Иргэдийн эдийн болон эдийн бус баялагтай холбогдох харилцаа Иргэний эрх зүйн харилцааны оролцогч

Иргэний эрх зүйн харилцааны оролцогч

Иргэний хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум, дүүрэг байна.

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдыг тус тусад нь авч үзье.

ИРГЭН

Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Иргэн гэж - Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ойлгоно гэж заасан.

Иргэний хуулийн 15-19 дүгээр зүйлд заасны Иргэний эрх зүйн чадамжийг нас, сэтгэцийн байдал, архи, согтууруулах ундаа, мансууруулах бодисын хэт нөлөөнд авсан зэргээс шалтгаалан ялгаатай байдлаар тогтоодог.

Иргэний эрх зүйн бүрэн чадамж: Иргэний хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 насанд хүрснээр эрх зүйн бүрэн чадамжтай болно. Зарим тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүх 16-аас 18 хүртэлх насны иргэнийг, түүний хүсэлт, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцож болно.

Иргэний эрх зүйн бүрэн бус чадамж: Иргэний хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу 14-18 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна. Иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай иргэн нь дараах тохиолдлуудаас бусад гэрээ, хэлцлийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, харгалзан дэмжигч/-ийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийнэ.

  • өөрийн хөдөлмөрийн хөлс, оюутны тэтгэлэг, тэдгээртэй адилтгах бусад орлого, тэдэнд өөрийн үзэмжээр захиран зарцуулахад нь зориулж шилжүүлсэн эд хөрөнгийг захиран зарцуулах;
  • өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх ахуйн чанартай хэлцэл хийх;
  • өөрийн хөдөлмөрийн хөлс, оюутны тэтгэлэг, тэдгээртэй адилтгах бусад орлогыг банк, зээлийн байгууллагад хадгалуулах;

Иргэний эрх зүйн зарим чадамж: Иргэний хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу . 7-14 хүртэлх хүүхэд иргэний эрх зүйн зарим чадамжтай байна. 7-14 хүртэлх настай хүүхдийн хийсэн өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад хэлцлийг тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хийнэ.

Иргэний эрх зүйн чадамжгүй иргэн: Иргэний хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу 7 хүртэлх насны хүүхэд иргэний эрх зүйн чадамжгүй байна.

Мөн сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон этгээдийг шүүх иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцож, түүнд асран хамгаалалт тогтооно. Харин шүүхээс иргэний эрх зүйн чадамжгүйд тооцох үндэслэл болсон нөхцөл байдал үгүй болсон тохиолдолд шүүх тухайн этгээдийг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцсон шийдвэрийг хүчингүй болгоно.

Иргэний эрх зүйн чадамжгүй этгээдийн нэрийн өмнөөс түүний хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, асран хамгаалагч/ хэлцэл хийнэ.

Иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлах: Иргэний хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэж, гэр бүлээ эдийн засгийн талаар хүнд байдалд оруулсан насанд хүрсэн этгээдийн иргэний эрх зүйн чадамжийг сонирхогч этгээдийн хүсэлтээр, шүүх хуулиар тогтоосон журмаар хязгаарлаж, харгалзан дэмжигч томилж болно.

Иргэний эрх зүйн чадамжийг хэлцэл хийх замаар хязгаарлахыг хориглоно. Иргэний эрх зүйн чадамж нь хязгаарлагдсан этгээд хязгаарлагдаагүй чадамжийнхаа хүрээнд, харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр хэлцэл хийж болно.

Иргэнийг сураггүй алга болсонд тооцох: Иргэний хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу оршин суугаа газраасаа алга болсноос хойш хоёр жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураг чимээгүй болсон иргэнийг сонирхогч этгээдийн хүсэлтээр, шүүх сураггүй алга болсонд тооцож болно. Сураггүй алга болсонд тооцогдсон иргэний эд хөрөнгөд шүүхээс эрхлэн хамгаалалт тогтоох бөгөөд тухайн иргэний асрамжид байсан хүмүүсийг тэжээн тэтгэх, хуулиар тогтоосон журмын дагуу татвар, хураамж төлөх, бусдын өмнө хүлээсэн үүргийн дагуу өр төлбөрийг төлж барагдуулах зэрэг хууль ёсоор гүйцэтгэвэл зохих үүргийг уг эд хөрөнгөөс гүйцэтгэнэ.

Сураггүй алга болсонд тооцогдсон иргэний байгаа газар нь тогтоогдсон, тухайн этгээд эргэж ирсэн тохиолдолд шүүх шийдвэрээ хүчингүй болгож, эд хөрөнгөд нь тогтоосон эрхлэн хамгаалалтыг зогсооно. Эргэж ирсэн иргэн нь сураггүй алга болсонд тооцогдсоноос хойш тухайн иргэний асрамжид байсан хүмүүсийг тэжээн тэтгэх, хуулиар тогтоосон журмын дагуу татвар, хураамж төлөх, бусдын өмнө хүлээсэн үүргийн дагуу өр төлбөрийг төлж барагдуулах зэрэг хууль ёсоор гүйцэтгэвэл зохих үүргийг гүйцэтгэснээс бусад үндэслэлээр бусдад үнэ төлбөргүй шилжсэн, бэлэн байгаа эд хөрөнгөө буцаан авахаар шаардах эрхтэй. Уг эд хөрөнгийг аж ахуйн зориулалтаар ашигласны үр дүнд олсон ашгийг нөхөн төлүүлэхээр шаардах эрхгүй.

Сураггүй алга болсонд тооцогдсон иргэний эд хөрөнгийг эрхлэн хамгаалагч нь бусдад худалдсан бол түүний үнийг, үрэгдүүлсэн, дутаасан, гэмтээсэн бол шүүх гэм буруугийн шинж байдлыг харгалзан уг эд хөрөнгийн үнийг бүрэн буюу хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж болно.

Сураггүй алга болсонд тооцогдсон иргэн эргэж ирсэн бол эд хөрөнгийг эрхлэн хамгаалагч нь уг эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалттай холбогдон гарсан зардал, хохирлоо төлүүлэхээр шаардах эрхтэй.

Иргэнийг нас барсан гэж зарлах: Иргэний хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу иргэн оршин суугаа газраасаа алга болсноос хойш таван жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг чимээгүй болсон, эсхүл амь үрэгдэж болох нөхцөл байдалд алга болсноос хойш нэг жилийн турш амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй байгаа бол сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх түүнийг нас барсан гэж зарлаж болно.

Байлдааны ажиллагаанд оролцож яваад сураггүй алга болсон этгээдийг уг ажиллагаа дууссан өдрөөс хойш хоёр жил өнгөрсний дараа шүүхээс нас барсан гэж зарлаж болно.

Иргэнийг нас барсанд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрийг уг иргэний нас барсан өдөр гэж үзнэ.

Амь үрэгдэж болох нөхцөл байдалд алга болсон иргэнийг нас барсан гэж зарласан бол шүүх түүний нас барсан байж болох өдрийг уг иргэний нас барсан өдөр гэж тооцож болно.

Нас барсан гэж зарлагдсан иргэний хөрөнгийг өвийн журмаар бусдад шилжүүлнэ.

Нас барсан гэж зарлагдсан этгээд эргэж ирэх буюу байгаа газар нь тогтоогдсон бол шүүх урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгоно.

Нас барсан гэж зарлагдаад эргэж ирсэн этгээд өвлөх болон бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжсэн бэлэн байгаа эд хөрөнгөө буцаан авахаар шаардах эрхтэй. Энэ журмаар төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгийг өмчлөгчид буцаан олгох боломжгүй бол үнийг нь нөхөн төлнө.

Нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчингүй болсон нь тухайн этгээдийн эхнэр, нөхрийн шинээр гэрлэсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй.

ХУУЛИЙН ЭТГЭЭД

Иргэний хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ. Хуулийн этгээд нь ашиг олох зорилготой ашгийн төлөө, хууль буюу дүрэмд заасан зорилготой, ашгийн төлөө бус байж болно.

Хуулийн этгээд нь нийтийн, хувийн, холимог өмчийн байна.

Иргэний хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно.

Ашгийн төлөө бус хуулийн этгээд өөрийн дүрэм болон үүсгэн байгуулсан бусад баримт бичигт заасан зорилгод нийцэх үйл ажиллагаа явуулна. Харин ашгийн төлөө хуулийн этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлаагүй аливаа үйл ажиллагаа эрхлэх эрхтэй.

Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ. Үйл ажиллагааг эрхлэх эрх тусгай зөвшөөрөл авсан өдрөөс үүснэ.

Хуулийн этгээдийн нэр: Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хуулийн этгээд өөрийн нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь түүний зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна. Хуульд заасан бол хуулийн этгээдийн төрлийг заасан нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй.

Хуулийн этгээдийн нэрийг бусад этгээд хууль бусаар ашиглахыг хориглоно. Энэ заалтыг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг Иргэний хуульд заасан журмын дагуу арилгана.

Хуулийн этгээд нэрээ хуульд заасан журмын дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлнэ.

Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар: Иргэний хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу хууль болон үүсгэн байгуулах баримт бичигт заасан бол хуулийн этгээд өөрийн салбар, төлөөлөгчийн газраа тогтоосон журмын дагуу байгуулж болно.

Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгжийг салбар гэнэ.

Хуулийн этгээдийн оршин байгаа газраас өөр газар байрлаж, түүний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах буюу түүний нэрийн өмнөөс хэлцэл болон эрх зүйн бусад үйлдэл хийх үүрэг бүхий нэгжийг төлөөлөгчийн газар гэнэ.

Салбар, төлөөлөгчийн газрын эрх, үүргийг тухайн хуулийн этгээдийн дүрмээр тодорхойлох бөгөөд салбар, төлөөлөгчийн газрын эрх баригчид үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулна. Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна.

Хуулийн этгээд үүсгэн байгуулах: Иргэний хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийг иргэн, хуулийн этгээд хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулж болно. Чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаар буюу хамтран хуулийн этгээд байгуулж болно.

Хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах: Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу хуулийн этгээдийн хөрөнгийг өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллага, түүнчлэн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийг хуульд заасан журмын дагуу нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно.

Хоёр буюу хэд хэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, тэдгээрийн эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болсон хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нийлүүлэх гэнэ.

Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нэгтгэх гэнэ.

Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг шинээр үүсэх хоёр буюу түүнээс дээш хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг хуваах гэнэ.

Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоохгүйгээр түүний зарим эрх, үүрэг, хариуцлагыг шинээр байгуулагдсан хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг тусгаарлах гэнэ.

Хуулийн этгээд нь зохион байгуулалтын төрөл, хэлбэр, үндсэн зорилгоо өөрчлөх замаар зохион байгуулагдаж болно.

Хуулийн этгээдийг татан буулгах: Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу бусад хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийг дараахь үндэслэлээр татан буулгана. Үүнд:

  • өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллагын шийдвэр, түүнчлэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэр гарсан;
  • дампуурсанд тооцсон, хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хуульд заасан бусад үндэслэлээр татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан;
  • үйл ажиллагаагаа явуулах хугацаа дууссан буюу зорилгодоо хүрсэн учир цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагагүй гэсэн өөрийнх нь шийдвэр гарсан;
  • хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан;
  • хуульд заасан бусад үндэслэл.

Хуулийн этгээдийг татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон комисс эрхлэн гүйцэтгэнэ. Татан буулгах комисс нь хуулийн этгээд татан буугдсан тухай нийтэд мэдээлнэ. Татан буулгах комиссоос тухайн хуулийн этгээдээс авлагатай нэхэмжлэгчдийн өргөдөл хүлээн авах хугацаа нь хуулийн этгээдийг татан буугдсан тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас багагүй, зургаан сараас ихгүй байна.

Бусад хуульд өөрөөр заагаагүй бол татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг дараахь дарааллаар хангана. Үүнд:

  • бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах болон шүүхийн шийдвэрээр гаргуулах бусад төлбөр;
  • хэрэг гүйцэтгэгч буюу татан буулгах комисс, тэдгээртэй адилтгах бусад этгээдийн эрх, үүргийнхээ хүрээнд гүйцэтгэсэн үйл ажиллагааны зардал;
  • дампуурлын үед хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх явцад байгуулсан гэрээ, хэлцлийн дагуу гаргасан шаардлага;
  • хадгаламжийн албан журмын даатгалын нөхөн төлбөр;
  • хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгө;
  • хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдад төлөх хөдөлмөрийн хөлс;
  • хууль тогтоомжид заасны дагуу бусад этгээдтэй хийх тооцоо.

Татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг хангахдаа эхний дарааллын төлбөрийг бүрэн барагдуулсны дараа түүний дараагийн дарааллын төлбөрийн шаардлагыг хангах зарчмыг баримтална.

Хуулийн этгээдэд байгаа мөнгөн хөрөнгө нь харилцагчдын шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол татан буулгах комисс түүний бусад эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу худалдаж, төлбөрийг барагдуулж болно.

Татан буугдаж байгаа хуулийн этгээдийн эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол түүний эд хөрөнгийг төлбөл зохих төлбөрийн хэмжээнд хувь тэнцүүлэн зохих дарааллын дагуу харилцагчдад хуваарилна.

Харилцагчдын шаардлагыг хангасны дараа үлдсэн эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчид, хууль буюу дүрэмд заасан бол эрх бүхий этгээдэд шилжүүлнэ.

Татан буугдаж байгаа хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээж авах этгээд байхгүй бол төрийн өмчлөлд шилжүүлнэ.

Бүртгэх байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассан тухай нийтэд мэдээлнэ.

Хуулийн этгээдийн төрлүүд: Иргэний хуулийн 33 дугаар зүйлд заасны дагуу ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компанийн хэлбэрээр, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг холбоо, сан, хоршооны хэлбэрээр тус тус байгуулна. 

Компани - Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ. Компанийн эрх зүйн байдлыг 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Компаний тухай хуулиар зохицуулж байна.

Нөхөрлөл - Гишүүдийн оруулсан хувь хөрөнгөөс бүрдэх эд хөрөнгөтэй, хүлээсэн үүргээ уг эд хөрөнгө болон гишүүдийн хувийн өмчийн эд хөрөнгөөр хуульд заасны дагуу хариуцдаг хуулийн этгээдийг нөхөрлөл гэнэ. Нөхөрлөлийн эрх зүйн байдлыг 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан Нөхөрлөлийн тухай хуулиар зохицуулж байна.

Холбоо - Нэгдмэл, тодорхой зорилго тавьсан хэд хэдэн этгээд сайн дурын үндсэн дээр нэгдэж байгуулсан, гишүүнчлэл бүхий хуулийн этгээдийг холбоо гэнэ.

Сан - Нэг буюу хэд хэдэн үүсгэн байгуулагч нийгэмд ашиг тустай, нэгдмэл зорилгод хүрэхийн тулд эд хөрөнгө төвлөрүүлэх замаар байгуулсан гишүүнчлэлгүй хуулийн этгээдийг сан гэнэ.

Холбоо, сангийн эрх зүйн байдлыг 1997 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр батлагдсан Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулж байна.  

Иргэний хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу Сангийн эрх барих байгууллага буюу удирдах зөвлөл нь хандивлагч, дэмжигч, тэдгээрийн томилсон төлөөллөөс бүрдэнэ. Сангийн эрх барих байгууллага нь гүйцэтгэх удирдлага болон хяналтын байгууллагыг томилно. Сангийн гүйцэтгэх удирдлага сангийн дүрэмд нийцсэн үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг эрх барих байгууллагаараа хэлэлцүүлэн хэвлүүлж, олон нийтэд түгээнэ.

Санг татан буулгах - Иргэний хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу санг татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилогдсон татан буулгах комисс эрхлэнэ. Онцгой тохиолдолд шүүхээс татан буулгах өөр байгууллага томилж болох бөгөөд тэрээр татан буулгах комиссын гишүүдийн нэгэн адил хариуцлага хүлээнэ.

Санг татан буулгахдаа өдөр тутмын ажил хэргийг зогсоож, бэлэн байгаа эд хөрөнгийг мөнгөөр үнэлэн тодорхойлж, харилцагчидтай тооцоо хийнэ.

Хоршоо - Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ.

Хоршоог үүсгэн байгуулах, бүртгэх, хоршооны үйл ажиллагааг дуусгавар болгох, хоршооны гишүүнчлэл, хяналт болон хоршоотой холбоотой бусад харилцааг 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр батлагдсан Хоршооны тухай хуулиар зохицуулж байна.

Иргэнийг сураггүй алга болсон тооцуулах, нас барсан гэж зарлуулах: Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 137 дугаар зүйлд заасны дагуу иргэнийг сураггүй алга болсон тооцуулах, нас барсан гэж зарлуулах хүсэлтийг уг иргэний сүүлчийн оршин сууж байсан газрын шүүхэд, хэрэв сүүлчийн оршин сууж байсан газар нь мэдэгдэхгүй бол сүүлчийн ажиллаж байсан газрын харьяалах иргэний хэргийн шүүхэд гаргана.  Та хүсэлтдээ сураггүй алга болсонд тооцуулах буюу нас барсан гэж зарлуулахыг хүсч байгаа зорилго, түүнчлэн иргэнийг сураггүй алга болсныг батлах байдал, эсхүл түүнийг нас барсан буюу амь үрэгдсэн гэж үзэх үндэслэлээ зааж, холбоотой нотлох баримтыг хавсаргах шаардлагатай.

Иргэнийг хязгаарлагдмал чадамжтай, эсхүл эрх зүйн чадамжгүй гэж тооцох: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141 дүгээр зүйлд заасны дагуу мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас иргэний эрх зүйн чадамжийг хязгаарлуулах тухай сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцуулах тухай хүсэлтийг уг иргэний гэр бүлийн гишүүн, эсхүл сонирхогч бусад этгээд /сонгуулийн хороо, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Засаг дарга/, асран хамгаалах байгууллага, эрүүл мэндийн байгууллага шүүхэд гаргана. Хүсэлтийг уг иргэний оршин суугаа буюу эмчлүүлж байгаа газрын шүүхэд гаргана.

Хүсэлтэд сэтгэцийн өвчний буюу мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас уг иргэний өөрийн үйл ажиллагааны учир холбогдлыг ойлгох буюу өөрийгөө зөв удирдаж чадахгүй байгаа байдлыг тодорхой дурдаж холбогдох нотлох баримтыг хавсаргана.

Иргэнийг сураггүй алга болсон тооцуулах, нас барсан гэж зарлуулах: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 138 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт хүлээн авсан шүүх алга болсон иргэний талаар мэдээ өгч чадах ямар хүмүүс /төрөл садан, хамт ажиллаж, сурч байсан хүн/ байгааг тодруулж сураггүй алга болсон иргэний талаар түүний оршин сууж буюу ажиллаж байсан газрын зохих байгууллагад ямар мэдээ байгааг лавлана. Мөн шүүх шаардлагатай гэж үзвэл цагдаагийн байгууллагаар дамжуулан уг иргэнийг эрэн сурвалжлах арга хэмжээ авахуулах бөгөөд түүний эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоож болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 139 дүгээр зүйлд заасны дагуу иргэнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах тухай хэргийг шүүх хянан шийдвэрлэхдээ хүсэлт гаргасан этгээдийг оролцуулна. Шүүх иргэнийг сураггүй алга болсонд тооцож шийдвэртээ түүний эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоохоор заана.

Иргэнийг нас барсан гэж зарласан шийдвэр гарсны дараа иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд зохих тэмдэглэл хийлгэхээр шийдвэр гаргасан шүүх байгаа газрын иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн байгууллагад уг шийдвэрийг явуулна.

Иргэнийг сураггүй алга болсонд тооцсон буюу нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 140 дүгээр зүйлд заасны дагуу сураггүй алга болсонд тооцогдсон буюу нас барсан гэж зарлагдсан иргэн хүрэлцэн ирэх буюу байгаа газар нь мэдэгдвэл тухайн шүүх шинээр шийдвэр гаргаж урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгоно. Шинэ шийдвэрээр уг иргэний эд хөрөнгөд тогтоосон эрхлэн хамгаалалтыг өөрчилж, иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд тэмдэглэсэн тэмдэглэлийг хүчингүй болгон түүнийг биелүүлэхийг холбогдох байгууллагад даалгана.

Иргэнийг хязгаарлагдмал чадамжтай, эсхүл эрх зүйн чадамжгүй гэж тооцох: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу Шүүх таны хүсэлтийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсний дараа, нотлох баримт хангалттай бүрдсэн, хэргийг шийдвэрлэх хуульд заасан хугацаа дуусгавар болсон зэрэг үндэслэлээр шүүх хуралдааныг зарлаж таны хүсэлтийг шийдвэрлэнэ. /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71-р зүйл/

Иргэний хэргийн анхан шатны шүүх нь иргэний хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71-р зүйлд заасны дагуу таныг хүсэлт гаргаснаас хойш нийт 67 хоног, шаардлагатай бол хугацааг сунгаж 97 хоногийн хугацаанд бүрэн шийдвэрлэнэ.

Хэрэв та иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай хүн л зөвхөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд бусад зарим болон хязгаарлагдмал чадамжтай иргэдийн хувьд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч түүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

Асуулт 1. 14-18 хүртэлх насны хүүхдэд эд хөрөнгө бэлэглэх тохиолдолд бэлэглэлийн гэрээг асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөл авахгүйгээр өөртэй нь байгуулж болох уу? Энэ тохиолдолд гэрээ хүчинтэй байх уу?

Тухайн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж буй хөрөнгийн үнэ цэнээс шалтгаална. Хэт өндөр үнэтэй, тухайн этгээдийн хариуцах боломжгүй үүргийг бий болгож байгаа тохиолдолд уг хэлцэл хүчингүй байна. Иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээдтэй бэлэглэлийн гэрээг байгуулах боломжтой.

Агуулга анх оруулсан: 2018-08-28 Шинэчилсэн: 2018-08-28

Мэдээ мэдээлэл