Газрын харилцаа Газар эзэмших, ашиглах, гэрээ, гэрчилгээний хугацаа сунгах

Газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгаж дахин шинээр гэрээ, гэрчилгээ олгоно.

Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасны дагуу газрыг 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна.

Харин Монгол Улсад байнга /183 хоногоос дээш хугацаагаар/ оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.6 дахь хэсэгт заасны дагуу дараах зориулалт, хугацаагаар гэрээний дагуу ашиглуулдаг.

Зориулалт

Хэмжээ /га/

Хугацаа

1

Хувийн гэр, орон сууцны хашааны зориулалтаар

0,05 га-гаас илүүгүй

5 жил хүртэл /нэг удаа 5 жилээс илүүгүй хугацаагаар/ сунгана

2

Хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарих зориулалтаар

0,1 га-гаас илүүгүй

5 жил хүртэл /нэг удаа 5 жилээс илүүгүй хугацаагаар/ сунгана

НИТХ-ын 2014 оны 5/14 дүгээр  тогтоолын хоёрдугаар хавсралт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалтыг өөрчлөх үйл ажиллагааны журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт Газрын эрхийн гэрчилгээг сунгах хугацааг тодорхойлохдоо дараах зарчмыг баримтална.

Зориулалт

Хугацаа

1

Барилга байгууламж барих зориулалтаар газрын эрх авч гэрээ хийсэн боловч захиргааны байгууллага болон бусдын хууль бус үйлдлээс шалтгаалан газар эзэмших, ашиглах гэрээ хийснээс хойш 2 жилийн хугацаанд барилга, байгууламж барьж эхлээгүй газар эзэмшигч, ашиглагчийн гэрчилгээний хугацааг

Энэхүү шалтгаан үргэлжилсэн хугацаагаар 1 удаа сунгана

2

Гэрээнд заасан хугацаанд барилга байгууламж барьж ашиглалтад өгсөн этгээдэд барилга, байгууламжийн ашиглалтын зориулалт, хийц, газрын гэрээний үүргийн гүйцэтгэлийг үндэслэл болгон тухайн газрыг

Үргэлжлүүлэн хуульд заасан хугацаагаар энэ журамд заасан зарчмыг баримтлан сунгана

3

Тухайн газрыг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үүргийн болон нутаг дэвсгэрийн бүсчлэлд тусгагдсанаас өөр зориулалтаар болон уурхайн эдэлбэрийн зориулалтаар эзэмшиж буй газар эзэмшигчийн гэрчилгээнй хугацааг

5 хүртэл жилээр сунгана

4

Тухайн газрыг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үүргийн болон нутаг дэвсгэрийн бүсчлэлд тусгагдсан зориулалтаар ашиглаж байгаа, 10 жилээс дээш насжилттай, 1-3 давхар барилга бүхий болон нефтийн бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, бөөний худалдааны зах, төвүүдийн газар эзэмшигчийн гэрчилгээний хугацааг

5-10 жилээр сунгана

5

Тухайн газрыг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үүргийн болон нутаг дэвсгэрийн бүсчлэлд тусгагдсан зориулалтаар ашиглаж байгаа, доороо үйлчилгээний орон сууцны 5-12 давхар барилга, амины орон сууцны барилга, худалдаа, бүх төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээ, шашин, сүм хийд, аж ахуйн бусад зориулалтаар газар эзэмшигчийн гэрчилгээний хугацааг

10-15 жилээр сунгана

6

Тухайн газрын хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үүргийн болон нутаг дэвсгэрийн бүсчлэл тусгагдсан зориулалтаар ашиглаж байгаа, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, хүүхдийн байгууллага, төрийн байгууллагын, хотын нийтийн тээвэр, дулаан, холбоо, эрчим хүчний хангамж, төмөр зам, нисэх онгоцны буудлын зориулалттай газрын гэрчилгээний хугацааг

15-20 жилээр сунгана

7

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шинээр баригдсан иргэний, үйлдвэрлэлийн болон хөдөө аж ахуйн зориулалтаар баригдсан барилга, байгууламжийн газар эзэмшигчийн гэрчилгээний хугацааг

20-40 жилээр сунгана

 

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх  хэсэгт Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргадаг.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргадаг.

Газрын тухай хуулийн 441-р зүйлийн 441.9 дэх хэсэгт зааснаар Сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах орчны газрын ашиглах хугацаа 15 жил байна. “Орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах тухай” газрын асуудал эрхэлсэн алба, газрын даамал, сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захиралтай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан загварын дагуу байгуулсан гэрээг нийтийн зориулалттай тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд 15 жилээр хэдэн ч удаа сунгаж болно гэж заасан байна.

Газар ашиглагч нь Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасны дагуу тус хуулийн 35.1.5 дахь хэсэгт заасан газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрх эдэлж, үүрэг хүлээдэг.

Таны судалсан байвал зохих хууль, бусад эрх зүйн акт:

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНДдарж үзнэ үү.
  • Газрын тухай хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Газрын төлбөрийн тухай хууль (1997 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль (1995 он ) ЭНД дарж үзнэ үү. 
  • Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт “Газар зохион байгуулалт хийх журам” ЭНД дарж үзнэ үү. 
  • Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх журам”  ЭНД дарж үзнэ үү. 
  • Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаал /Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам/ ЭНД дарж үзнэ үү.
  • НИТХ-ын 2014 оны 5/14 дүгээр  тогтоолын хоёрдугаар хавсралт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалтыг өөрчлөх үйл ажиллагааны журам” ЭНД дарж үзнэ үү. 

Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа сунгуулах тухай өргөдлийг харьяаллын дагуу /аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын Газрын даамалд/ гаргана.

Үүнд:

  • Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмших, ашиглах бол нийслэлийн Газрын албанд, бусад газарт газар эзэмших, ашиглах бол дүүргийн Газрын албанд;
  • Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмших, ашиглах бол аймгийн Газрын албанд, бусад газарт газар эзэмших, ашиглах бол сумын Газрын даамалд.

Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа сунгуулахад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

Үүнд:

  • Иргэн бол өргөдөл, хүсэлт,
  • Иргэний үнэмлэхийн хуулбар эсвэл лавлагаа
  • Аж ахуйн нэгж байгууллага бол Албан хүсэлт /Хэвлэмэл хуудас, гарын үсэг, тамга тэмдэгтэй байх/
  • Аж ахуйн нэгж байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм /нотариатаар баталгаажуулах/
  • Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт
  • Газрын төлбөр, тооцоо нийлсэн акт
  • Өмнөх захирамжийн  хуулбар
  • Гэрээ дүгнэсэн акт
  • Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар
  • Аж ахуйн нэгж байгууллага бол Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт /хуулбар/
  • Бусад материал /фото зураг/ 

Таны “Эрхийн гэрчилгээ сунгуулах тухай” өргөдөл түүнд хавсаргасан баримтуудыг дараах дарааллын дагуу хүлээн авч бүртгэнэ. Үүнд: 

  1. Таны гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан материалуудыг аймаг, нийслэл, дүүргийн Газрын албаны дарга, сумын Газрын даамал хүлээн авч, бүртгэж, “Бүртгэсэн хуудас” өгнө.
  • Эрхийн гэрээ, гэрчилгээ сунгуулах тухай өргөдөл, түүнд хавсаргасан материалуудыг нэгж талбарын хувийн хэрэгт буй материалтай нь тулгаж шалгана.  
  •  Өргөдөлд хавсаргасан материалын бүрдэл дутуу, шаардлага хангаагүй тохиолдолд энэ талаарх үндэслэлийг мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасах тул анхаарна уу!
  1. Газар эзэмших, ашиглах гэрээ, гэрчилгээний хугацаа сунгуулах тухай Засаг даргын шийдвэрийн төсөл боловсруулна.
  2. Тухайн шатны Засаг дарга газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах эсэх талаар шийдвэр гаргана.
  3. Засаг даргын шийдвэрийг үндэслэн газрын улсын бүртгэлд газар эзэмших гэрчилгээний хугацаа сунгагдсан талаарх бүртгэлийг хийнэ.
  4. Шийдвэрийн төсөл дэмжигдээгүй тохиолдолд үндэслэлийг дурьдан өргөдөл гаргагчид “Хариу өгөх мэдэгдэл”-ээр мэдэгдэж, өргөдлийг хаана.
  5. Шийдвэрийн төсөл дэмжигдсэн боловч өргөдөл гаргагчийн өргөдөлд тусгасан нөхцөлүүд өөрчлөгдсөн тохиолдолд өргөдөл гаргагчид шийдвэрийг танилцуулна. Уг шийдвэрийг өргөдөл гаргагч зөвшөөрөхгүй тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгож, “Хариу өгөх мэдэгдэл”-ээр мэдэгдэж, өргөдлийг хаана.

Газар эзэмшигч, ашиглагч та Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасны дагуу Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө Газар эзэмших, ашиглах хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана. 

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ.

Таны өргөдлийг шийдвэрлээгүй /Захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой болон хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй асуудлаар/ эсхүл гаргасан шийдвэр нь хууль бус гэж үзсэн тохиолдолд дараах байдлаар гомдол гаргаж болно.

Урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа (Газрын тухай хуулийн 60 дугаар зүйл Газартай холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлэх )

Газартай холбогдон үүссэн дараах маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ. Үүнд:

  • Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга,
  • Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга,
  • Газрын төлөв байдал, чанар, түүнийг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах талаар үүссэн маргааныг хууль тогтоомжийн дагуу зохих мэргэжлийн байгууллагын хяналт хариуцсан албан тушаалтан буюу тухайн шатны Засаг дарга

Шүүхэд маргааныг шийдвэрлүүлэх

  • Дээрх урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсвэл шүүхээр шийдвэрлүүлнэ.
  • Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүх
  • Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн ашиглаж буй газартай холбогдон үүссэн маргааныг талуудын хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ зүйлд заасан журмын дагуу /Урьдчилан шийдвэрлүүлэх, Шүүхэд маргааныг шийдвэрлүүлэх/ шийдвэрлэнэ.

Газар эзэмшигч, ашиглагч та дараах зүйлийг анхаарна уу!

  • НИТХ-ын 2014 оны 5/14 дүгээр  тогтоолын хоёрдугаар хавсралт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалтыг өөрчлөх үйл ажиллагааны журам”-ын 3.3 дахь хэсэгт заасны дагуу Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө газар эзэмшигч, ашиглагч нь хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй тохиолдолд өмнөх газрын эрх дуусгавар болсноос хойшхи хугацаанд газрыг зөвшөөрөлгүй ашигласан гэж Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.11-т заасан захиргааны хариуцлагыг ногдуулж, торгуулийг төлсний дараа гэрчилгээний хугацаа сунгаж шийдвэр гаргадаг.
  • Танд газартай холбоотой маргаан байгаа бол холбогдох Газрын алба, Засаг даргад хандах хэрэгтэй. Дээрх албан тушаалтнуудыг шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандах эрхтэй
  • Таны гомдлыг шийдвэрлэсэн албан тушаалтны шийдвэрийг хүлээн авахдаа огноог сайтар тэмдэглэж гарын үсэг зурж авах хэрэгтэй. Хэрэв зохих шатны албан тушаалтан танд хуулийн хугацаанд хариу өгөөгүй бол хуулийн хугацааг дуусгавар болгоод хөөн хэлэлцэх 30 хоногийг тооцох учиртай. Мөн шийдвэрийг албан ёсоор танилцуулаагүй тохиолдолд мэдсэнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа эхлэх юм.

 

Агуулга анх оруулсан: 2020-01-03 Шинэчилсэн: 2023-05-05

Мэдээ мэдээлэл