүлнэ.

Өрхийн амьжиргааны түвшинг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтэд үндэслэн жилд дахин нэг удаа үнэлж болно.

Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн иргэн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, өргөдлийн хамт сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө. Сум, хорооны нийгмийн ажилтан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлүүлнэ.

Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон Нийгмийн халамжийн тухай хуулийн 25.1.9 заасны дагуу дээд шатны байгууллага албан тушаалтан буюу аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад хандаж өргөдөл гомдол гаргах боломжтой.

 

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХУРИИМТЛУУЛАХ

Хүүхдийн ирээдүйн боловсролд хөрөнгө оруулах зорилгоор 2025 оноос хүүхдийн мөнгөний 10 хувь, 2026 оноос 20 хувь, 2027 он ба түүнээс хойш жил бүр 30 хувийг хадгаламж хэлбэрээр хуримтлуулна.

Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд, эсхүл 16 насанд хүрсэн бол хүүхэд өөрөө хүсвэл дээрх хэмжээнээс илүү хувиар хуримтлуулж болно.

Төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа хүүхдийн мөнгийг асрамжийн газар нь тухайн хүүхдийн нэр дээр хадгаламжийн данс нээлгэж, банканд бүрэн хадгалуулна. Хадгаламжийн дэвтрийг тухайн асрамжийн газар байрлах орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага хадгалж, хүүхдийг 16 нас хүрсний дараа өөрт нь, хэрэв хүүхэд нас барсан тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу түүний өв залгамжлагчид нь хүлээлгэн өгнө.

ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОХЫГ ЗОГСООХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ 

Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах тохиолдолд хүүхдийн мөнгө олгохыг зогсоох шийдвэр гаргана:

  • хүүхэд 18 нас хүрсэн;
  • хүүхэд нас барсан;
  • Монгол Улсын харьяатаас гарсан;
  • эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээдийн, эсхүл 16 насанд хүрсэн бол хүүхэд өөрийн хүсэлтээр хүүхдийн мөнгө авахаас татгалзсан;
  • хуурамч баримт бичиг бүрдүүлэн хүүхдийн мөнгө авсан нь хяналт, шалгалтаар тогтоогдсон;
  • амьжиргааны түвшин нь журамд заасан босго шугамаас дээш гарсан.

Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь тохиолдолд хүүхдийн мөнгө олгохыг түдгэлзүүлэх шийдвэр гаргана:

  • мэдээллийн зөрүүтэй нөхцөлөөс шалтгаалж хүүхдийн мөнгө илүү олгогдсон;
  • эцэг, эх, асран хамгаалагч нь сураггүй алга болсон;
  • эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ үл биелүүлсэн, эсхүл эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрхийг зөрчсөн талаар хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт гарсан, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон.

 

Агуулга анх оруулсан: 2019-01-31 Шинэчилсэн: 2023-04-13

Мэдээ мэдээлэл