Газрын харилцаа Газар эзэмших

Газар эзэмших гэдэг нь газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ. Газар эзэмших эрх нь газар ашиглах эрхийг өөртөө давхар агуулж байдаг ойлголт юм. Энэ нь субьектын хувьд Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хамаатай.

“Газар эзэмших эрх олгох”-той холбоотой харилцааг Газрын тухай хуулиар зохицуулдаг. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “Газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ гэж заасан байдаг.

Тус хуулийн 3.1.7 дахь заалтад “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг хэлнэ.

Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын тухай хуульд заасны дагуу эзэмшиж, ашигладаг. Мөн газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн аж, ахуйн нэгж байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан.

Байгууллага

Эрх хэмжээ

Хуулийн зохицуулалт

Аймаг, нийслэлийн газрын алба

         Газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх,

        Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.3-т заасан эрхийн улсын бүртгэлийн дугаарыг тэмдэглэнэ.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.9 дахь заалт

Сумын газрын даамал, дүүргийн газрын алба

         Эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх,

          Газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх,

          Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.3-т заасан эрхийн улсын бүртгэлийн дугаарыг тэмдэглэнэ.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.6 дахь заалтууд

 

Газар эзэмших эрх нь Монгол Улсын Газрын тухай хуульд заасан болзол, нөхцөл, шаардлага, хугацаа, холбогдох журмын дагуу зохицуулагддаг. Тухайлбал, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь:

  1. Газрыг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмших эрхтэй.
  2. Газрыг Газрын тухай хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.
  3. Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна. Өөрөөр хэлбэл гэрчилгээгүйгээр газар эзэмшихийг хориглоно.
  4. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.
  5. Хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болно.
  6. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр байгуулсан хиймэл нуур, цөөрөм, усан сан, өсгөж үржүүлсэн ан амьтан, тарьж ургуулсан ойн төгөл, аж ахуйн ашигт ургамлын доорх газрыг багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн давуу эрхээр эзэмшүүлж болно

Тус хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь дор дурдсан төрөлтэй байна гэж заасан. Үүнд:

  • гэр бүлийн хамтын хэрэгцээний;
  • төрийн байгууллагын;
  • аж ахуйн нэгж, байгууллагын. 

Газар эзэмшигч

Газар эзэмших хугацаа

Хуулийн зохицуулалт

Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад

15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна.

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг

Газар эзэмшигч нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж болно.

анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмшиж болно.

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэг

 

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд Газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг заасан. Үүнд:

  • Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна.
  • Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.
  • Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.
  • Хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгохоос өмнө палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авсан байна.

 Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу Газар эзэмшигч нь дараах эрх, үүрэгтэй. Үүнд:

Газар эзэмшигчийн эдлэх эрх:

  • гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах;
  • газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг газар өмчлөгчөөс гаргуулж авах;
  • газарт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр тогтоосон журмын дагуу нөхөн төлүүлэх;
  • газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх;
  • газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах; 
  • газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно;
  • газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасны дагуу дараах эрх төрийн байгууллагад хамаарахгүй. Үүнд:    

  • газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх;
  • газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно.

Газар эзэмшигчийн хүлээх үүрэг:  

  • газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;
  • газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх;
  • газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх;
  • газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг тогтоосон журмын дагуу хийлгэж байх;
  • бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх;
  • энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх.

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Газрын тухай хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Газрын төлбөрийн тухай хууль (1997 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Геодези, зураг зүйн тухай хууль (1997 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль (1999 он) ЭНДдарж үзнэ үү.
  • Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль (2015 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Улсын бүртгэлийн ерөнхий хууль (2018 он) ЭНДдарж үзнэ үү.
  • Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль (2009 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай (1995 он) ЭНД дарж үзнэ үү. 
  • Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын А/187 дугаар тушаал ЭНД дарж үзнэ үү.

Та харьяа дүүргийн газрын албанд хүсэлт гаргаснаар газар эзэмших харилцаа үүснэ.

Иргэн та дүүргийн газрын алба, газар зохион байгуулагч буюу газрын даамалд хандаж эзэмших газрын тухай лавлагаа мэдээлэл авч, аль шатны байгууллагад газар эзэмших хүсэлт гаргах тухай мэдэх боломжтой.

  1. Иргэн таны газар эзэмших хүсэлтийг харьяаллын дагуу аймаг, нийслэл, сум, дүүргийн засаг дарга шийдвэрлэнэ.
  • Хэрэв таны эзэмших хүсэлттэй газар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу иргэдэд газар эзэмшүүлэх хэсэгт хамаарах бол сум, дүүргийн засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргана.
  • Хэрэв таны эзэмших хүсэлттэй газар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах хэсэгт хамаарах бол аймаг нийслэлийн засаг дарга шийдвэр гаргана.
  1. Дараах тохиолдолд газар эзэмшүүлэх шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга гаргана. Үүнд:
  • гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-гаас илүүгүй,
  • гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар 0.1 га-гаас илүүгүй,
  • үр тарианы зориулалтаар 100 га хүртэл,
  • төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл эзэмшүүлж, ашиглуулахаар заасан
  • Төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх.

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дээрх 2 дугаар зүйлд зааснаас бусад зориулалтаар болон дурдсан хэмжээнээс илүү газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж Газрын тухай хуулийн 33 дугаар  зүйлийн 33.1.2 дахь заалтад заасан байдаг.

Шинээр газар эзэмшүүлэх үйл ажиллагаа:

  1. Өргөдөл гаргах

Шинээр газар эзэмшүүлэх өргөдөлд дараах материалыг хавсаргана. Үүнд:

  • Иргэний үнэмлэх /Улсын бүртгэлийн гэрчилгээ/-ний хуулбар:
  • Эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, байршил, зааг, хэмжээ зэргийг тусгасан нэгж талбарын тойм зураг.

Хэрэв өргөдөл гаргагч нь хэн нэгэнтэй хамтран эзэмших хүсэлтэй бол дараах материалыг нэмж хавсаргана.

  • хамтран эзэмшигч, ашиглагчдын иргэний үнэмлэх /улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар.
  1. Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийх

Өргөдөл шаардлага хангасан тохиолдолд:

  • Өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэнэ.
  • Өргөдөл хүлээн авсан тодорхойлолтыг гаргаж өгнө.

Өргөдөл шаардлага хангаагүй тохиолдолд өргөдлийг буцаана.

  1. Шийдвэр гаргах, хариу мэдэгдэх

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газрыг эзэмшүүлэх боломжтой эсэхийг судална. Газрын алба, сумын газрын даамал нь өргөдөл гаргагч болон хөрш нэгж талбарын өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийг байлцуулан тухайн газрын орц гарцыг тодорхойлон, хил заагийг тогтоож эргэлтийн цэгүүдийн солбицлыг кадастрын зураглал хийх нарийвчлал, шаардлага хангасан байдлаар тодорхойлно.            

  • Зөрчилгүй тохиолдолд Засаг даргын захирамжийн төсөл боловсруулна.
  • Зөрчилтэй тохиолдолд “Хариу өгөх мэдэгдэл”-ийн хамт буцаана.   

Засаг даргад захирамжийн төслийг танилцуулж баталгаажуулна.

  • Дэмжигдсэн тохиолдолд: Нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхлүүлэх мэдэгдэл”-ийг өргөдөл гаргагч иргэн, аж ахуйн нэгжүүдэд өгнө.
  • Шийдвэрийн төсөл дэмжигдсэн боловч өргөдөл гаргагчийн өргөдөлд тусгасан нөхцөлүүд өөрчлөгдсөн тохиолдолд өргөдөл гаргагчид шийдвэрийг танилцуулна.
  • Засаг даргын шийдвэрээр өргөдөлд дурдсан өөрчлөгдсөнийг өргөдөл гаргагч зөвшөөрөхгүй тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгож “Хариу өгөх мэдэгдэл” өгч өргөдлийг хаана.  

Дэмжигдээгүй тохиолдод “Хариу өгөх мэдэгдэл” өгч өргөдлийг хаана.

  1. Нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт тэмдэгжүүлэх

Газар эзэмших эрх үүссэн тохиолдолд “Нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхлүүлэх мэдэгдэл”-ийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад өгнө.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь нийслэл, дүүрэгт газар эзэмшиж байгаа бол кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид “Нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхлүүлэх мэдэгдэл”-ийг өгнө.  

Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь аймаг, суманд газар эзэмшиж байгаа бол аймгийн Газрын алба эсвэл кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид “Нэгж талбарын эргэлтийн цэгүүдийг газарт бэхлүүлэх мэдэгдэл”-ийг өгнө.

Аймгийн газрын алба болон кадастрын зураглал үйлдэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь иргэн, аж ахуйн нэгжид доорх зүйлсийг гаргаж өгнө.  

  • Эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг;
  • Нэгж талбарт эргэлтийн цэг суулгасан бол “Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг иргэн, аж ахуйн нэгжид хүлээлгэн өгсөн тухай акт.
  1. Газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх

Газар эзэмшигчийн материалыг Газрын алба, сумын газрын даамал хүлээн авч газрын кадастрын мэдээллийн санд бүртгэнэ. 

  1. Улсын бүртгэлд бүртгүүлэх

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж Э болон А дугаар авах

  1. Гэрээ байгуулж, гэрчилгээ олгох

Газрын алба, сумын газрын даамал нь газар эзэмшигчтэй 2 хувь гэрээ байгуулж, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, кадастрын зургийг газар эзэмших эрхийн гэрчилгээнд хавсарган өгнө.

  1. Газрын улсын бүртгэлд бүртгэх

Газар эзэмших эрх үүссэн иргэн, хуулийн этгээдийг батлагдсан дэвтрийн дагуу газрын улсын бүртгэлд бүртгэнэ.

  1. Нэгж талбарын хувийн хэрэг үүсгэх 

Эзэмшүүлсэн газарт нэгж талбар хувийн хэрэг үүсгэж холбогдох бичиг баримтыг хавсарган архивлана.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас “Газар эзэмших” тухай ирүүлсэн өргөдөл, гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт Газар зохион байгуулалт хийх журмын 3 дугаар зүйлийн 26, 27 дахь хэсэгт заасан хугацаанд шийдвэрлэнэ.

Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт Газар зохион байгуулалт хийх журам:

26. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас Засаг даргад ирүүлсэн хүсэлтийг аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал хүлээн аваад 14 хоногт багтаан судалгаа хийж санал, дүгнэлтээ Засаг даргад оруулна.

27. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газрын алба, сумын газрын даамлын санал, дүгнэлт бүхий материалыг хүлээн аваад 30 хоногт багтаан зохих шийдвэр гаргана гэж заасан байдаг.

Иргэн таны өргөдлийг тусгай бүртгэлд бүртгэж тэмдэглэж авах бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйл.Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх хугацаа

1.Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.

Таны өргөдлийг шийдвэрлээгүй /Захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой болон хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй асуудлаар/ эсхүл гаргасан шийдвэр нь хууль бус гэж үзсэн тохиолдолд дараах байдлаар гомдол гаргаж болно.

  1. Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа (Газрын тухай хуулийн 60 дугаар зүйл Газартай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх )

Газартай холбогдон үүссэн дараах маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ. Үүнд:

  • Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга,
  • Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга,
  • Газрын төлөв байдал, чанар, түүнийг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаар үүссэн маргааныг хууль тогтоомжийн дагуу зохих мэргэжлийн байгууллагын хяналт хариуцсан албан тушаалтан буюу тухайн шатны Засаг дарга
  1. Шүүхэд маргааныг шийдвэрлүүлэх
  • Дээрх урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсвэл шүүхээр шийдвэрлүүлнэ.
  • Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүх
  • Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн ашиглаж буй газартай холбогдон үүссэн маргааныг талуудын хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ зүйлд заасан журмын дагуу /Урьдчилан шийдвэрлүүлэх, Шүүхэд маргааныг шийдвэрлүүлэх/ шийдвэрлэнэ.

Иргэн та газар эзэмших хүсэлт гаргахдаа дараах зүйлийг анхаарах хэрэгтэй.

  1. Таны хүсэлт гаргаж эзэмших гэж буй газрын байршил тухайн Орон нутгийн байгууллагын ерөнхий төлөвлөгөөнд иргэнд газар эзэмшүүлэх хэсэгт багтсан эсэхийг тодруулж мэдэх шаардлагатай. Учир нь иргэдэд эзэмшүүлэхээр төлөвлөгдсөн хэсэгт  газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгодог.
  2. Таны хүсэлт гаргасан газар бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхацсан эсэхийг шалгаж мэдэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл таны хүсэлт гаргасан газар өөр хэн нэгний эзэмшил газар давхцаагүй байх ёстой.
  3. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт иргэн, хуулийн этгээдэд газрыг өмчлүүлж, эзэмшүүлэх боломж хуулиар хаалттай тул газрыг ашиглуулдаг болно.
  4. 2018 оны 11 сарын 01-нээс эхлэн газар өмчлөх төдийгүй газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэх болсон тул иргэд газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас “улсын бүртгэлд бүртгэв” гэсэн утга, агуулга бүхий бичилт хийгдсэн эсэхийг нягталж байх шаардлагатай.
  5. “Тухай газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байна” зарчимд 2018 оны 11 сараас эхлэн шилжиж байгаа болно.
  6. Үл хөдлөх эд хөрөнгийн тухай үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрын нэгж талбарын дугаараар нь дамжуулан улсын бүртгэлд бүртгэхээр болсон болохыг анхаарах хэрэгтэй.
  7. Газар төдийгүй түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэнээр баталгааждаг тул иргэд өөрийн өмчөө улсын бүртгэлд бүртгүүлэх төдийгүй газар, үл хөдлөх эд хөрөнгийг бусдаас авсан бол улсын бүртгэлд шаардлагатай өөрчлөлтийг хийлгэж байх шаардлагатай.
  8. Бэлчээрийг малчин иргэд нийтээр ашиглах эрхтэй бөгөөд бэлчээр ашиглах талаарх маргааны багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэх бөгөөд тохиролцохгүй тохиолдолд Сумын Засаг даргаар шийдвэрлүүлэх боломжтой. Сумын Засаг дарга шийдвэрлээгүй эсхүл гомдолтой бол шүүхээр мөн шийдвэрлүүлэх боломжтой.
  9. Газар эзэмших эрхийн барьцаалах тохиолдолд газрын алба, газрын даамал газар барьцаалсан тэмдэглэлийн эрхийн гэрчилгээнд тэмдэглэх бөгөөд бусад буюу газар өмчлөх эрх болон үл хөдлөх хөрөнгийн барьцааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа хэлтэс, газар хийдэг болно.

Дараах газарт газар эзэмшүүлэхийг хориглох тул анхаарна уу!

  • Хорих ангийн гадна хориотой бүс болон аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно.
  • төсөл шалгаруулах хэлбэрээр газар эзэмших эрхийг зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эсхүл гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт зориулж олгодог.
  • Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно.

Дараах тохиолдолд газар эзэмших эрх дуусгавар болох тул анхаарна уу!

  • газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй;
  • газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан;
  • эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан;
  • газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон;
  • газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн.

Дараах тохиолдолд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тул анхаарна уу!

  • эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;
  • газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;
  • шилжүүлж авсан эрхийн гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлж, шинээр гэрээ байгуулаагүй;
  • байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, Газрын тухай хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон;
  • эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;
  • хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.
  • газар эзэмших эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.13, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 20.1.6, 22.1.5-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлсэн.

Газар эзэмших эрх дуусгавар болоход газрыг чөлөөлөх тул анхаарна уу!

  • Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ.
  • Газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлснөөс бусад тохиолдлоор Газар эзэмших эрх дуусгавар болсон тохиолдолд газар чөлөөлөхтэй холбогдон гарах зардлыг газар эзэмшиж байсан этгээд өөрөө хариуцна.
  • Эзэмшлийн газар нь гамшиг, аюулт үзэгдэл, осолд нэрвэгдэж, цаашид тухайн зориулалтаар ашиглах боломжгүй болсон тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн газар эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан бол уг газрыг засаж тохижуулах зардлыг шаардлагатай тохиолдолд улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлж болно. Харин уг газар дээрх барилга, байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх зардлыг газар эзэмшиж байсан этгээд өөрөө хариуцна.
  • 90 хоногийн хугацаанд газраа чөлөөлөөгүй бол тухайн шатны Засаг дарга албадан нүүлгэх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна.

Асуулт: Газар эзэмших тухай өргөдлөө харьяа дүүргийн газрын албанд гаргасан боловч өргөдөл маань олдохгүй байна. Яах ёстой вэ?

Хариулт: Сайн байна уу? Газрын тухай тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт Дүүргийн газрын алба таны өргөдлийг анх хүлээн авахдаа он, сар, өдөр, цаг, минутаар өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэн, өргөдөл хүлээн авсан тодорхойлолт гаргаж өгөх үүрэгтэй. Та өргөдлөө өгсөн даруй энэ тодорхойлолтыг шаардан авах эрхтэй байдаг. Тодорхойлолтыг цаг хугацаанд нь авч хадгалах нь хожим энэ мэт маргаан гарахаас сэргийлэх ач холбогдолтой байдаг.

Асуулт: Зарим газрыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд дундаа эзэмшиж ашиглаж болох уу?

Хариулт: Сайн байна уу? Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.9 дэх хэсэгт “Газрыг дундаа хамтран эзэмшиж байгаа тохиолдолд нэг гэрээтэй байж болно” гэсэн зохицуулалт байгаа тул иргэн аж ахуйн нэгж байгууллагын хоорондын харилцан тохиролцоо, зөвшилцөл нь хуульд нийцэж байгаа эсэхийг тухайн шатны Газрын алба хянаж боломжтой гэж үзсэн тохиолдолд хамтран эзэмшиж болно. Жишээ нь дундын ашиглалттай авто зогсоолыг тэр орчмын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нар харилцан тохиролцоонд хүрсэн тохиолдолд тэдгээрийн дундын эзэмшилд олгох боломжтой.

Асуулт: Улаанбаатар хотын гэр хороололд хашааны газар эзэмшиж байгаа иргэдийн газрын хэмжээ нь ихэвчлэн 0.05 га байгаа. Иймд зєрvv 0.02 га газраа өєр газарт ємчилж болох уу?

Хариулт:  МУИГӨТХ-ийн 7.2-т Нийслэлд гэр бvлийн хэрэгцээний зориулалтаар ємчлvvлэх газрын хэмжээ нь 0.07 га хvртэл байна гээд мөн хуулийн 5.1.4-т гэр бvлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа vнэгvй ємчлvvлнэ гэж заасан тул Танд зєвхєн одоо эзэмшиж байгаа 0.05 га газрыг нэг л удаа ємчлvvлнэ. Хэрэв Та хvсвэл эзэмшиж байгаа 0.05 га газраа хvлээлгэн єгч, улмаар ГЗБТ-д иргэдэд ємчлvvлэхээр тусгагдсан, бусдын эзэмших эрх vvсээгvй газраас 0.07 га-даа хvргэн газар ємчлєн авч болно.

 

Асуулт : Одоо эзэмшиж байгаа газар нь 0.07 га-гаас их бол дахин хуваарилалтад оруулна гэж vнэн vv?

Хариулт: Газар эзэмших, ашиглах эрх vvссэн бєгєєд аливаа зєрчилгvй, тогтвортой суурьшсан өрхийн гэр хороололд байгаа хашааны газрын хэмжээ нь хуульд заасан 0.07 га-гаас 25 хувиас хэтрээгvй бол одоо эзэмшигчид vнээр нь худалдаж ємчлvvлэх, харин 25 хувиас дээш хувиар хэтэрсэн тохиолдолд хуульд заасан хэмжээний газрыг нь vнэгvй ємчлvvлж, бусад хэсгийг дахин хуваарилалтад хамруулж ємчлvvлэх газрын нєєцєд авах бодлогыг МУИГӨТХ-ийн хэрэгжилтийн эхэн үед баримталж байсан.

Харин МУИГӨТХ-д 2008 оны 5 сарын 22-ны өдрийн хуулиар орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу “иргэн бүрт” төрөөс нэг удаа газар үнэгүй өмчлүүлэх болсон тул эзэмших эрх нь хуулийн дагуу үүссэн тохиолдолд иргэдийн газрыг заавал дахин хуваарилалтад оруулах хэрэгцээ шаардлага үндсэндээ үгүй болсон гэж ойлгож болно.

 

Асуулт : Аж ахуйн нэгж, байгууллагад vйлдвэрлэл, vйлчилгээний зориулалтаар эзэмшvvлэх газрын дээд хэмжээг тогтоосон гэсэн. Энэ нь ямар хэмжээтэй байдаг юм бэ?

Хариулт: Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор дээрх хэмжээг аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаас хамаарч дараах байдлаар тогтоосон.

                Хүснэгт 2: Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх газрын дээд хэмжээ

газрын ашиглалтын зориулалт

Бүс нутаг, газрын хэмжээ

(га)

Аймагт

Улаанбаатарт

1. Үр тариа, тэжээлийн ургамал тариалах;

20000 га хүртэл

200 га хүртэл

2. Төмс, хүнсний ногоо, бусад ургамал тариалах;

200 га хүртэл

5 га хүртэл

3. Байгалийн хадлан бэлтгэл дагнан эрхлэх;

1500 га хүртэл

100 га хүртэл

4. Дотоодын хэрэгцээндээ зориулан хадлан бэлтгэх;

400 га хүртэл

50 га хүртэл

5. Хот тосгон, бусад суурины газрын хилийн заагийн гаднах уурхайн эдэлбэр ашиглагчдад эзэмшүүлэх газрын хэмжээ;

5000 га хүртэл

6. Хот тосгон, бусад суурины газрын хилийн заагийн доторхи уурхайн эдэлбэр ашиглагчдад эзэмшүүлэх газрын хэмжээ.

25.0 га хүртэл

 

Агуулга анх оруулсан: 2020-01-03 Шинэчилсэн: 2020-01-03

Мэдээ мэдээлэл