Төрийн албаны тухай Төрийн албаны баталгаа

төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно гэж заасан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар Төрийн албан хаагч дараах нийтлэг баталгаагаар хангагдана:

1.албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах;

2.албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах;

3.гүйцэтгэж байгаа албан үүргийн шинж байдлаас хамааран зохих журмын дагуу албаны унаа хэрэглэх, ажилдаа ирэх, буцах төрийн тээврийн хэрэгслийн зардлын зохих хэсгийг нөхөн авах;

4.албан үүргээ гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан хүчирхийлэх, заналхийлэх, доромжлох, гүтгэх болон бусад хууль бус үйлдэл, үйл ажиллагаанаас төрийн албан хаагч, түүний гэр бүлийн гишүүнийг тухайн ажиллаж байгаа байгууллага, эсхүл цагдаагийн байгууллагаар хамгаалуулах;

5.орон байраар хангагдахад төрөөс дэмжлэг үзүүлэх;

6.Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралт эдлэх;

7.төрийн хөрөнгөөр 6 хүртэлх сарын хугацаагаар давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх сургалтад хамрагдах, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалын цалинг авах;

8.үүргээ зохих журмын дагуу биелүүлснээс албан хаагчид учирсан эд хөрөнгийн хохирлыг төр хариуцаж, гэм буруутай этгээдээр хууль тогтоомжид заасны дагуу нөхөн төлүүлэх;

9.ажлын зайлшгүй шаардлагаар ээлжи

йн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох;

10.хууль тогтоомжоор тогтоосон бусад баталгаа.

Төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаа

1.Төрийн албаны тухай хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх;

2.Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх, төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх;

3.төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах;

4.төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох.

 

Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлд зааснаар Төрийн албан хаагчийн цалин хөлс:

1.Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно.

2.Төрийн албан хаагчийн цалин хөлс нь:

а.улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, докторын зэргийн нэмэгдлээс;

б.захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цолны, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс;

в.тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдлээс;

г.үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл болон бусад нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс тус тус бүрдэнэ.

     3.Төрийн жинхэнэ албан хаагчид цол, зэрэг дэвийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй.

4.Төрийн захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэмэгдэл хөлс олгоно.

Төрийн албаны тухай хуулийн 58 дугаар зүйлд зааснаар Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтооход дараах журмыг баримтална:

1.ажлын байрны шинжилгээ хийсний үндсэн дээр тухайн байгууллагын үйл ажиллагааны зохих хүрээ, албан тушаалын чиг үүрэг, хүлээх хариуцлагыг үндэслэн боловсруулж мөрдүүлэх;

2.цалингийн хэмжээ нь хүн амын амьжиргааны дундаж түвшин болон хувийн хэвшилд ажиллагчдын албан тушаалын цалингийн дундаж түвшинтэй уялдсан байх.

Төрийн албан хаагчийн дундаж цалингийн хэмжээ нь хувийн хэвшилд ажиллагчдын адилтгах албан тушаалын цалингийн дунджаас 5.0 буюу түүнээс дээш хувиар бага болсон тохиолдолд албан тушаалын цалингийн хэмжээг нэмэгдүүлэх тухай саналыг Засгийн газар боловсруулж, төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэхийн өмнө Улсын Их Хуралд танилцуулж, зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ.

Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг энд https://www.legalinfo.mn/annex/?lawid=13954 дарж үзнэ үү.

Засгийн газрын тогтоолын төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журамд зааснаар Төрийн албан хаагчид олгох нөхөх төлбөр нь:

1. албан томилолтоор ажиллах үеийн нөхөх төлбөр. Энэ нь дараах зардлуудаас бүрдэнэ:

а. унааны зардал;

б. байрны зардал;

в. хоолны зардал.

2. албан ажлын хэрэгцээнд хувийн автомашин хэрэглэсний нөхөх төлбөр. Энэ төлбөрийг албан ажлын хэрэгцээнд хувийн автомашин хэрэглэсэн тохиолдолд шаардагдах шатахуун, эсхүл уг шатахууны үнийг эрх бүхий байгууллагаас  баталсан тарифын дагуу тооцож нөхөн олгоно.

3. гадаад улс болон өөр орон нутагт ажиллахаар томилогдсон төрийн албан хаагчид олгох нөхөх төлбөр.Энэ төлбөрт төрийн албан хаагчид очиж ажиллах газартаа хүрэх унааны зардлыг  онгоц, автомашин, галт тэрэгний тарифаар, ачаа  тээшний зардлыг томилогдсон газарт шаардлагатай ачааг тээвэрлэх тарифаар тус тус бодож олгоно. 

4. төрийн албан хаагчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөх төлбөр. Энэ төлбөр нь төрийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад бие махбодид нь гэмтэл учруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосны улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон бол түүний авч байсан цалин, тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг хөдөлмөрийн чадвараа түр алдсан буюу тахир дутуугийн тэтгэвэр авч байсан нийт хугацаанд нөхөн олгоно.

5. замын зардлыг нөхөх төлбөр. Энэ төлбөр нь ээлжийн амралтаараа өөрийн, эсхүл эхнэр (нөхөр)-ийн төрсөн нутагт явах бол ирэх, очих замын зардлыг, эсхүл магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр дотоодын сувилалд сувилуулах бол ирэх, очих замын зардлыг тухайн үед мөрдөж байгаа автомашин, төмөр замын үнэлгээгээр тооцож хоёр жилд нэг удаа олгоно.

6. эмчилгээний зардлыг нөхөх төлбөр.Энэ төлбөр нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцна.

7. бусад нөхөх төлбөр.

1. Албан тушаалын болон албан ажлын хэрэгцээний автомашин хэрэглэдэг төрийн  албан хаагчийг зохих журмын  дагуу албаны унаагаар хангана.

2. 1-т зааснаас бусад төрийн албан хаагч нь ажилдаа ирэх, буцахад нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зайлшгүй шаардлагатай бол нийтийн тээврийн унааны зардлын 50 хувийг байгууллагаас нь нөхөн олгоно.

3. Ердийн галлагаатай сууцанд амьдардаг төрийн албан хаагчид өвлийн улирлын түлш худалдан авах зардлын зохих хэсгийг байгууллагаас нөхөн олгож болно.

4. Төрийн албан хаагчийн өдрийн хоолны зардлын тодорхой хэсгийг байгууллагаас нөхөн олгоно. 

5. төрийн албанаас түр чөлөөлөгдсөн /биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 3 сараас дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон, зургаан сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон, цэргийн жинхэнэ алба хаах болсон, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтын арга хэмжээнд хамрагдсан/ тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчид тухайн албан хаагчийн албан тушаалын 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөх төлбөрийг ажиллаж байсан байгууллага нь олгоно.

6. Төрийн  албан  хаагчийг эрхэлсэн ажил, эзэмшсэн мэргэжлийн дагуу  180 хүртэл хоногийн хугацаагаар эрх бүхий байгууллагын шийдвэрийн дагуу төрийн хөрөнгө /улсын төсвийн хөрөнгө, төсвийн хөрөнгө оролцон бүрдүүлсэн төрөл бүрийн сангууд, төрийн өмчийн ба төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн хөрөнгө, гадаад орны зээл, тусламж, Монгол Улстай тохиролцсоноор хүлээн авч байгаа гадаад орон, олон улсын байгууллагын хариуцсан зардлууд орох бөгөөд эдгээр хөрөнгөөр сургалтад хамрагдсан төрийн албан хаагч 2.5 жилээс доошгүй хугацаагаар төрийн алба хаах үүрэг хүлээнэ. Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар дээр  дурдсан хугацаагаар төрийн алба хаагаагүй тохиолдолд сургалтын зардлыг  нөхөн төлнө/, бусад эх үүсвэрээр давтан сургах, мэргэжлийг нь дээшлүүлэхэд түүний эрхэлж байгаа албан тушаалын цалинг олгоно.  

Төрийн албан хаагчид олгох тусламж

Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад
нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журманд зааснаар эрүүл мэндийн болон боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч болон төрийн тусгай албан хаагчаас бусад энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ          5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын сүүлийн 3 жилийн дунджаар тооцно.

Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмын дагуу  төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг Төрийн албаны зөвлөлд гомдол гаргана.

Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмын 6 дугаар зүйлд зааснаар төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигч эрх зөрчигдсөн тухай гомдлоо бичгээр гаргах бөгөөд  маргаан бүхий захиргааны акт болон шийдвэрийг хуульд заасны дагуу хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Төрийн албаны зөвлөл болон түүний Салбар зөвлөлд гомдол гаргана. Гомдлыг маргаан үүсгэж шалгахаар бол уг маргааныг төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журамд заасны дагуу Зөвлөл гомдлыг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор маргаан үүсгэх эсэх талаар шийдвэр гаргана.

Комисс нь маргааныг 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд хугацааг Зөвлөлийн дарга 14 хоногоор сунгаж болно.

Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журманд заасны дагуу Зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.

Агуулга анх оруулсан: 2019-07-05 Шинэчилсэн: 2019-07-05

Мэдээ мэдээлэл