Сонгогч таны эрх зүйн боловсролд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль нь Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлэх үндсэн арга юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-т “Монгол Улсын иргэн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно” гэж заасан.

Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 3-т зааснаар “Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. Эдгээр Хурлын болон сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хуулиар тогтооно”.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр батлагдсан бөгөөд  тус хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “Орон нутгийн Хурлын сонгуулиар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоосон тооны орон нутгийн Хурлын Төлөөлөгчийг сонгоно” гэж заасан байдаг.

 

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт:

  • Монгол Улсын Үндсэн хууль /1992 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль /2020 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Сонгуулийн тухай хууль /2015 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Монгол Улсын Их Хурлын тогтоол “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” /2020 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны А/961 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, хүргүүлэх журам” /2020 он/ ЭНД дарж үзнэ үзнэ үү.
  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны А/961 дүгээр тушаалын 2 дугаар хавсралт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт” /2020 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны А/961 дүгээр тушаалын 3 дугаар хавсралт “Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалт” /2020 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны А/961 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралт “Сонгогчдын нэрийн жагсаалтад оруулсан өөрчлөлтийг тусгасан тухай тэмдэглэл” /2020 он/ ЭНД  дарж үзнэ үү.
  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны А/961 дүгээр тушаалын 5 дугаар хавсралт “Сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай лавлагаа” /2020 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны А/961 дүгээр тушаалын 6 дугаар хавсралт “Сонгогчийн бүртгэлийн хуудас” /2020 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Монгол Улсын сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хорооны хамтарсан 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 18/22 тоот тогтоолын 1 дүгээр хавсралт  “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих журам” ЭНД дарж үзнэ үү.
  • Монгол Улсын сонгуулийн ерөнхий хороо, харилцаа холбооны зохицуулах хорооны хамтарсан 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 18/22 тоот тогтоолын 2 дугаар хавсралт “Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх мэдэгдэл хүргүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн жагсаалт” ЭНД дарж үзнэ үү.
  • Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 17 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч, ухуулагчийг бүртгэх, үнэмлэх олгох журам” /2020 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Монгол Улсын Их Хурлаас баталсан СОНГУУЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ЁС ЗҮЙН ДҮРЭМ /2008 он/ ЭНД    дарж үзнэ үү.

Сонгуулийн хороо шатлан захирагдах зарчмаар ажиллах бөгөөд сонгуулийн хороодын шийдвэртэй холбогдуулан дээд шатны сонгуулийн хороонд гомдол гаргана. Сонгуулийн хорооны шийдвэрт холбогдох маргааныг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ.

Сонгогч сонгогчийн нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн бол гомдлоо итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэлийн байгууллагад гаргана.

Цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаатай холбоотой өргөдөл, гомдлыг Цагдаагийн байгууллага, Шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана. Сонгуулийн сурталчилгаатай холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан үзээд санал, дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлнэ.

  • Радио, телевиз мэдээллийн хөтөлбөрөөрөө нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээллийг хүргэхдээ бодит, тэнцвэртэй, нэг талыг барихгүй, хараат бус байх зарчмыг баримтлаагүй
  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулсан, нийтлэсэн
  • Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах болон гэрээ байгуулсан талаарх гомдлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хандан гаргана.

Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар Цагдаагийн байгууллагад мэдэгдэх боломжтой.

Асуулт 1: Орон нутгийн сонгуульд иргэний сонгох, сонгогдох эрх хэдэн наснаас үүсдэг вэ?

Хариулт 1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 5.1-т зааснаар  Тухайн засаг захиргааны нэгжид байнга оршин суугчаар бүртгүүлсэн сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэн /цаашид “иргэн” гэх/ үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлагдахгүйгээр орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, тухайн шатны Хурлын Төлөөлөгчийг сонгох эрхтэй.

Мөн хуулийн 5.2-т “18 нас хүрсэн, тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж заасан байдаг.

Асуулт 2: Төрийн албан хаагч орон нутгийн сонгуульд нэр дэвшиж болох уу?

Хариулт: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28.4-т зааснаар Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна:

28.4.1.төрийн жинхэнэ албан хаагч;

28.4.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан;    

28.4.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн;

28.4.4.Засгийн газраас байгуулсан төсөл, хөтөлбөрийн нэгж болон хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн.

Тиймээс та хуульд заасан хугацаанд ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөж хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд Орон нутгийн сонгуульд нэр дэвших бүрэн боломжтой юм.

Асуулт 3: Орон нутгийн сонгуультай холбогдуулан иргэний шилжилт хөдөлгөөний асуудлыг хэрхэн зохицуулж байгаа вэ?

Хариулт. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулсан байдаг. Үүнд:

24.1.Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.

24.2.Энэ хуулийн 24.1-д заасан иргэний шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга гаргана.

24.3.Нэмэлт болон дахин санал хураалт явагдах нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ хуулийн 24.1, 24.2-т заасан иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг тухайн нэмэлт болон дахин санал хураалт явагдаж дуустал үргэлжлүүлж, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.

24.4.Орон нутгийн Хурлын ээлжит бус, нөхөн болон дахин сонгууль явуулахаар товлон зарласан эрх бүхий байгууллага тухайн шийдвэрийг ажлын гурван өдрийн дотор улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Асуулт 4: Орон нутгийн сонгуульд нэр дэвшигч Сонгуулийн хороонд нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ ямар бичиг баримт бүрдүүлдэг вэ?

Хариулт: Нам, эвслээс нэр дэвшигч нь дараах материалыг бүрдүүлнэ.

  • Нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалт
  • Нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл
  • Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн шийдвэрийн хуулбар
  • Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөртэй эсэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа
  • Нэр дэвшигч өөрөө татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх, нэр дэвшигч нь компанийн хувьцааны 51 хувь ба  түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт
  • Нэр дэвшигчийн намтар
  • Нэр дэвшигчийн иргэний үнэмлэхний хуулбар
  • Ял эдэлж байгаа эсэх талаарх Цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа
  • Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг
  •  Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.

Бие даан нэр дэвшигч дараах материалыг бүрдүүлнэ.

  • нэрээ дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдэл;
  • сонгогчдын гарын үсэг зуруулсан маягт;
  • Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал бол ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн шийдвэрийн хуулбар
  • Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөртэй эсэх талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа
  • Нэр дэвшигч өөрөө татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх, нэр дэвшигч нь компанийн хувьцааны 51 хувь ба  түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь татварын хугацаа хэтэрсэн өр төлбөртэй эсэх татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт
  • Нэр дэвшигчийн намтар
  • Нэр дэвшигчийн иргэний үнэмлэхний хуулбар
  • бие даан нэр дэвшигчийг төлөөлж сонгуулийн төв байгууллагатай харилцах хоёр хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, харилцах утасны дугаар;
  • төрийн аудитын дээд байгууллагаар хянуулсан бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, аудитын дүгнэлт;
  • ял эдэлж байгаа эсэх талаарх цагдаагийн төв байгууллагын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагаа;
  • Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг
  •  Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.

Асуулт 5: Сонгуулийн сурталчилгаатай холбоотой гомдол, мэдээллийг ямар байгууллагад гаргах вэ?

Хариулт: Гомдол, маргааны онцлог байдлаас шалтгаалан гомдлыг хүлээн авах, хянан шийдвэрлэх байгууллага өөр өөр байдаг. Жишээлбэл:

Цахим орчин болон Радио, телевизээр нэвтрүүлэх Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн сурталчилгаатай холбоотой өргөдөл, гомдлыг зөрчил шалган шийдвэрлэх харьяаллын дагуу Цагдаагийн байгууллага, Тагнуулын ерөнхий газар, Шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус гаргана. Харилцаа холбооны зохицуулах хороо өргөдөл, гомдолтой холбоотой нэвтрүүлгийн бичлэг, холбогдох бүртгэл, мэдээллийг дээрх байгууллагуудад гаргаж өгнө.

 

Агуулга анх оруулсан: 2020-09-28 Шинэчилсэн: 2023-09-06

Мэдээ мэдээлэл