Иргэдийн эдийн болон эдийн бус баялагтай холбогдох харилцаа Барьцаа

Барьцаа

Иргэний хуулийн 153 дугаар зүйлд заасны дагуу барьцаа нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэрэгсэл бөгөөд Иргэний хуулийн 154 дүгээр зүйлд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна гэж заасан. Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох бөгөөд барьцаалахдаа өмчлөгчөөс заавал бичгээр зөвшөөрөл авсан байна.

Барьцааны гэрээ:

Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу барьцааны гэрээг заавал бичгээр байгуулна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана. Хуульд өөрөөр заагаагүй бол талуудын аль нэг нь хүсвэл барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж болно.

Барьцаалагчийн эрх, үүрэг:

Иргэний хуулийн 157.1-т заасны дагуу Барьцаалагч дараах эдэлнэ. Үүнд:

  • барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээнд барьцааны зүйлийн үр шимийг олж авах;
  • барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулах;
  • барьцааны зүйл устах, үнэ нь ихээхэн буурах бодит нөхцөл бий болсон бол барьцаалуулагчид шаардлага хангах өөр арга сонгох буюу барьцаанд өөр зүйлийг бариулах боломжит хугацаа зааж өгөх ба заасан хугацаанд барьцаалуулагч шаардлагыг хангах өөр арга сонгох буюу өөр зүйл барьцаанд бариулаагүй бол барьцааны зүйлийг хууль, гэрээнд заасан журмын дагуу худалдах;
  • барьцаалуулагч өөрийнхөө эзэмшилд байгаа барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байна гэж үзвэл барьцааны зүйлийг өөрийн эзэмшилд шилжүүлэхийг шаардах;
  • барьцааны зүйлийг эзэмшилдээ шилжүүлэн авсан бол түүний бүрэн бүтэн байдлыг хангаж үүнтэй холбогдон гарсан зайлшгүй зардлаа барьцаалуулагчаас шаардах.

 Иргэний хуулийн 157.2-т заасны дагуу Барьцаалагч дараах үүрэг хүлээнэ. Үүнд:

  • өөрийн эзэмшилд авсан барьцааны зүйл устах, үнэ нь ихээхэн буурах бодит нөхцөл бий болсон бол барьцаалуулагчид нэн даруй мэдэгдэх;
  • барьцааны зүйл устах, үнэ нь ихээхэн буурах бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд, барьцаалуулагчид шаардлага хангах өөр арга сонгох буюу барьцаанд өөр зүйлийг бариулах боломжит хугацаа зааж өгөх;
  • барьцааны зүйл устах, үнэ нь ихээхэн буурах бодит нөхцөл бий болсон бол барьцаалуулагчид шаардлага хангах өөр арга сонгох буюу барьцаанд өөр зүйлийг бариулах боломжит хугацаа зааж өгөх ба заасан хугацаанд барьцаалуулагч шаардлагыг хангах өөр арга сонгох буюу өөр зүйл барьцаанд бариулаагүй бол барьцааны зүйлийг хууль, гэрээнд заасан журмын дагуу худалдаж олсон мөнгийг барьцааны хугацаа дуустал хадгалах;

Барьцаалуулагчийн эрх, үүрэг:

Иргэний хуулийн 157.5-д заасны дагуу Барьцаалуулагч дараах эрхтэй. Үүнд:

  • барьцааны зүйлийг эзэмшилдээ байлгах хугацаанд түүний үр шимийг олж авах;
  • барьцааны зүйл устах, үнэ нь ихээхэн буурах бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд барьцааны зүйлийг буцаан авахаар шаардаж барьцаалагчийн шаардлагыг хангах өөр арга санал болгох;
  • барьцаалагч эзэмшилдээ шилжүүлэн авсан барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байна гэж үзвэл барьцааны зүйлийг бүрэн бүтэн байлгаж чадах гуравдагч этгээдэд шилжүүлэхийг шаардах;
  • барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага, дуудлага худалдаа явуулахтай холбогдсон болон бусад зайлшгүй зардлыг хасаад үлдсэн хэсгийг өөртөө шилжүүлэхийг шаардах;

Иргэний хуулийн 157.6-д заасны дагуу Барьцаалуулагч дараах үүрэг хүлээнэ. Үүнд:

  • өөрийнхөө эзэмшилд байгаа барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах;
  • барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх.

Барьцааны зүйлийг худалдах:

Иргэний хуулийн 159 дүгээр зүйлд заасны дагуу хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг Иргэний хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана. Барьцаалуулагч шаардсан бол барьцааны зүйлийг худалдахын өмнө түүний үнэлгээг шинжээчээр тогтоолгож болох бөгөөд холбогдох зардлыг барьцаалуулагч хариуцна.

Барьцааны зүйлийг худалдах ажиллагаанд барьцааны зүйлийн өмчлөгч оролцож, уг зүйлээ худалдан авах санал гаргаж болно.

Барьцааны зүйлийн үнийг төлөөгүй тохиолдолд худалдан авах эрхээ алдахыг дуудлага худалдаанд оролцогчдод тайлбарласан байвал зохино.

Барьцааны эрх дуусгавар болох:

Иргэний хуулийн 160 дугаар зүйлд заасны дагуу барьцааны эрх дараах үндэслэлээр дуусгавар болно. Үүнд:

  • барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон;
  • барьцаалагч барьцааны зүйлээс татгалзсан тухай барьцаалуулагч буюу өмчлөгчид мэдэгдсэн;
  • барьцаалагч эзэмшилдээ байсан барьцааны зүйлийг барьцаалуулагчид буцаан өгсөн;
  • барьцааны зүйлийг өмчлөх эрх барьцаалагчид шилжсэн;
  • барьцааны зүйл устаж үгүй болсон;
  • хуульд заасан бусад үндэслэл;

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа буюу ипотек:

Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг тэргүүн ээлжинд хангуулахаар тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ.

Талуудын байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үндсэн үүргээс гадна хүү, алданги, торгууль, хохирол болон шүүхийн зардлыг гаргуулна.

Ипотек үүсэх, өөрчлөх, дуусгавар болох харилцааг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 167 дугаар зүйлд заасны дагуу үүргийг шаардах эрх бүхий этгээд (цаашид “үүрэг гүйцэтгүүлэгч” гэж явна) нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөөс зөвхөн өөрийн шаардлагыг хангуулахаар улсын бүртгэлд бүртгүүлснийг баталгаат ипотек гэнэ.

Өмчлөгчийн хэлцэл хийх эрхийг үл хязгаарлах:

Иргэний хуулийн 171 дүгээр зүйлд заасны дагуу ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна.

Шүүхийн шийдвэрийн үндсэн дээр барьцааны зүйлийг албадан худалдах:

Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасны дагуу үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хугацаанд нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.

Харин хоёр тал дээрхээс өөрөөр худалдахаар тохирсон бол тэдний саналыг харгалзан өөрөөр худалдаж болно.

Үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй. Үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах шийдвэр гарснаар үүрэг гүйцэтгэгч уг эд хөрөнгийн үр шимийг өөртөө үлдээх эрхээ алдана.

Үүрэг гүйцэтгэгч ипотекийн зүйл болох байшин, эсхүл түүний тодорхой хэсэгт өөрөө буюу гэр бүлийн гишүүдийн хамт оршин сууж байгаа бол ипотекийн зүйлийг албадан худалдах тухай шүүхийн шийдвэр гарсан үеэс хөлслөгч болж, үүрэг гүйцэтгүүлэгчид орон сууц хөлсөлсний хөлсийг, тухайн үеийн ханшаар төлөх үүрэгтэй.

Дуудлага худалдаа явуулахаар шүүхээс томилогдсон этгээд, дуудлага худалдааг шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдаа явуулахаар шүүхээс томилогдсон этгээд дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

Дуудлага худалдааг зогсоох, түр хойшлуулах:

Иргэний хуулийн 176 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдаа явуулснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох өмчлөгч буюу гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг урьдчилан хангасан тохиолдолд дуудлага худалдаа явуулахыг зогсоож болно.

Шүүх өмчлөгчийн хүсэлтийг үндэслэн, эд хөрөнгийн эрх бүхий талуудын саналыг харгалзан дараах тохиолдолд дуудлага худалдаа явуулах ажиллагааг 6 сар хүртэл хугацаагаар түр хойшлуулж болно. Үүнд:

  • үүрэг гүйцэтгэгчийн төлбөл зохих өрийн шинж чанараас шалтгаалан дуудлага худалдааг түр хойшлуулах боломжтой бол;
  • өмчлөгчийн хувийн болон эдийн засгийн харилцаа холбоог харгалзан үзэх шаардлагатай бол
  • хуульд заасан бусад үндэслэл.

Дуудлага худалдаа явуулахыг түр хойшлуулах нь үүрэг гүйцэтгүүлэгчид илтэд сөрөг үр дагавар бий болгоно гэж шүүх үзвэл өмчлөгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй байж болно.

Анхны дуудлага худалдааны үнэ:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно.

Хоёр дахь дуудлага худалдаа, үнэ:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна.

Хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ.

Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно.

Дуудлага худалдаатай холбогдсон зардлыг Үүрэг гүйцэтгэгч хариуцна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т заасны дагуу эд хөрөнгийн барьцаатай холбоотой иргэний эрх зүйн маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу Шүүх таны нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэлийг хариуцагч (эрх зөрчсөн этгээд)-д гардуулан танилцуулж, хариу тайлбарыг нь бичгээр авна. Үүний дараа шүүх нотлох баримт хангалттай бүрдсэн, хэргийг шийдвэрлэх хуульд заасан хугацаа дуусгавар болсон зэрэг үндэслэлээр шүүх хуралдааныг зарлаж таны нэхэмжлэлийг шийдвэрлэнэ. /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71-р зүйл/

Иргэний хэргийн анхан шатны шүүх нь таны гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71-р зүйлд заасны дагуу таныг нэхэмжлэл гаргаснаас хойш нийт 60 хоног, шаардлагатай бол хугацааг сунгаж 970 хоногийн хугацаанд бүрэн шийдвэрлэнэ.

Хэрэв та иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Үл хөдлөх эд хөрөнгийг аливаа хэлбэрээр барьцаалах тохиолдолд тухайн эд хөрөнгийн оршин байгаа газрын дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст материалаа бүрдүүлж өгнө. Бүрдүүлэх материалын жагсаалтыг албан ёсны цахим сайтаас харах боломжтой.

Асуулт 1. Барьцаалсан хөрөнгө заавал өөрийн өмчлөлийн хөрөнгө байх шаардлагатай юу?

Барьцаалах хөрөнгө нь заавал таны өмчлөлийн хөрөнгө байх шаардлагагүй бөгөөд харин та өмчлөгчөөс хөрөнгийг нь барьцаалах талаарх зөвшөөрлийг бичгээр, нотариатаар гэрчлүүлэн авсан байх ёстой.

Асуулт 2. Барьцаалсан хөрөнгийг давхар барьцаалах боломжтой юу? Энэ тохиолдолд анхны барьцаалагчаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай юу?

Барьцаалсан хөрөнгийг давхар барьцаалж болох бөгөөд анхны барьцаалагчаас зөвшөөрөл авах шаардлагагүй.

Агуулга анх оруулсан: 2018-07-04 Шинэчилсэн: 2018-07-04

Мэдээ мэдээлэл