Гэр бүлийн харилцаа Тэжээн тэтгэх, тэтгүүлэх

Тэжээн тэтгэх, тэтгүүлэх

Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар бүлэгт энэхүү харилцааг зохицуулсан байдаг.

Тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг бол нөгөө талдаа гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.

Эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг:

  • Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
  • Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно.
  • Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно.
  • Тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шүүх иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулна.
  • Тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах ба хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
  • Тэтгэлэг төлөгч өөр хүүхэдтэй бөгөөд тэдгээр нь тэтгэлэг авагчаас бага орлоготой, тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадвараа алдсан, эсхүл тэтгэлэг авагч хүүхэд өөрөө хангалттай орлоготой бол шүүх тэтгэлгийн хэмжээг багасгаж болно.

Насанд хүрсэн хөдөлмөрийн чадвартай хүүхдийн эцэг, эхээ тэжээн тэтгэх үүрэг:

  • Хөдөлмөрийн чадвартай хүүхэд нь төрүүлсэн, үрчлэн авсан хөдөлмөрийн чадваргүй эцэг, эх, хойт эцэг, хойт эхээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
  • Дээр дурдсан хүнийг тэжээн тэтгэх үүрэг бүхий хэд хэдэн хариуцагч байвал шүүх тэдний эд хөрөнгийн болон гэр бүлийн байдлыг харгалзан үзэж, тэтгэлгийн хувь, хэмжээг хүн тус бүрт ногдуулан тогтоож болно.

Төрөл, садангийн хүний тэжээн тэтгэх үүрэг:

  • Насанд хүрээгүй бүтэн өнчин, эсхүл эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх боломжгүй хүүхдийг хөдөлмөрийн чадвартай төрсөн, үрчлэн авсан ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, хойт эцэг, хойт эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй.
  • Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээрээ тэжээн тэтгүүлэх боломжгүй, хөдөлмөрийн чадваргүй өвөг эцэг, эмэг эхээ хөдөлмөрийн чадвартай ач, зээ нь тэжээн тэтгэх үүрэгтэй.
  • Өөр тэжээн тэтгэх хүнгүй бол төрөл, садангийн хүмүүс бие биеэ хөдөлмөрийн чадваргүй үед нь тэжээн тэтгэх үүрэгтэй.
  • Тэтгэлгийн хэмжээг талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд шүүх тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс багагүй байна.

Төрөл, садангийн хүний тэжээн тэтгэх үүрэг:

  • Насанд хүрээгүй бүтэн өнчин, эсхүл эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх боломжгүй хүүхдийг хөдөлмөрийн чадвартай төрсөн, үрчлэн авсан ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, хойт эцэг, хойт эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй.
  • Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээрээ тэжээн тэтгүүлэх боломжгүй, хөдөлмөрийн чадваргүй өвөг эцэг, эмэг эхээ хөдөлмөрийн чадвартай ач, зээ нь тэжээн тэтгэх үүрэгтэй.
  • Өөр тэжээн тэтгэх хүнгүй бол төрөл, садангийн хүмүүс бие биеэ хөдөлмөрийн чадваргүй үед нь тэжээн тэтгэх үүрэгтэй.

Энэ зүйлд заасан тэтгэлгийн хэмжээг талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс багагүй байна.

Тэтгэлгийн хэмжээг

  • Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд
  • 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар;
  • 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтооно.
  • Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.
  • Гэрлэгчид бие биеэ, түүнчлэн төрөл, садангийн хүнээ тэжээн тэтгэх тэтгэлэг нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс багагүй байна.

Тэтгэлгийг мөнгөн хэлбэрээр, эд хөрөнгийн хэлбэрээр олгох ба сар, улирал, хагас жил, жилээр эсвэл нэг удаа олгож болно.

Шүүхийн шийдвэрээр суутгах, эсхүл тэжээн тэтгэх гэрээний дагуу төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн цалин хөлсний 50 хувиас хэтэрсэн буюу шүүхээр өөр тэтгүүлэгчид тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн бол тэтгэлэг төлөгч тэтгэлгийн хэмжээг өөрчлөн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дүгаар зүйлд зааснаар тэжээн тэтгэхтэй холбогдсон нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана.

Тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлдээ:

  1. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
  2. Багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт
  3. Хүүхэд эрүүл бойжиж байгаа гэсэн эмчийн тодорхойлолт
  4. Иргэний үнэмлэхний хуулбар
  5. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт
  6. Хариуцагчид гардуулах нэхэмжлэлийн хувь зэргийг хавсаргана.

 

Тэжээн тэтгүүлэх тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргах /Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл 66.1 дэх хэсэг/ ба хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ. Хэргийг тухайн шүүхийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор дахин сунгаж болно. /Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйл/

Анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрхэх тухай хуулийн 161 дүгээр зүйл/. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч дээрх заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах ба хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ. /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 167 дугаар зүйлийн 167.6 дахь хэсэг/

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Гэрлэгчдийн хэн нэг нь гэрлэлтээ цуцлуулах болон гэрлэлт хүчин төгөлдөр бус болсонд тооцогдохоос өмнө, эсхүл гэрлэлтээ цуцлуулснаас хойш 1 жилийн дотор хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан нь гэр бүлийн хүчирхийлэл болон гэрлэлт цуцлуулахаас өмнө бий болсон нөхцөл байдалтай шууд холбоотой үүссэн, 3 нас хүрээгүй болон тахир дутуу хүүхдээ асарч байгаагийн улмаас хөдөлмөр эрхлээгүй буюу гэрлэлтээ цуцлуулах үед тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, эсхүл гэрлэлт цуцлуулахаас өмнө тэтгэвэрт гарсан бол салсан нөхөр буюу эхнэрээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй” хэмээн заасан байдаг.  Амьжиргааны доод түвшин нь бүс нутаг бүрээр өөр байдаг ба тэтгэлэг гаргагч хаана оршин суудгаас үл хамааран тэтгэлэг авагч хаана оршин сууж байна тэр бүс нутгийнхаа амьжиргааны доод түвшин хамаардаг. Амьжиргааны доод түвшинг жилд 1-ээс доошгүй удаа шинэчлэн тодорхойлдог.

Асуулт 1. Би 2 хүүхэдтэй нөхөртэйгөө хамтран амьдардаг байсан. Одоо нөхрөөсөө салаад 3 жил болж байна. Гэрлэлтээ бүртгүүлж байгаагүй ч 2 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох, өнгөрсөн 3 жилийн хугацааныхаа хүүхдүүдийнхээ тэтгэлгийг нөхөн гаргуулах боломж байгаа болов уу?

Та шүүхэд тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрх нээлттэй ба харин өмнөх 3 жилийнхээ тэтгэлгийг нөхөн гаргуулах боломжгүй. Учир нь та шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хугацаанаас  эхлэн хүүхдийн тэтгэлгийг шаардах эрх үүсдэг.

Асуулт 2. Нөхрөөсөө салаад 3 жил болж байна. Салахдаа хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон боловч сүүлийн 2 жил өгсөнгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар явсан боловч ямар ч нэмэр гарсангүй. Одоо хаана хандах вэ?

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тэтгэлэг төлөгчийн мөнгөн хадгаламж болон бусад эд хөрөнгөөс тэтгэлэг гаргуулах тэтгэлгийг гаргуулах боломжтой ба тэтгэлэг төлөгч нь өөрийн нэр дээрээ бүртгэлтэй хөрөнгөгүй болон ажил эрхэлдэггүй бол тухайн тэтгэлэг төлөгчөөс тэтгэлэг гаргуулах боломжгүй байдаг. Харин та эрүүгийн хэргийн шүүхэд хандах боломж нь нээлттэй.

Асуулт 3. Амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэсэн ойлголт ялгаатай юу?

Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн  3 дугаар зүйлд зааснаар амьжиргааны доод түвшин гэж хэрэглээний доод хэмжээг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг  /хэрэглээний доод хэмжээ гэж хүний нэн тэргүүний зайлшгүй хэрэгцээг хангах хүнсний болон хүнсний бус хэрэглээний сагсаар тодорхойлсон бараа, үйлчилгээний шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон тоо, хэмжээг/ хэлнэ.

2018 онд мөрдөх хүн амын амьжиргааны доод түвшин нь

  • Баруун бүсэд 178000 төгрөг
  • Хангайн бүсэд 182600 төгрөг
  • Улаанбаатарт 198600 төгрөг
  • Төвийн бүсэд175600 төгрөг
  • Зүүн бүсэд 174000

Харин тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болон ажиллагч /цаашид “ажилтан” гэх/-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин /хөлс/-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэнэ./ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай 3 дугаар зүйлийн 3.1дэх хэсэг/

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай 2016 оны 4 дүгээр сарын 20 -ны өдрийн Хөдөлмөр, нийгмийн зөвлөлийн гурван талт Үндэсний хорооны дугаар 04 тогтоолоор 2017 оны 01 дүгээр сарын 01- нй өдрөөс эхлэн нэг цагт 1428 төгрөг 60 мөнгө буюу 240000 /хоёр зуун дөчин мянга/-н төгрөг байхаар шинэчлэн тогтоосон.

Асуулт 4. Би хүүгийн хамт хотод амьдардаг ба хүүдээ тэтгэлэг тогтоолгосон юм. Аав нь орон нутагт амьдардаг ба өөрийн амьдардаг газрынхаа амьжиргааны түвшнээрээ тэтгэлэг төлдөг. Ингэж төлөх нь зөв үү?

Тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулдаг. Ийм та Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшнээр буюу 198600 төгрөгөөр тооцож тэтгэлэг гаргуулна. 

 

Агуулга анх оруулсан: 2018-06-18 Шинэчилсэн: 2018-06-18

Мэдээ мэдээлэл