Авто тээврийн үйлчилгээ Автотээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэх, техник хяналтын үзлэг хийх ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгох

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл гэж тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг хэлнэ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэхээр эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан этгээдийг хэлнэ.

Автотээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгслийн дугаар үйлдвэрлэх болон автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Зам, тээврийн хөгжлийн яам олгодог.  

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.15.5 дахь заалтад заасан автотээврийн техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх тусгай зөвшөөрөл болон 15.15.12 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэх зөвшөөрлийг Зам, тээврийн хөгжлийн яам олгоно гэж заасан. 

Тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага буюу Зам, тээврийн хөгжлийн яам нь дараах эрх эдэлнэ. Үүнд:  

  • хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл олгох;
  • тусгай зөвшөөрлийг бүртгэх;
  • тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаад хяналт тавих;
  • тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх;
  • тусгай зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох.

Тусгай зөвшөөөрөл олгох эрх бүхий байгууллага нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тусгай зөвшөөрөл олгохдоо Автотээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэгт заасны дагуу дараах нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг магадлан шалгаж, 15.6 дахь хэсэгт заасны дагуу гэрээ байгуулж ажиллана. Үүнд:  

  • тусгай зөвшөөрөл авахыг сонирхогч этгээдэд техникийн хяналтын үзлэгийг бүрэн, үнэн зөв гүйцэтгэх санхүү эдийн засаг, мэргэжлийн боловсон хүчний чадавхи, үйл ажиллагааны үндсэн чиглэл, нэвтрүүлэх технологи, ажлын байр, тоног төхөөрөмжийн талаар тавих шаардлага;
  • тухайн ажил үйлчилгээнд мөрдүүлэхээр эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, дүрэм, журмаар тогтоосон нөхцөл.

Харин тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэхээр хэд хэдэн сонирхогч этгээд өргөдөл гаргасан тохиолдолд, уг ажил, үйлчилгээний эрэлт, хэрэгцээг харгалзан тус хуулийн 15.7 дахь хэсэгт заасны дагуу сонирхогчдыг сонгон шалгаруулах замаар тусгай зөвшөөрлийг олгож болно.

Авто тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу дараах шаардлагыг хангасан байдалд жилийн турш хяналт хийж гэрчилгээ олгодог. Үүнд:

  • автотээврийн хэрэгслийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд нөлөө үзүүлэх сөрөг хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин,
  • тээвэрлэлтийн болон техник ашиглалтын шаардлагыг хангасан байна.

Техникийн хяналтын үзлэг гэж автотээврийн хэрэгслийн техникийн байдлыг тусгай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан, оношлогчийн мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагад тулгуурлан, стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхэд үзлэг хийж шалгах, тодорхойлох, үнэлэх үйл ажиллагааг хэлдэг.

Техникийн үзлэг хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага нь 191 дүгээр зүйлийн 191.2 дахь хэсэгт заасны дагуу дараах нөхцөл шаардлагыг хангасан байна. Үүнд: 

  • авто тээврийн хэрэгслийн техникийн ашиглалтын байдалд тавих шаардлагын дагуу техникийн хяналтын үзлэгийг /авто тээврийн хэрэгслийн ерөнхий байдал, иж бүрдэл, хөдөлгүүр, хүч дамжуулах анги, тоормосны систем, жолооны механизм, гэрэл дохио, явах анги, экологи болон эргономикийн үзүүлэлт/ бүрэн хийх;
  • техникийн хяналтын үзлэгийн талаархи дүрэм, журам, стандартыг мөрдөх;
  • үйлдвэрлэлийн байр, талбай, оношлогооны тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн стандартын үзүүлэлт, шаардлагыг хангаж, хэмжил зүйн мэргэжлийн байгууллагаар жил бүр шалгуулж, баталгаажуулах;
  • гүйцэтгэсэн ажил үйлчилгээний хэмжээ, үйл ажиллагааны мэдээ, тайланг тогтоосон үзүүлэлт, загвараар эрх бүхий байгууллагад тогтмол хугацаанд гаргаж өгөх.

 Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн актууд:

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Автотээврийн тухай хууль (1999 он) ЭНД дарж үзнэ үү.  
  • Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль (2001 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Зам тээврийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 232 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам” ЭНД дарж үзнэ үү. 
  • Стандартчилал, Хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 50 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Стандарт” ЭНД дарж үзнэ үү.
Зам, тээврийн хөгжлийн яам нь
  • Автотээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэх зөвшөөрөл
  • Техник хяналтын үзлэг хийх ажил эрхлэх тусгай зөвшөөрөл олгоно.
Автотээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгслийн дугаар үйлдвэрлэх болон автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Зам тээврийн хөгжлийн яам олгоно гэж заасан байдаг.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.15.5 дахь заалтад заасан автотээврийн техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх тусгай зөвшөөрөл болон 15.15.12 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэх зөвшөөрлийг Зам, тээврийн хөгжлийн яам олгоно гэж заасан. 

1. Тусгай зөвшөөрөл авахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл /эрхлэх үйлдвэрлэл, үйлчилгээний төрөл, хугацааг тодорхой дурьдах/;
  • Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ;
  • тусгай зөвшөөрөл  хүсэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
  • улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  • тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос шалтгаалан хуульд  заасан бусад баримт бичиг;
  • үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх.

2. Зам, тээврийн хөгжлийн яам нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж, тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг хуульд өөрөөр заагаагүй бол  өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 21 хоногийн дотор шийдвэрлэнэ.

  • Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан бол татгалзсан үндэслэлийг зааж  бичгээр хариу өгнө.
  • Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь шаардлагатай бол өргөдөл гаргагчийн баримт бичгийг холбогдох байгууллагаар нягтлан шалгуулах, магадлан шинжилгээ хийлгэх эрхтэй.
  • Магадлан шинжилгээ хийлгэх тохиолдолд өргөдлийг шийдвэрлэх хугацааг 14 хоногоор сунгаж болно.

3. Зам, тээврийн хөгжлийн яам нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тусгай зөвшөөрөл олгохдоо дараах нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг магадлан шалгаж, гэрээ байгуулж ажиллана. Үүнд:  

  • тусгай зөвшөөрөл авахыг сонирхогч этгээдэд техникийн хяналтын үзлэгийг бүрэн, үнэн зөв гүйцэтгэх санхүү эдийн засаг, мэргэжлийн боловсон хүчний чадавхи, үйл ажиллагааны үндсэн чиглэл, нэвтрүүлэх технологи, ажлын байр, тоног төхөөрөмжийн талаар тавих шаардлага;
  • тухайн ажил үйлчилгээнд мөрдүүлэхээр эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, дүрэм, журмаар тогтоосон нөхцөл.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага буюу Зам, тээврийн хөгжлийн яам нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж, тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг хуульд өөрөөр заагаагүй бол  өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 21 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан байдаг.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдон гарсан маргааныг  тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагын холбогдох дээд шатны байгууллагад нь тавьж шийдвэрлүүлэх бөгөөд  шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч та дараах зүйлийг анхаарна уу!

  1. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх
  • Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага  түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно.
  • Тусгай зөвшөөрлийг олгосон эрх бүхий байгууллага нь түдгэлзүүлсэн шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд 3 хоногийн  дотор бичгээр мэдэгдэнэ.
  • Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь тусгай зөвшөөрлийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн нөхцөл арилсан тохиолдолд уул зөвшөөрлийг сэргээнэ.
  1. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

Тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага нь дараахь тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно. Үүнд:

  • тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
  • хуулийн этгээд татан буугдсан;
  • тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
  • тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;
  • тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй.

Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийн талаар  тусгай зөвшөөрөл олгосон байгууллага нь шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд бичгээр мэдэгдэнэ.

Агуулга анх оруулсан: 2020-01-03 Шинэчилсэн: 2020-02-03

Мэдээ мэдээлэл