Татварын харилцаа Аж ахуй нэгжийн орлогын албан татвар

ААНОАТ

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл орлого олоогүй боловч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна гэжм заасан.

Албан татвар төлөгчийг 

  1. Монгол Улсад байрладаг,
  2. Монгол Улсад байрладаггүй гэж ангилна.

Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчид дараах аж ахуйн нэгж хамаарна:

  1. Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж;
  2. Удирдах байгууллага нь Монгол Улсад байрладаг гадаадын аж ахуйн нэгж.

Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид дараах аж ахуйн нэгж хамаарна:

  1. Өөрийн төлөөний газраар дамжуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж;
  2. Энэ хуулийн 5.5.1-д зааснаас бусад хэлбэрээр Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олж байгаа гадаадын аж ахуйн нэгж.

Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно:

  • үйл ажиллагааны орлого;
  • хөрөнгийн орлого;
  • хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого;
  • бусад орлого.
  • Албан татвар ногдох орлогын дүнг тодорхойлохдоо албан татвараас чөлөөлөгдөх орлогыг хасаж тооцно.

Албан татвар төлөгчийн нэг ба түүнээс дээш жилийн хугацаанд ашиглах хөрөнгөд элэгдэл, хорогдлыг дараах байдлаар тооцно:

 

Хөрөнгийн бүлэг

Ашиглах нийт хугацаа /жилээр/

Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд

Бусад

1

Барилга байгууламж, газрын тохижилт

40

25

2

Машин, механизм, техник, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж

10

3

Компьютер, дагалдах тоног төхөөрөмж, программ хангамж

2

4

Ашиглах хугацаа нь тодорхой биет бус хөрөнгө /Үүнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хамаарна./

Хүчин төгөлдөр байх хугацаанд

5

Бусад хөрөнгө

10

 

 

Татварын эрх зүйтэй холбоотой маргаан, үйл ажиллагааг Татварын ерөнхий газрын харьяа аймаг, нийслэл, дүүргийн татварын газар хариуцана.

Албан татварыг суутган төлөх

Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч

  • эрхийн шимтгэлийн орлого;
  • ногдол ашгийн орлого;
  • хүүгийн орлого;
  • үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого;
  • төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаанаас хожсон  орлогод ногдох албан татварыг суутган төлөгч ногдуулж, суутгана.

Албан татвар төлөгчийн дараах орлогыг албан татвараас чөлөөлнө:

  1. Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичиг /бонд/-ийн төлбөр, хүү, анз;
  2. Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7.1.1-д заасан ногдол ашиг;
  3. Ирээдүйн өв санд улсын төсвөөс хуваарилсан орлого, сангийн хөрөнгө оруулалтын орлого;
  4. Газрын тосны салбарт бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн өөрт нь ногдох бүтээгдэхүүний борлуулалтаас олсон энэ хуулийн 18.6.2, 20.1-д заасан орлого;
  5. Зээлийн батлан даалтын байгууллагын хуульд заасан үндсэн үйл ажиллагаанаас олсон орлого;
  6. Хадгаламжийн даатгалын сангийн хураамжийн орлого;
  7. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдээс Засгийн газарт хуваарилсан ногдол ашиг;
  8. Боловсролын тухай хуулийн 12.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 15.1-д заасан байгууллагын үйл ажиллагааны орлого;
  9. Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхтэй холбоотой олсон аж ахуйн үйл ажиллагааны орлого;
  10. Холбооны гишүүдээс цуглуулсан Сууц өмчлөгчдийн холбооны дүрэмд заасан үйлчилгээний хөлсний орлого болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 6.1.7-д заасан санд төвлөрүүлсэн хөрөнгө;
  11. Гишүүдийнхээ бүтээгдэхүүнийг худалдах үйл ажиллагааны зуучилсны үнийн зөрүүгээс олсон хоршооны орлого.
  12. Оюуны өмчийн эрхийн зуучлалаас олсон орлого;

Хуулийн этгээд, иргэн таны гомдлыг Татварын албаны дарга хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ. Мөн саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө. /Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйл/

Аж ахуй нэгжийн орлогын албан татвар төлөгч аж ахуй нэгж татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийг шууд харьяалах татварын албаны даргад хандан гаргана. 

Татвар төлөгч та татварын алба болон татварын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэхээс бусад асуудлаар гаргасан шийдвэрийн талаар татвар төлөгч нь захиргааны журмаар дараах харьяаллаар гомдол гаргах эрхтэй:

  • Татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийг шууд харьяалах татварын албаны даргад 
  • Татварын албаны шийдвэрийн талаарх гомдлыг түүний дээд шатны татварын албаны даргад
  • Татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийн шууд харьяалах татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд
  • Маргаан таслах зөвлөлийн шийдвэртэй холбоотой маргааныг дээд шатны татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд
  • Гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл татвар төлөгч нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй. /Татварын ерөнхий хууль 72 дугаар зүйл/

Та татварын үйлчилгээний төвд хандаж зөвлөгөө мэдээлэл авах бол

  • 1800-1288 Утсаар 

  • Өр ноогдол бусад мэдээлэл авахыг хүсвэл 7012-1288 утсаар авах боломжтой

Албан татварын хувь хэмжээ, төлөх, тайлагнах, хугацаа.

Албан татвар төлөгч сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ.

Албан татвар ногдуулах жилийн орлого

  • 0-3,0 тэрбум төгрөг бол 10 хувиар
  • 3,0 тэрбум төгрөгнөөс дээш бол 300,0 сая төгрөг дээр 3,0 тэрбум төгрөгнөөс дээш давсан орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар ногдуулна.

Албан татвар төлөгчийн дараахь орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна:

Татварын төрөл

татвар ногдуулах хувь

төсөвт төлөх хугацаа

Ногдол ашгийн орлогод

10

суутгагч ногдуулан суутган авч ажлын 7 хоногийн дотор

эрхийн шимтгэлийн орлогод

10

Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогоос уг орлогыг олохтой холбогдон гарсан баримтаар нотлогдох зардал, хонжворт олгосон мөнгөн хөрөнгө болон барааны үнийг хасч  тодорхойлсон төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогод

40

эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэг худалдсан буюу төлбөртэй ашиглуулсан, түүнчлэн эротик тоглолт явуулсан үйлчилгээний орлогод

40

 татвар төлөгч өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө

үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод

2

суутгагч ногдуулан суутган авч , уг хөрөнгийг борлуулснаас хойш ажлын 10 хоногийн дотор

хүүгийн орлогод

10

 татвар төлөгч өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө

эрх борлуулсны орлогод

30

 суутгагч ногдуулан суутган авч ажлын 7 хоногийн дотор

гадаадын аж ахуйн нэгжийн төлөөний газар өөрт ногдох ашгаасаа гадаадад шилжүүлбэл шилжүүлсэн ашгийн

20

Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол улсаас эх үүсвэртэй олсон дараах орлогод: а/.Монгол улсад бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээс авсан ногдол ашгийн орлого б/.хүүгийн болон батлан даалт гаргасны төлбөр в/.эрхийн шимтгэлийн орлого, санхүүгийн түрээсийн хүүгийн орлого, удирдлагын зардалд төлсөн төлбөр, түрээсийн төлбөр, биет болон биет бус хөрөнгө ашиглуулсны орлого г/.Монгол Улын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлого д/.Монгол Улсаас эх үүсвэртэйгээр шууд болон цахим хэлбэрээр гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлого.

20

 суутгагч ногдуулан суутган авч ажлын 7 хоногийн дотор

Монгол Улсын арилжааны банкны гадаад, дотоодын хөрөнгийн биржид гаргасан бондыг худалдан авсан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн бондын хүүгийн орлогод

10

 татвар төлөгч өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө

 

Асуулт 1. Албан татварын хувь хэмжээ ямар байдаг вэ?

Албан татварын хувь хэмжээ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар дараах орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна:

  • ногдол ашгийн орлогод 10 хувиар;
  • эрхийн шимтгэлийн орлогод 10 хувиар;
  • энэ хуулийн 16.6-д зааснаар тодорхойлсон төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогод 40 хувиар;
  • эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэг худалдсан буюу төлбөртэй ашиглуулсан, түүнчлэн эротик тоглолт явуулсан үйлчилгээний орлогод 40 хувиар;
  • үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод 2 хувиар;
  • хүүгийн орлогод 10 хувиар;
  • эрх борлуулсны орлогод 30 хувиар;
  • гадаадын аж ахуйн нэгжийн төлөөний газар өөрт ногдох ашгаасаа гадаадад шилжүүлбэл шилжүүлсэн ашгийн 20 хувиар;
  • Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараах орлогод 20 хувиар:
    • Монгол Улсад бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээс авсан ногдол ашгийн орлого;
    • хүүгийн болон батлан даалт гаргасны төлбөр;
    • эрхийн шимтгэлийн орлого, санхүүгийн түрээсийн хүүгийн орлого, удирдлагын зардалд төлсөн төлбөр, түрээсийн төлбөр, биет болон биет бус хөрөнгө ашиглуулсны орлого;
    • Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлого.
    • Монгол Улсаас эх үүсвэртэйгээр шууд болон цахим хэлбэрээр гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлого.
  • Монгол Улсын арилжааны банкны гадаад, дотоодын хөрөнгийн биржид гаргасан бондыг худалдан авсан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн бондын хүүгийн орлогод 10 хувиар.

Асуулт 2 Төсөвт төлөх албан татвараас хэрхэн хөнгөлөх вэ ? 

Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснаар дор дурдсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн буюу тариалсан аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар хөнгөлнө:

  • үр тариа, төмс, хүнсний ногоо
  • сүү
  • жимс жимсгэнэ
  • тэжээлийн ургамал
  • 50-иас дээш хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилладаг аж ахуйн нэгжид нийт ажиллагчдад хөгжлийн бэрхшээлтэй иргэний эзэлж байгаа хувь хэмжээгээр тооцон албан татварын хөнгөлөлт үзүүлнэ
  • Аж ахуйн нэгжийн гадаад улсад төлсөн албан татварт хөнгөлөлт үзүүлэхдээ орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай гэрээний дагуу шийдвэрлэнэ.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагыг дэмжих зорилгоор аж ахуйн нэгж, иргэнээс хандивласан нэг сая хүртэлх хэмжээний төгрөгийг ийнхүү хандивласан болох нь тогтоогдсон тохиолдолд тухайн татварын жилд уг аж ахуйн нэгжийн албан татвар ногдох орлогоос хасч тооцно.
  • тодорхой нутаг дэвсгэрийн усны нөөцийг нэмэгдүүлэх, усны найдвартай хангамжийг бүрдүүлэх зорилгоор байгалийн усны чанарыг сайжруулах, гол, горхийг нөхөн сэргээх арга хэмжээг санхүүжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нийт орлогод ногдох албан татварыг тухайн арга хэмжээнд зарцуулсан хэмжээгээр хөнгөлнө.
  • Аймаг, сумын төв нь нийслэл /Улаанбаатар/ хотоос 550 км-ээс хол байршилтай аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй, орон нутгийн төсөвтэй харьцдаг, гурваас доошгүй ажлын байр бий болгож /нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан/ байгаа энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан албан татвар төлөгчийн энэ хуулийн 7.3-т заасан татвар ногдох орлогын албан татварыг 550 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлнө.

 

Агуулга анх оруулсан: 2018-07-16 Шинэчилсэн: 2022-08-04

Мэдээ мэдээлэл