Оюуны өмч, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн харилцаа Шинэ бүтээлийн патент авах

Аж үйлдвэрийн өмчид шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, барааны тэмдэг, газар зүйн заалтыг хамааруулдаг. Эдгээрийг бүртгүүлэх, гэрчилгээ авах харилцааг хуулиар нарийвчлан зохицуулсан.

Шинэ бүтээл зохиогч болон патент эзэмшигчийн өмчлөх эрхийг баталгаажуулах, шинэ бүтээлийг ашиглах харилцааг 2021оны 05 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Патентын тухай хуулиар зохицуулж байна.

 

Патент: Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т заасны дагуу "патент" гэж тухайн шийдэл нь шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж, патент эзэмшигч нь тодорхой хугацаанд энэ хуулийн 46.2-т заасан онцгой эрхийг эдлэх эрхийг ойлгоно.

Шинэ бүтээл: Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17-т заасны дагуу "шинэ бүтээл" гэж байгалийн хуульд тулгуурлан сэдэж, үндэслэлийг нь тодорхойлсон бүтээгдэхүүн, үйлдвэрлэх арга, ажиллагаанд хамаарах техникийн шийдлийг ойлгоно.

Шинэ бүтээлийн патентаар хамгаалагдах зүйл, шалгуур:

  • Шинэ бүтээл болон шинэ бүтээлийн түвшин агуулсан, үйлдвэрлэлд ашиглах боломжтой бүтээгдэхүүн, эсхүл арга, ажиллагаанд хамаарах техникийн шийдлийг шинэ бүтээлд тооцож патентаар хамгаална.
  • Техникийн өмнөх түвшинд үл хамаарах техникийн шийдлийг шинэ гэж үзэж, дараах нөхцөлийг техникийн өмнөх түвшинд хамааруулна:
  • шинэ бүтээлийн анхдагч огноо, эсхүл давамгайлах огнооноос өмнө амаар, бичгээр, эсхүл бусад хэлбэрээр Монгол Улсад болон гадаад улсад нийтлэгдсэн, хэрэглэгдэж ирсэн, эсхүл нийтэд илэрхий болсон шийдэл, эсхүл мэдлэг;
  • шинэ бүтээлийн анхдагч огнооноос өмнө, эсхүл давамгайлах огнооноос өмнө бусад этгээдийн Монгол Улсад мэдүүлсэн, албан ёсны тогтмол хэвлэлд нийтлэгдсэн, патент олгогдсон шинэ бүтээл, ашигтай загвар.
  • Шинэ бүтээлд хамаарах мэдээллийг мэдүүлгийн анхдагч огнооноос өмнө 12 сарын дотор зохион бүтээгч, эсхүл уг мэдээллийг шууд буюу шууд бусаар олж авсан этгээд мэдүүлэг гаргагчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд илэрхий болгосон бол энэ нь шинэ гэх шалгуурыг үгүйсгэх нөхцөл болохгүй бөгөөд мэдүүлэг гаргагч үүнийг нотлох үүрэгтэй.
  • Шинэ бүтээлээр дэвшүүлсэн шийдлийг анхдагч огноо, эсхүл давамгайлах огнооноос өмнөх техникийн түвшинтэй харьцуулахад холбогдох мэргэжлийн хүнд илэрхий ялгарах давуу шинж чанартай байвал шинэ бүтээлийн түвшин агуулсан гэж үзнэ. Шинэ бүтээлийн түвшинг тогтооход энэ хуулийн 5.3-т заасныг техникийн өмнөх түвшинд хамааруулахгүй.
  • Шинэ бүтээлийг үйлдвэрлэлийн аливаа салбарт үйлдвэрлэж, эсхүл ашиглаж болохуйц байвал үйлдвэрлэлд ашиглах боломжтой гэж үзнэ.

Дараах зүйлийг шинэ бүтээлд тооцохгүй:

  • нээлт, шинжлэх ухааны онол, математикийн арга;
  • компьютерын программ, алгоритм дангаараа;
  • аж ахуйн ба бизнесийн үйл ажиллагаа, боловсрол, сургалтын арга, зөвхөн оюуны үйлдэл хийх, тоглоом тоглоход зориулагдсан бүдүүвч, дүрэм, аргачлал;
  • барилга байгууламж, газар, талбайн төлөвлөлт, зохион байгуулалт;
  • бүтээгдэхүүний гаднах хийц, хэлбэрт хамаарах уран сайхны шийдэл.
  • Компьютерын программ, алгоритм нь шинэ бүтээлийн бүрэлдэхүүн хэсэг байх нь түүнийг патентаар хамгаалахгүй байх нөхцөл болохгүй.

Дараах зүйлд шинэ бүтээлийн патент олгохгүй. Үүнд: 

  1. шинэ бүтээлийг нийтлэх, эсхүл эдийн засгийн эргэлтэд оруулах нь нийгмийн дэг журам, зан суртахуун, хүн, амьтны эрүүл мэнд, байгаль орчинд харш бол;
  2. бичил биетнээс бусад ургамал, амьтан, тэдгээрийн хэсэг, түүнчлэн ургамал, амьтан, тэдгээрийн хэсгийг бий болгох биологийн үндсэн арга;
  3. ургамлын сорт, амьтны үүлдэр;
  4. хүн, амьтны биед хэрэглэх эмчилгээ, мэс засал ба оношилгооны арга;
  5. хүн, амьтны клон гаргаж авах арга, эсийн генийн төрөлх байдлыг өөрчлөх арга, хүний үр хөврөлийг үйлдвэрлэлийн болон арилжааны зорилгоор хэрэглэх арга.
  6. 2 дахь хэсэгт заасан биологийн бус болон микробиологийн арга, ажиллагаа хамаарахгүй.
  7. 4 дэх хэсэгт заасан хүн, мал, амьтны биед хэрэглэх эмчилгээний горим, мэс засал, эсхүл оношилгоонд хэрэглэгдэх бүтээгдэхүүн, оношлуур, төхөөрөмж, бодис, нийлэмж болон найрлага хамаарахгүй.

Ашигтай загварын патентаар хамгаалагдах зүйл, шалгуур

8.1.Шинэ, үйлдвэрлэлд ашиглах боломжтой техникийн шийдлийг ашигтай загварт тооцож патентаар хамгаална.

8.2.Ашигтай загвар нь шинэ байх бөгөөд үүнийг энэ хуулийн 5.2-т зааснаар ойлгоно.

8.3.Ашигтай загварыг үйлдвэрлэлд ашиглах боломжтой байх бөгөөд үүнийг энэ хуулийн 5.5-д зааснаар ойлгоно.

Ашигтай загварт тооцохгүй зүйл

9.1.Энэ хуулийн 6.1-д заасан зүйлийг ашигтай загварт тооцохгүй.

9.2.Энэ хуулийн 6.2-т заасан зүйл нь ашигтай загварт нэгэн адил хамаарна.

Дараах зүйлд ашигтай загварын патент олгохгүй. Үүнд:

10.1.1.арга, ажиллагаа;

10.1.2.бодис, найрлага, химийн нэгдэл;


 

Патентын тухай хуулиас

11 дүгээр зүйл.Патент авах эрх

11.1.Шинэ бүтээл, ашигтай загвар зохион бүтээгч, эсхүл түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээд патент авах эрхтэй байна.

11.2.Ажлын байран дахь шинэ бүтээл, ашигтай загварын патент авах эрхийг ажил олгогч эдэлнэ.

11.3.Гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээний үндсэн дээр зохион бүтээсэн шинэ бүтээл, ашигтай загварт патент авах эрхийг захиалагч, эсхүл санхүүжүүлэгч этгээд эдэлнэ.

11.4.Шинэ бүтээл, ашигтай загварыг хамтран зохион бүтээсэн бол патент авах эрхийг хамтран эдэлнэ. Шинэ бүтээл, ашигтай загвар зохион бүтээхэд техникийн, зохион байгуулалтын, эсхүл санхүүгийн туслалцаа үзүүлсэн, эсхүл патентын мэдүүлэг гаргах, патент авахад дэмжлэг үзүүлсэн этгээдийг хамтран зохион бүтээгч гэж тооцохгүй.

11.5.Ижил шинэ бүтээл, ашигтай загварыг бие даан тусдаа зохион бүтээсэн бол патент авах эрхийг патентын мэдүүлгийг түрүүлж гаргасан этгээд эдэлнэ.

15 дугаар зүйл.Шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлэг гаргах

15.1.Шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлгийг энэ хуулийн 11.1-д заасан этгээд оюуны өмчийн байгууллагад цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргана.

15.2.Мэдүүлэг гаргагч патентын мэдүүлэг гаргахдаа оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлж болно.

15.3.Монгол Улсад байнга оршин суудаггүй, эсхүл үйл ажиллагаа эрхэлдэггүй гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн, эсхүл гадаад улсын хуулийн этгээд шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлэг гаргахдаа оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлнэ.

15.4.Шинэ бүтээл тус бүрд нэг патентын мэдүүлэг гаргах бөгөөд нэг зориулалттай, нэгдмэл байдлаар ашиглагдах хоёр, эсхүл түүнээс дээш шинэ бүтээлд нэг патентын мэдүүлэг гаргаж болно.

15.5.Ашигтай загвар тус бүрд нэг патентын мэдүүлэг гаргах бөгөөд нэг зориулалттай, нэгдмэл байдлаар ашиглагдах хоёр, эсхүл түүнээс дээш ашигтай загварт нэг патентын мэдүүлэг гаргаж болно.

16 дугаар зүйл.Шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлэг

16.1.Шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлэг дараах зүйлээс бүрдэнэ:

16.1.1.оюуны өмчийн байгууллагаас баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

16.1.2.тодорхойлолт;

16.1.3.томьёолол;

16.1.4.шаардлагатай тохиолдолд шинэ бүтээл, ашигтай загварын мөн чанарыг тайлбарласан зураг, бүдүүвч;

16.1.5.товч тайлбар;

16.1.6.үйлчилгээний хөлс төлсөн баримт;

16.1.7.зохион бүтээгч бус этгээд патентын мэдүүлэг гаргах бол патентын мэдүүлэг гаргах эрхээ нотолсон баримт;

16.1.8.оюуны өмчийн байгууллагаас баталсан маягтын дагуу гаргасан зохион бүтээгчийн баталгаа;

16.1.9.мэдүүлэг гаргагчийг оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлж байгаа бол итгэмжлэл;

16.1.10.давамгайлах эрх хүссэн бол үүнийг нотлох баримт.

16.2.Энэ хуулийн 16.1.1-д заасан өргөдөлд дараах зүйлийг тусгана:

16.2.1.патент авах тухай хүсэлт;

16.2.2.шинэ бүтээл, ашигтай загварын нэр;

16.2.3.патентын олон улсын ангилал;

16.2.4.мэдүүлэг гаргагч нь хувь хүн бол түүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, байнга оршин суугаа газрын хаяг, иргэний харьяалал, гарын үсэг;

16.2.5.мэдүүлэг гаргагч нь хуулийн этгээд бол түүний оноосон нэр, өмчийн хэлбэр, албан ёсны хаяг, үүсгэн байгуулагдсан улсын нэр, үйл ажиллагаа явуулдаг улсын нэр, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг;

16.2.6.зохион бүтээгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, байнга оршин суугаа газрын хаяг, иргэний харьяалал;

16.2.7.патент эзэмшигч нь хувь хүн бол түүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, байнга оршин суугаа газрын хаяг, иргэний харьяалал, гарын үсэг;

16.2.8.патент эзэмшигч нь хуулийн этгээд бол түүний оноосон нэр, өмчийн хэлбэр, албан ёсны хаяг, үүсгэн байгуулагдсан улсын нэр, үйл ажиллагаа явуулдаг улсын нэр, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг;

16.2.9.мэдүүлэг гаргагчийг оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлж байгаа бол итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, тусгай зөвшөөрлийн дугаар, хаяг, гарын үсэг;

16.2.10.давамгайлах эрх хүсэх тохиолдолд энэ тухай мэдэгдэл;

16.2.11.хавсаргасан баримт бичгийн жагсаалт, хуудасны тоо.

16.3.Шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлгийг монгол хэлээр үйлдэнэ.

16.4.Шинэ бүтээл, ашигтай загварыг мэдүүлэхдээ энэ хуулийн 16.1.2, 16.1.3, 16.1.5-д заасныг өөр хэлээр гаргасан тохиолдолд патентын мэдүүлэг гаргасан өдрөөс хойш хоёр сарын дотор монгол хэлээр орчуулж ирүүлнэ.

16.5.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 16.4-т заасан хугацааг нэг сараар сунгуулах тухай хүсэлт гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд үйлчилгээний хөлс төлнө.

16.6.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 16.1.2, 16.1.3, 16.1.5-д заасныг энэ хуулийн 16.4, 16.5-д заасан хугацааны дотор монгол хэлээр орчуулж ирүүлээгүй бол мэдүүлэг гаргагчийг патентын мэдүүлгээсээ татгалзсанд тооцож, патентын мэдүүлгийг хэрэгсэхгүй болгож, энэ тухай мэдүүлэг гаргагчид цаасан, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.

16.7.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 16.1.7, 16.1.8, 16.1.9-д заасан баримт бичгийг шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлэг гаргах үед, эсхүл патентын мэдүүлэг гаргасан өдрөөс хойш хоёр сарын дотор ирүүлнэ.

16.8.Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 16.7-д заасан хугацааг нэг сар хүртэл хугацаагаар сунгуулах тухай хүсэлт гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд үйлчилгээний хөлс төлнө.

16.9.Шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлэгт тавих шаардлага, патентын мэдүүлгийг бүртгэх, тэдгээрт өөрчлөлт оруулахтай холбоотой журмыг оюуны өмчийн байгууллага батална.

Мэдүүлгийг хянах:

Патентийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шинэ бүтээл мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш 20 хоногийн дотор түүний бүрдлийг хянаж, мэдүүлэг нь Патентийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн бөгөөд мэдүүлгийн бүрдэл хангасан гэж үзвэл анхдагч огноог мэдүүлэг хүлээн авсан өдрөөр тооцно.

Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг Патентийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзвэл түүнд нэмэлт, засвар хийх шаардлагатайг мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ. Мэдүүлэг гаргагч уг мэдэгдлийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээн авсан өдрөөс хойш шинэ бүтээлийн мэдүүлэгт З сарын дотор нэмэлт, засвар хийж ирүүлсэн тохиолдолд тухайн мэдүүлгийн анхдагч огноог мэдүүлгийг анх хүлээн авсан өдрөөр тооцно.

Мэдүүлэг гаргагч дээр дурдсан хугацааны дотор нэмэлт, засвар хийж ирүүлээгүй бол тухайн мэдүүлгийг гаргаагүй гэж үзнэ.

Мэдүүлэг гаргагч давамгайлах огнооны эрх хүсэж байгаа бол мэдүүлгийг бүртгэснээс хойш 2 сарын дотор энэ тухайгаа бичгээр мэдэгдэж, анхны мэдүүлгийн хуулбарыг ирүүлнэ. 

Шинэ бүтээлийн мэдүүлэгт шүүлт хийх:

Патентийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу мэдүүлгийн анхдагч огноог тогтоосны дараа оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шинжээч тухайн шинэ бүтээл нь Патентийн тухай хуулийн хуулийн 4, 5 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан эсэхэд чанарын шүүлт хийнэ.

Мэдүүлэг гаргагч мэдүүлсэн шинэ бүтээл, эсхүл түүнтэй мөн чанараараа ижил бүтээлд патент буюу өөр ямар нэг эрхийн баримт авахаар гадаадын улс, олон улсын байгууллагад мэдүүлэг гаргасан тухайгаа оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

 

Шүүлт хийх явцад буюу эцсийн шийдвэр гарахаас өмнө мэдүүлэг гаргагч анхныхаа ирүүлсэн тодорхойлолтын агуулгын хүрээнээс халихгүйгээр, мэдүүлэгтээ нэмэлт, өөрчлөлт хийж болно. Нэмэлт, өөрчлөлт нь мэдүүлж байгаа шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын мөн чанарыг өөрчлөх бол шинээр мэдүүлэг гаргана. 

 

Шүүлт хийх явцад мэдүүлэг гаргагч анхныхаа ирүүлсэн тодорхойлолтын агуулгын хүрээнээс халихгүйгээр мэдүүлгээ 2 буюу түүнээс олон мэдүүлэг болгон салгах, эсхүл хамтаар ашиглагдах шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын хэд хэдэн мэдүүлгийг нэгтгэж болно.

Шинэ бүтээлээр дэвшүүлсэн шийдлийн зохиогч мэдүүлгийг эцсийн шийдвэр гарахаас өмнө ашигтай загварын мэдүүлэг болгон, ашигтай загварын гэрчилгээ хүссэн мэдүүлгийг шинэ бүтээлийн мэдүүлэг болгон тус тус өөрчилж болох бөгөөд энэ тохиолдолд анхдагч огноог анхны мэдүүлгээр тогтооно.

Патентийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдүүлгийн анхдагч огнооноос хойш 9 сарын дотор шүүлтийн дүгнэлтийг үндэслэн патент олгох эсэх талаар шийдвэр гаргана. Шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн уг хугацааг 12 сар хүртэл хугацаагаар сунгаж болно.

Мэдүүлэг гаргагчийн хүсэлтээр шүүлт хийхийг хойшлуулж болох боловч шүүлт хийхийг хойшлуулах хугацаа нь патент олгох шийдвэр гаргах эцсийн хугацаагаар хязгаарлагдана.

Патент олгохоор шийдвэрлэсэн шинэ бүтээлийн ном зүй, томьёоллыг патентын хэвлэлд нийтэлж зарлана.

Шинэ бүтээл болох нь нотлогдоогүй, хамгаалах боломжгүй бол патент олгохоос татгалзсан шийдвэр гаргах бөгөөд шүүлтийн дүгнэлтийн хуулбарыг уг дүгнэлт гарсан өдрөөс хойш З0 хоногийн дотор мэдүүлэг гаргагчид хүргүүлж, мэдүүлгийг патентийн санд хадгална.

Шинэ бүтээлд патент олгох:

Патентын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасны дагуу Шинэ бүтээлийн ном зүй, томьёоллыг патентийн хэвлэлд нийтэлсэн өдрөөс хойш 3 сарын дотор оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад няцаасан нотолгоо ирээгүй, маргаан гараагүй бол патент олгоно.

Патентын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу шинэ бүтээлийн патент авахтай холбогдсон гомдлыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх маргаан шийдвэрлэх комисст гаргах бөгөөд комисс гомдлыг хүлээн авснаас хойш 6 сарын дотор хянан шийдвэрлэж, хариуг бичгээр мэдэгдэнэ.

Маргаан шийдвэрлэх комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.

Монгол Улсын Шадар сайдын 2013 оны 14 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан  Маргаан шийдвэрлэх комиссны ажиллах журам-д заасны дагуу гомдлыг Комисст бичгээр гаргах бөгөөд гомдол гаргагч, эсвэл түүнийг маргаан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна.

Гомдолд дараах мэдээллийг заавал тусгана. Үүнд:

  • Гомдол, гаргагчийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;
  • Гомдлыг холбогдуулан гаргаж буй этгээдийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;
  • Гомдлын үндэслэл, түүнийг нотлох баримт;
  • Хавсаргасан баримт бичгийн жагсаалт;

Гомдолд үйлчилгээний хураамж төлсөн баримтыг хавсаргана.

Зөвлөгөө №1:

Хэрэв та шинэ бүтээлийн патент авсан бол тухайн бүтээлээ анхдагч огнооноос хойш 20 жилийн хугацаанд ашиглах бүх л боломжтой аргуудыг судалж, ашиглан үр шимийг нь хүртэх хэрэгтэй. Учир нь 20 жилийн хугацаа дуусгавар болоход тухайн бүтээлийг шинэ гэх үндсэн шинж чанар нь алдагдсан гэж үзэж, тухайн бүтээлд дахин патент олгохгүйг анхаараарай. Харин цаашид үргэлжлүүлэн патентгүйгээр ашиглах боломжтой.

Зөвлөгөө №2:

Хэрэв та албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцдаа шинэ бүтээл бүтээсэн бол уг бүтээлд патент авах эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлдэг болохыг анхаараарай. Тиймээс гэрээнд өөрт ашигтай нөхцөлүүдийг тусгуулах боломжтой.

Ажил олгогч шинэ бүтээлийг бүтээснээс хойш 6 сарын дотор мэдүүлэг гаргаагүй бол зохиогч нь мэдүүлэг гаргах эрх эдэлнэ. Энэ тохиолдолд зохиогч патент авсан бол ажил олгогч тухайн бүтээлийг ашиглахдаа патент эзэмшигчид гэрээний үндсэн дээр зохих төлбөр төлнө.

Зөвлөгөө №3:

Патентийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Хуулийн этгээд шинэ бүтээлийг ашигласнаас олсон ашиг, оюуны бүтээлийн өртгийг тооцсон үнэлгээг санхүүгийн тайлан тэнцэлд тусгаж, үйлдвэрлэлийн нууцыг нь хадгалах үүрэгтэй байдаг.  Мөн оюуны бүтээлийн өртгийг тооцсон үнэлгээг хөрөнгийн баталгаа, барьцаа, хөрөнгө оруулалт, хувьцаа гаргах, хувьчлал болон дуудлагын худалдаанд оруулах, дүрмийн сан бүрдүүлэх, даатгалд хамруулах зэрэгт хэрэглэж болно.

Асуулт 1. Шинэ бүтээлийн зохиогч ямар эрхүүдийг эдлэх вэ?

Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу шинэ бүтээлийн зохиогч дараах эрхийг эдэлнэ. Үүнд:

  • шинэ бүтээлийг өмчлөх;
  • патент авах эрхээ бусад этгээдэд шилжүүлэх;
  • шинэ бүтээлдээ нэр өгөх;
  • шинэ бүтээлийн технологийн баримт бичиг боловсруулах, тэдгээрийг турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажилд оролцож, хяналт тавих, оюуны бүтээлээ үнэлэх;
  • шинэ бүтээлийг ашиглаж олсон бусад этгээдийн орлогоос зохих хэмжээний төлбөр авах.

Шинэ бүтээлийг хамтран бүтээсэн зохиогчид дээрх эрхүүдийг хамтран эдлэнэ. Харин шинэ бүтээлийн мэдүүлэг болон техникийн баримт бичиг бүрдүүлэх, санхүүжүүлэх, туршилт хийх зэргээр туслалцаа үзүүлсэн этгээдийг хамтран зохиогч гэж тооцохгүй.

Хамтран зохиогчид гэрээнд өөрөөр заагаагүй бол мэдүүлэг гаргах, патент авах, бүтээлээ ашиглуулах, бусад этгээдэд худалдах, шилжүүлэх, үнэлэх болон шинэ бүтээлтэй холбоотой харилцаанд тэгш эрх эдлэх бөгөөд хэн нэг нь бусад хамтран зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа эрх эдлэхгүй.

Асуулт 2. Зохиогч шинэ бүтээлийн патентыг бусдад шилжүүлж болох уу?

Патентын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу патент эзэмшигч нь аливаа этээдэд лицензийн гэрээ байгуулж шинэ бүтээлийг ашиглуулж болно. Лицензийн гэрээгээр патент эзэмшигч нь хамгаалагдсан бүтээлийг ашиглах зөвшөөрлийг бүтээл ашиглагчид олгох, бүтээл ашиглагч гэрээгээр тогтоосон төлбөр төлөх болон гэрээгээр тодорхойлсон бусад үүрэг хүлээнэ.

Лицензийн гэрээнд дараах зүйлийг тусгана. Үүнд:

  • шинэ бүтээлийг ашиглах арга, хэлбэр, хэмжээ, хүрээ, хугацаа;
  • гэрээний талуудын эрх, үүрэг;
  • шинэ бүтээлийг ашигласны төлбөрийн хэмжээ, түүнийг олгох журам;
  • гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлага;
  • маргаан шийдвэрлэх журам.

Онцгой лиценз өгөх тохиолдолд лиценз өгөгч нь лиценз авагчид шинэ бүтээлийг ашиглах онцгой эрхийг мөн лицензийн гэрээний дагуу олгоно.

Энгийн лиценз өгөх тохиолдолд лиценз өгөгч нь шинэ бүтээлийг лиценз авагчид ашиглуулахаар өгөх, патентаар олгогдсон эрхээ гуравдагч этгээдэд нэгэн зэрэг ашиглуулах эрхтэй байна. 

Дээр дурдсаны дагуу байгуулж буй аливаа лицензийн гэрээг бичгээр үйлдэх бөгөөд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд ийнхүү бүртгүүлээгүй тохиолдолд хүчин төгөлдөр бус байна.

Патент эзэмшигч өөрийн бүтээлээ сонирхогч этгээдэд ашиглуулах лиценз олгох тухай хүсэлтээ оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж болно.

Лицензийн гэрээг шударга өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлтэйгээр байгуулахыг хориглоно.

Асуулт 3. Патент эзэмших хугацаанд ямар нэг төлбөр төлөх үү?

Патентын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу патентийг хүчинтэй байлгах хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хэмжээ, хугацаагаар төлнө.

Патентийг хүчинтэй байлгах эхний 3 жилийн хураамжийг патент олгох шийдвэр гарсан өдрөөс хойш 6 сарын дотор, дараахь хугацааны хураамжийг тухайн хугацаа эхлэхээс 6 сарын өмнө тус тус төлнө.

Патент эзэмшигч патентийг хүчинтэй байлгах хураамжийг Патентийн тухай хуульд заасан хугацаанд төлөөгүй бол оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тухайн хугацаа өнгөрснөөс хойш 6 сарын хөнгөлөлтийн хугацааг тогтоож болох бөгөөд энэ тохиолдолд тухайн хугацааны хураамжтай тэнцэх хэмжээний төлбөр нэмж төлнө.

Патентийг хүчинтэй байлгах сонирхол бүхий этгээд патент эзэмшигчийн зөвшөөрлөөр патентийн хураамжийг төлж болно.

Асуулт 4. Шинэ бүтээлийн патентын хугацаа ямар байдаг вэ?

Патентын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу анхдагч огнооноос эхлэн шинэ бүтээлийн патент 20 жилийн хугацаанд хүчинтэй байна.

Асуулт 5. Шинэ бүтээлийн патентыг ямар тохиолдолд хүчингүй болгох вэ?

Патентын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Патентын хуулийг зөрчиж патент олгосон байвал маргаан шийдвэрлэх комисс, шүүх патентыг хүчингүй болгоно.

Патент эзэмшихээс болон патентын хураамж төлөхөөс татгалзсан, патентыг хүчинтэй байлгах хураамжийг Патентын тухай хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага патентыг хүчингүй болгоно.

Шинэ бүтээлийг огт ашиглаагүй тохиолдолд тухайн шинэ бүтээлийг Монгол Улсад ашиглах нөхцөл байгаагүйг патент эзэмшигч нотолж чадаагүй бол төрийн хяналтад зайлшгүй байх шинэ бүтээлийг эзэмших эрх оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжинэ.

Патентыг хүчингүй болгох тухай хүсэлтийг патент хүчинтэй байх хугацаанд гаргана.

Патентын хураамжийг төлөөгүй шалтгаанаар патентыг хүчингүйд тооцсон нөхцөлд патент хүчинтэй байх нийт хугацааны дотор патент эзэмшигчийн хүсэлтээр патентыг сэргээж болно.

Асуулт 6. Патентын эрх зөрчигдвөл ямар замаар сэргээлгэх вэ?

Хэрэв таны патентаар хамгаалагдсан бүтээлийг хууль бусаар ашиглаж танд хохирол учруулсан, болон лицензий гэрээний дагуу бүтээл ашигласны төлбөр гаргуулахаар маргах тохиолдолд та тухайн маргааныг зөрчил гаргасан этгээдийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой.

 

Агуулга анх оруулсан: 2018-06-18 Шинэчилсэн: 2023-09-15

Мэдээ мэдээлэл