Нийгмийн даатгал Тахир дутуугийн тэтгэвэр авах

“Тахир дутуугийн тэтгэвэр” гэдэг нь ажил хөдөлмөр эрхлэн шимтгэл төлж, ажиллаж байгаад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон даатгуулагчид тэтгэврийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хамааралтайгаар тэтгэврийн даатгалын сангаас түүний хөдөлмөрийн чадваргүй байх хугацаанд буюу хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Монгол улсын Үндсэн Хууль-ийн хоёрдугаар бүлэг, арван гурав дугаар зүйлийн 5 дахь хэсэгт өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй гэж заасан байдаг.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль-ийн  7 дугаар зүйлд Тахир дутуугийн тэтгэвэр авах эрхийн тухай зохицуулсан зохицуулалт байдаг. Энэ заалтад нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр авах эрх бүхий этгээдийг заасан байдаг. Үүнд: 

1. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн З жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, тарилгын дараах хүндрэл, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар байнга буюу удаан хугацаагаар алдаж тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангаагүй даатгуулагч нийтдээ 3-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй байдаг.

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Нийгмийн даатгалын тухай хууль (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Монгол улсын иргэний хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү
  • Хөдөлмөрийн тухай хууль (2021 он) ЭНД дарж үзнэ үү
  • Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай (2015 он) ЭНД дарж үзнэ үү
  • Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай (1999 он) ЭНД дарж үзнэ үү
  • Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай (2017 он) ЭНД дарж үзнэ үү

Тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгохыг хүссэн иргэн та өөрийн оршин суугаа газрынхаа харьяа нийгмийн даатгалын байгууллагад хандаж тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаснаар харилцаа эхэлнэ.

Аймаг, дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, шалтгаан, хугацааг тогтооно.

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс

Эмнэлэг хөдөлмөрийн магадлагаа тогтоох ажлыг нарийн мэргэжлийн эмч, нийгмийн даатгалын болон эзэд, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс эрхлэн гүйцэтгэнэ. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь ердийн өвчин, ахуйн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалт, түүний хувь хэмжээ, хугацааг тогтооно. Нийгмийн даатгалын төв байгууллагын дэргэд эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, аймгийн болон нийслэлийн дүүргийн нийгмийн даатгалын байгууллагын дэргэд эмнэлэг хөдөлмөрийн магадлах орон нутгийн комисс ажиллана.

Нийгмийн даатгалын байгууллага дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  • нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;
  • нийгмийн даатгалын санг бүрдүүлж, орлого, зарлагын гүйцэтгэлийг хангах;
  • нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь олгох ажлыг зохион байгуулж, үйлчилгээг сайжруулах;
  • улсын нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагаа, түүний арга хэлбэрийг боловсронгуй болгох талаар судалгаа хийх, санал боловсруулж шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх;
  • доод шатны байгууллагынхаа үйл ажиллагаанд хяналт тавих;
  • хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг

 

Нийгмийн даатгалын байцаагчийн эрх, хариуцлага

Нийгмийн даатгалын байгууллагад 2-оос доошгүй жил ажиллаж мэргэшсэн, мэргэжлийн өндөр зэрэгтэй нийгмийн даатгалын байгууллагын ажилтанд нийгмийн даатгалын төв байгууллагын саналыг үндэслэн нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний шийдвэрээр нийгмийн даатгалын байцаагчийн эрх олгоно.

Нийгмийн даатгалын байцаагч дараах эрх эдэлнэ:

  • шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон данс бүртгэл, тайлан тэнцэл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах;
  • зөвхөн нийгмийн даатгалын хяналт шалгалтад шаардагдах магадлагаа, баримтын хуулбарыг ажил олгогчийн харилцагч банк, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулах;
  • шимтгэл оногдох орлого нуусныг гэрчлэх баримтыг ажил олгогч болон даатгуулагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу түр хугацаагаар хураан авах, хуулбарлах;
  • тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэл болон нөхөн ногдуулсан шимтгэл, алданги, хүү, торгуулийг шимтгэл төлөгчөөс үл маргах журмаар гаргуулах;
  •  ажил олгогч болон даатгуулагчид холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх;
  • даатгуулагч, ажил олгогч хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг албан үүргээ гүйцэтгэх явцад илрүүлэн холбогдох байгууллагад мэдэгдэх.
  • байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын байр, ажиллагчдын тоог цалингийн сан, төлсөн шимтгэлийн тооцоотой тулган шалгах;
  • ажиллагчдын тоог дарагдуулсан, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулсан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин олгож байсан болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс өр үүсгэсэн, ажиллагчдын төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын санд хугацаанд нь оруулаагүй зэрэг зөрчил гаргасан албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх;
  • Шимтгэл төлөхтэй холбогдсон хууль бус үйл ажиллагааг нуух, шимтгэлийн орлогыг хувийн зорилгод ашиглах, хээл хахууль авах, “ёс зүйн хэм хэмжээ зөрчих, мэдээллийн нууц задруулах, эрхээ хэтрүүлэх зэргээр албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нийгмийн даатгалын байцаагчид хууль тогтоомжид заасан сахилгын, захиргааны, эд хөрөнгийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Доорх болзлыг хангасан иргэн тэтгэврийн даатгалын сангаас "Тахир дутуугийн тэтгэвэр" авах эрх үүснэ.

Шимтгэл төлвөл зохих хугацаа:

  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн байх
  • Эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 3 жилд шимтгэл төлсөн байх
  • Хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар алдсан даатгуулагч тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох эрхтэй.

Нийтдээ 3-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар алдсан даатгуулагч тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно.

Энэхүү болзлыг хангасан гэж үзсэн тохиолдолд иргэн та нийгмийн даатгалын байгууллагын дэргэдэх эмнэлэгийн хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар орж хөдөлмөрийн чадвараа хэдэн хувь, хэдий хэмжээнд алдсанаа тодорхойлуулна.

Хөдөлмөрийн чадвар алдсаныг тогтоолгох:

Аймаг, дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, шалтгаан, хугацааг тогтооно.

Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг:

  • 70 ба түүнээс дээш хувиар тогтоосон бол хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсанд
  • 50-69 хувиар тогтоосон бол хөдөлмөрийн чадвараа хагас (хэсэгчилсэн) алдсанд тус тус тооцно.

Тахир дутуугийн тэтгэврийг яаж тооцох вэ?

Тахир дутуугийн бүрэн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан даатгуулагчийн хувьд сарын дундаж хөдөлмөрийн хөлс орлогын 45 хувиар тогтоож, 20-иос илүү ажилласан жил тутамд 1.5 хувиар бодож нэмэгдэл олгоно.

Харин даатгуулагч нь хөдөлмөрийн чадвараа хагас алдсан тохиолдолд тэтгэврийг дээр дурдсан хэмжээнээс хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээгээр бодож тогтооно.

Жишээ:

Даатгуулагч “Б” тэтгэврийн даатгалын шимтгэлийг 22 жил төлж, ажиллаж байхдаа ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдаж тахир дутуу болсон. Түүний сарын дундаж цалин хөлс нь 600 000 төгрөг байсан гэвэл тэтгэврийг дараах аргачлалын дагуу тогтооно.

  • 600 000 төгрөг х 48% (45% +(1.5% х(22 жил-20 жил))= 288 000 төгрөг нь бүрэн тэтгэвэрт ноогдох хэмжээ болно
  • Тахир дутуугийн тэтгэврийг дээрх ноогдох хэмжээнээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар бодно

288 000 төгрөг х 60% = 172 800 төгрөг нь тахир дутуугийн тэтгэвэр болно Дээрх жишээгээр уг даатгуулагчид олгох тахир дутуугийн тэтгэврийн бодит дүн 172800 төгрөг болж байгаа хэдий ч Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 292 дугаар тогтоолоор баталсан тахир дутуугийн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 251 000 төгрөг тул тэтгэврийг 251 000 төгрөгөөр тогтоож олгоно.

Тахир дутуугийн тэтгэвэр авах хугацаа хэдийд эхэлж, хэзээ дуусах вэ?

Тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, хэрэв тэтгэвэр авагч нь нас барвал нас барсны дараагийн сарыг дуусах хүртэлх хугацаанд олгоно.

Бүрдүүлэх материал:

  • Нийгмийн даатгалын дэвтэр Дэлгэрэнгүй
  • Хөдөлмөрийн дэвтэр Дэлгэрэнгүй
  • Хугацаат цэргийн албыг байлдагч, түрүүчээр хаасан бол цэргийн батлах
  • 1995 оноос өмнөх 5 жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан цалин хөлсний тодорхойлолт эсхүл архивын лавлагаа
  • Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэх
  • 2 хувь цээж зураг /3x4/

Тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох даатгуулагч тахир дутуу болсноос хойш 14 хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол З сарын дотор харьяа дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгснөөр тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүснэ.

Иргэн таны тэтгэвэр тогтоох асуудлыг нийгмийн даатгалын байгууллага өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. 

Иргэн та нийгмийн даатгалын байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрт санал нийлэхгүй гомдолтой гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 92-р зүйл Захиргааны актад гомдол гаргах 92.1; 92.2 дахь хэсэг заасны дагуу гомдол гаргах эрхтэй.

Иргэн та гомдол гаргахдаа тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллага, ажилтан албан хаагчид эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.

Хэрэв таны гаргасан гомдлыг дээд шатны байгууллага, ажилтан албан хаагч хүлээн авахаас татгалзсан эсхүл үндэслэлгүй байна гэж үзвэл Захиргааны хэргийн шүүхэд харьяаллын дагуу хандах бүрэн эрхтэй.

Тахир дутуугийн тэтгэвэр тогтоох болзол, нөхцөлийг бүрэн хангасан даатгуулагч ямар хэмжээтэй тэтгэвэр авах вэ?

Тахир дутуугийн тэтгэврийг өндөр насны тэтгэвэр бодох хувьд оногдох хэсгээс даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар тооцож тогтооно. Тухайлбал:

Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж 70 ба түүнээс дээш хувиар тахир дутуу болсон даатгуулагчийн тахир дутуугийн бүрэн тэтгэврийг түүний сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогын 45 хувиар тогтооно. Нийгмийн даатгалын шимтгэлийг 20-иос илүү төлсөн жил тутамд тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогын 1,5 хувиар бодож нэмэгдэл олгоно.

Харин хөдөлмөрийн чадвараа хагас алдаж 50-69 хувиар тахир дутуу болсон даатгуулагчийн тахир дутуугийн тэтгэврийг түүний сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогын хэмжээнээс дээр дурдсан хувь хэмжээгээр бодсон хэмжээ 45 хувь, 20-иос илүү ажилласан жил тутамд 1,5 хувиар нэмэгдүүлсэнд ногдох хэсгээс хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээгээр бодож тогтооно.

Тахир дутуугийн тэтгэвэр тогтоох аргачлалыг жишээгээр тайлбарлая. Даатгуулагч “Д” нийтдээ 23 жил шимтгэл төлж ажилласан, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого 180000 төгрөг, ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 65 хувиар алдсан бол:

  • 20 жилд ногдох өндөр насны тэтгэвэр: 81000 төгрөг /180000х45%/
  • 20 жилээс илүү ажилласан 3 жилд ногдох өндөр насны тэтгэвэр: 8100 төгрөг  /180000х1,5%/
  • Даатгуулагч “Д”-ийн өндөр насны тэтгэвэр бодох хувьд ногдох хэсэг, 89100 төгрөг /81000+8100/
  • Тахир дутуугийн тэтгэвэр 89100х65%=57915 төгрөг

Асуулт 1. Тахир дутуугийн хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах эрх хэрхэн, яаж үүсэх вэ?

Дээрх болзол, нөхцөлийг хангаагүй  даатгуулагч нийтдээ 3-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол шимтгэл төлсөн хугацаандаа ногдох дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авч болно.

Асуулт 2. Эмнэлэг, хөдөлмөрийн магадлагаа гэж юуг хэлэх вэ?

Хүмүүсийн оюун ухаан, мэдрэхүй, бие, бялдрын хэвийн үйл ажиллагаа нь алдагдаж тахир дутуу болсон хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас алдсан шалтгаан, түүний хувь хэмжээ, хугацааг тогтоох мэргэжлийн үйл ажиллагааг Эмнэлэг, хөдөлмөрийн магадлагаа гэнэ.

Асуулт 3. Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс хаана ажилладаг байгууллага вэ?

Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэд Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах төв комисс,

Аймаг, нийслэлийн дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах орон нутгийн комисс тус тус ажилладаг юм.

Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийг Засгийн газрын 1994 оны 171 дүгээр тогтоолоор баталсан бөгөөд энэхүү дүрмийг баримтлан үйл ажиллагаагаа явуулж байна.

Асуулт 4. Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс нь ямар асуудлыг магадлан шийдвэрлэдэг вэ?

Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс нь:

Ердийн өвчин, ахуйн осол

Үйлдвэрлэлийн осол

Мэргэжлээс шалтгаалсан зэрэг өвчний улмаас даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу хагас алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээ, хугацаа болон хөдөлмөрийн тусгай нөхцөл тогтоох асуудлыг магадлан шийдвэрлэдэг юм.

Асуулт 5. Тахир дутуу болсон даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээг хэрхэн тогтоох вэ?

Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс нь даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа алдаж тахир дутуу болсныг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, хагас алдсан гэж хоёр ангилан тогтооно.

Тахир дутуу болсон даатгуулагч хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсанд тооцно.

Тахир дутуу болсон даатгуулагч хөдөлмөрийн чадвараа 10-70 хүртэл хувиар алдсан бол хагас хэсэгчлэн алдсанд тооцно.

Асуулт 6. Хөдөлмөрийн чадвараа алдаж тахир дутуу болсон даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр олгохгүй байх тохиолдол байна уу?

Байна. Дараах тохиолдолд даатгуулагчид тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэхгүй. Үүнд:

  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох нөхцөл, болзлыг хангаагүй
  • Ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас доош хувиар алдсан тохиолдолд
  • Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгоход хийж байсан ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа тохиолдолд

Асуулт 7. Тахир дутуугийн тэтгэвэр авах хугацаа хэдийд эхэлж, дуусах вэ?

Тахир дутуугийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, хэрэв тэтгэвэр авагч нас барвал нас барсны дараагийн сар дуусталх хугацаанд олгоно.

Агуулга анх оруулсан: 2018-02-13 Шинэчилсэн: 2023-03-28

Мэдээ мэдээлэл