Гэрээ хэлцэл Хөлсөөр ажиллах гэрээ

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээж байдаг хоёр талт гэрээ юм.

Хөлсөөр ажиллах гэрээ

359. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

359.2.Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно.

 

 

 Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн актууд:

  • Иргэний хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү.

ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭГ БАЙГУУЛАХ

Үндсэн зарчим: Хөлсөөр ажиллах гэрээ байгуулахад онцлог зүйл байхгүй. Энд ч гэсэн гэрээний санал гарах ба түүнийг хүлээн авсан байх шаардлагатай. Гэрээ нь үүргийн үндэслэл бөгөөд ажил үйлчилгээг гүйцэтгэх болон хөлс төлөх үндэс мөн. Гэрээний эрх чөлөөт байдлын зарчим үйлчлэх учраас талууд гэрээ байгуулах эсэх  (гэрээ байгуулах эрх чөлөө)  болон хэнтэй байгуулахаа чөлөө шийдвэрлэдэг (сонголтын эрх чөлөө). Хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтад хэлбэрийн хувьд тусгай шаардлага тавихгүй. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх ёстой үүрэгт онцлог зүйл байхгүй бол хэлбэрийн хувьд  чөлөөлтэй байна. Мөн гэрээний талууд тодорхой нэгэн хэлбэрийг тохиролцох боломжтой.

ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА

Хөлсөөр ажиллах грээний эрх зүйн харилцаа нь ямар нэгэн сонгууль, эсхүл төрийн байгууллагын томилгоогоор биш гагцхүү хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр үүсдэг урт хугацааны үүргийн эрх зүйн харилцаа юм.

Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлөх ба гэрээнд талууд хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болно.

Талууд хөлс төлөх тухай ярьж байсан ч хэмжээг нь тогтоогоогүй бол энд эрх бүхий байгууллагын жишиг үнийн жагсаалт эсвэл зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө.

Хөлсөөр ажиллах гэрээг ердийн нөхцөлд бичгээр байгуулж болно. Харин хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулах ёстой.

Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажиллагч нь гэрээнд заасан ажил, үйлчилгээг биечлэн гүйцэтгэх бөгөөд үүргийг бусдад шилжүүлж болохгүй.

 

ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛОХ

Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно.

Гэрээнд хугацаа тогтоогоогүй буюу ажил, үйлчилгээний онцлог, зорилгоос шалтгаалан хугацаа заагаагүй бол гэрээний талууд тохиролцон хэдийд ч гэрээг дуусгавар болгож болно.

 

ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭГ ЦУЦЛАХ ХУГАЦАА

Хөлс төлөх хугацаанаас хамаарч гэрээг дараахь хугацаанд цуцална:

  • хөлсийг өдрөөр төлөхөөр тохиролцсон бол хөлс төлсөн сүүлчийн өдрийн дараа өдөр;
  • хөлсийг долоо хоногоор төлөхөөр тохиролцсон бол хөлсийг төлсний дараагийн долоо хоногийн эхний ажлын өдөр;
  • хөлсийг сараар төлөхөөр тохиролцсон бол хөлс төлсөн сарын арван тавны дотор;
  • хөлсийг улирлаар, эсхүл илүү урт хугацаагаар төлөхөөр тохиролцсон бол уг хугацаа дуусахаас гуч хоногийн өмнө хөлсийг өгч;
  • хөлс төлөх хугацаа тохиролцоогүй бол арван дөрөв хоногийн өмнө хөлсийг төлснөөр.
  • Хөлсөөр ажиллах гэрээг таваас дээш жилийн хугацаатай байгуулсан бол ажиллагч нь гэрээ байгуулснаас хойш таван жилийн дараа гэрээг цуцалж болно. Гэрээг цуцлах тухай зургаан сарын өмнө нөгөө талдаа мэдэгдэнэ.

ХӨЛСӨӨР АЖИЛЛАХ ГЭРЭЭ БА БУСАД ГЭРЭЭНЭЭС ЯЛГАГДАХ ОНЦЛОГ

Хөлсөөр ажиллах ердийн гэрээгээр ажил, үйлчилгээг биечлэн, эдийн засгийн болон нийгмийн хувьд  бие даан хараат бусаар гүйцэтгэдэг. Энэ нь ажиллагч өөрөө аж ахуйн эрхлэгч, эсхүл хувиараа ажил эрхэлдэг тохиолдолд ихэвчлэн тохиолддог.

Гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байх боломжтой. Мөн үүнийг бие даан, хараат бусаар гүйцэтгэдэг онцлогтой. Тухайлбал татварын зөвлөх, өмгөөлөгч, хувийн эмнэлгийн эмч, санхүүгийн шалгагч, шинжээч, орчуулагч, бүх төрлийн урлагийн ажилтан зэрэг хүмүүс хамаардаг.

Хөлсөөр ажиллах гэрээ нь 2 тал нь харилцан үүрэг хүлээдэг гэрээ бөгөөд энэ гэрээний дагуу нэг тал нь (ажиллагч) тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, нөгөө тал нь (ажиллуулагч) тохиролцсон хөлсийг төлөх үүрэгтэй. Хөлсөөр ажиллах ердийн гэрээгээр ажил үйлчилгээг биечлэн,эдийн засгийн болон нийгмийн хувьд бие даан хараат бусаар гүйцэтгэдэг. Хөлсөөр ажиллагч нь гэрээгээр тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх үүрэгтэй байдаг. (Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.)

Ажил гүйцэтгэх гэрээнээс ялгаатай нь ажлын эцсийн үр дүнг хариуцдаггүй.Түүний гүйцэтгэх ёстой үүргийн агуулга нь тоо болон чанарын ямар нэгэн шаардлагыг хангасан ажлын үр дүн байдаггүй.

Хөлсөөр ажиллах гэрээг амаар болон бичгээр байгуулж болно. Хөлсөөр ажиллах гэрээний хэлбэрийн  талаар хуульд тодорхой заагаагүй.

Хөлсөөр ажиллах гэрээ нь хариу төлбөртэй гэрээ юм. Ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх,ажиллуулагч хөлс төлөх үүрэгтэй. Талуудын хүлээсэн үүргээс үзвэл уг гэрээний зүйл нь ажил гүйцэтгэх,үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа өөрөө юм.

Иймд тухайн ажил үйлчилгээ ямар шинж чанар,үйлдэл үүргээс бүрдэх талаар талууд тохиролцсон байх учиртай. Гэрээний зүйл нь ажлын ямар нэгэн үр дүн биш,  харин үйл ажиллагаа байдаг нь хөлсөөр ажиллах гэрээний бусад гэрээнээс ялгагдах онцлог байдаг.

Асуулт 1: Хөгжмийн багш сурагч нартаа долоо хоногт 2 удаа хичээл заадаг. Хичээлийн гэрээг тодорхой хугацаагүй байгуулсан. Ийм тохиолдолд хөгжмийн багш нь заасан хичээлийнхээ хөлсийг долоо хоног тутам биш гэхэд тодорхой хугацаанд авч болох уу?

Ийм тохиолдолд хөгжмийн багш нь заасан хичээлийнхээ хөлсийг долоо хоног тутам биш гэхэд тодорхой хугацаанд авч байх ёстой. Яагаад гэвэл тэрээр тодорхой хугацаанд хөлсөө авч, хэрэглэж байх эрхтэй бөгөөд бүх ажил, үйлчилгээ дууссаны дараа хөлсөө авах ёстой гэж энэ тохиолдолд хэлэх боломжгүй.

Асуулт 2: Ажил, үйлчилгээ гүйцэтгэх үүргийн дагуу өмгөөллийн компаний өмгөөлөгч үйлчлүүлэгчээс хөлс шаардах эрхтэй юу?

Өмгөөллийн компанид үйлчлүүлэгч хандсан бол тухайн компанийн өмгөөлөгч бүгдээрээ биш хэн нэгэн өмгөөлөгч үйлчилгээ үзүүлэх ёстой. Эс тэгвэл үйлчлүүлэгч нь олон хүний ажлын хөлсийг төлөх ёстой болно. Харин тэрхүү өмгөөлөгч нь иргэний хуулийн 219.5-т заасны дагуу хариуцлага хүлээж төлөөлөгч болон бусад этгээдээр үүргээ гүйцэтгүүлч болно. Нөгөө талаас компани ч тэр, өмгөөлөгч ч хөлс шаардах эрхтэй.

Асуулт 3: Хэрэв нэгэн өвчтөн эмнэлэгтэй тусдаа төлбөртэй тусгай үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулсан бол зөвхөн гэрээнд заасан эмч уг үйлчилгээг үзүүлсэн тохиолдолд л хөлс төлөх үүрэг хүлээх үү?

Өвчтөн эмнэлэгтэй тусдаа төлбөртэй тусгай үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулсан бол зөвхөн гэрээнд заасан эмч уг үйлчилгээг үзүүлсэн тохиолдолд л хөлс төлөх үүрэг хүлээнэ. Харин гэрээнд үүргийг өөр этгээд төлөөлөн гүйцэтгэх боломжийг тусгасан байсан бол өөр байх болно.

Асуулт 4: Өмгөөлөгчтэй байгуулсан гэрээгээ үйлчлүүлэгч нь үндэслэлгүйгээр цуцалсан байна. Үүнээс хойш өмгөөлөгч нь ажилгүй байсан боловч хөлс төлөхийг шаардсан байна.

Гэрээ цуцлагдсанаас хойш өмгөөлөгч нь эрх зүйн зөвөлгөө өгөх ажил хийгээгүй учраас түүний хөлс төлөх эрх нь зөвхөн иргэний хуулийн 362 дугаар зүйлд заасан утгаар буюу ажил, үйлчилгээг хүлээн авах буюу өмгөөлөгч нь үүрэг гүйцтгүүлэгчид гүйцэтгэсэн ажлаа зохих хэлбэрийн дагуу хүлээлгэн өгөх санал гаргасан байх ёстой. Энэ нөхцөл манай тохиолдолд хангагдахгүй байна. Мөн хугацаа хэтрүүлсэн гэж үзэх цорын ганц боломж нь үйлчлүүлэгч буюу үүргээ гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлд зайлшгүй шаардлагатай байсан хамтран оролцох үүргээ гүйцтгээгүй байх тохиолдол юм.

Агуулга анх оруулсан: 2020-04-13 Шинэчилсэн: 2020-04-13

Мэдээ мэдээлэл