Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах

Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах

Нэг. Захиргааны хэргийн шүүхэд хандах.

Захиргааны хэргийн шүүхээр асуудал, маргаанаа шийдвэрлүүлэхийн тулд нэхэмжлэл” гаргана. Нэхэмжлэл гаргахын тулд эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй шийдвэр гаргасан, үйлдэл хийсэн ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, түүний дээд шатны, эсхүл тухайн байгууллагын асуудлыг шийдвэрлэх эрх бүхий байгууллагад хандсан байх шаардлагатай. /Захиргааны байгууллагад гомдол гаргахтай холбоотой дэлгэрэнгүйг “Захиргааны байгууллагад гомдол гаргах” хэсгээс [энд дарж] үзнэ үү./

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлд зааснаар дараах тохиолдлуудад, заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд хандана.

Шүүхэд хандах тохиолдлууд

Тохиолдол болсноос хойш шүүхэд хандах хугацаа

1.

Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол

Мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор

2.

Тухайн захиргааны байгууллага нь дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй бол,

Мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор

3.

Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг 30 хоногийн /30 хоногоор сунгасан/ хугацаанд хянан шийдвэрлээгүй бол

хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор

4.

Маргаан үүсгэсэн харилцааг зохицуулсан хуульд шууд шүүхэд хандахаар заасан бол,

 

мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор

5.

Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол.

 

шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоног

Хугацааг “мэдэгдснээс хойш” гэж тодорхойлсны учир нь Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд захиргааны байгууллага захиргааны актыг хаяглагдсан болон эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдэд заавал мэдэгдэх талаар хуульчилсан. Иймд захиргааны байгууллага шийдвэрээ мэдэгдсэн эсэх нь хугацаа тоолоход чухал.

Хоёр. Хэд хэдэн этгээдтэй хамтран нэхэмжлэл гаргах

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар “Адил шаардлага бүхий нэхэмжлэлийг хэд хэдэн этгээдтэй хамтран гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд дундаасаа төлөөлөгч томилон, итгэмжлэл олгож, төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхийн ажиллагаанд оролцох эрхтэй.” 

10 буюу түүнээс дээш этгээдтэй хамтран 1 нэхэмжлэл гаргаж байгаа бол 14 хоногийн дотор дундаасаа төлөөлөгчөө томилоно,  50-иас дээш хүн хамтран нэхэмжлэл гаргах тохиолдолд төлөөлөгчийн тоо 5 хүртэл байх ба шүүгч тоог нь нэмж болно.  

Гурав. Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3-т зааснаар хуулиар эрх олгогдсон этгээд, эсхүл Төрийн бус байгууллага /ТББ/ нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой.

ТББ нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргахад дараах шаардлагыг хангасан байна.

  • нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх;
  • дүрмийн зорилгын дагуу сүүлийн 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх.

Нэхэмжлэлийг хүлээн авах - Шүүх /шүүхийн мэдээлэл, лавлагааны ажилтан/ - Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53-р зүйлийн 53.1-д зааснаар Нэхэмжлэлийг тухайн захиргааны хэргийн шүүх /шүүхийн мэдээлэл, лавлагааны ажилтан/ хүлээн авч, нэхэмжлэл бүртгэх дэвтэрт бүртгэж баримтжуулна.

Нэхэмжлэлийн бүрдүүлбэр шалгахШүүгч - Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53-р зүйлийн 53.3, 53.4-т зааснаар “нэхэмжлэлд тусгах зүйлсийг тусгаагүй, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй, төлөөлөгчийн итгэмжлэлийг хавсаргаагүй” бол бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтооно. Шүүгчийн тогтоосон хугацаанд шаардлагаа хангаагүй тохиолдолд нэхэмжлэлийг буцаана.

Захиргааны хэрэг үүсгэхШүүгч – Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй бол захиргааны хэрэг үүсгэнэ.

Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах – Шүүгч - Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54-р зүйлд заасан тохиолдолд шүүгч нэхэмжлэл хүлээн авахаас татгалзаж, захирамж гаргана.

Нэг. Нэхэмжлэл гаргах

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52-р зүйлд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэрийг, мөн хуулийн 15, 16-р зүйлд нэхэмжлэл гаргах харьяаллыг заасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17-р зүйлийн 17.3-т зааснаар Нэхэмжлэл гаргаж байгаа хүн буюу та “нэхэмжлэгч” болно.

Нэхэмжлэлийг тухайн захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын Захиргааны хэргийн шүүхэд гаргана.

  • Нэхэмжлэлийг бичгээр гаргана,
  • Нэхэмжлэлд нэхэмжлэгч өөрөө, эсхүл төлөөлөгч гарын үсэг зурсан байна,
  • Хариуцагчийн тоогоор буюу маргаантай асуудлыг үүсгэсэн захиргааны байгууллага, албан тушаалтны тоогоор хувилсан байх,
  • Өөр хүнээр төлөөлүүлж нэхэмжлэлийг гаргаж байгаа бол итгэмжлэлийг хавсаргана.   
  • Нэхэмжлэлийг тухайн шийдвэр гаргасан захиргааны байгууллагын оршин байгаа газрын захиргааны хэргийн шүүхэд гаргана.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасны дагуу нэхэмжлэлд заавал тусгах зүйлүүд:

  1. Захиргааны шүүхийн нэр;
  2. нэхэмжлэгчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, оршин суугаа газрын хаяг, хуулийн этгээд бол нэр, оршин байгаа газрын хаяг;
  3. хариуцагч /захиргааны байгууллага, албан тушаалтан/-ийн нэр, оршин байгаа газрын хаяг;
  4. нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл;
  5. 70,200₮-н улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл чөлөөлөгдөх хүсэлт, түүнийг нотлох баримт;
  6. тухайн маргаан, нэхэмжлэлтэй хамааралтай өөрт байгаа баримт бичгүүд;
  7. холбоо барих утас, факс, цахим хаяг.

Шүүхэд нэхэмжлэл гаргахад “нэхэмжлэлийн шаардлага” буюу “таны шүүхээс яг ямар төрлийн, ямар агуулга бүхий шийдвэр гаргуулж, эрхээ хамгаалуулахыг хүсэж байгаа вэ” гэдэг хүсэл зориг чухал байдаг тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д нэхэмжлэлийн шаардлагуудын төрлийг зааж өгсөн. Доорх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үндэслэлээ дараах байдлаар тайлбарлана.

Нэхэмжлэлийн шаардлага

Ямар асуудлын талаар нэхэмжлэлдээ дурдах

1.

- захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох,

- эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох

таны эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн

2.

захиргааны акт гаргуулахыг даалгах

3.

хохирол гаргуулах

захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас таньд ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх

4.

нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох

Тогтоолгосноор таньд ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг

5.

нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа бол

нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй

6.

захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох

ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн

 

 Хоёр. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэлд тавигдах шаардлага, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг шалгана.

Гурав. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54-р зүйлийн 54.1-т зааснааар Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:

  1. захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;
  2. тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;
  3. Захиргааны байгууллагад урьдчилан гомдол гаргаагүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой;
  4. нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй бөгөөд түүнийг төлөөлсөн этгээд байхгүй;
  5. нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан;
  6. нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа;
  7. нэхэмжлэгч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан боловч эрх, үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй;
  8. шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн.

Дээр дурдсан үндэслэлүүдээс байгаа тохиолдолд Шүүгч “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж гаргана захирамжид татгалзсан шалтгааныг заана нэхэмжлэлийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засах талаар заана - нэхэмжлэлийг дахин гаргах эсэх талаар зааж нэхэмжлэлийг буцаана. 

Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50.1-т зааснаар төлсөн улсын тэмдэгтийн хураамжаа буцаан авна.

Дөрөв. Захиргааны хэрэг үүсгэх.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1-т “Дээр заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзвэл шүүгч нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана”. 

Мөн хуулийн 20.1.1-т зааснаар “нэхэмжлэлээ өөрчлөх, нэхэжлэлийн шаардлагаа ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” эрхийг зөвхөн нэхэмжлэгч эдэлнэ.

Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах  - 7-14 хоног /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53.3/

Захиргааны хэрэг үүсгэх - нэхэмжлэлийг хүлээн авсан, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1/

Нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах  - хэрэг үүсгэсэн өдрөөс хойш нийслэлд 7 хоног, орон нутагт 14 хоногийн дотор. /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1/

Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах – нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122-р зүйлийн 122.1-т зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд тухайн захирамж бичгээр гарсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно.

Нэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5.Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна.

Хоёр. Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх.

“Улсын тэмдэгтийн хураамж” гэж шүүхээс маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө төлж байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар “төлбөрийн чадваргүй” буюу улсын тэмдэгтийн хураамж төлөх хөрөнгөгүй тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай тайлбар, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгнө.

Гурав. Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нэхэмжлэлийн загвар авах, улсын тэмдэгтийн хураамж төлөх дансыг Захиргааны хэргийн шүүхийн байранд биеэр очиж болон шүүхийн www.admincourt.gov.mn сайтаас харах боломжтой.  

Асуулт 1.  Нэгэнт гаргасан нэхэмжлэлээ өөрчлөх, эсхүл болиулж болох уу?

Хариулт 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1-т Нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ татгалзаж болно.

Асуулт 2. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд дахин нэхэмжлэл гаргаж болох уу?

Хариулт 2. Шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжид заасан зөрчлийг арилгасан, нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргах боломжтой.

Асуулт 3. Нэхэмжлэл шүүгчид ямар журмаар хуваарилагддаг вэ?

Хариулт 3. Тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс баталсан хуваарийн дагуу тохиолдлоо хуваарилагдана. Нэхэмжлэлийг шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан хүлээн аваад хэн шүүгчид хуваарилагдсан талаар мэдээлэл өгнө.

Агуулга анх оруулсан: 2018-06-18 Шинэчилсэн: 2023-06-07

Мэдээ мэдээлэл