Иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

Гэрлэгчдийн гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл түүний харъяалал, гэрлэлтийг цуцлахгүй орхих, түдгэлзүүлэх үндэслэл, журам, хүүхдийн тэтгэвэр, гэрлэгсэдийн эд хөрөнгийн буюу тэжээн тэтгэх гэрээ зэрэгтэй холбогдуулан үүсэх шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явагдах ажиллагааг Гэр бүлийн холбогдолтой хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа гэнэ.

Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.1-д зааснаар гэрлэлтийг хуульд заасан үндэслэлээр захиргааны буюу шүүхийн журмаар цуцладаг. Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, ИХШХШтХуулийн 12 дугаар бүлэгт заасан журмын дагуу зохицуулдаг.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана. /ИХШХШтХуулийн 126 дугаар зүйл/

 

Нэхэмжлэгч бага насны хүүхэдтэй буюу тахир дутуу, хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас хариуцагчийн байгаа газар очиход бэрхшээлтэй байвал нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болох бөгөөд мөн талууд маргааныг хэний оршин суугаа газрын шүүхэд шийдвэрлүүлэхийг тохиролцон тогтоож болно.

/Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд гэрлэгчдийн овог, эцгийн нэр, нэр, гэрлэлтээ хэзээ, хаана бүртгүүлсэн, гэрлэлт цуцлуулах шалтгаан, насанд хүрээгүй хүүхэдтэй бол түүний нэр, төрсөн он, сар, өдөр, түүнчлэн насанд хүрээгүй хүүхдийг хүмүүжүүлэх, түүнд асрамж тогтоох, тэжээн тэтгэх болон эд хөрөнгийн талаархи хүсэлт, энэ талаар хоорондоо хэлэлцэн тохиролцсон гэрээ байгаа эсэхийг зааж, холбогдох нотлох баримтыг хавсаргана./

Ийнхүү Гэрлэлт цуцлах тухай хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авах бөгөөд дараах шийдвэрийн аль нэгийг гаргадаг: /ИХШХШтХуулийн 132 дугаар зүйл/

  • Гэрлэгчид эвлэрвэл шүүгч эвлэрлийг баталсан захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгоно.
  • Гэрлэгчид шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан хугацаанд эвлэрээгүй бол шүүгч гэрлэлтийг цуцлах шийдвэр гаргана. Шүүгч гэрлэлт цуцлах тухай шийдвэр гаргахдаа хүүхдийг цаашид хүмүүжүүлэх талаар гэрлэгчдийн хооронд хэлэлцэн тохирсон зүйл байхгүй бол хүүхдийг эцэг буюу эхийн хэний нь асрамжид үлдээх, хамтран өмчлөх дундын өмчийг хуваах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон орон сууцны маргааны асуудлыг нэхэмжлэлийг үндэслэн хянан шийдвэрлэнэ. Хуульд заасан бол гэрлэлт цуцлахыг бүртгэхэд хураах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг шүүх тодорхойлж, түүнийг гэрлэгчдийн хэн нь ямар хэмжээгээр төлбөл зохихыг тогтооно.
  • Шүүх нэхэмжлэлийг хангавал гэрлэлт цуцлах тухай шийдвэр гаргана.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авах бөгөөд /ИХШХШтХуулийн 132.1/ үүний дагуу та гэр бүлээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргахдаа эхлээд заавал эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хамрагдах ба энэ шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ. /Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3./ Хэрэв та уг журмыг зөрчиж шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан бол шүүх таны нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасны дагуу шүүхээс гадуур урьдчилах шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзана. /Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5./

Харин Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч дээрх арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болдог. /ИХШХШтХуулийн 132 дугаар зүйлийн 132.4/

Мөн  Шүүхээс ийнхүү урьдчилан шийдвэрлэх журмын дагуу явуулсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байх нь шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш гэр бүлийн маргааны талаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзах үндэслэл болохгүй. /ИХШХШт Хуулийн 132 дугаар зүйлийн 132.2/

Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэхдээ дараах арга хэмжээнүүдийг шүүгч урьдчилан авахаар шаардлагатай гэж үзвэл захирамж гаргаж болно: /ИХШХШтХуулийн 129 дүгээр зүйл/

  • насанд хүрээгүй хүүхэд болон хөдөлмөрийн чадваргүй эцэг, эхийг тэжээн тэтгүүлэх;
  • насанд хүрээгүй хүүхдийг эцэг, эхийн хэн нэг дээр байлгах;
  • гэрлэгчдийг тусдаа амьдрахыг даалгах;
  • гэрлэгч хэн нэгийг тэжээн тэтгүүлэх;
  • орон сууц болон хамтран өмчлөх дундын өмч, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, захиран зарцуулахыг хориглох;
  • шүүхийн зардлын зохих хувийг урьдчилгаа болгон төлүүлэх;
  • зохигчид эвлэрүүлэн зуучлалын журмаар эвлэрэх хугацаа заах

Зөвлөгөө №1:

Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг онцлог нь та ИХШХШтХуулийн 131 дүгээр зүйлд зааснаар таны болон эхнэр/нөхрийн тань төлөөлөгч буюу өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ч гэсэн гэрлэгчид өөрсдөө шүүх хуралдаанд ирэх үүрэгтэй ба гэрлэгчид эхний удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол шүүхээс хойшлуулдаг бөгөөд харин хоёр дахь удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэргийг хариуцагчийн байхгүйд хянан шийдвэрлэж болно. Харин нэхэмжлэгч ирээгүй тохиолдолд нэхэмжлэлийг буцаадаг. Мөн ИХШХШтХуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрийгөө байхгүйд хэрэг хянан шийдвэрлэхийг хүсч энэ тухай бичгээр мэдэгдсэн бол нэхэмжлэгчийг оролцуулалгүй шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх боломжтой.

Зөвлөгөө №2:

ИХШХШтХуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар гэрлэлт цуцлах үед эхнэр буюу нөхөр нь хүнд өвчтэй, хөдөлмөрийн чадваргүй, эдийн засгийн хувьд зайлшгүй туслалцаа шаардлагатайгаас тэтгэвэр гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах, насанд хүрээгүй хүүхдийг хэний асрамжинд үлдээх талаар гарсан маргааныг шүүх гэрлэлт цуцлах нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх болдог тул таньд уг нөхцөл байдал бий болсон тохиолдолд өөрийн гэрлэлтийг цуцлуулахдаа хамтатган шийдвэрлүүлэх боломжтой.

Асуулт1: А нь нөхөр Б-тэйгээ эд хөрөнгийн буюу тэжээн тэтгэх гэрээг байгуулсан. Гэвч нөхөр Б нь уг гэрээгээ биелүүлээгүй. Энэ тохиолдолд А нь ямар арга хэмжээ авах вэ?

Хариулт1: ИХШХШтХуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д заасны дагуу гэрлэгчид харилцан тохиролцож эд хөрөнгийн болон тэжээн тэтгэх тухай гэрээг тус тус байгуулсан бөгөөд тэдгээрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд аль нэг талын хүсэлтээр эдгээр гэрээг биелүүлэхтэй холбогдуулан шүүгч захирамж гаргадаг тул “А” нь шүүхэд хүсэлт гарган асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой.

Агуулга анх оруулсан: 2018-08-01 Шинэчилсэн: 2023-03-14

Мэдээ мэдээлэл